Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Ундраа: Би шантрахгүй, улсын том эрх ашиг, ирээдүйн төлөө зүтгэх болно

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Таныг МУИС-ийн зардлаар гадаад руу томилолтоор явлаа гэх шуугиан дэгдээд байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

УИХын Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд явсан ажил юм. Судалгааны их сургуулийг хөгжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гээд энэ хүрээнд МУИС, Сөүлийн Үндэсний их сургуулийн харилцааг өргөжүүлэх, Солонгосын Шинжлэх ухаан технологийн институттэй харилцаа тогтоох, Солонгосын Үндэсний ассамблейн анхаарлыг энэ асуудалд хандуулах талаар ажилласан. Мөн Ансан дахь технологийн паркад ажилласан, дараагийн шатны ажлууд нь хийгдээд явж байна. Төрийн ажлыг төрийн мөнгөөр хийгээд, их сургуулиудаа дэмжээд явж байгаагаас биш хувьдаа ашигласан зүйл байхгүй. Журмаараа зохицуулагдаж байгаа асуудал. МУИСийн тухайд өнгөрсөн онд шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй 10 оюутанд судалгааны болон сургалтын тэтгэлэг олгосон. Энэ жил ч дахин зарлана. Ер нь монголчууд бидний хувьд боловсролоо дэмжиж, оюуны хөдөлмөрийг эрхэмлэн, шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлж байж орлого нэмэгдэнэ, эдийн засаг сайжирна. Шинжлэх ухаан, судалгааг дэмжих нь улс орны чухал асуудал учраас ингэж мушгин шүүмжилж байгаад би шантрахгүй, улсын том эрх ашиг, ирээдүйн төлөө зүтгэх болно оо. Бүр цаашлаад, бидэнд шинжлэх ухаан, технологийн цоо шинэ хот хэрэгтэй байна. Төвлөрлийг сааруулах, зарим их, дээд сургуулийг нүүлгэх, академиа шинэчлэн хөгжүүлэх, инновацийн компаниудад татварын таатай орчин үүсгэж их дээд сургуулийн судлаачидтай хамтран хоршиж ажиллах боломж бүрдүүлэх, өндөр цалинтай ажлын байр олноор бий болгох, антрепренер сэтгэлгээг дэмжих талаар хийх ажил их байна.

-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудлаар Лондонгийн Арбитрийн шүүхэд манай Засгийн газар ялагдсан. Өдөр хоног өнгөрөх тусам төлбөрийн хүү нэмэгдсээр байгаа. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шахааны бизнес, бүтээгдэхүүний борлуулалт зэрэг олон жилийн туршид бүрхэг, далд явж ирсэн байдал үр ашгийг нь хамгийн өндөр байлгаж чадсан болов уу гэж эргэлзэхэд хүргэдэг. Хариуцлага өндөр, засаглал ил тод байх шаардлагатай гэдэг нь тодорхой.

Гэхдээ Эрдэнэтийн доторх асуудлын талаар би бараг юу ч мэдэхгүй гэж хэлэхэд болно. Хэвлэл мэдээллээс л унших төдий байна. Монголчууд бид 51, 49 гээд талцаж, маргалдаж байх хооронд уурхайтай холбоотой зарчмын олон асуудлууд хүлээж байна. Тэр дундаа нийгмийн эрүүл мэндийн, тоосжилтын, байгаль орчны нөхөн сэргээлтийн өндөр өртөгтэй чухал асуудлууд шил шилээ даран хүлээж байгаа гэж бодохоор сэтгэл зовнидог. Тэр дарамтыг бид үндэстнээрээ үүрэх учраас өнөөдрийн хариуцлага, ирээдүйн харанга болох вий. Мөн дараагийн Налайх шиг болж хүнд байдалд битгий очоосой гэж хүсдэг.

Энэ жил Эрдэнэтэд Уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн Үндэсний чуулган зохион байгуулахад оролцсон. Эрдэнэтийнхэн маш сайн зохион байгуулсан. Үйл ажиллагаа илүү орчин үеийнх болсон хэрнээ зарим хүмүүсийн хандлага, социализмын үеийн сэтгэхүй хүчтэй мэдрэгдэж байсан. Цаг үеэ дагаад хурдтай өөрчлөгдөхөөс өөр арга бий гэж үү.

-АНУ-ын Конгрессийн гишүүд Монгол Улсад айлчилж УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүдтэй уулзсан. Энэ айлчлалаар юу яригдав. Хоёр орны харилцааны талаар та юу гэж бодож байна вэ?

-АНУ-ын Конгрессийн гишүүн Тед Ёохогоор ахлуулсан таван гишүүн Монгол Улсад айлчиллаа. Энэ хүрээнд УИХ-ын дарга М.Энхболдтой болон УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүдтэй уулзсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан. Конгрессийн гишүүдтэй УИХ дарга, гишүүд уулзах үеэр улс төр, эдийн засаг, нийгэм соёлын харилцааны асуудлыг ярилцсан. АНУ-ын Конгрессийн гишүүд Монголын ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд хөнгөлөлттэй тарифаар гаргах тухай хуулийн төсөл санаачилж өргөн бариад байгаа. Хэрэв энэ хууль батлагдвал манай экспортод эерэг нөлөө үзүүлж хөдөө аж ахуйн салбарыг дэмжих нь гарцаагүй. Монгол Улс-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиож өргөн хүрээнд тэмдэглэсэн бөгөөд хоёр орны харилцаа улс төрийн хувьд бэхжиж ирсэн. Иргэд хоорондын харилцаа өргөжиж, олон монгол оюутан АНУ-д боловсрол эзэмшсэн, одоо ч суралцаж байна. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд ардчилал хүний эрхийг дээдэлдэг үнэ цэнэ нэгтэй улс орнуудыг гуравдагч хөрш хэмээн тунхагласан байдаг. Эдгээр улс орнуудын нэг АНУ юм. Дээр дурдсан ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд гаргахыг дэмжих хуулиа “Монголын гуравдагч хөршийн ноос ноолуурын салбарыг дэмжих тухай” гэж нэрлэсэн байгаа нь санамсаргүй хэрэг биш. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчилж буй энэ өдрүүдэд Мянганы сорилтын сантай байгуулж буй хоёр дахь компакт гэрээг баталгаажуулах тунхаглалд гарын үсэг зурна. Олон жил АНУ-д суралцсан, багшилсан хүний хувьд хоёр талын харилцаа эдийн засгийн хувьд өргөжин тэлэх нөөц бололцоо их байгаа гэж хардаг. Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны (MASA) ерөнхийлөгч байсны хувьд Америкт төгсөөд ирсэн олон залуучууд салбар болгонд амжилттай ажиллаж байгаад бахархдаг. Одоо тус холбооны ерөнхийлөгчөөр Сангийн дэд сайд Х.Булгантуяа сонгогдон ажиллаж байна.

-Ирэх намрын чуулганаар өргөн барихаар зэхэж буй хуулийн төслүүд бий юү. Ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа вэ?

-Шинжлэх ухаан технологийн асуудлаар голчлон ажиллаж байна. Шинжлэх Ухааны академийн шинэчлэлийн асуудал, дээд боловсролын чанарын асуудал тулгамдаж байна. Боловсролын багц хуулийн нэг хэсэг болох уу, эсвэл ШУА бие даасан хуультай хэвээр байх уу зэрэг олон асуудал бодлого шийдвэрээ хүлээсээр байна. Социализмын үеийн ШУА-ийн бүтцээр ажиллаж байгаа манайх шиг хоцрогдсон бүтэцтэй улс дэлхийд хуруу дарам цөөхөн байна. Бүгд өөрчлөгдөөд шинэчлэгдсэн ширүүн өрсөлдөөнд манай улс оролцох, хоцрохгүй байх шаардлага тулгамдаж байна. Мөн өөр нэг хууль дээр ажиллана. Тодруулбал, УИХ-ын хэсэг гишүүдийн хамтаар Сургуулийн сурагчдын Үдийн цайг Үдийн хоол хөтөлбөр болгон өргөжүүлэх тухай хуулийн төсөл өргөн бариад байгаа. Өмнө нь миний санаачлан батлуулсан Баяжуулсан хүнсний тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Энэ хоёр хууль агуулгын хувьд хоорондоо нэлээд уялдаатай. Хүүхэд бүрийг шим тэжээлтэй, эрүүл хоол хүнсээр хангах, хүүхдийн өсөлт бойжилт, биеийн болон оюуны хөгжлийг дэмжих чухал алхмууд болно гэж үзэж байна. Улсын хөгжил хүнээсээ эхэлнэ. Оюун ухааны хөгжил сайн, бие бялдар эрүүл чийрэг иргэдтэй бол улс хөгжих үндэс болно.

-Чуулган завсарласан хугацаанд тойрогтоо ажилласан уу. Иргэдийн зүгээс ямар санал хүсэлтийг голчлон тавьж байна вэ?

-Тойргийнхоо Нарны хорооллын сургууль цэцэрлэгийг улсынх болгох асуудлаар өнгөрсөн өвөл, хавраас хойш ажиллалаа. Иргэдийн талд асуудал шийдэгдсэн. 141 дүгээр сургууль есдүгээр сарын 1-нд нээлтээ хийсэнд баяртай байна. Мөн удахгүй 262 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэлнэ. Бусад сургууль дээр манлайллын хөтөлбөр, номын сан тохижуулах зэрэг ажлуудыг хийж байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *