Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Лукашенко В.Путинээс тусламж хүсч, АНУ Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авна гэв

Беларусийн ерөнхийлөгчийн сонгууль наймдугаар сарын 9-нд болж өндөрлөсөн. Сонгуулиар тус улсын одоогийн төрийн тэргүүн А.Лукашенко сонгогчдын 80 орчим хувийн санал авч ялалт байгуулсан билээ.

А.Лукашенкогийн гол өрсөлдөгч байсан Светлана Тихановская нь сонгуулийн дараа нэг хэсэг сураг алдраад байсан ч аюулгүй байдлаа хангах үүднээс Литваг зорьсон нь тодорхой болсон юм. А.Лукашенкогийн хувьд 1994 оноос тус албыг хашиж буй. Энэ удаагийнх зургаа дахь нь. Сонгуулийн дүнг няцаан сөрөг хүчнийхэн жагссан. Тэд төрийн тэргүүнээ огцрохыг шаардаж, засгийн газрын байруудыг галдан шатаасан тухай мэдээлж байв. Үймээний үеэр 7000 гаруй хүн саатуулагдсан гэх. Өдгөө ч Беларусьт нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт сонгуулийн өмнө саатуулагдаад байсан зарим иргэдийг суллаж эхэлсэн юм.

Улс орондоо өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахад туслахыг тус улсын төрийн тэргүүн бямба гаригт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй утсаар холбогдон хүсэлт тавьжээ. Тэрбээр “Энэ бол зөвхөн Беларусьт нүүрлэсэн аюул биш. Хэрвээ бид эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоож чадахгүй бол Орост ч бас нөлөөлнө” гэж мэдэгджээ. А.Лукашенко дотоодод нь өрнөөд буй хурцадмал байдлын цаана гадныхан байгаа гэж үзэж байгаа аж. Ямартаа ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Беларусь улсад өрнөөд буй үймээнийг намдааж, аюулгүй байдлыг хангахын тулд Ерөнхийлөгч А.Лукашенкод туслахыг зөвшөөрсөн гэнэ.

Ажиглагчдын үзэж буйгаар А.Лукашенко иргэдийнхээ тэмцлийг дарахаар Оросын төрийн тэргүүнд хандсан явдал нь нөхцөл байдлыг дахин муутгах төлөвтэй байна.

Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн ням гаригт нийслэл Минскт олныг хамарсан жагсаал дахин болжээ. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцолсноор энэ нь тус улсын түүхэнд хамгийн олон хүн хамрагдсан жагсаал болов” гэж тодотгожээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео Беларусьт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгджээ. Тэрбээр Беларусь руу газрын тос экспортлохоо зогсоох талаар дотооддоо хэлэлцэж байгааг дурдсан. Тус улсад нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс шийдвэрээ гаргах болно гэж мэдэгдсэн удаатай. Мөн тэрээр уг асуудлаар Европын холбоотой хамтран ажиллах болно гэсэн юм. “Бид Беларусьт болсон сонгуулийн үйл ажиллагаа ил тод, шударга болоогүйд сэтгэл дундуур байна. Харамсалтай нь тус улсад ийм зүйл нэг бус удаа тохиолдож байгааг бид мэднэ. Тайвнаар жагсаж буй иргэдийн эсрэг хүч хэрэглэж, ёс бус үйлдэл үзүүлж байгааг ажигласан” гэж тодотгосон удаатай.

Беларус дахь Европын холбооны орнуудын элчин сайд нар цагдаагийнхан болон жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн болсон “Пушкинская” метроны буудлын орчимд цугларан хүндэтгэл үзүүлсэн байна. Учир нь тус газарт болсон үймээний үеэр нэг тэмцэгч амиа алдсан юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *