Categories
мэдээ цаг-үе

А.Даваахүү: Бид зуны гурван сард 100 удаа тоглоно

Үндэсний Урлагийн Их Театр жил бүр жуулчдад зориулан “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” тоглолтыг хийдэг. Энэхүү тоглолт сэтгэлд хоногшсон аялгуу эгшиглүүлж, Монгол бүжгийн чуулбарт омогшин баясч, Уяхан замба тивийн наран дор хатадын хоолой цуурайтан Жороон жороо хөлөглөсөн залуус Сэрсэн талд 33 говио магтахуй цаг дор үзэгчдийг аваачдаг билээ. Сүүлийн хоёр жил уг тоглолтыг найруулж буй ҮУИТ-ын ерөнхий найруулагч А.Даваахүүтэй ярилцлаа.


-Энэ жилийн тоглолт өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог байв?

-Аливаа юм үргэлж шинэчлэгдэн дэвшиж байх ёстой. Тэр тусмаа урлагийнхан зогсолтгүй урагшилж, байнга шинийг эрэлхийлж байх учиртай. Ингэснээр бид залуу хойч үеийн үзэгчдээ бэлдэж байгаа юм. Энэ жилийн хувьд үе үеийн найруулагчдын бүтээлээс сорчлон авч тоглолтдоо оруулсан нь илүү онцлог байна. Мөн хулсан хуурын хамтлаг тоглож байгаа. Хөгжмийн зэмсгүүдийг илүү сонин содон байдлаар үзэгчдэд таниулахыг хүсч байна. Тэр дундаа үлээвэр хөгжмийг аргаль, янгир, гунан үхрийн эврээр тоглож байна. Эдгээрийг би сэдсэн юм биш, монгол ардын бүтээсэн давтагдашгүй содон урлагийн бүтээлүүдийг үе үеийн найруулагчид мөнхөлж үлдээсэн.

-Тоглолтыг хэдэн удаа ямар зохион байгуулалттайгаар тоглож байна вэ?

-Гадаад дотоодын үзэгчдийн нүд, сэтгэлийг баясгасан энэхүү тоглолт маань өдөр бүр 18:00 цагаас ҮУИТ-т тоглогдож байгаа. Бид зуны гурван сард 100 удаа тоглоно. Баяр наадмын үеэр бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоод, түүнээс хойш үзэгчдийн байдлаас шалтгаалан хөтөлбөртөө өөрчлөлт оруулдаг юм. Түүнчлэн, үзэгчдэдээ тааламжтай байлгах үүднээс шинэчилсэн зохиомжит найруулгаар тоглож байна даа.

-Гадаадын жуулчид болон монголчууд тасалбараа хаанаас ямар үнэтэй худалдаж авах вэ?

-Тасалбарыг манай кассаас худалдан авах боломжтой. Монголчууддаа 25000 төгрөг, гадаадын жуулчдад 35000 төгрөгөөр тоглож байгаа. Энэ тоглолтод маш олон хүний цаг зав, зүрх сэтгэл шингэсэн учир үзэгчдийг уйдаахгүй гэдгийг амлах байна. Огшоож догдлуулсан, гайхаш төрүүлсэн үзүүлбэрүүдээр дүүрэн байх болно.

-Тоглолтын бэлтгэл ажилд ямар нэгэн бэрхшээл тулгарав уу?

-Нэгт, бидний бэлтгэл сайн байвал бэрхшээл учрахгүй. Уран бүтээлийнхээ бодлогод анхаарал хандуулан тоглолтын тайз, гэрэл, хувцас хэрэгслийн тухай хүртэл бид багаараа ярилцаж, өвөрмөц шийдлийг эрэлхийлдэг. Хоёрт, маркетинг сайн байх шаардлагатай.

-Та бүжигчин мэргэжилтэй ч найруулагчаар ажиллаж байгаа. Энэ тоглолтыг анх удаагаа найруулав уу?

-Тийм ээ, би бүжигчин хүн. Ээж маань Монголын хүүхдийн ордонд 41 дэх жилдээ хөгжмийн багшаар ажиллаж байна. Миний аав, МУГЖ Ц.Алтангэрэл энэ театрын бүжигчин байлаа. Би мэдээ орсон цагаасаа л урлагийнхны дунд өссөн дөө. Манай гэрт дандаа урлагийн хүмүүс зочилдог байсан. Манайд урлагийн тухай яриа өрнөж, шүүмжилж, урлагийн шинэчлэлийн талаар л яригддаг байлаа. Анх 1992 онд аавыгаа дагаж дагалдан бүжигчин болсон юм. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг санаж явсаар энэ зэрэгт хүрсэн дээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард театрынхаа ерөнхий найруулагч болоод энэ тоглолтын найруулагчаар ажилласан. Энэ жил ч гэсэн язгуур урлагаа дэлхийд сурталчлан таниулах зорилго өвөрлөн ажиллаж байна.


-Тоглолтод аргийг хөгжмийн зэмсэг болгож ашигласан нь үзэгчдийн сонирхлыг татсан нь лавтай. Аргаар хөгжимдөх санаа яаж төрөв?

-Бид бол нүүдэлчин ард түмэн. Тэр ч утгаараа урлагаас нь хүртэл ахуй байдал нь нэвт үнэртдэг. Гадны оронд литавры гээд төмрөөр бүрчихсэн бөмбөр байдаг. Тэгвэл бид яагаад аргийг цараар бүрээд хөгжимдөж болохгүй гэж? Адилхан хонхорхойтой, адилхан авиа багтааж чаддагаараа онцлогтой. Ер нь энэ бүхэн бидний ахуй амьдралтай л холбоотой. Ийм өв их соёлтой оронд төрж өссөнөөрөө бид бахархах учиртай.

-Залуучууд ардын урлагаа үзэж сонирхож байна уу?

-Миний эмзэглэж явдаг асуудлуудын нэг нь энэ. Залуучууд ер нь урлагийг ойлгож үздэггүй. Тэр дундаа язгуур урлагийг үзэхгүй байна. Ардын дуу хуураа ойлгохгүй юм. Энэ бол эмгэнэл шүү дээ. Бидний Монгол гэж омогших хамгийн гол зүйл нь дэлхийд дахин давтагдахгүй язгуур урлаг маань юм. Нөгөө талаараа бид технологийн эринд амьдарч байна. Тэгэхээр залуучууд техникийн дэвшил ашигласан, шинэлэг зүйлд илүү шимтдэг болж л дээ. Язгуур урлагийг орчин үеийн хэлбэрт оруулж, этник тал руу нь хөгжүүлбэл залуусын таашаалд нийцэх нь лав. Гэхдээ манай Үндэсний Урлагийн Их Театр бол тэгэх газар биш. Бид үндэсний урлагаа ямар байсан яг тэр хэвээр нь хадгалж дараагийн үедээ дамжуулах үүрэгтэй.

-Монгол урлагийн гайхамшгийг харуулахын тулд олон ястны онцлогийг хэрхэн тусгасан бэ?

-Үндэсний урлагийн их театр гэж тодотгоод байгаагийн учир энэ шүү дээ. Ястнуудын онцлогийг харуулж, тэдний соёлыг магтан дуулахгүй юм бол “үндэсний” гэх тодотгол байхын хэрэггүй. Энэ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх нь бидний үүрэг. Жуулчид манай орны онгон дагшин байгаль, эвдэгдээгүй нүүдэлчин ахуйг үзэх гэж л зорьж ирдэг. Тиймээс бид эдгээр хүмүүсийн нүдийг нээж, тэдний үзэж чадаагүй, мэдрээгүй ахуйг урлагаар дамжуулан хүргэх нь чухал. Ястнуудын ялгааг биелгээ тод томруун харуулдаг. Хувцас, зүүсгэл, хөдөлгөөн нь хоорондоо эрс ялгаатай байдаг. Биелгээ нь өдөр тутмын үйлдлийг харуулсан байдаг учир гадныхан гэлтгүй монголчуудад ч сонирхолтой санагддаг байх.

-Гадны зочид ямар үзүүлбэрийг илүү сонирхож байна?

-Тэд ихэнх үзүүлбэрийг үзээд гайхширдаг л даа. Уран нугараачдыг хараад их гайхна. Уртын дууг нүдээ аниад сонсох нь олонтаа. Хүнийг нь харахгүйгээр гайхамшигтай хоолойн цараа, уянгалаг аялгууг нь сонсож тайвшрах шиг санагддаг. Өгүүлэхүйн эрхтнээс гарч байгаа хөөмэй, шахаа, хархираа, исгэрээг хүний хаанаас нь гараад байгааг тайлах гэж, мэдэх гэж зорьж ирэн үзэж байна. Бидний энэ урлаг дэлхийн хаана ч давтагдахгүй. Мөн бид шинэ бүжгүүдийг дэглэж олны хүртээл болгож байна.

-Найруулагчийн хувьд монгол ардын урлагийг шинэ шатанд гаргасан бүтээл хийх бодол бий юу?

-Тэгэлгүй яах вэ. Хамгийн чухал зүйл бол урагшилж, байнга шинийг эрэлхийлэн шинэчлэгдэж байх явдал юм. Ингэхийн тулд байнга судалгаа, эрэл хайгуул хийж, шинэ зүйлийг туршиж үзэх хэрэгтэй л дээ. Миний ард байгаа 200 гаруй уран бүтээлчид ч ингэж ажиллаж байгаа. Сайн сайхан бүхэн хамтын хүчээр бий болдог. Миний хувьд байхгүй зүйлийг бий болгох гэж улайрахаас илүү чаддаг зүйлээ сонгодог болгохыг зорих нь өгөөжтэй гэж боддог. Бид дэлхийн сонгодог бүтээлүүдийг монгол ардын хөгжмөөрөө тоглож байна. Энэ бол дэвшиж, шинийг сэдэж байгаа хэрэг шүү дээ. Энэ нь ч үзэгчдийн таашаалд нийцдэг юм.

Б.ОЮУНГЭРЭЛ

One reply on “А.Даваахүү: Бид зуны гурван сард 100 удаа тоглоно”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *