Categories
мэдээ нийгэм цаг-үе

А.Дэлгэрсайхан: Хармагтайн бүлэг ордоос гадна алт, зэсийн илрэлүүд геологийн судалгаагаар тогтоогдсон

Манай улсын эрдэс баялгийн нөөц хэрхэн өсөн нэмэгдэж байгаа болон Хармагтайн ордтой холбоотой асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын Геологийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай, үүнд гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гэсэн байр суурийг энэ салбарынхан илэрхийлдэг.Тэгвэл өнгөрсөн жил манай улсад геологи хайгуулын ажил хэр идэвхтэй өрнөсөн бэ?

-Улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон геологи, уул уурхайн салбарт гадна дотны хөрөнгө оруулалт татах зайлшгүй шаардлагатай. Геологийн судалгаа, хайгуулын ажил хөрөнгө, хугацаа маш их зарцуулдаг.Хайгуул хийгдэж нөөц бүрдсэнээр уул уурхайн салбараа хөгжүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, орд газруудыг олж илрүүлэн уул уурхайн төслүүдээ явуулж байж улс орны эдийн засгийг хөгжүүлэх түлхэц болно. Гэвч энэ жилийн хувьд “Ковид-19” гарсантай холбоотой нэлээд хүндрэл учирч байна.Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэдэг геологийн судалгааны ажлын төсөв хасагдсан, санхүүжилт орохгүй удааширсан, хувийн хөрөнгөөр гүйцэтгэдэг хайгуулын ажлын хөрөнгө оруулалт бараг зогссоноос шалтгаалан хайгуулын ажил үндсэндээ зогсонги байдалд орсон гэхэд болохоор байна.Улсын төсвийн хөрөнгөөр нийтдээ 20.2 тэрбум төгрөгийн геологийн судалгааны ажил гүйцэтгэсэн.Төсвийн хүндрэлээс шалтгаалан санхүүжилт орохгүй цаг хугацаа их алдсан, төсөл гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд энэ нь их хүндрэл болсон.Үүнээс шалтгаалан төслийн хугацааг сунгах шаардлагууд үүсч гарч байна.

Хувийн хөрөнгөөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэдэг хайгуулын ажлын жилийн тайлан хараахан ирээгүй, хугацаа нь болооогүй байгаа тул хэдэн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулсан, хэд нь явуулж чадаагүй талаар одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

Хөрөнгө оруулалтыг татахад зайлшгүй хийх шаардлагатай ажил нь тусгай зөвшөөрөл олгох ажил байдаг.Гэтэл өнгөрсөн жилийн хувьд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт бараг явагдсангүй. Цөөхөн удаа л сонгон шалгаруулалт явуулж бусад нь хөл хориотой холбоотой хойшлогдсон хүлээлтийн байдалтай байна. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрөл жил ирэх тутам хурдацтай буурч байна.Энэ нь яг одоогийн цаг хугацаанд төдийлөн нөлөө үзүүлэхгүй боловч алсдаа маш их нөлөө үзүүлнэ.Хайгуулын ажил олборлолтоос 20-30 жилээр түрүүлж хийгдэх ёстой. Улс орны ашигт малтмалын судалгаа хийгдэж нөөц тасралтгүй нэмэгдэж байх ёстой. Ингэж байж уул уурхайн тогтвортой хөгжил, хэтийн төлөвийг тодорхойлж явах ёстой.

-Геологи хайгуулын салбарт коронавирусээс үүдэлтэй ямар хүндрэл бэрхшээл үүсч байна вэ. Хөрөнгө оруулалтууд нэлээн царцсан бололтой?

-Коронавирусээс үүдэлтэй хүндрэл бэрхшээл үүсч гарсан. Хөл хорио тогтоосон, хил хаасан зэргээс шалтгаалан хөрөнгө оруулагч талаас хөрөнгө оруулалт зогссон, ирж ажиллах мэргэжилтнүүд ирэх боломжгүй болсон гэх зэргээр олон асуудал бий.Үүнээс шалтгаалан зарим ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд хайгуулын ажил гүйцэтгэж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үүргээ буюу тухайн жилд зайлшгүй гаргасан байх ёстой хайгуулын ажлын зардлыг гаргаж чадаагүй асуудлууд байна. Хайгуулын ажил багассан, зарим компани хайгуулын ажил гүйцэтгэх боломжгүй болсонтой холбоотойгоор олон геологич, туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд, мөн үүнийг дагаад ханган нийлүүлэлт хийдэг компаниудын үйл ажиллагаа доголдсон, зогссон асуудлууд байгаа.Энэ хүмүүсийн ар тал болсон гэр бүлд ч сөргөөр нөлөөлсөн нь ойлгомжтой байх.

-Өнгөрсөн жил манай улсын эрдэс баялгийн нөөц хэрхэн арвижиж өссөн бэ. Ямар эрдэс баялгууд илрэв. Хичнээн орд газар илрүүлэв. Хэр хэмжээний нөөцийг баталгаажуулав?

-Өнгөрсөн жил Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр (ЭБМЗ) хэлэлцүүлэхээр 141 нөөц бүхий хайгуулын ажлын үр дүнгийн болон нөөцийн тодотгол тайлан ирүүлснээс 132 тайланг хэлэлцсэн. Үүнээс голлох ашигт малтмалын төрлөөр үзвэл алтны үндсэн ордын 11, шороон ордын 24, хайлуур жоншны 22, нүүрсний 10, төмрийн гурав, зэсийн хоёр, газрын тосны нэг ордын хайгуулын ажлын тайлан орсон байна. Бусад ашигт малтмалаас гэвэл цайр, гянтболд, манган, бал чулуу, уран, цеолит, гөлтгөнө, өнгөлгөөний чулуу, барилгын материалын гэх зэргээр нөөц бүхий хайгуулын ажлын үр дүнгийн тайлан хэлэлцэгдэн нөөц нь бүртгэгдэхээр шийдвэрлэгдэн улсын ашигт малтмалын нөөцийг арвижуулсан.Одоогоор 2020 онд нөөц нь бүртгэгдэхээр ЭБМЗ-өөр шийдвэрлэгдсэн боловч арванхоёрдугаар сард хэлэлцэгдсэн 40 гаруй нөөцийн тайлангийн шийдвэр албажиж гараагүй тул ашигт малтмалын төрлөөр нөөцийн нэгтгэл нь хараахан хийгдэж дуусаагүй байна. Шийдвэр нь гарсан ордын нөөцөөс харвал алтны үндсэн ордын нөөц 80 орчим тонн, алтны шороон ордын нөөц 2.9 тонн, төмрийн хүдэр 20.9 сая тонн, хайлуур жоншны хүдэр 5.5 сая тонн, нүүрс 572 сая тонн гэх мэтчилэн шинээр нэмэгдэж бүртгэгдсэн байна. Гэхдээ арванхоёрдугаар сард ЭБМЗ-ийн хуралдаанаар хүлээн авахаар шийдвэрлэгдсэн ордын нөөцүүд нэмэгдэхээр арай өөр тоо гарна.Одоогоор хараахан нэгтгэгдэж дуусаагүй байна.

Нөөц нь бүртгэгдэж буй алтны үндсэн ордын дийлэнх нь Завхан, Өмнөговь, Баянхонгор аймагт, алтны шороон ордын ихэнх нь Төв, Сэлэнгэ, Хэнтий, Баянхонгор аймагт, төмөр Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий аймагт, хайлуур жонш Дорноговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймагт, хайлуур жонш, нүүрс Өмнөговь, Увс, Сүхбаатар аймагт, гянтболд Баян-Өлгий, бал чулуу Өмнөговь, Дундговь, Говь-Алтай аймагт, барилгын чулуу, барилгын материалын ордууд ихэвчлэн төв суурингууд, дэд бүтэц, бүтээн байгуулалт дагасан газруудаар тогтоогдсон.

Энэ жилийн хувьд манайдаа томоохон гэж хэлж болох алтны үндсэн ордын хэд хэдэн нөөц бүртгэгдсэн. Тухайлбал, Өмнөговь аймгийн нутагт Хойд Бүргэд (Хармагтай нэртэй хэвлэлээр гараад байгаа) нэртэй 53.1тонн алтны нөөц, Говь-Алтай аймагт 40.06 тонн алтны нөөцтэй Хан-Алтай орд, Завхан аймагт 11.18 тонн алтны нөөцтэй Зос уулын ордын нөөц хайгуулын ажлын үр дүнгээр тогтоогдсон. Мөн Дорнод аймагт Матад-ХХ талбайд “Петро Матад” компанийн хайгуулын ажлын үр дүнгээр тогтоогдсон газрын тосны багавтар хэмжээний нөөцийг бүртгэж авахаар шийдвэрлэсэн.Цаашид энэ талбайд газрын тосны хайгуул хийж нөөц өсөх байх гэж найдаж байна.

-Хармагтайн орд газрын талаар дэлгэрүүлэхгүй юү. Нэлээн том нөөцтэй гэж ярьдаг. Энэ бодитой юу. Судалгаанууд хэрхэн хийгдсэн бэ?

-Энэ дүүрэгт Хармагтайн бүлэг ордоос гадна Хойд бүргэд, Шар хөндий, Овоот хяр, Хан худаг, Өлзийт овоо, Дөчин хурал-нэг, Дөчин хурал-хоёр зэрэг алт, зэсийн нэлээд олон илрэлүүд өмнөх геологийн судалгаагаар тогтоогдсон. Энэ нөөц тогтоогдсон орд маань “Занаду Майнз” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг Хармагтайн ордоос баруун тийш оршдог Овоот хяр нэртэй XV-021670 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд орших Хойд бүргэд нэртэй орд юм.

Региональ геологийн тогтоцын хувьд Гурван сайхан арлан нумын террейний баруун хойд хэсэгт, металлогений дүүрэгчлэлээр Өмнөд Монголын металлогений бүсийн Мандах-Манлай дүүргийн Ханхудаг-Хармагтайн хүдрийн зангилаанд хамаардаг. Тус орд орших дүүрэгт 1975-1976 онд 1:200000 масштабын бүлэгчилсэн зураглалын ажил хийж талбайн зүүн талд Дөчийн хурлын хийдээс баруун тийш Авдарын уулын хооронд зэсийн таван илрэл, олон тооны эрдэсжсэн цэг, геохимийн гажил, сарнилын хүрээнүүдийг илрүүлж энэ дүүрэгт зэсийн хувьд хэтийн төлөвтэй гэж үзэн өрөмдлөг, геофизикийн цогцолбор судалгаатай хамтатган нарийвчилсан эрлийн ажил тавих нь зүйтэй хэмээн зөвлөсөн байдаг. 1977 онд Зөвлөлтийн геологи-хайгуулын экспедицийн анги Хармагтай, Ухаа худаг, Дөчийн хурал зэрэг илрэлүүдэд хайгуулын ажил хийсэн. 1978-1980 онд Цагаан суваргын экспедицийн Хармагтайн анги Хармагтайн хүдрийн талбайд 1:50 000, 1:10 000 масштабын эрэл, хайгуулын ажил хийж Хан худаг, Овоот хяр, Хармагтай, Ухаа худаг, Дөчийн хурал зэрэг зэсийн илрэлүүд, гранитоидын массивын гадаад, дотоод заагийн бүсүүд, диорит порфиритын субвулкан биетүүд, тэдгээртэй холбоотой зэсийн хүдэржилтийг судалсан.

1991-1994 онд Япон улсын хамтын ажиллагааны агентлаг, Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу эрэл-шалгалтын ажлыг сансрын зургийн тандан судалгааны аргаар гүйцэтгэж цөөн тооны дээж сорьц авч шинжлүүлсэн.

2018-2019 онд Геологийн судалгааны төв төрийн өмчит үйлдвэрийн (ТӨҮГ)-аас АМС-2017 төслийн хүрээнд Овоот хяр нэртэй тус талбайд геологийн зураглал, геофизикийн ажил, суваг малталт, төрөл бүрийн сорьцлолтын ажил, арван мянга орчим тууш метр өрөмдлөгийн ажил хийсэн.Энэ нарийвчилсан эрлийн ажлын дүнд Хойд Бүргэд, Төв Бүргэд, Өмнөд Бүргэд гэсэн хүдрийн биетүүдийг ялгаж тогтоосон.

“Эрдэнэс силвер ресурс” компани нь тусгай зөвшөөрлийг авснаас хойш хайгуулын ажлыг эхлүүлж Хойд Бүргэдийн алтны илрэлд хайгуулын өрөмдлөгийн ажил, суваг малталт, төрөл бүрийн дээжлэлтийн ажлыг нэмж гүйцэтгэн Хойд Бүргэдийн алтны үндсэн ордын нөөцийг бодитой болон боломжтой (B+C) зэрэглэлээр 53.14 тонн гэж тооцсон. Цаашид тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил нэмж гүйцэтгэн нөөц өсгөх бүрэн боломжтой гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа.Тогтоосон энэ нөөцийн хэмжээнд ордыг олборлож ашиглах техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулагдана.Энд олборлолт хийхийн тулд нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт, бусад бэлтгэл ажлууд гээд олон ажил хийгдэж байж олборлолт явагдана.

-Эзэмшиж байгаа компанийн тухай тодруулахгүй юу?

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны зургадугаар сарын 1-ний өдрийн 212 тоот тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах 22,641.51 га талбай бүхий Овоот хяр нэртэй XV-021670 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” ХХК-д 2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон.

“Эрдэнэс силвер ресурс” ХХК нь 2020 онд тус хайгуулын талбайд өөрийн хөрөнгө, дотоод нөөц боломжоо ашиглан “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн геологи хайгуулын хэлтэс, Геологийн судалгааны төв ТӨҮГ-ийн геологийн багтай хамтран Хойд бүргэдийн алтны үндсэн ордод хайгуулын ажил гүйцэтгэн нөөц тогтоосон. Тусгай зөвшөөрлийн талбайд цаашид хайгуулын ажил хийгдэнэ.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *