А.Ооноо Өмнөд монголын Ордос нутагт төрсөн. 1989 оноос Японы иргэн болсон. Одоо Японы Шизиока их сургуульд багшилж байна. Мэргэжил ХХ зууны түүх судлаач. Тэрбээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцохоор ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
-Өвөрмонгол хүн яагаад, хэзээ Японы Шизиокагын их сургуульд очив?
-1989 онд Япон руу гарч, доктор цол хамгаалаад Япондоо суурьшсан. Өмнө нь 1945 оны чөлөөлөх дайн хүртэл Өвөр монгол Японы колони байсан түүхийг хүмүүс мэднэ.
-Колони байхад Япон руу монгол хүн олон гарсан уу?
-Япон хэл мэддэг олон Монгол хүн гарсан, ер нь харилцаа холбоо нь ч их сайн байсан.
-Японд сурахаар очсон уу?
-Тиймээ, Өвөрмонголд их сургуулиа төгсчихөөд, Японд монгол түүх судлалаар сурахаар явсан. 1989 онд Япон яваад, тэндхийн иргэншилтэй болсон. Манай эхнэр Япон хүн байдаг.
-1989 онд Тянь Мины талбай дээр асуудал гарсан, түүнтэй холбоотой юу?
-Түүнтэй холбоогүй, би дөрөвдүгээр сард явсан. Тэр үйл явдал зургадугаар сарын 4-нд болсон үйл явдал.
-Тэрнээс өмнө бас хэд хэдэн жижиг хөдөлгөөн гарсан гэдэг байсан.
-Түүнтэй ч шууд холбоо бол байхгүй. Ер нь тэр талаар мэднэ.
-Япон руу явснаас хойш нутагтаа очсон уу, нутагтаа очиход ямар нэгэн асуудал гардаг уу?
-Жил бүр очдог. Очиход асуудал хааяа гардаг.
-Жишээлбэл?
-Би чинь Монголын XX зууны түүхийг голлож судалдаг. Хорьдугаар зууны монголчуудын түүх бол асуудалтай, зовлонтой түүх юм. 1945 онд Өвөрмонголын монголчууд, Монгол Улсын монголчуудтай Чойбалсан маршалын удирдлага дор нэг улс болох зорилготой байсан. Түүхийн үнэн байдлыг судлах нь бас учиртай.
-Япон руу гарснаас хойш дан Монгол судлалаар ажилласан уу?
-Тиймээ,
-1939 онд Япончууд Халхын гол дээр тулаан хийсэн. Япончууд түүнийгээ Номун хааны тулгаралт гэж ярьдаг. Энэ тулгаралтын талаар Японы хөгшчүүд мэддэг үү?
-Энэ тулгаралтыг бага байхад бага хэмжээгээр ярьдаг байсан. Манай монголчууд Халхын голын дайн гэж ярьдаг. Тулгаралт гэж заадаг нь дайны түүхийг яаж ойлгодог гэдэг үзэл санаа нь. 1990 онд Монголд ирээд улсын музейд Халхын голын дайны тухай тусгай үзэсгэлэнг үзсэн. Энэ талаар Монголын үзэл, Японы үзэл, Өвөрмонголчуудын үзэл өөр өөр байдаг. Манж монголчууд ар монголчуудтай тулалдсан тохиолдол бий.
-1939 онд анх Монголчууд Японтой тулалдсан байдаг. 1966-1976 он хүртэл Хятадад соёлын хувьсгал гарсан. Энэ үед яг юу болсон бэ?
-Миний судалснаар хоёр учир байна. Нэгд тухайн үед социалист хоёр том гүрэн байсан. БНХАУ, ЗХУ зөрчилдөж эхэлсэн. Энэ нь 1950-иад оноос эхлээд 1966 он хүртэл улам ширүүссэн. Мао Цедун Зөвлөлт улс, Монгол Улс хамтарч Хятад улс руу довтлох аюултай гэж үздэг байсан. Тухайн үед Монгол Улсад Зөвлөлтийн цэрэг арми сууж байсан нь нэг аюул. Хэрвээ Зөвлөлт, Монголын цэрэг Өвөрмонголд ороод ирвэл, Өвөрмонголын монголчууд тэдэнтэй нийлнэ гэсэн айдас байсан. Энэ тохиолдолд улсаа хамгаалж чадах уу гэсэн нэг том асуудал байсан. Үүнд жишээ байдаг. 1945 оны наймдугаар сарын 11-нд Монгол цэрэг, Зөвлөлтийн цэрэгтэй Өвөрмонголд ороод ирэхэд халуунаар хүлээн авч Монголтой нэг улс, нэг үндэстэн гэсэн зорилготой байсан. Ингэхээр 1966 онд Монгол цэрэг эргээд Зөвлөлтийн цэрэгтэй Өвөрмонголд ирвэл, Өвөрмонголчууд Дундад улсыг дагахгүй Монголыг дагана гэдгийг мэдсэн. Хоёрдугаар шалтгаан нь Өвөрмонголын өөртөө засах орны дарга Улаанхүү байсан. Улаанхүү, Мао нарын зөрчил ширүүссэн. Улаанхүү, Маогийн үгийг сонсохгүй “Би танаас илүү социализмыг мэднэ. Би Москвад суралцсан хүн, чи Дундад улсаас гарч үзээгүй хүн. Би социализмыг сайн мэднэ” гэдэг байсан. Улаанхүү Өвөрмонголдоо Зөвлөлт шиг улс байгуулах санаатай. Мао Улаанхүүд өгсөн улс нь зөвхөн автономит эрх буюу өөртөө засах орон. Үүнд нь Улаанхүү дургүй. Улаанхүү, малчин удмын эх орноо хөгжүүлнэ гэдэг. Мао Хятад үндэстнээ Өвөрмонголд оруулж ирж колончилох бодлого барьсан. Нэг нь олон улсын, нөгөө нь дотоод зөрчил. Мао соёлын хувьсгалаа эхлүүлэхэд Өвөрмонгол тайван байх ёстой.
-Соёлын хувьсгал хаанаас эхэлсэн бэ?
-Соёлын хувьсгал Өвөрмонголоос эхэлсэн. 1966 оны тавдугаар сарын 1-нд Улаанхүү Бээжинд дуудагдаж очоод хэлмэгдсэн. Тэр үед Улаанхүүг дагаж очсон Өвөрмонголын дээд ноёд, дарга нар ч хэлмэгдсэн. Тавдугаар сарын 16-нд Мао Бээжингээс зарлиг буулгаж, соёлын хувьсгалаа эхлүүлсэн. Улаанхүүг хэлмэгдүүлсэний дараагаар Бээжингээс цэрэг явуулж Өвөрмонголд цэргээ суулгачихаад соёлын хувьсгалаа эхлүүлсэн.
-Соёлын хувьсгалын үеэр Өвөрмонголоос хэдэн хүн хэлмэгдсэн, тэр дотор хэдэн хүн амиа алдсан бэ?
-Миний Англи хэл дээр гарсан ном бий. “Өвөрмонголын соёлын хувьсгалын үнэн байдал”гэдэг ном. Үүнд Дундад улсын талаас мэдээлж байгаагаар бол 27900 хүн алагдаж, 346000 хүн баривчлагдаж, (хуулиар шийтгэгдэж), 120000 хүн зэрэмдэг болсон. Энэ бол маш их тоо учир нь тухайн үеийн монголчууд 13 сая байсан. 13 сая хүнээс ийм олон хүн баригдсан. Өрх бүрээс нэг хүн баривчлагдсан, 50 хүн тутмаас нэг хүн алагдсан гэсэн үг юм. Бээжингээс гаргасан энэ тоонд хэн ч итгэхгүй. Үнэн тоо бол 1970 онд Өвөрмонгол улсын их сургуулийн багш нар судалгаа хийсэн. Бодит тоо нь бол үүнээс нэг дахин их юм.
-Та монголын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөрт зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцохоор ирсэн. Энэ хурал ямар зорилготой хурал вэ?
-Тиймээ, энэ маш сайхан хурал боллоо. Зөвхөн хурал биш Хамбын овооны ёслол, өчигдөр түүхийн музейны хажууд байгаа хэлмэгдэгсдийн хөшөө үзсэн, талбай дээр цэцэг өргөх ёслол зэрэгт оролцсон. Тэгэхээр монголчууд 1937 онд хэлмэгдсэн хүмүүсээ түүхэндээ тэмдэглэн оруулж, сүнсийг нь даллаж сайхан явуулсан гэж би үздэг. Энэ нь хорьдугаар зууны социализм монголчуудад өгсөн зовлонтой түүх. Монголчууд энэ түүхээ мартахгүйгээр тэмдэглэсэн байна. Миний биширдэг хэдэн газар байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн тэр их тоо. Ихэнхийг нь хөнөөсөн. Гэхдээ нэр, данстай, архивтай, ямар нутаг ус гээд бүгд Цагаан номны дөрвөн бүлэгт байгаа юм. Үнэхээр мундаг санагдсан. Өвөрмонголд ийм олон хүн хэлмэгдчихээд нэр, архив, тоо ч байхгүй. Өнөөдөр Өвөрмонголд сүүлийн хувьсгал үүсээд 40 жилийн ой болсон. 40 жилийн ой дээр сүүлийн хувьсгалыг ярьж болохгүй, судалж болохгүй, дурьдаж болохгүй. Энэ хориг сүүлийн үед улам чангарсан. Бид хэлдэг. Манай монголчууд сүнсээ далладаг заншилтай. Ийм олон хүн алагдахад хөшөө босгох эрхгүй, хэн алагдсан талаарх данс тоо гэж юу ч байхгүй. Гэхдээ үүнийг би социализмын улаан шуурга гэж боддог байсан.
-Таны энэ ном ямар хүрээнд, хэдэн хувиар, хэзээ гарсан ном бэ?
-Миний ном бол “Хятадын соёлын хувьсгалын үед үй түмээр нь хоморголсон үнэн түүх” гэсэн нэртэй. Энэ номын баримтыг өөрөө арав хорин жил ардын дундаас цуглуулсан материалаараа Монголын цагаан ном шиг есөн дэвтэр ном гаргасан. Ард олон дундаас өөрийн биеэр орж аав ээж, ахмад үеэсээ сурвалжилж, мэдээ цуглуулж өөр таван ном гаргасан.
-Таны ном Япончууд дунд хэр тархсан бэ?
-Японы эрдэмтэн мэргэд, ном унших сонирхолтой хүн бүр мэддэг. Япончууд соёлын хувьсгалыг, тэр дотроо олон хүн хэлмэгдсэн гэдгийг ч мэддэг. Харин Өвөрмонголчууд яагаад хэлмэгдсэнийг мэдэхгүй. Анх энэ номыг Японоор бичсэн. Учир нь хятадууд Өвөрмонголчуудад хоёр ял тулгадаг. Нэгдүгээр ял нь 1945 оноос өмнө Японы тагнуул, 1945-1966 он хүртэл Монголын тагнуул гэдэг байсан. Иймээс бид тагнуул гэж бас хэлмэгдсэн. Японоор бичсэн гол зорилго нь зөвхөн монголчууд Хятадын улаан шуурганд хэлмэгдэж алуулсандаа биш, бид та нартай холбоотой байсан танай тагнуул гэдэг ялаар яллагдаж алуулсан гэдэг түүхийг мэдэх ёстой гэж үзсэн.
-Хэлмэгдүүлэлтийн талаар Өвөрмонголчууд ярих эрхгүй гэж байна. Ийм байхад Монгол Улстай Өвөрмонголчууд чөлөөтэй харилцаж чадах уу?
-Энэ тал дээр хэцүү зүйл байдаг. Жишээ нь энэ жил найман сарын хоёронд Си Жиньпин өөрийн биеэр Шилийн голын зүрх гэдэг газар ирж цэргийн сургуулилт үзсэн. Энэ нь Өвөрмонголчуудад ирж сүрээ үзүүлж байна гэсэн үг цаашилбал Монгол Улсын монголчуудыг сүрдүүлж байна.
-Бээжинд ярьж болохгүй юмыг Монголын сонинд ярьж болох уу, Өвөрмонголын тусгаар тогтнолын өдөр дуучин Тэнгэрийг гэрийн хорионд оруулсан нь үнэн үү?
-Ярьж болно. Би түүхчээр хорь гаруй жил ажилласан. Тэнгэр гэрийн хорионд орсон нь үнэн. Яагаад гэвэл Монголын “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцоод баяртайгаар гэртээ очоод их олон юм ярьсан. Энэ нь нэг шалтгаан. Дараагийн шалтгаан нь Тэнгэрийн хорь гаруй жил дуулсан дууны шүлэг нь үндэсний үзэлтэй. Гэвч тэр дуунд ямар ч улс төр байхгүй тал нутаг, мал сүргийн тухай байдаг. Одоо Өвөрмонголчууд мал сүрэг байхгүй, нутаг байхгүй, нутагт нь хятад хүн суусан тэр бүхнээ санаад дуулсан үндэстний үзэл сэргэнэ гэж хардсан. Тэнгэр бид хоёр нэг нутгийн хүмүүс.
-Хятад, Монголын эдийн засгийн харилцааг та юу гэж бодож байна, ямар түвшинд байгаа вэ?
-Хятадын эдийн засаг, төрийн бодлогод Монгол Улс их холбоотой. Гэхдээ үүнд Монгол Улс хэт их автаж болохгүй гэж боддог. Яагаад гэвэл эрт үеэс монголчууд нүүдлийн соёл боловсролтой, Хятадууд суурьшмал соёлтой учир хоорондоо таарахгүй. Хятадын хэтийн бодлого бол буурай улс оронг хятадууд дунд оруулж хятад болгоно гэсэн бодлого. Монголчууд үгээр явбал Өвөрмонголчууд, төвдчүүд ч нэн хэцүүднэ. Монгол үндэстнээс Монгол Улс л цэврээрээ байна. Энэ цэвэр чиг нь алдагдана. Иймээс Монгол Улс хятадын эдийн засгийн бодлогод гүн орж болохгүй.
-Явуулж байгаа бодлого нь юугаар илэрдэг вэ?
-Хятадууд хамгийн их айж сэргийлж байгаа улс гэвэл төвд биш, уйгар биш, Өвөрмонгол юм. Яагаад гэвэл ямар ч Өвөрмонгол хүн Монгол Улсад ирээд өөрсдийгөө ямар ч эрхгүйгээ мэддэг, олон улс Монгол Улсыг эзэлж чадаагүй. Түвдчүүдэд Далай лам байна. Далай лам бурхан болвол түвдийн асуудал амархан шийдвэрлэгдэнэ. Шинжаань исламын шашинтан дэлхийн исламын шашны нийгэмлэгтэй холбоотой бас амархан шийдвэрлэгдэхгүй. Гэхдээ уйгар хүн улс байгуулсан түүх байхгүй. Тэд тусгаар улс ямар сайхныг мэдэхгүй. Монгол хүн түүхээсээ хүний дээр явсан. Өвөрмонголын монголчууд муу яваа нь анх удаагийн түүх. Тиймээс монгол хүн түүхээ мартаж чадахгүй. Хятадын ерөнхийлөгч нар монголд ирдэг. Гэхдээ монголыг хайрлахын төлөө ирээгүй. Бодлогоо хэрэгжүүлэх гэж ирдэг.
-Өвөрмонголчууд хятадуудын хооронд зөрчил гардаг. Энэ зөрчил нааштайгаар шийдэгдэх арга бий юу?
-Фейсбүүк, Вичатаар хэн хэний нутаг дэвсгэрийг булааж байгааг байнга харуулдаг. Монгол залууг хятад жолооч машинаар дайрч байгааг харсан. Энэ явдал нэг сард, жилд болдог явдал биш. Өдөр бүр ийм юм болдог. Монголчууд 100 жилийн өмнө байсан зөрчил өдийг болтол шийдвэрлэгдээгүй юм байна гэдгийг ойлгож бодно. Ингэхээр Хятадууд өнөөдөр хүчтэй юм шиг үзэгдсэн ч хятадууд тийм хол явахгүй. Хятадын түүхэнд хятадууд нэгдээд хэдэн жил магадгүй хэдэн арван жил болдог ч удалгүй задардаг. Хятадын хэдэн мянган жилийн түүх ийм байсан. Хятадын баян ядуугийн зөрчил их, хятадуудад олон улсын түвшинд жинхэнэ ах дүүгийн холбоотой улс орон байхгүй. Тиймээс хятад улс удахгүй задарна. Тиймээс монголчууд хятад задарвал яахав гэдгээ эртнээс бодлого явуулж эхлэх хэрэгтэй.
-Хятадууд их соёлжиж байгаа мэдээ байдаг шүү дээ.
-Хятад хүн ийм зантай. Хятадад Европын улсууд, Япон зэрэг улсад суралцаад ирсэн хүн их. Гэвч хятаддаа буцаад ирвэл өөрийн соёлдоо шингээд орчихдог. Хятадын төвийн их хурал, бага хуралд ардчилсан системтэй улсад сурсан хүн арвин байдаг. Си Жиньпиний охин чинь АНУ-д сурч байсан. АНУ ямар байдгийг охин нь аавдаа хэлсэн байх ёстой. Гэсэн ч Хятад ардчилсан шугамаар явахгүй.
-Өвөрмонголчууд дунд Хятадыг эсэргүүцэх явдал байна уу?
-Дотроо байдаг гадагшаа бол гаргахгүй. Малаа, бэлчээрээ алдаж байна. Монгол хэл соёлоо хадгалсан ч хүн бий, хэлээ мартсан ч хүн бий. Хятадад 100 жил гурван үеэрээ тариа тарьсан монгол хүн байна. Гэвч одоогийн хятад тариачны хаана ч хүрэхгүй. Монгол хүнд тариа тарих авьяас байхгүй. Хятадууд дунд ядуу нь монгол байна.