Categories
мэдээ цаг-үе

А.Отгонбаатар: Монголчууд нэг хэсэг лам дагаж баларсан бол одоо нам даган баларч байна

Улсын Дээд шүүхээс “Үнэн ба Зөв” намыг Монгол Улсын 26 дахь улс төрийн намаар бүртгэн авсан билээ. Тус намын дарга А.Отгонбаатартай ярилцлаа.


-Улсын Дээд шүүхээс “Үнэн ба Зөв” намыг бүртгэж авлаа. Монгол Улс гурван сая хүн амтай 26 намтай боллоо. Танай намыг бүртгүүлэхээс өмнө 25 нам үйл ажиллагаа явуулж ирсэн. Олон нам байлаа гээд улсын хөгжилд хувь нэмрээ оруулж чадахгүй байхад нэг нам дахиад мэндэлчихлээ л дээ…

-Би гурван жилийн өмнө намд дургүй байсан. Монгол Улсыг хөгжүүлж чадахгүй байна гээд бараг л үзэн яддаг, аН, МаН-д орвол нүдний булай болно гэж боддог байлаа. Одоо ч гэсэн ийм бодолтой залуус байгаа л байх. Хүн мэдэхгүйн гайгаар ингэж боддог юм билээ л дээ. Миний хувьд Сталин, Ленин, Гитлер зэрэг хүмүүсийн амьдрал, улс төрийн онол, үзэл баримтлалын номуудыг уншсан. Нам гэдэг чинь гишүүд, дэмжигчдийнхээ итгэл, санаа бодлыг нэгтгэж төрийн бодлого боловсруулдаг, улс орноо засч залруулдаг. Энэ дэлхий дээр намгүйгээр улс төрийн ойлголт байдаггүй юм байна. Харин манайд байгаа намуудыг харахаар ялангуяа хоёр том нам гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг хууран мэхлэх замаар авч цөөн хэдэн хүн дээр гарч өөрсдөдөө хэрэгтэй хууль, бизнесийг хийдэг. Үүнийг нь бид хараад балай, заваан юм гэдэг. Энэ чинь нам биш. Сталин, Ленин, Гитлер гээд дэлхийн улстөрчдийн онолоор бол мафи юм байна, мафийн бүлэг рүүгээ орчихсон байна. Гишүүд, дэмжигчид, ард түмнээсээ тасраад алга болчихож. Өнөөдөр манайд нам байхгүй, мафийн бүлэг л бий. Нам байхгүй болчихсон хэрнээ улс төр нь яваад байгаа юм. Ардын нам, Ардчилсан нам анх яах гэж байгуулагдсан юм, тэдний хэтийн зорилго юу байв. Тэд нам байгуулаад зорилгоо биелүүлсэн. Одоо ард түмэн тэр минь энэ минь гээд саналаа өгөөд байх юм бол таны дэмжлэгээр улс орныг чинь дээрдэмдэнэ шүү дээ.

-Та нарын сонгосон зам бол зөв гэх гээд байна уу?

-Бидний залуус үнэн, зөвөөр явахыг хичээж байгаа. Эх орноо гэсэн зөв сэтгэлтэй залуус бид буруу, муухай бүхний үүр уурхай болсон тэдэнд туслах албатай юм уу. Хөдөө орон нутгаар явж байхад Дархан-Уул аймгийн нэг иргэн “Новшнууд төрд гарчихлаа” гэж байна. “Яаав” гэтэл “Ялгаагүй дуракууд гарлаа” гэж байсан. Өөрөө нэг хүнийг дэмжиж сонгуульд нь ажиллаад гаргасан байгаа юм. Тэгэхээр нь би “Та зүтгээд тэр хүнээ гаргасан юм байна. Одоо надаар яах гээд байгаа юм бэ. Та нар сонгуулиар хэдэн төгрөгийн төлөө ажиллаж гаргачихаад дараа нь сонголтоо буруутгадаг байж болох юм уу” гэтэл “Нээрээ тийм байна” гэж байх жишээтэй. Монголын ард түмэн сонгууль өгдөг биш сонгуулийг нь өгүүлдэг юм байна. Сонгуулиар гэрээс нь машинтай очиж аваад хэнд саналаа өгөхийг нь хэлээд оруулдаг. Үнэндээ орон нутагт сонгууль өгнө гэдэг дарамт, хүндрэл болтол нь дээрмийн бүлэг улс орныг удирдаж ирсэн.

Түрүүн та “Үнэн ба Зөв” намаас өмнө 25 нам бүртгүүлсэн гэсэн. Үнэн. Тэдний үзэл баримтлалыг би буруутгахгүй. Хэн нэгэн улстөрч намаасаа гарахынхаа өмнө нам байгуулаад “Би намаасаа гарч нам байгуулна шүү” гэдэг шантаажны аргатай болчихсон. Ард түмний хүсэл мөрөөдлийг биелүүлэх нам алга. Монголчууд нэг хэсэг лам дагаж баларсан бол одоо нам даган баларч байна. Манай “Үнэн ба Зөв” нам 26 дахь улс төрийн намаар бүртгүүллээ.

-Яагаад заавал “Үнэн ба Зөв” гэж. Танай намаас бусад нь худлаа юм уу?

-Бид ард түмэнд хайртай, дуртай, новшнуудыг устгая гэсэн гоё нэрээр намаа нэрлэж болно. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 26 намыг дээрээс нь эхлээд уншаарай. Ардын намаар эхэлнэ. Тэнд ард байхгүй. Ардчилсан нам. Тэнд ардчилал байхгүй гэх мэтчлэнгээр үргэлжилнэ. Ингэж уншсаар 26 дахь нам дээр ирээд уншихаар аяндаа бүх утга илэрхийлэгдэнэ. Манай нам ард түмний, ардчилсан, ногоон хөгжлийг дэмжсэн, иргэний хөдөлгөөнийг нэгтгэсэн шударга нам гэдэг нь харагдана. Монголд 26 нам байгаа хэдий ч орон нутагт салбар зөвлөлтэй гээд явахаараа АН, МАН гэсэн хоёр л нам бий. Гурав дахь нам гэж ямар намыг хэлдэг юм бэ. Сум болгонд салбартай намыг гурав дахь нам гэдэг. Түүнээс биш намын тамгаа цүнхэнд хийгээд бариад явж байгааг нам гэдэггүй юм. Суманд байгаа хоёр нь нам юм уу гэхээр мафи болчихсон байхгүй юу. Юугаа дэмжиж байгаагаа ч мэддэггүй. Орон нутгаар явахдаа намын доод шатны албан тушаалтнуудтай бүгдтэй нь уулзсан. Бүгдээрээ намынхаа удирдлагуудад дургүй байдгаа хэлсэн. Энэ хоёр нам сонгуульд ороод ярьдаг зүйл нь юу гээч “Чи намынхаа төлөө ажиллахгүй бол нөгөө намын хүн гарах гээд байна” гэдэг. Улс төрийн бодлого юм ерөөсөө ярьдаггүй. Бодоод үзэхээр нөгөө намын хүн гарчихвал миний амьдрал дуусна гээд тулааны зүйл рүү ордог. Үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр юу ч байдаггүй. Харин “Үнэн ба Зөв” намынхан ард түмний хүсэл, мөрөөдлийг бодит ажил болгох төлөвлөгөөг оруулж ирж байна.

-Үйл ажиллагаагаа эхлүүлсэн үү. Хаана хаана салбартай болсон бэ?

-Манай намын үйл ажиллагаа албан ёсоор наймдугаар сарын 15-наас эрчимжинэ. Бид намаа Улаанбаатар хотын есөн дүүрэг, 18 аймагт салбартайгаар байгуулсан. Манай намыг дэмжиж 2100 хүн албан ёсоор бүртгүүлсэн. “Үнэн ба Зөв” нам маань үүсгэн байгуулагчдын хурлаа 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд хийж байсан юм. Бид нам шиг нам болгохын тулд товчхондоо сум бүртэй тулж ажиллана. УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч гэж шунахгүй. Сумыг бид хоёр том намаас чөлөөлөх ёстой. Ингэж байж энэ улсыг бид төрөөс чөлөөлнө.

-Танай нам бусад намуудаас юугаараа ялгаатай юм. Сонгуулийн үеэр аль нэг намыг дэмжиж таван төгрөг салгадаг нь нууц биш шүү дээ?

-Тухайлбал, үнэхээр сум орон нутгаа хөгжүүлье гэж байгаа бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын залуус орон нутгийн сонгуульд орж өрсөлдөх ёстой. Мандал сумын ИТХ-д хэдэн хүн байна тэр хүнийх нь тоогоор “Үнэн ба Зөв” нам төлөөлөгчөө өрсөлдүүлэх хэрэгтэй. Сумаа хөгжүүлье гэсэн залуус сумандаа эрх мэдлээ олж авах шаардлагатай юм. Ингэж бид өөрчилнө. Ард түмэн С.Ганбаатар, Г.Уянга, С.Жавхлан, Ж.Батзанданг гишүүн болгочихвол бүх зүйл сайхан болох юм шиг яриад сууж байсан. Тэд бүгд гишүүн болсон ч улс орон яагаад сайхан болохгүй байна вэ. Хүн гаргаад сайхан болдоггүйн тод жишээ энэ. Төгс хүн гэж байдаггүй. Харин төгс бодлого гэж бий. Үүнийг улс төрийн нам хийдэг. Тиймээс бид суманд төлөөлөгчтэй болох ёстой. “Үнэн ба Зөв” нам 2020 оны сонгуулийг хараагүй. Манайд төрийн тогтолцоо огтхон ч болохгүй байгаа юм биш. Намын тогтолцоо бүгдийг үгүй хийдэг. Намын тогтолцоогоо шийдээгүй байж бид төр болохгүй байна гэдэг. Өөр гарц хэрэгтэй гэж байгаа бол бидний хэдэн залуу үүний чинь төлөө явж байна. Юмыг буруутгаад л суух юм. Үнэн, шударга зүйл байхгүй болчихсон болохоор иргэд бухимдаж байгаа шүү дээ. Бид улсаа өөрчилье гэвэл иргэнээ зөв болгох хэрэгтэй. Тиймээс манай намын мөрийн хөтөлбөрийн цөм нь иргэдийн боловсрол, зөв хүн юм.

-Манайхан нам байгуулагдангуут л арын эздийг нь хайдаг. Танай намын ард Ш.Сайхансамбууг байгаа гэлцэх юм?

-Энэ намын ард хэн байна вэ гэж нэр ус цохон дайрдаг дайралтыг хоёр том намын хөлсний бичээчид л хийдэг. Ард түмэн үүнийг асуудаггүй. “Үнэн ба Зөв” намын ард ямар хүмүүс байгааг мэдье гэвэл эхлээд өөрсдөө ороод ир л дээ. Тэгээд энэ намын ар нь та бол. Өнөөдөр “Үнэн ба Зөв” нам Монголын асуудал юм уу, энэ хоёр нам асуудал юм уу. Энэ хоёр нам л асуудал. Гэтэл бид энэ хоёр намын асуудлыг “Үнэн ба Зөв” намын асуудал юм шиг дайрдаг. Асуудлаа шийдэхийн тулд бид нэгдэх ёстой. АН, МАН-ын бузар булайтай эвлэрэхгүй гээд намаасаа гарсан, зөв зүйлийг тогтоохоор яваа тийм хүмүүс бий. Зөв бодолтой, үнэн яваа хүмүүс бидний ар тал ч байна, урд тал ч байна.

-Танай нам албан ёсоор бүртгүүлчихлээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор дэмжиж байгаа нэр дэвшигч байна уу?

-Байхгүй. Бусад намын дарга нь өөрсдийгөө амьд байгааг нэг харуулчих гээд тэрийг дэмжиж байна гэж мэдэгдэл хийгээд цаагуураа хэдэн төгрөг авчихдаг. Үнэн шүү дээ. Бид алсыг харж үнэн зүйлийн төлөө явж байгаа учраас энэ удаагийн сонгуульд ямар нэгэн байр суурь баримтлахгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *