-ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ БАЙХ ГЭСЭН ШАЛГУУРЫГ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨГҮЙ ГЭЖ ӨӨРЧИЛСӨН –
Засгийн газраас Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулгатай ярилцлаа.
-Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэж байна. Уг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Засгийн газраас Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх шийдвэр гаргасан нь маш оновчтой, зөв алхам боллоо. Манай улсын хувьд 1999 онд буюу тухайн үеийн УИХ-ын 25 дугаар тогтоолоор түрээсийн орон сууцны бодлогын тогтоол, шийдвэр гарч байсан. Харамсалтай нь, түүнээс хойш уг хөтөлбөрийг үргэлжлүүлэх асуудлаар ямар ч Засгийн газрын үед яригдахгүй байсаар Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэрэгжүүлж эхэлж байна. Саяхан Барилга, хот байгуулалтын сайд түрээсийн орон сууцны хөтөлбөртэй холбоотой журмыг баталлаа.
Өнөөдөр Улаанбаатар хотод түрээсийн орон сууцны эрэлт хэрэгцээ маш их байгаа. Нийслэлийн хэмжээнд 2013 оны байдлаар 17800 айл орон сууц түрээслэн амьдардаг байсан. Энэ тоо 2014 онд 22800, 2015 онд 28000 болж өслөө. Энэ нь өнөөгийн зах зээлд түрээсийн орон сууцны тоо жилээс жилд нэмэгдэж байгааг харуулж буй хэрэг. Уг хөтөлбөрийн тухайд 2013 онд анхлан батлагдсан. Тухайн үед нийслэл болон аймгуудын хэмжээнд 1300 айлын орон сууцыг түрээслэх тухай яригдаж байсан хэдий ч хэрэгжээгүй. Харин явсаар байгаад одооноос хэрэгжиж эхлэх гэж байна. Мэдээж хүний амьдралын анхдагч бөгөөд гол хэрэгцээ нь орон сууц шүү дээ. Өнөөдөр нийслэлийн аль ч дүүрэгт очоод “Та юу хүсэж байна вэ” гэж асуувал тав тухтай орон сууц гэж хэлнэ. Тиймээс Засгийн газраас уг бодлогыг хэрэгжүүлж байгаа нь маш оновчтой шийдвэр боллоо.
-Эхний ээлжинд хэдэн айлын орон сууц түрээслэх боломжтой байгаа вэ. Мөн хэрхэн хуваарилах тухай асуудал олны анхаарлыг татаж байгаа?
-Хэдийгээр эрэлт маш их байгаа ч гэлээ орон сууцны тоо цөөн байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд эхний байдлаар 350 орон сууцыг түрээсийн орон сууцаар ашиглах гэж байна. Засгийн газраас 350 өрхийг түрээсийн орон сууцанд оруулна гэж байгаа ч гэлээ орохыг хүсэж буй 28 мянган өрх байна. Тэдэнд хэрхэн хуваарилах вэ гэдэг асуудал нэлээн ноцтой яригдана. Иргэдийн хувьд янз бүрийн мэдээлэлтэй байх шиг байна. “Буянт-Ухаа-I” хорооллын 1764 айлын орон сууцыг ашиглалтад оруулах үед мөн л хуваарилалтын тухай асуудал хөндөгдөж байсан. Орон сууцанд орохыг хүссэн 15 мянган иргэн өргөдлөө өгч байлаа. Тухайн үед сугалааны аргыг сонгосон нь маш зөв шийдвэр болж байсан юм. Түүнтэй адил түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг сугалааны зарчмаар сонгохоор төлөвлөж байгаа.
-Иргэдийг хэзээнээс бүртгэж эхлэх вэ?
-Түрээсийн орон сууцтай холбоотой асуудлын ерөнхий журмыг Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан байгаа. Хэрэгжүүлэх журмыг ТОСК-аас гаргахаар болсон юм. Бид дотооддоо иргэдэд хэрхэн хүнд сурталгүй, шуурхай, тэгш хуваарилах вэ гэж ярилцаж байна. Манай зүгээс журмаа маргааш буюу баасан гаригт гаргачихна. Тэр үед хэзээнээс бүртгэж эхлэх, ямар шалгуур тавигдах тухай асуудлууд тодорхой болох юм. Ерөнхийдөө ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай дэлгэрэнгүй, тодорхой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацна. Мэдээллээ хүргэсний дараа бүртгэлийн ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Барилга, хот байгуулалтын журам дээр ирсэн дарааллаар бүртгэнэ гээд заачихсан. Манай зүгээс 14 хоногийн турш бүртгэл явуулна. Түүнийхээ дараа бүртгэлийн дарааллыг үл харгалзан сугалаа явуулж иргэдэд шударгаар хуваарилах юм. Нэг зүйлийг энд онцолж хэлэхэд, Түрээсийн орон сууцны хөтөлбөр ингээд зогсохгүй. Зөвхөн эхний ээлжийн иргэдийг түрээсийн орон сууцанд оруулж байгаа юм. Хөтөлбөр 2015-2021 он хүртэл хэрэгжинэ. Энэ хүрээнд нийслэлд 16 мянга, хөдөө орон нутагт дөрвөн мянган айлын орон сууц Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах юм. Өнөөдөр дэлхийн ямар ч өндөр хөгжилтэй улс орны үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь тухайн улс орныхоо 30-40 хувийг дотоодын нийт бүтээгдэхүүнээр хангадаг. Энэ бол маш өндөр тоо. Харин манай улсын тухайд барилга, орон сууц гэсэн үл хөдлөх хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой. Үл хөдлөх хөрөнгөөсөө эдийн засгийнхаа төсвийг нэмээд явах бүрэн бололцоо харагдаж байгаа. Тийм учраас Түрээсийн орон сууцны хөтөлбөр маш зөв алхам болсон. Ер нь түрээсийн орон сууцны эрэлт хэрэгцээ яагаад ийм их байна гээд судлаад үзэхээр Монголын ард түмний амьдралын түвшинтэй шууд холбоотой. Манайханд хуримтлал байдаггүй. Нүүдэлчин ард түмэн учраас хуримтлал хураах тухай ойлголт яс маханд нь шингээгүй. Барууны орнуудад өв хөрөнгө нь хэдэн үе уламжлагдан дамжиж ирсэн байдаг. Түүгээрээ өөрсдийнхөө ирээдүйг авч явдаг. Манайд тийм боломж байсангүй. Тиймээс бид орон сууцтай болох урьдчилгаа төлбөрийг багасгая, жилийн хүүг нь бууруулъя гэж яриад байгаа юм. Энэ бүхэн ард түмнээ дэмжиж буй Ардчилсан намын зөв бодлого, зөв шийдэл.
-Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-350 айлын орон сууцаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл, хувиараа хөдөлмөр эрхлэгч, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг эх, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд хуваарилахаар болсон. Урьд нь бид төрийн албан хаагч, төрийн бус албан хаагч гэж хоёр хуваадаг байлаа. Харин энэ удаа Монголынхоо бүх ард түмэнд нээлттэй байх үүднээс хувийн хэвшлийнхнийг ч хамруулж байгаа. Шалгуурын тухайд юуны өмнө насанд хүрсэн буюу 21-ээс дээш настай байх ёстой. Мөн Статистикийн төв хорооноос гаргасан орлогын хэмжээг харгалзана. Тухайлбал, 280 мянган төгрөгийн түрээстэй хоёр өрөө орон сууцанд амьдрах гэж байгаа өрх сарын 1.120.000 төгрөгийн орлоготой байх ёстой. Товчоор хэлбэл, түрээсийн байрны төлбөр өрхийн орлогын 25 хувь байна гээд заачихсан байгаа.
-Сарын өрхийн орлого сая гаруй төгрөг байна гэдэг арай өндөр босго биш үү. Сая гаруй төгрөгийн сарын орлоготой айл моргэйжийн зээлээр орон сууц худалдаад авчихна биз дээ?
-Өндөр босго биш л дээ. Уг тоог хэн нэгэн санаанаасаа гаргаагүй. Статистикийн байгууллагаас тооцоолж гаргасан. Дээр нь банкнаас зээл авъя гэхэд өндөр шалгууртай 28 босгыг давах хэрэгтэй болдог. Түүнийг давж чадаагүй хүмүүст түрээсийн орон сууцны боломж олгож байгаа юм. Мөн иргэд түрээсийн орон сууцны хөтөлбөрийн талаар буруу ойлголттой яваад байна. Тэр нь юу вэ гэхээр түрээсээ хэдэн жилийн турш төлсний дараа хувьдаа авна гэж ойлгоод байгаа. Тийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. 100 хувь түрээсийн орон сууц юм шүү.
-Ямар нэгэн байдлаар түрээслэх хугацаа зааж байгаа юу. Нэг өрх арван жил амьдраад гарна гэдэг ч юм уу?
-Хугацаа заагаагүй. Түрээсээ цаг тухайд нь төлөөд байгаа бол тухайн орон сууцандаа хэдэн ч жил амьдарсан болно. Хэдий хэрийн хугацаанд амьдрах вэ гэдэг тухайн өрхийн асуудал. Яваандаа амьдарч буй байраа моргейжийн зээлээр худалдаж авах боломж бий эсэхийг судалж үзнэ.
-Нийслэлийн хэмжээнд 350 өрхийг түрээсийн орон сууцанд оруулна гэдэг тун чамлалттай тоо. Цаашид уг тоог нэмэгдүүлэх боломж байгаа юу?
Засгийн газрын шийдэх асуудал. Хэрэв мөнгө төгрөгийг нь шийдээд өгвөл боломж бол байгаа.
-Түрээсээр амьдрах айлуудаас гурван сарын түрээсийн мөнгийг урьдчилгаа хэлбэрээр авна гэсэн. Энэ мөнгийг буцаан олгох уу?
-Түрээсийн байр учраас авна шүү дээ. Амьдарч байгаа айл нь түрээсийн байр юм чинь гээд хүнийрхүү сэтгэлээр цонхыг нь хагалаад, паркетийг нь хуулсан бол яах вэ. Тэгэхээр гурван сарын түрээсийн мөнгө буюу барьцаа хөрөнгөөр засвар хийж таарна. Харин цэвэрхэн суугаад, элдэв асуудал гаргаагүй бол барьцааг нь чөлөөлөхөөр байгаа.
-Уг хөтөлбөр орон нутагт хэрхэн хэрэгжих вэ?
-Орон нутагт мөн адил хэрэгжиж байгаа. Найман аймагт хэрэгжиж эхлэхээр болсон. Юутай ч журмаа батлаадахъя. Дараа нь асуудлыг илүү тодорхой, дэлгэрэнгүй мэдээлнэ.
-Түрээсийн орон сууцыг хэрхэн үнэлж байгаа вэ?
-Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах иргэдэд “Буянт-Ухаа-II” хороололд 350 орон сууц гаргаж өгч байгаа. Байрны хувьд 39-49 м2 талбайн сонголттой, хоёр өрөө орон сууц. 39 м2 талбайтай 250 ширхэг, 49 м2 талбайтай 100 ширхэг орон сууц бий. Түрээслэхдээ 1 м2 талбайг нь 5500 төгрөгөөр үнэлнэ. Тэгэхээр 39 м2 талбайтай, хоёр өрөө орон сууцыг 214.500 төгрөгөөр түрээсэлнэ гэсэн үг. Хөдөө орон нутагт 30-50 м2 талбайтай орон сууцны сонголт байгаа. Нэг м2 нь 4000 төгрөг байх юм.
-Шалгуур дээр гэр хороололд амьдардаг байх ёстой гэсэн шалгуур тавьж байгаа гэсэн. Гэтэл оршин суугаа хаягийн тодорхойлолтоор орон сууцанд амьдардаг ч гэлээ байр түрээсэлдэг олон өрх байдаг шүү дээ?
-Яамны зүгээс гэр хороололд амьдардаг байх ёстой гэсэн шалгуур тавьсан. Гэхдээ ТОСК-ийн зүгээс гэр хороололд амьдардаг байх ёстой гэдэг нь өрөөсгөл ойлголт гэж үзээд УБЕГ-т өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөгүй гэсэн лавлагааг үндэслэхээр болж байгаа.
-Орон сууц түрээслэх үнэ өөрчлөгдөх үү. 214 мянган төгрөгийн түрээс төлж байгаа айл 10 жилийн дараа энэ мөнгөө төлсөөр байх уу?
-Түрээсийн төлбөр жил бүр харилцан адилгүй байна. Статистикийн хорооноос гаргасан цалингийн үзүүлэлтийг харгалзан түрээсийн төлбөр хэлбэлзэнэ.