Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Саруул: Соёлын биет бус өв нь биегүй, эзэнтэйгээ хамт устаж алга болдог учир зайлшгүй хадгалж хамгаалах шаардлагатай

Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүсийн хурлыг “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд Монгол Улс 2016 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Бүсийн анхны хурал 2014 онд болж байжээ. Энэ удаагийн хурлыг ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ICHCAP хамтран зохион байгуулж байна.

Соёлын биет бус өвийг хамгаалах 2003 оны Конвенц батлагдсанаас хойш 170 орон, түүний дотор Зүүн хойд Азийн дараах таван улс хамрагджээ.

Үүнд: Япон, БНХАУ, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Монгол орж байна. Зүүн хойд Ази нь түүхэн урт удаан хугацааны турш соёлын асар баялаг өв уламжлалыг бүтээж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд СББӨ-ийг хамгаалах талын бодлогоороо манлайлж байна. Дэлхийн хэмжээнд нийт 391 соёлын биет бус өв бүртгэгдсэнээс 93 нь Зүүн хойд Азиас бүртгэгдсэн байна. Үүнээс Япон улс 22, Хятад улс 38, Өмнөд Солонгос 18, Хойд Солонгос 2, Монгол Улс 13-г тус тус бүртгүүлжээ.

Энэ талаар Соёлын өвийн төвийн Биет бус соёлын өвийн мэргэжилтэн А.Саруулаас тодрууллаа.

– Соёлын өв гэж юуг хэлэх вэ?

– Дэлхий дээрх бүх өвийг байгалийн, соёлын, нийлмэл өв гэж гурав ангилдаг. Үндэстэн, угсаатан, газар нутаг, байгаль орчиндоо зохицон амьдрах арга ухаан, хэлбэр хэрэгслийн тогтолцоо болж бүтээгдсэн үнэт зүйлс нийгэм, түүх, цаг хугацааны шалгуурыг дааж өвлөгдсөнийг соёлын өв гэж ойлгох хандлага түгээмэл байна. Соёлын өвийг биет болон биет бус гэж ангилдаг. Өнөөдрийн хурал бол “Биет бус соёлын өвийг хамгаалахад хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” гэсэн сэдвээр Ази Номхон далайн бүсийн хэмжээнд болж байна.

Биет бус өв гэж юуг хэлэх вэ?

– Биет бус өв гэдэг нь конвенцийнхоо дагуу тухайн орон нутгийн ард иргэд, бүлэг хүмүүс өөрийн мэдлэг, дадал, заншил, ёс гэж хүлээн зөвшөөрсөн зүйлсийг хэлнэ гэж заасан байдаг. Үүн дотороо биет бус өвийг конвенц маань тав хуваачихсан байдаг. Эх хэл түүнтэй холбогдуулан утга уран зохиолын аман хэлбэрүүд, ардын аман зохиол, ардын язгуур урлаг, гар урлал, байгаль сав шим ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан гэж тав хуваасан байдаг.

Яагаад заавал хамгаалах шаардлагатай вэ?

– Энэ өв маань биегүй, эзэнтэйгээ хамт алга болж устдаг учир биет бус өвийг зайлшгүй хадгалж хамгаалах шаардлагатай. Соёлын биет бус өв гэдэг маань монгол арга ухаан, монгол хүний оюунаар бүтээгдсэн бүхий л зүйлийг хэлнэ. Монгол Улс хуулиараа түүхэн тодорхой хугацаанд монгол хүнд болон монгол нутагт дамжигдан ирсэн ойлголт дадлыг биет бус өв гээд түүнийг хадгалж хамгаалахыг заасан байгаа. Үүнд 15 хуваан авч үзсэн байдаг.

– Сэтгүүлчдийн мэдлэгийг дээшлүүлье гэсэн уриатай зохион байгуулж байгаа юм байна. Тэгвэл тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Сэтгүүлчдэд хандаж хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлье гэж хэлмээр байна. Сэтгүүлчид мэдлэггүйн улмаас соёлын өвийг алдаатай тайлбарладаг. Жишээ нь нэг телевиз монгол үндэстэн ястны хоолны тухай нэвтрүүлгийг орон нутгаас нь хийж хүргэхдээ “Тайхар” чулууны талаар буруу мэдээлэл өгч байсан. Энэ нь яг зорилтот нэвтрүүлэг биш ч гэлээ сэтгүүлчид маань нэг нэвтрүүлгээр олон мэдээлэл өгөхийг хичээдгээс болж соёлын өвийн талаар алдаатай тайлбаруудыг их хийж байна. Тиймээс “Соёлын өвийн төв” дээр ирж соёлын өвийн талаар үнэн бодит судалгаан дээр суурилсан мэдээ мэдээллийг авч түгээн дэлгэрүүлж олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлж байгаасай л гэж хүсч байна.

2014/05/15-д батлагдсан “СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ”-нд “СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ”-ийг дараах байдлаар тайлбарлажээ.

7 дугаар зүйл.Соёлын биет бус өв

7.1.Дараах соёлын өвийг соёлын биет бус өвд хамааруулна:

7.1.1.эх хэл, бичиг, түүний хүрээний соёл;

7.1.2.аман зохиолын уламжлал, түүнийг илэрхийлэх хэлбэр;

7.1.3.урлагийн тоглох үзүүлбэр;

7.1.4.үндэсний хөгжмийн зэмсгийг урлах, хөгжимдөх, аялгуу тэмдэглэх арга барил;

7.1.5.уламжлалт гар урлалын дэг сургууль, арга барил;

7.1.6.ардын ёс заншил, зан үйл;

7.1.7.ардын уламжлалт мэдлэг, арга ухаан;

7.1.8.ардын бэлгэдэх ёсны уламжлал;

7.1.9.үндэсний наадам, уламжлалт тоглоом, наадгайн зан үйл;

7.1.10.ардын уламжлалт технологи;

7.1.11.угийн бичиг хөтлөх уламжлал;

7.1.12.гэрийн дэг сургуулийн шилдэг өв уламжлал;

7.1.13.уламжлалт шашин, шүтлэгийн зан үйл, ёс заншил;

7.1.14.газар, усны уламжлалт нэр;

7.1.15.бусад соёлын биет бус өв.

8 дугаар зүйл.Соёлын өвийн зэрэглэл

8.1.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалалтын түвшингээр нь улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хамгаалалттай гэж зэрэглэнэ.

8.2.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлээс энэ хуулийн 8.3-т заасан шалгуурын дагуу хосгүй үнэт, үнэт гэж зэрэглэл тогтооно.

8.3.Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлийг дараах шалгуураар тогтооно:

8.3.1.түүх, соёл, урлаг, гоо зүй, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол;

8.3.2.холбогдох цаг үе;

8.3.3.дахин давтагдашгүй байдал;

8.3.4.ур хийц, дэг сургууль;

8.3.5.үнэт металлын орц, эрдэнийн чулууны хэмжээ.

8.4.Соёлын биет бус өвийг төлөөллийн үндэсний жагсаалт болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтад бүртгэж хамгаална.

8.5.Энэ хуулийн 8.4-т заасан жагсаалтад оруулах соёлын биет бус өвийг дараах шалгуураар тогтооно:

8.5.1.түүх, соёл, заншил, уламжлалыг илэрхийлэх байдал;

8.5.2.ховордсон, устсан, эрсдэлд орсон байдал.

9 дүгээр зүйл.Соёлын өвийн үнэлгээ

9.1.Соёлын биет өвийн үнэлгээ хийх журмыг санхүү, төсвийн болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

9.2.Нийтийн өмчийн соёлын биет өвийн үнэлгээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл тодорхойлно.

9.3.Хувийн өмчийн соёлын биет өвийн үнэлгээг өмчлөгчийн хүсэлтээр энэ хуулийн 9.2-т заасны дагуу тодорхойлж болно.

10 дугаар зүйл.Соёлын биет өвийн даатгал

10.1.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг үзэсгэлэнд оролцуулах, сэргээн засварлах, судалгаа шинжилгээ хийлгэх зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд заавал даатгуулна.

10.2.Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад тохиолдолд соёлын биет өвийг даатгуулж болно.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *