Categories
мэдээ цаг-үе

А.Гансүх: Эх орноосоо зугтах шаардлага надад байхгүй

УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүхийг оргон зайлсан, Интерполоор эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээлэл хэвлэл, олон нийтийн сүлжээгээр мэдээлэгдсэн. Харин А.Гансүх цахим хуудсандаа энэ талаар “Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараагаад эхэлж. Тайлбар хийе. Хил гарахыг хориглосон л гэнэ, гарах гэж байхад нь зогсоожээ л гэнэ. Би албан томилолтоор ОХУ, АНУ-д ажиллаж байна. Мөн энэ томилолтын хүрээнд Израил улс руу очих ёстой….” гэж бичсэн байсан. Харин манай сонин түүнийг гадаадад албан ажлаар яваа бөгөөд удахгүй эх орондоо ирэх гэж байгаа талаар мэдээлж байсан билээ. Түүнийг өнгөрсөн лхагва гаригийн шөнө Монголдоо ирж, “Чингис хаан” нисэх буудалд буухад нь уулзсан юм. Ийнхүү тус нисэх буудлын VIP өрөөнд лхагва гаригийн шөнийн 00 цагийн үед ярилцсанаа хүргэе.

-Сайн явж ирэв үү? Таныг оргон зайлсан гэсэн мэдээлэл гарчихсан байлаа. Яагаад хүрээд ирэв.

-Дөнгөж сая онгоцноос буулаа. Би оргон зайлаагүй ээ. Оргон зайлсан хүн ингээд ирдэг юм уу. Би намын томилолтоор хоёр, гурван улсад ажиллаад ирлээ. Саяын энэ болсон үйл явдлаас болоод Израил явах байснаа болиод шууд ирлээ. Арай л хэтрүүлсэн худал мэдээлэл тараажээ. Төрөө дээдэлж, хуулийн байгууллагыг хүндэтгээд дуудсан цагт нь би очиж, асуусан зүйлд нь хариулдаг. Гадагшаа явахдаа ч тухай бүрт нь заавал мэдэгддэг. Намайг шалгаж эхэлсэн гэх энэ хугацаанд АНУ-д гурван удаа, Японд хоёр удаа, Солонгост хоёр удаа, Орост нэг удаа явсан байна. Онгоцоор явж байсан суудлын талонууд маань байна. Нотлох баримт болгож зориуд хадгалж байгаа юм (гадаадад зорчсон онгоцны тасалбаруудаа үзүүлэв). Жишээ нь дөрөвдүгээр сарын 30-нд Улаанбаатараас Сөүлээр дамжаад Вашингтон явсан байна. Тавдугаар сарын 30-нд Вашингтоноос Сөүл рүү буцаж ирсэн байна. Энд гуравдугаар сарын 23-нд Токио яваад 25-нд буцаж ирсэн байна.

Энэ мэтээр онгоцны суудлын талонууд энэ байна. Энэ бол нотлох баримт мөн биз дээ. Ер нь эх орноосоо зугтах ямар нэг шаардлага, шалтгаан надад байхгүй. Аливаа хэрэгт шалгагдаж байгаа хүн тухайн шалгагдаж байгаа байгууллагадаа мэдэгдээд хаашаа, яаж явах гэж байгаа, ямар тушаал, шийдвэрийн дагуу, ямар ажлаар явах гэж байгаагаа мэдэгдээд л явдаг. Яг энэ шаардлагын дагуу би холбогдох байгууллагуудад мэдэгдээд л явж байсан. Сая ч гэсэн явахдаа Авлигатай тэмцэх газарт мэдэгдээд, намын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалын хуулбарыг өгөөд явсан. Одоо ингээд ирж байна. Түүнээс биш ямар нэгэн байдлаар оргон зугтсан, зугтахыг завдсан тийм зүйл байхгүй. Эхнээсээ л хаашаа явахаа хэлээд явсан. Өмнөх явж байсны адил, ийм л аялал болоод ирлээ.

-Тэгвэл яагаад таныг хилээр гарахыг хориглосон байхад гараад явчихлаа гэсэн юм бол?

-Явахдаа харин хаашаа явах, хэзээ ирэхээ мэдэгдээд, журмаар нь явж байгаа. Ямар нэгэн оргон зайлах бодол алга. Цаашдаа ч гэсэн оргон зайлах шаардлага байхгүй гэж бодож байна.

-Прокурор, цагдаагийн эх сурвалжийн хэлснээр энэ сарын 7-ны дотор ирэхгүй бол Интерполд хандан эрэн сурвалжлуулж баривчлах арга хэмжээ авна гэсэн мэдээлэл тарсан шүү дээ…

-Тэрийг би мэдэхгүй. Тийм шаардлага уг нь байхгүй шүү дээ. Би хаашаа явах гэж байгаагаа, ямар ажлаар явахаа бүгдийг АТГ-д мэдэгдээд явсан. Тийм учраас оргон зайлсан гэх үндэслэл байхгүй. Оргон зайлсан хүн Монголдоо ирчихээд ингээд яриад сууж байхгүй биз дээ.

-Намын дарга, УИХ-ын даргын зөвлөх хүн сонгуулийн ийм эгзэгтэй мөчид яагаад гадагшаа явах болсон юм бэ?

– Намаас албан томилолт өгч явуулсан гэж түрүүнд хэлсэн. Тэр нь улс төрийн ажил байсан учраас хэвлэлээр ярих шаардлага байхгүй.

-Та хэд хэдэн паспорттой гэсэн байх аа. Монголын иргэн нэг л гадаад паспорттой байх ёстой биз дээ. Тэгэхээр олон паспорттой бол зарим нь хуурамч болж таарах нь ээ дээ?

-Надад хуурамч паспорт байхгүй. Миний ашигладаг энгийн улаан паспорт байна. Дипломат паспорт нэг байна. Тэгээд л болоо. Одоо энэ хэвлэлээр яваад байгаа зарим мэдээлэл арай хэтэрч байна. Хэтэрхий зохион байгуулалттай, улс төрийн шинжтэй, мушгин гуйвуулсан мэдээллүүд яваад байна.

-Хэрэв тэр мэдээллүүд худал юм бол хаанаас хэн явуулаад байна гэж бодож байна. Танд ямар нэгэн сэжиг таамаг байна уу?

– Хэн нэгний зориуд зохион байгуулсан, улс төрийн зорилготой ийм мэдээлэл тарааж байна уу л гэж харж байна.

-Төмөр замын асуудал юу болж байна аа?

-Харин тэр асуудлаар чинь л би шалгагдаж байгаа шүү дээ.

-Тэр хэрэг ямар шатандаа явааг л асууж байна.

-Шалгагдаж байгаа хэргийн талаар ярих боломжгүй байна. Хуулиараа болдоггүй. Тэрийг хууль хяналтын байгууллагаас асуух нь зүйтэй байх.

-За та юутай ч эх орондоо ирлээ. Иртэл чинь сонгууль болоод өнгөрчихлөө. Гэтэл та намын даалгавраар явсан гээд байдаг. Намын даалгавартай гадаад явсан хойгуур чинь танай нам ялагдчихсан байж байдаг. Юу бодогдож байна?

-Нам сонгуульд ялагдсан нь харамсалтай хэдий ч энэ чинь ард түмний сонголт шүү дээ.

-Та намынхаа сонгуулийн багт ажилласан уу?

-Ажилласан.

-Танай намын генсек таныг сонгуулийн багт ажиллаагүй гээд байсан.

-АН-ын сонгуулийн хороо есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тэрний нэг гишүүн нь би байсан. Намын генсекийн хувьд намайг гадаад томилолттой явсан болохоор тэгж хэлсэн юм болов уу.

-Өөр нам эрх барьж эхэллээ. Өмнө нь эрх барьж байсан намынхнаас олон хүн шоронд орох болов уу гэсэн айдас байх шиг. Таны хувьд бас хэрэгт шалгагдаж байгаа. Танд ямар нэг айдас байна уу. Жишээ нь Таван толгой, Төмөр замын асуудал гээд…

-Таван толгой, Төмөр замын асуудлын нарийн ширийнийг ойлгож байгаа хүн байгаа юм уу.

-Овоолсон шороо гэж л хараад байгаа юм биш үү. Шороочдын нам, нүүрсчдийн нам гэсэн яриа гарсныг мэдэж байгаа биз дээ?

-Тийм үү, би тэр яриаг сонирхоогүй юм байна.

-Сонгуулийн ид халуун өдрүүдэд гэнэт алга болчихсон нь таныг оргон зайлсан гэж итгэхэд хүргэсэн байх. Та тэр мэдээллийг хэзээ сонссон бэ?

-Сошиалаар гарахад нь олж харлаа.

-Тэгээд юу бодогдов?

-Мэдээж муухай шүү дээ. Гүтгүүлж байгаа нь л их муухай байна. Ажлаар явсан хүнийг оргосон, баривчлагдсан гээд байхаар юу нь сайхан байхав дээ.

-Та энэ мэдээллийг сонсоод Монголдоо очиход шууд баривчлах вий гэж айсан уу?

-Энэ чинь миний эрх мэдлээс давчихсан юм шүү дээ.

-Та нэгмөсөн зугтчихаж болоогүй юм уу. Танай нам эрх барьж байхад таныг асууж шалгаад эхэлсэн. Өөр нам эрх барихаар бүр л хэцүү гэж бодогдохгүй байна уу?

-Би эх орноосоо хаашаа зугтах билээ дээ. Энд чинь миний эх орон, гэр бүл маань байгаа шүү дээ. Бас нэг зүйл хэлэхэд миний сүүлд явсан ажлууд дандаа улс төрийн ажил байсан. Сая явсан ажил маань ч тийм. Үүний үр дүн гарч байгаа. Үүний үр дүн нь зөвхөн надад, эсвэл манай намд хэрэгтэй юм биш. Бүх монголчуудад гарч байгаа үр дүн. Харамсалтай нь шууд олон нийтэд ярих боломжгүй асуудлууд байгаа юм.

-Монголчуудад хэрэгтэй юм бол харин ч сонирхол татаж байна л даа.

-Би явж бүтээсэн ажлынхаа үр дүнд сэтгэл хангалуун байгаа. Заавал зарлаад байх шаардлагагүй гэж хэлсэн шүү дээ. Үр дүн нь аяндаа гарна.

-Ингэхэд та яагаад сонгуульд нэр дэвшээгүй юм?

– Би чинь Дорноговийн Ардчилсан намд харьяалагддаг. З.Алтангэрэл гуай Дорноговийн Ардчилсан намаас дэвшсэн учраас би тэр хүнийг дэмжсэн.

-Сонгуулийн үр дүнг та юу гэж харж байна?

-Сонгууль болоод сонгогчид саналаа өгөөд шийдвэр гаргачихлаа. Парламентад энгийн иргэд, шинэ хүмүүс их л орлоо шүү дээ. Тэр шинэ хүмүүс нь олонхи болж байна уу гэж би харж байна. Нэг нам дийлэнх олонхи болсноороо ажил хийхэд ямар нэг саад бэрхшээл бага байх болов уу. Тэр нь сайн хэрэг. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж нь илүү л болж ирж байгаа хэрэг. Тэгэхээр шинээр орж ирсэн хүмүүс арай нуруутай байх болов уу гэж бодож байна. Энэ парламентын бас нэг сайн юм нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хамгаалж ажиллах байх гэж найдаж байна. Яагаад гэвэл Ардын нам түүхэндээ энэ улсын тусгаар тогтнолыг хамгаалж ирсэн нам. 1921 оны тусгаар тогтнолын хувьсгалыг хийсэн нам шүү дээ.

-Танай намын зарим лидер луйврын сонгууль боллоо. Царцаа буюу сонгогчид шилжилт хийлгэж нүүлгэж санал луйвардлаа гээд байгаа шүү дээ….

-Гарч байгаа мэдээллүүдийг харахад хуулийн байгууллага шалгаж үзэх юм байгаа л юм билээ. Тэрийг нь яаралтай шалгаад нэг мөр болгохгүй бол энэ маргаан дөрвөн жил дуусахгүй юм болно. Үнэхээр зөрчил гарсан хууль зөрчсөн юм байгаа бол хуулийн дагуу шийдэх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *