Categories
мэдээ нийгэм

А.Цэрэнтогтох хүүгийн бие сайжирч, энгийн тасагт шилжлээ

Дүүгээ аврахаар дүрэлзэн асч буй гал руу ороод өөрөө 80 хувь түлэгдсэн А.Цэрэнтогтох хүүгийн бие сайжирчээ. Хүү БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал дээрдэж, эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжсэн байна.

Монголын Залуучуудын Холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооны залуучууд өнгөрсөн наадмын өдрүүдэд “АХЫГ АВАРЪЯ” хандивын аян өрнүүлэн нийт 10 гаруй сая төгрөг цуглуулан, өчигдөр хүүгийн аавд хүлээлгэн өгсөн юм.

А.Цэрэнтогтох хүү Солонгос улсын Хангасва эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийнх 80 гаруй хувь түлэгдэн, элэг, уушиг, бөөр зэрэг дотоод эрхтнүүдэд өөрчлөлт орсон учир маш олон хагалгаанд орохоор болж, эмчилгээний нийт зардал нь 350-400 сая төгрөг шаардлагатай болсон. Одоогоор 150 орчим сая төгрөг цуглараад байгаа юм. Холбогдох утас: 99028637 Хаан банкны хандивын данс: Төгрөг-5084346503 Доллар-5084346514

Хэргийг сануулбал, 2015 оны зургадугаар сарын 10-ны өдөр 8-9 цагийн үед гэртээ байсан хоёр хүү газ дэлбэрсний улмаас түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Хоёр хүүг гэртээ байхад нь баллонтой газ дэлбэрч, гэр нь шатсан бөгөөд тухайн үед хүү гэрээсээ гарч, хажуу айл руугаа орилж дуудаад, гэртээ үлдсэн хоёрхон настай бяцхан дүүгээ аврахаар буцаж орсон байдаг. Ингэснээр дүүгийнхээ амь насыг аварсан хүү гуравдугаар зэргийн буюу 80 хувийн түлэгдэлттэй, ухаан балартсан, маш хүнд байдалтай үхэлтэй тэмцэлдэн хэвтэж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *