Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Гансүх: Төмөр замын гэх хэрэгт Х.Баттулгатай хамааруулсан нотлох баримт огт байхгүй. Тийм мөрдөн байцаалтын үйл ажиллагаа ч болоогүй

Зам, тээврийн сайд, УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллахдаа төмөр зам, Тавантолгойн орд гээд олон дуулианы гол дүрийн нэг болж байсан А.Гансүхтэй ярилцсанаа хүргэж байна.


-Зургадугаар сарын 29-нд төмөр замын хэргийн шүүх хурал болж, хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа. Дуулиан шуугиантай хоёр жил шалгасан хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзжээ. Яагаад?

-Эхлээд тайлбар хэлье. Энэ хэргийг энэ оны тавдугаар сард шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх дээр хянаж үзээд мөрдөн байцаалт явуулсан энэ хэргийг шүүхээр шийдвэрлэх хууль ёсны шаардлага хангаагүй гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэж, шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамжийг Нийслэлийн прокурор эсэргүүцэж эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх зургадугаар сарын 29-ний өдөр хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэж, прокурорын эсэргүүцлийг хүлээж аваагүй. Шүүх дээр болсон процесс нь энэ.

-Шүүх хэргийг буцаах ямар үндэслэл байсан бэ?

-Олон үндэслэл байсан. Товчлоод хэлье. Шүүгчийн захирамжид “…а.гансүх нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзлээ” гэсэн.

-Цагдаа нар хэргийг тогтоосон гээд хэвлэл мэдээллээр зарлаад байсан биш үү. Гэтэл нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж шүүх үзлээ. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Х. Баттулгатай холбоотой ямар шийдвэр гарав. Тэр хүн ч энэ хэрэгт нэр холбогдоо биз дээ?

-Дахиад л шүүгчийн захирамжаас иш татаж хариулъя. Шинэ төмөр замын гэх хэргийг буцаасан шүүхийн захирамжид УИХ-ын гишүүн Х. Баттулгын талаар ингэж дүгнэсэн. “Үүнээс гадна Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А. Гансүхийг “Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үед “УИХ-ын гишүүн Х. Баттулгатай бүлэглэн” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгосон байна. Гэтэл А. Гансүх нь Х.Баттулгатай ямар хэлбэрээр, хэрхэн бүлэглэсэн болохыг тогтоох талаар мөрдөн байцаалтын ажиллагаа огт хийгдээгүй, бүлэглэн, үгсэн хуйвалдсан болон гэмт хэрэгт оролцсон оролцоог тогтоосон нотлох баримт хавтаст хэрэг байхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй” гэсэн болно.

-Тэгээд Х.Баттулгатай холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа хийгээгүй, бүлэглэн гэмт хэрэг хийсэн гэдэг нотлох баримт байхгүй байж яахаараа цагдаагийн байгууллага мөрдөөд тогтоолоо гэж зарлаад байсан юм бол?

-Өөрсдөө л дүгнэлтээ хийцгээ. Угаасаа Х. Баттулгатай холбогдох боломжгүй хэрэг. Энэ шалгаад байгаа Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын далангийн ажил хийгдэж байх үед Х.Баттулга нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байсан. Зам, тээврийн сайд биш.

-Өөр ямар үндэслэл байгаа вэ?

-Шүүхээс хэргийг буцаасан үндэслэл нь 10 гаруй хуудас болж байна. Бүгдийг нь танай сонинд яривал багтахгүй л дээ. Би өөрийн цахим хуудсаар дамжуулж цувралаар олон нийтэд хүргэе гэж бодож байгаа.

-Сонгуулийн өмнө шоу болголоо гэж харах хүмүүс ч байна. Яг сонгуулийн үеэр шүүх ийм шийдвэр гаргасан болохоор тэгэж харж байгаа байх л даа…

-Шүүх дээр байгаа хэргээр би яаж шоу хийх вэ дээ. Тэгээд ч ингэж шоу хийж болох уу. Хэргийг шийдвэрлэх хуулийн хугацаа гэж байдаг. Хуулийнхаа хугацаагаар тэгж таарсан. Энэ сэдвээр сонгуулийн шоу болгох сонирхол улстөрчдөд байгаа байх. Аль нам төрийн эрхийг барьж байгаа билээ. Бид бол одоо эрх мэдэлтэй албан тушаалтнууд биш, шалгуулж байгаа энгийн иргэд. Ер нь энэ хэрэг бол атаач, матаач хүмүүсийн гүтгэлгээр анх үүссэн. Түүнд улстөрчид итгэж дагаж намираад, одоо бол улс төрийн зорилгод ашигладаг сэдэв болоод байна.

-Шүүх хурлаас сэдвээ арай өөрчилье. Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгойн ордыг “MMС”–д яг өгч шампанскаа буудуулах гэж байсан торгон мөчид УИХ–ын дарга З.Энхболд болиулсан шүү дээ. Та хуулийн бодлогын зөвлөх нь байсан. Таны зөвлөгөө байсан уу?

-УИХ-ын дарга надаас асуух юмаа асуусан. УИХ-ын дарга, АН-ын дарга байсан З. Энхболд улс эх орон, ард түмний өмнө түүхэн гавьяа байгуулсан. Тэр бол ард түмэн, эх орноо гэсэн төрийн түшээ хүний алхам байсан. Мөн УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг болон нэр бүхий 40 гишүүн Тавантолгойн ордыг хамгаалсан. Бүгдийнх нь нэрийг дурдмаар л байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хангалттай нэрлэгдсэн. Одоо ч интернэт ороод харж болно. Тэднийг үнэлэх цаг удахгүй ирнэ. Тэгээд ч тэр хувилбар чинь явахгүй байсан л даа.

-Яагаад?

-Монгол Улсын Өмнөговь аймгийн Тавантолгойн ордыг газар нутагтай нь хамт хашаа татаж тусгаарлаад 60 жилээр (дахин 60 жил сунгах нөхцөлтэй) Хятадын компанид өгнө гэж байсан. Улс дотор улс байгуулах гэсэн гэрээ байсан. Миний ойлгож байгаагаар ямар ч тэнэг хүн ийм зүйлийг хүлээн зөвшөөрөх ёсгүй.

-Таныхаар бол яах ёстой байсан гэж?

-Гуравдагч хөрш гэдэг орнууд руу экспорт хийх хэрэгтэй. 1911 оны тусгаар тогтнол, 1921 оны ардын хувьсгалаас хойшхи бүх цаг хугацаанд манай төр засгийн бодлого бол улс төр, эдийн засгийн гуравдахь хамтрагчийг хайж байсан. 2010 онд УИХ-аар батлуулсан Төмөр замын бодлого маань энэ гарцыг нээхэд чиглэж байсан юм. Улс орныхоо нүүрсний экспортыг ганцхан улсаас хараат байлгахгүйн тулд төмөр замын өөр гарц нээсэн бодлогыг 2010 онд УИХ баталж байлаа шүү дээ.

-Тэр өөр гарц нь юу байсан юм бэ?

-Хөндлөн шугамаа эхэлж барих ёстой. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороос бүтээгдэхүүнээ аваад Чойбалсан чиглэлээр ОХУ-ын Алс Дорнодын төмөр замд холбогдож аж үйлдвэр өндөр хөгжсөн Япон, Солонгос, Энэтхэг, Тайвань руу гаргах бодлого байсан юм. Хятадаас эдийн засгийн хараат байдлаа тэнцвэржүүлж байгаа хэрэг шүү дээ.

-Тавхан алхамын цаана байгаа Хятад руу нүүрсээ шууд гаргачих юмыг бараг дэлхий тойруулж Чойбалсангаар Япон, Солонгос руу зөөнө гэдэг зөв бодлого байсан гэж үү?

-Хүмүүс түүхий нүүрсээ тэгж тойруулж зөөнө гэж ойлгосон, одоо ч тэгж ойлгосоор байгаа. Нүүрс болон төмрийн хүдрээ Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортоо боловсруулаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ Япон, Солонгос, Европын холбоо гэх мэтийн бусад зах зээлд зарах бодлого байсан юм аа. Монголчууд аж үйлдвэртэй болж нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүнээ арай илүү үнэтэйгээр зарах, бас гуравдагч хөрштэй эдийн засгийн харилцаанд орохыг дэмждэггүй хүмүүс үүнийг зориуд үлгэр гэж ярьдаг. Иймэрхүү энгийн зүйлийг ойлгохгүй баахан гавьяат эдийн засагчид байна гэж байхгүй. Тэдгээр нөхдийг цуглуулаад хийсэн судалгаагаа танилцуулахаар огт дуугардаггүй. 2010 онд УИХ-аар батлуулсан “Шинэ төмөр зам” төслийг одоо болтол хийлгэхгүй байна гэдэг чинь Монгол Улсыг хөгжүүлэх сонирхол манай улстөрчдөд үнэхээр байхгүй гэдгийн нотолгоо мөн биз.

-Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын далан нэрээр шороо овоолсон гэдэг?

-Би нэг л юм хэлье. Төмөр замын даланг шороо овоолж хийдэг. Гэхдээ тусгай технологиор… Олон улсын нэр хүнд бүхий мэддэг, чаддаг компани ирээд барьсан. Солонгосын “Samsung С&T” даланг барьж, түүний ажлыг Германы “DBI” буюу “Германы төмөр зам” компанийн герман инженерүүд газар дээр нь хяналт тавьж ажилласан. Шороо овоолсон эсэхийг дэлхийд алдартай энэ хоёр компаниас асуу. Бас мянга сонсохоор нэг үз гэдэг. Очоод үзэх хэрэгтэй л дээ. Нэмж хэлэхэд тэр шороо овоолсон гээд байгаа “Samsung С&T” компани чинь Хөшигийн хөндийд ОУ-ын Шинэ нисэх буудлыг, MCS-ийн “Шангри Ла” зочид буудлыг барьсан гэдгийг мэдэх үү.

-Тийм үү? “Samsung С &T” гэдэг чинь хуурамч компани юм биш үү?

-Дэлхийд нэртэй жинхэнэ компаниуд. “Samsung С&T” нь Солонгосын барилгын хамгийн том компани. Энэ компани төмөр замын ажлыг хийхээр олон улсын тендерээр шалгарсан байдаг. Тендерийг би шалгаруулаагүй, “Энержи Ресурс” компани өөрөө шалгаруулсан. Би хуурамчаар “Samsung С&T” гэдэг компани байгуулаад Монголд 3 том төсөл дээр ажилласан байх уу? Тэгээд жинхэнэ “Samsung С &T” нь энэ бүх хугацаанд нэрийг нь ашиглаж байгааг мэдэхгүй байх уу?

-Миний санахаар “McK­enzie” гэж бас нэг хуурамч компани байгуулж мөнгө угаасан гэдэг?

-АНУ-ын “McKenzie” компанийг хуурамч гэсэн цуурхал тараасан. Гэтэл тэр компани нь албан ёсоор эсэргүүцэл илэрхийлсэн. Түүний дараа энэ хар пиар таг болсон. “McKenzie” гэдэг чинь Монголын цагдаагийн тоглоом биш, АНУ-ын дэлхийд нэртэй глобал компани. Монголын цагдаа ховоор ажлаа хийсний хор уршиг. Дараа нь Германы төрийн өмчит “DBI” компанийг төмөр зам дээр хяналт тавиагүй гэж гүтгэсэн. Хэтэрсэн гэхэд арай хэтэрсэн гүтгэлэг тараасан. ОУ-ын нэр хүндтэй компаниудыг хуурамч гэж гүтгэсэн дүр төрхтэй л байна даа. Эдгээр компани эсэргүүцэл илэрхийлэхэд л Монголд орох хөрөнгө оруулалт гацна шүү дээ.

-Цагдаагийн байгууллага тэр компаниудаас нь асууж, шалгаагүй юм уу?

-Харин тэгмээр л байна. Гэхдээ тэр компаниуд удаан дуугүй хараад суухгүй байх. Саяхан хяналт хийсэн Германы компани нь Монгол Улсын Гадаад харилцааны яаманд албан ёсоор тайлангаа хүргүүлсэн байна лээ.

Одоогийн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын УИХ дээр ярьсан яриаг харсан уу. Д.Ганбат сайд “энэ бол овоолсон шороо биш, 85 хувийн гүйцэтгэлтэй, олон улсын нэгдүгээр зэрэглэлийн зам гэж хэлсэн”

-Харсан. Мэргэжлийн хүн тэгж хэлснийг бодоход бодитой л юм шиг санагдсан. Тэр хүн таныг сайд байх үед “МТЗ” ХК-ийн захирал байсан юм биш үү. Тэгээд л та нарын талд дуугарчихлаа гэж бодсон….

-Үгүй ээ. Би 2014 онд сайдын албан тушаалаа өгсөн. 2014 оны 10 дугаар сард АН, МАН хамтарч Засгийн газар байгуулахад МАН-д Зам, тээврийн яамыг өгч, Н.Төмөрхүү гэдэг сайдтай болсон. Тэгэхэд л МАН-ын талаас сайдаа дагаж “МТЗ” ХК-ийн захирал болсон хүн. Наад хүн чинь АН-ын хүн биш.

-Төмөр замын холболтын цэг зөрсөн гэж яриад эхэллээ? Тайлбар хийх үү?

-Холболтын цэг зөрсөн биш, холболтын цэгээ тохироогүй байгаа юм. Учир нь Хятадын талын санал болгож байгаа цэгээр холболт хийх юм бол 166 сая доллларын өртөгтэй болоод байсан. Газар зүйн байршлаас шалтгаалаад өндөр гүүр барих шаардлага үүсч өртөг ийм өндөр болсон. Манай талаас санал болгож байгаа цэгээр холболт хийвэл 34 сая долларын зардалтай. Ийм л юм. Сүржигнээд байгаа нь бас л улс төр. Дараа хоёр тал хамтарсан ажлын хэсэг гаргаад ажилласан. Тодорхой ойлголтод хүрсэн байгаа.

-Яагаад төмөр замын нарийн өргөн, цариг гэж маргаан үүсгээд байснаа яг одоо шударгаар хэлчих?

-Хятад нарийн царигийн төмөр замтай, Монгол Улс түүнээс өргөн царигийн төмөр замтай. Техникийн хувьд энэ ялгааг яриагүй юм. Хятад улс яагаад заавал Монгол Улс руу өөрийн царигаар төмөр зам барих гээд байгаа бодлогыг нь бид ойлгох хэрэгтэй. Стандарт өөр байгаа нь тухайн улсын бодлого юм. Үүний цаана байгаа улс төрийн бодлогын асуудлаар үүнийг ярих болсон. Х.Баттулга, бид хоёр ил тодоор олон нийтэд ярьсан болохоос олон улстөрч, албан тушаалтан надтай санал нийлдэг. Манай улсын батлан хамгаалах яамныхан, Жанжин штабынхан, армийн офицерүүд, цэргийн тагнуулынхан, Тагнуулын Ерөнхий газар гээд бүгд санал нийлдэг. Энэ асуудлаар бид 2009 оноос Тагнуулын байгууллагатай нягт хамтран ажиллаж ирсэн. Бид олон удаа Тагнуулын ерөнхий газарт очиж ярилцаж, зөвлөж асуудлыг боловсруулж байсан. Тагнуулынхан бүгд л санал нэгтэй дэмжиж байсан. Харамсалтай нь тэд олон нийтэд ил гарч хэлж ярих боломжгүй байдаг юм билээ.

-Орос, Казакстанаар дамжуулаад нарийн цариг тавьсан гэж байна. Тэр нь Лондон хүрч байна гэнэ. Монголоор явуулаагүй нь та нараас л боллоо гэж байна даа?

-Шинэ зүйл биш. Хийгдэж байсан тээвэр. Угаасаа энэ маршрутаар Хятадын галт тэрэг Казакстанаар дамжин Европын холбооны Франкфурт, Хамбург хот хүртэл ачаа тээвэрлэдэг. Хятадын төвийн бүсээс Европ руу явдаг хамгийн дөт зам. Харин энэ удаа цаашаа ахиж Лондон хүрсэн нь анхны удаа юм. Энэ маршрут Монголыг дайрах боломжгүй, тэгвэл тээврийн замын урт нэмэгдэж үр ашиггүй болох учир Казакстанаар дайран явж байгаа. Казакстан дээр дугуй сольж өргөн царигт шилжиж байгаа. Тэгээд ч тэр Орос, Казакстаны төмөр зам өргөн царигтай. Ер нь бол Хятадаас Европ руу төмөр замаар явдаг ачаа Казакстан, ОХУ, Монгол гэсэн гурван улсаар дамжин өнгөрч байна. Хятадаас нарийн царигаар явж байгаа галт тэрэг Казакстаны Хорос, ОХУ-ын Манжуур, Монгол Улсын Замын-Үүд боомтод шилжүүлэн ачилт хийж өргөн төмөр замд шилждэг.

-Хятадгүй бол монголчууд өлсөж үхнэ, тиймээс Хятадтай аятайхан байх хэрэгтэй гэдэг шүү дээ.

-Амьдарч байгаа мөнгөний эх үүсвэр нь Хятадаас ирдэг хэсэгхэн л хүмүүс тэгж ярьж байгаа. Монгол хүн бүр ингэж бодохгүй байх аа. Тийм хүмүүст хэлэхэд өнөөдөр өлсөж үхэхээс айгаад ирээдүйгээ, улс орноо зарж идэх хэрэгтэй юу. 1919 онд яг ийм байдал үүссэн гэдэг. 1911 онд зарласан тусгаар тогтнолыг эсэргүүцэж Хятад эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Бараа таваар хомсдож эдийн засгийн хямрал үүссэн байдаг. Гол нь ноёдын Бээжингээс авдаг сул цалин ирэхээ больсон. Үүнд дүргүйцсэн ноёд нийлж байгаад Хятадад дагаар орох хүсэлт хүргүүлсэн байдаг. Ийм түүх битгий давтагдаасай.

-Гэхдээ мөнгөтэй баян байж эх орноо хамгаална, хоосон эрх оронч сэтгэл хэнд хэрэгтэй юм бэ?

-Хэний мөнгө, хэний төлөө ажиллаж байна гэдгийг бодох хэрэгтэй. Эх орон, газар шороогоо зарж мөнгөтэй бол гэдэг ганцхан л тулгалт бидэнд ирж байна. Тэгээд эх орноо, газар нутгаа зарж баяжаад дараа нь юугаа хөгжүүлэх юм. Газар нутаг бол улсын орших үндэс. Эх оронгүй болчихоод хичнээн баян байгаад яах юм. Өвөрмонголын “Гаадаа мээрэн” кинонд гардаг Дархан ван шиг нутгаа зарчихаад Хонконгод очиж ясаа тавих уу. Баячууд тэгээд мөнгөө аваад тийшээ очих л байх. Би өмнө хэлсэн одоо дахиад хэлье. Ядуу буурай байгаа ч гэсэн түүндээ автаж эх чөлөө, тусгаар тогтнолоо зарахгүйгээр эх орноо баялагтай нь ирээдүй хойчдоо үлдээе. Монголчууд өөрсдөө эзэн болсон эрх чөлөөт эх оронтой байсан цагт хөгжүүлж, баян болох цаг ирнэ.

-Тэгээд л та нар Тавантолгойг гацаасан юм уу?

-Тавантолгойг гацаагаагүй, аварсан. Удахгүй монголчууд ойлгоно. Тавантолгой ордыг хууль бусаар олон зуун жилээр авах гэж байхад нь зогсоож энэ орд төрдөө, ард түмэндээ үлдсэн. Одоо улс ийм их өртэй байгаа үед энэ орд л улс орныг аварна. Чалкогийн 350 сая долларын өрийг төлөөд дууссан. Хар л даа. Улсын өрийг нүүрсээрээ хаагаад дуусгаж байгаа биз дээ. Бидний зүтгэл үнэлэгдэх цаг нь ирнэ.

-Төмөр замын хувьд?

-Товчхондоо бол Тавантолгойн ордыг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-д, төмөр замыг нь төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн мэдэлд үлдээх л гэж тэмцсэн. Хувьдаа авах гэж биш. Төрийн өмч төрдөө байж, ард түмний ашиг сонирхол, улс орны аюулгүй байдлын төлөө ашиглах хэрэгтэй гэсэн юм.

-Та нар Тавантолгойн ордыг, бас төмөр замыг өөртөө авах гэсэн юм биш үү?

-Гүтгэлэг. Тавантолгойн орд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэдэлд байгаа, төмөр зам “Монголын Төмөр зам” ХК-ийн мэдэлд байгаа. Хоёулаа 100 хувь төрийн компани. Төрийн өмч төрдөө л байгаасай, ард түмэндээ өгөөжөө өгөөсэй гэж бодож зүтгэсэн.

-Энийгээ эртхэн хэлэхгүй дээ, би ч гэсэн та нарыг л буруутгаж боддог шүү дээ…

-Хэвлэл мэдээллийнхэн ингэж ойлгохоор бусад нь аргагүй юм байна даа. Гэхдээ 2007 оноос МоАХ болон бид аюул нүүрлэж байгааг анхааруулсан, зүгээр суугаагүй тэмцсэн, эх орон, газар нутгаа худалдаагүй гэдэгтээ би нүүр бардам байх болно. Ард түмнийг ядуурлаар айлгаж, эдийн засаг, хөрөнгө мөнгө гэдэг нэрийн дор бидний хамгийн үнэтэй зүйлийг үнэгүйдүүлж байна. Энэ бол эрх чөлөө, тусгаар тогтнол. Монголчуудад эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг мөнгөөр хэмжихийн аргагүй баялаг байна. Монголчууд баян.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *