Categories
мэдээ цаг-үе

А.Энхбат: Төрийн төсөв, санхүүгийн холбогдолтой бүхий л үйл ажиллагаа шилэн аяганд хийсэн цэвэр ус шиг тунгалаг байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Шилэн дансны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн билээ. Одоо хэлэлцүүлгийн шатанд яваа уг хуулийн төслийн талаар МУИСийн багш, дэд профессор, доктор (Ph.D) А.Энхбаттай ярилцлаа.

 Шилэн дансны тухай хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл, шалтгаан юу вэ. Та энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн болохоор  ингэж асуумаар байна л даа. Нөгөөтэйгүүр мэргэжлийн хүний хувьд яагаад ийм хуулийн төсөл манай улсад хэрэгтэй болсон талаар танилцуулахгүй юу?

-Өнөөдрийн өндөр хөгжилтэй улс орнуудын туршлагыг харахад тухайн улс орон сайн засаглалыг бий болгосноор хөгжлийнхөө үндсэн суурийг тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэдгээр улс орны хууль-эрх зүйн орчин нь тогтвортой, засаглалын  бүтэц нь тэнцвэртэй, гүйцэтгэх засаглал нь цомхон, үр ашигтай, авлига, хээл хахуулийн  эсрэг тууштай тэмцэж чаддаг. Мөн улсын салбарын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа нь иргэдэд ил тод, нээлттэй, иргэдийн оролцоотой иргэний нийгмийг бий болгосон байдаг.

Манай улс 2008 оноос төсвийн шинэчлэлийн хоёр дахь үе шатыг эхлүүлсэн шүү дээ. Энэ хүрээнд төсөв, санхүүгийн хууль-эрх зүйн орчинг олон улсын стандартад нийцүүлж, макро түвшинд төсвийн тогтвортой байдлыг хангах бодлогын арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. УИХ-аар 2010 онд “Төсвийн тогтвортой байдлын тухай” болон 2011 онд “Төсвийн тухай” хуулиудыг батлан гаргасан. Мөн эдийн засаг, төсөв, санхүү болон бусад мэдээллийг иргэдэд нээлттэй байлгах зорилготой “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай” хуулийг 2010 онд баталсан байдаг.

Гэсэн хэдий ч Улсын салбарын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, ил тод, нээлттэй байх нөхцөл бүрэн дүүрэн бүрдээгүй байна. Монгол Улсын Үндсэн хууль болон дээр дурдсан бусад хуулиудад төсөв, санхүүгийн үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй, байлгах гол зарчим, үүрэг тусгагдсан. Гэвч эдгээр хуулиуд нь цаасан дээр тунхаглалын шинж чанартай, бодит амьдралд одоог хүртэл хэрэгжээгүй хэвээр байна. Монгол Улсын иргэд холбогдох хуулийн дагуу улсын төсөвт тодорхой хэмжээний татвар, шимтгэл төлөх үүрэг хүлээсэн. Улс энэ үүргийг биелүүлэхийг иргэдээс шаарддаг. Хэрэв төлөөгүй  бол хуулийн дагуу хариуцлага тооцдог боловч төр нь иргэнийхээ өмнө хариуцлага хүлээхгүй байна. Өнөөдөр төр, Засгийн газар иргэдийн татвараар бүрдсэн төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаар иргэдэд мэдээлэх, тайлагнах болон төр нь иргэдийн өмнө төсөв, санхүүгийн талаар ямар үүрэг, хариуцлага хүлээх нь тодорхой биш, бүрхэг байна. Үе, үеийн Засгийн газар, тэдгээрийн харьяалагдах яам, тамгын газар, агентлагууд, төсөвт байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, төрийн тодорхой эрх мэдэл  бүхий албан тушаалтнууд ард иргэдийн татварын хөрөнгөөр бүрдсэн төсвийн хөрөнгийг үр ашиггүй, хувийн эрх ашгийн үүднээс захиран зарцуулах явдал хэрээс хэтэрсэн. Энд маш олон баримтуудыг дурдаж болно.

Тухайлбал?

-Саяхны жишээ буюу хамгийн ноцтой болон томоос нь нэрлэхэд л Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төслүүдийг Аудитын байгууллагаас шалгасан шалгалтын дүн байна. Мөн орон нутгийн түвшинд гэхэд НИТХ-ын төлөөлөгчид 300 сая гаруй төгрөгөөр Бразил Улс руу айлчлал хийж байгаа гэх зэргээр зөндөө байна л даа. Илэрч мэдэгдсэн нь энэ болохоос ийм асуудлууд маш олон бий. Эдгээр тохиолдол бүрт хэн хариуцлага тооцох, хариуцлага нь ямар байх зэрэг нь тодорхой биш байна. Тиймээс Засгийн газар иргэдэд төсөв, санхүүгийн мэдээллийг ил тод, нээлттэй байлгах, татварын хөрөнгийг үр ашигтай зүйлд зарцуулах, бүртгэл хяналт, цахим мэдээлэл-технологи, хууль эрх зүйн иж бүрэн систем, тогтолцоо бүрдүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.

Хууль, тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна гэлээ. Энэ нь ямар хүчин зүйлтэй холбоотой гэж үзэж байгаа вэ?

-Улсын салбарын төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдал ба төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд иргэдийн хяналт болон оролцоог хангахтай холбоотой өнөөгийн хууль тогтоомж, журмын хэрэгжилт хангалтгүй байгаад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна.

Нэгдүгээрт,
төсвийн орлого, зарцуулалт, мөнгөн
гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон
өр, зээл, батлан даалт,
өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагааг “цогц байдлаар” олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх эрх зүйн болон цахим систем бүрдээгүй байгаатай холбоотой.

Хоёрдугаарт, төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахтай холбоотой одоогийн хууль, тогтоомжийн зохицуулалтууд нь давхардсан, зөрчилтэй байгаагаас хуулийг хэрэглэхэд иргэд, төрийн байгууллагад хүндрэлтэй байна. Тухайлбал, төсөв, санхүү, түүний зарцуулалтыг олон нийтэд мэдээлэх хугацаа, давтамжийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журамд харилцан адилгүй зохицуулсан байгаа. Төсвийн мэдээллийн нэгдсэн цахим санг хариуцах байгууллагыг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд Мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байхаар заасан. Мөн Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журмаар санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар тус тус тусгасан.

Гуравдугаарт, Өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой аливаа шийдвэр (Тогтоол, захирамж, тушаал), үйл ажиллагаа, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, төсөв, санхүүгийн мөнгөн гүйлгээтэй холбоотой мэдээллүүд олон нийтэд хаалттай хэвээр байна. Түүнчлэн одоогийн хууль
тогтоомжид заасан төсвийн мэдээллийн
бүтэц, агуулга нь энгийн,
ойлгомжтой, хүртээмжтэй биш, шаардлагагүй мэдээллүүд
ч байгаа нь
иргэдэд гэхээсээ илүү төсвийн мэргэжилтнүүдэд
л зориулагдаад байна.

Дөрөвдүгээрт,
төрийн албан тушаалтнуудын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хэн, хаанаас хяналт тавих, хууль зөрчиж, төсвийн хөрөнгийг дураараа зарцуулж үрэн таран хийсэн албан тушаалтанд ямар журмаар, хэн, ямар хариуцлага хүлээлгэх асуудал нь тодорхой биш. Төсөв, санхүүгийн хуулийн хэрэгжилтийг хангах механизмтай холбоотой нэгдсэн зохицуулалт алга байна.

Шилэн данс гэхээр иргэдэд тэр болгон сайн буухгүй байх шиг байгаа. Яг юуг ингэж нэрлээд байна вэ. Энэ хуулийн зорилго, агуулгын талаар иргэдэд товчхон мэдээлэл өгөхгүй юу?            

-Юуны өмнө энэ хуулийн үзэл баримтлалыг Төрийн бодлогын түвшинд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнгөрсөн онд “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалтанд гаргаж тавьсан байдаг.

Шилэн данс гэж төсвийн орлого, зарлага, өдөр тутмын мөнгөн гүйлгээ, төсвийн гүйцэтгэл, бонд, өр, зээл, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгслүүд, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй, иргэдэд ойлгомжтой байх мэдээллийн тогтолцоог хэлж байгаа. Зүйрлэж хэлбэл төрийн төсөв, санхүүгийн холбогдолтой бүхий л үйл ажиллагаа шилэн аяганд хийсэн цэвэр ус шиг
тунгалаг, хаанаас нь ч
харж болохуйц байх ёстой. Ард,
иргэд маань татвар төлөгчийнхөө
хувьд өөрсдийн хөдөлмөрөөр бий болсон мөнгөн
хөрөнгийг төр, засаг юунд
зарцуулж байгааг мэдэх эрхтэй.
Үүнийг төр засаг мэдээлэх
үүрэгтэй. Нөгөө талаар мэдээлэлтэй
болсон иргэд түүнд хяналт тавих орчин нөхцөлийг эрх зүйн хувьд ч, тогтолцооны хувьд ч бий болгох шаардлагатай байгаа юм.

Энэхүү хуулийн төслийн гол агуулга нь  улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх, түүнчлэн төрийн байгууллага, албан тушаалтны төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, түүнд тавих хяналт, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулсан.

Мөн хуулийн төслөөр хэд хэдэн гол зарчмуудыг тусгасан. Тухайлбал, төр, засгаас төсөв санхүүгийн холбогдолтой мэдээллүүдийг энгийн, ойлгомжтой харагддаг байх юм. Ач холбогдолтой, хэрэгцээтэй мэдээллийг агуулсан байх, тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байна. Түүнчлэн үнэн зөв, бодитой, иж бүрэн байх, хувь хүн, төрийн нууцад хамаарахгүй байх, иргэдийн оролцоог зөвшөөрсөн байх зарчмуудыг зааж өгсөн.

Энэ хуулийн төслийг боловсруулахад мэдээж хэрэг, олон улсын стандарт, дүрэм журам, сайн туршлагуудыг харсан. Гэхдээ манай улсын хувьд хэрэгжиж болохуйц, төсөв, санхүүгийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын талаар
нийгэм, иргэдийн зүгээс хүсэн хүлээж
байгаа мэдээлэл болон асуудлуудад хариулт
өгөх, шийдвэрлэхэд илүү анхаарсан. Хуулийн
төсөл шилэн дансны талаархи
ойлголт, хамрах хүрээ болон
стандарт, хяналт хариуцлага гэсэн
үндсэн гурван бүлгээс бүрднэ.
Энгийн цомхон байдлаар боловсруулсан байгаа.

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *