Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны консулын газрын ажилтнууд улс руугаа нэвтрэх визийг дамлан худалддаг гэх мэдээлэл өнгөрсөн хавраас сонсогдож эхэлсэн. Гадаад хэргийн яамны сайд виз дамлан худалдах явдал гаарсныг мэдээд дотоод хяналт шалгалтаараа хэд хэдэн хүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад өгч, зарим нэг Элчин сайд, консулын ажилтнуудыг эргүүлэн татах асуудлыг хөндсөн байдаг. Мөн ийм хэрэг дахин гаргуулахгүйн тулд виз олгох журмыг шинэчлэн тогтоох 01 дугаартай албан тоот хүртэл гаргасан билээ. Энэ үеэр Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газарт виз дамлан худалдах явдал эх захаа алдсан байсан гэдэг. Тухайлбал, 2014 оны зургадугаар сард УИХ-ын гишүүн асан А.Мурат Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон. Тэрбээр томилогдсон даруйдаа Монгол Улсад нэвтрэх визийг дамлан худалдах, хууль бусаар их хэмжээний орлого олох ажлыг зохион байгуулж эхэлсэн нь тогтоогдсон байна.
Тэрбээр өөрийн эхнэр С.Кулзада, хүргэн дүү С.Сапарбек, багш Хөхөөгийн хүү Х.Нарангэрэл нарыг виз олгох ажилд томилсон байна. Харин ГХЯ-наас томилогдсон ажилтнуудыг бичиг хэргийн ажилтан, хашаа цэвэрлэгчийн ажилд томилж байсан гэдэг. Танил тал хамаатан саднаа виз олгох гол ажилд томилсноор өөрийн дураар виз олгох ажлыг бүрэн хяналтдаа авчээ. Виз дамлан худалдаж их хэмжээний ашиг олсон гэдэг.
Түүний виз дамлан худалдаалдаг тухай зарим хүн хуулийн байгууллагад хандаж гомдол гаргаж байсан аж. Уг гомдлын дагуу А.Муратыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн байна. Мөн түүнийг Улаанбаатарт ирж мэдүүлэг өгөхийг шаарджээ. Гэвч тэрбээр хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тогтсон цагт хуулийнханд ирж мэдүүлэг өгөөгүй гэнэ. Иргэдийн гомдлын дагуу А.Муратыг хууль хяналтын байгууллагаас шалгахаар очиж ажлын өрөөнд нь ороход виз дамлах ажлыг эхнэрийн хамт хийж байсан гэнэ. Үйлдэл дээрээ баригдсан А.Мурат шалгалтын явцад захиа үлдээгээд эхнэр, хүргэн дүү нараа дагуулан Эрээнээс явжээ. Захидалдаа “Амралтаа авлаа. Би сарын дараа эргэж ирнэ” гэж бичсэн байжээ. Ингээд А.Мурат сураггүй болсон байна. Хожим нь түүнийг эхнэр С.Кулзада, хүргэн дүү С.Сапарбек нараа дагуулан ээлжийн амралтаа авах нэрээр Казакстан руу явсан гэдгийг тогтоожээ. Хамт визний наймаа эрхэлж байсан гэх багш Хөхөөгийн хүү харин ажлаа хийгээд үлдсэн гэнэ. Сураггүй болсон консулаас болж Эрээн хотод байдаг монголчуудад асуудал үүсч консулын эрэл болоход түүнийг ийн Казахстан явсныг олж мэдсэн байна. Түүний амралтын хугацаа дууссан бөгөөд буцаж ирэхгүй байгаа учир хийсэн хэргээсээ болж оргон зугтлаа гэж үзэж байгаа юм байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар А.Мурат 2016 оны сонгуульд Баян-Өлгий аймгаас бие дааж нэр дэвшихээр зэхэж байгаа гэх мэдээлэл ч байгаа юм. Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол Казахстан руу оргон зугтсан гурав дахь казах иргэн болж байгаа аж.
Учир нь Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд ямар нэгэн хэрэгт холбогдохоороо Казахстан руу зугтдаг зуршилтай. Өмнө нь тус аймгаас сонгогдон УИХ-д сууж байсан К.Сайран энэ замаар Казахстан явсан байдаг. Түүнийг Казахстаны нууц албаны ажилтан байж болзошгүй гэх мэдээллийг өмнө нь Тагнуулын ерөнхий газраас өгч байсан. Уг мэдээлэлд “2012 онд Орос хэл дээрх нэгэн сайтад “Казахстаны тагнуулын “Барлау” албаны “В” газрын туршуулуудын талаарх нууц мэдээлэл” гэсэн нэртэй материал хэвлэгдсэн байдаг. Тэр материалд Казахстанаас гадны улс орнуудад байх нууц албаны ажилтнуудын овог нэр, аль улсын иргэн болох, ямар чиглэлд ажилладаг гэхчлэн товч анкет нь бичигдсэн байв. Нууц ажилтнуудын тухай тодорхойлолтыг Бүгд найрамдах Казахстан улсын КНБ-ийн “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбеков гэгч гаргаж, гарын үсэг зурсан байжээ. Тэрхүү материалд дурдагдсан дөрвөн туршуулын нэгийг нь овог нэр, төрсөн газар усаар нь хөөж үзвэл Монголын Элчин сайд К.Сайран болох нь тогтоогдсон хэмээдэг. Уг тодорхойлолтод “Нууц нэр нь Алтай. Жинхэнэ нэр нь Сайран Кадыр. 1955 онд төрсөн, Монгол Улсын иргэн, Казак. Кувейт Улсад суух Элчин сайд” хэмээн тодорхой бичсэн байснаас нь улбаатай юм.
Тэрбээр тухайн үед төрийн өндөр албан тушаалыг хашиж, Монголыг төлөөлөн гадаадад элчин сайдаар хоёр ч удаа сууж байв. Ийм мэдээлэл гарсан даруйд манай улсын ТЕГ-ынхан түүнийг шалгаж эхэлсэн. Харамсалтай нь түүнийг Казахстан руу явсан гэх мэдээлэлтэй л хоцорсон. Дараа нь Х.Жекей. Тэрбээр хоёр ч удаа УИХ-д сонгогдож байсан. Гэвч түүнийг Казахстанд урвасан гэх мэдээлэл гарсан. Х.Жекей хил хамгаалах албатай амьдралаа холбож, ХХЕГ-ын дэд дарга болтлоо дэвшин, бригадын генерал цол хүртсэн хүн юм. УИХ-д сууж байхдаа Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Гэтэл тэрбээр нэг л өдөр Казахстаны иргэн болсон байсан. Хамгийн гол нь энэ хүн Монголын хилийн нууцтай холбоотой мэдээллийг сайн мэддэг хүн байсан хэмээн тухайн үед шуугиж байсан билээ. Харин гурав дахь казах иргэн нь А.Мурат болж байна. Казахстаны иргэн болсон гэх мэдээлэл байхгүй байгаа ч түүнийг улс төрийн хүрээнийхэн оргон зугтсан хэмээж байна.
Д.НУУР