Categories
мэдээ цаг-үе

А.Дашпэлжээ: “Сумын маань ойн босгон дээр дахиад нэг ардын жүжигчин төрлөө” гээд нутгийн ард түмэн хөл хөөр болж байгаа гэнэ

Баяр наадмын өмнөхөн Ардын жүжигчин цолоор шагнуулсан  Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдаач А.Дашпэлжээ гуайтай ярилцлаа. 

-Баяр наадмын босгон дээр Ардын жүжигчин цол хүртэж, давхар баяр тохиосон сайхан наадам болсон байх. Нийт уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе?

-Наадам их сайхан өнгөтэй, сонин сайхан ихтэй боллоо. Ёстой л жинхэнэ нар хур тэгширсэн наадам боллоо.  Миний хувьд төрийнхөө  наадмын босгон дээр Ерөнхийлөгчөөсөө Монгол Улсын Ардын жүжигчин гэдэг цол хүртлээ. Тэр болгон хүнд тохиогоод байдаг зүйл биш байх. Үүнээс илүү  би яаж наадах билээ. Энэ цолны ард надад ажил үүрэг, хариуцлага, нэр төрөө хамгаалах гээд зөндөө юм гарах байх. 

Наадмын сонин хачин гэвэл их байна. Ерөнхийлөгч маань наадмын нээлтэн дээр их сайхан үг хэллээ. Монголчуудаа морио уная гэж том уриалга гаргалаа. Бид морь малаа эдлэхээ байснаас болоод том соёл алга болж хаягдаж байгаа нь үнэн. Би өөрөө хөдөө өссөн, адуу мал сайн мэднэ. Тиймээс Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг олон түмэнд хэлж яриад дэмжээд явна даа. Миний наадам дуусаагүй байна. Энэ жил маш олон сум, орон нутгийн 90 жилийн ой тохиож байна. Манай нутаг Дундговь аймгийн Өлзийт сумын 90 жилийн ой мөн тохиож байна. 90 жилийн ойн босгон дээр дахиад нэг ардын жүжигчин төрлөө гээд нутгийн ард түмэн бөөн хөл хөөр болж, бэлгэдэл болгон ярьж байгаа гэнэ. Хэзээ ирэх вэ. Заавал ирнэ шүү гээд захиад байна. Тиймээс би маргааш нутагтаа наадамлаж,  нутгийнхандаа ая дуугаа өргөнө. Энэ дашрамд нутгийнхандаа  маш том баярын мэнд хүргэж амжилт хүсмээр байна даа. 

-Наадмын урт амралтын өдрүүдэд  телевиз болгоноор таны тоглосон кинонууд  гарлаа. “Мандухай сэцэн хатан” киноны Өнөболд ван, Маршал Х.Чойлбалсангийн дүрүүдийг үзэгчид андахгүй.  Та ойролцоогоор хичнээн кинонд тоглосон юм бэ? 

-Дэлгэцийн урлагт 20 гаруй том, жижиг дүрээр орсон  байна. Тайзны урлаг, дэлгэцийн урлаг хоёр өөр юм байна. Дэлгэцийн урлаг тухайн бүтээлийг түмэн олонд хүргэхдээ хамаагүй өргөн дэлгэрээс гадна хувь уран  бүтээлчдийг тухайн цаг үетэй нь, залуу зандан насыг нь мөнхөлдөг ийм өгөөжтэй урлаг юм байна. Ардын жүжигчин цолыг авсан энэ баяр дээр залуу цагийнхаа  20-30 жилийн өмнө тоглосон кино дэлгэцийн бүтээлийг телевизээр гарч байгааг үзэхэд надад сайхан  байлаа. Он жил өнгөрөх тусам бүтээсэн бүх дүрүүд маань өөрийн хүүхэд мэт болдгийг мэдэрч байна л даа.  Үзэгч бол хатуу шүүгч байдаг. Үзэгчид тэр дүр нь  сайн болсон, энэ нь муу болсон гэсэн үнэлэлт дүгнэлтийг өгөх байх. Надад бүх л дүр маань сайхан. 

Кино дэлгэцэнд бүтээсэн хамгийн анхны дүр маршал Х.Чойбалсан. Түүнээс хойш зургаан ч түүхэн кинонд тоглосон байна. Хамгийн сүүлийнх нь хилийн цэргийн ойд зориулсан  кинонд дүр бүтээлээ. Харин дуурийн тайзнаа бүтээсэн түүхэн дүрүүд гэвэл, Манлайбаатар Дамдинсүрэн, Сүхбаатар жанжны дүрийг бүтээсэн. Хамгийн сүүлд “Чингэс хаан” дуурьд Чингэсийн дүрийг бүтээлээ. 

-Дуурийн театраар сүүлийн үеийн сонин сайхан юу байна вэ. Ер нь энэ байгууллагад шинэчлэл хэр хийгдэж байна?   

-Миний бүх л амьдрал Улсын дуурь бүжгийн эрдмийн театртай салшгүй холбоотой юм. 1982 онд Болгарын Софи хотын Консерваторийг дуурийн дуучин гэдэг мэргэжлээр төгсөж ирээд театрт гоцлол дуучин болж байсан юм. Түүнээс хойш одоог хүртэл энэ байгууллагад  ажилласаар байна. Миний жаргал зовлон бүх юм энэ театртай салшгүй холбогддог. Өнөөдөр ч надад энэ том цолыг өгсний үр шим нь театр маань надад өгөөжөө өгч байна гэж би харж байна. Театрын хувьд ажил үнэхээр урагштай байж, чөлөө завгүй ачаалалтай ажиллаж байна. Хагас бүтэнсайн болгоныг  алгасахгүй балет, дуурь тоглож байгаа. Ер нь сүүлийн жил гаруй хугацаанд их зүйл хийлээ.  Өнгөрсөн  оны хавар манай театр 50 жилийн ойгоо хийсэн. Өргөн хүрээтэй сайхан боллоо гэж олон түмэн дүгнэсэн. Уран бүтээлчдийн ажиллах эрч хүч маш их байна.  Нэг үеэ бодвол сүүлийн үед манай театрын уран бүтээлчид залуужсан. Бүхэл бүтэн нэг үе солигдож байна гэж хэлж болно.  22-27 насны шижигнэсэн залуучууд уран бүтээл дээрээ ажиллаад их ачаалал авч байгаа. Нэг  үе бас ч гэж дуучид ховор байж. Мэргэжлийн дуучдыг дандаа гадаадад төгсгөөд авчирдаг байлаа. Одоо бид өөрсдөө дуучдаа бэлтгэдэг болчихоод байна. Бидний үед чинь залуучуудыг болоогүй дээ, 40 хүрч байж л сайхан дуугардаг юм гэдэг байсан. Одоо ид сайхан 20-н хэдэн насандаа дуулаад тодроод гараад ирж байна. Уран сайхны удирдаач байна гэдэг бол дуучидтайгаа ажиллана уу гэхээс өөрөө дуулна гэж дайраад байж болохгүй. Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд, аливаа улсын том театрт гадаад арга хэмжээ маш чухал байдаг. Гадаад улс оронтой харьцаж, тэдэнтэй өөрсдийнхөө бүтээлийг жишиж байж бид хаана яваагаа мэдэж, тодорхойлдог. Өнгөрсөн өвөл Монголын алтай хоолойтнууд Орост очоод бие даасан концертоо хийж  бөөн сенсаци тариад ирлээ. Сая дөрөвдүгээр сард Солонгост Монголын дуучид мэргэжил дээшлүүлээд тэдний уран бүтээлд оролцоод ирлээ. Хариуд нь тавдугаар сард нь Солонгосын дуучид ирж хоёр удаагийн том тоглолт хийлээ.  Якутын филармонийн том оркестр ирээд манайд тоглолт хийлээ. Америкийн  балетын одууд ирээд тоглолоо. Өөрөөр хэлбэл, манай өөрийн гадагшаа тэлэх бодлого эрчимтэй явж байна. Нэг хүн яваад дуулах биш, нэг хэсэг уран бүтээлчид явж гадаадын нэртэй тоглолтуудад оролцож, өөрсдөө тоглолтоо хийнэ гэдэг бол том амжилт.  

-Ойрын хугацаанд төлөвлөсөн гадаад тоглолтууд бий юу?

-Одоо манай дуучид Оросын их театрт тэдний оркестртой хамтран арваннэгдүгээр сард тоглохоор болсон. Манайхан тэнд бие даасан концертыг анх удаа хийж байна гэсэн үг. Энэ бол маш том алхам. Мөн есдүгээр сард олон улсын хэмжээний фестиваль болно. Тэнд дэлхийн том том продюссер, удирдаач, дуучид бүгд цугларна. Манайхаас дөрвөн дуучин явна. Австри улстай манайх  маш өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жил манайд Австрийн  нэртэй удирдаач, найруулагчид, бүжиг дэглээчид ирсэн. Сая энэ хавар гадаа талбай дээр венийн вальсын өдөрлөг зохион байгууллаа. Хариуд нь манай хотын дарга Австрийн Вена хотод  айлчиллаа. Айлчлалын багт манай хүмүүс цуг явсан. Очоод Вена хотод байдаг гурван том театрт очиж гурван дуучнаа мэргэжил дээшлүүлэх, дээр нь нэг хөгжимчинг сургалтад хамруулахаар  боллоо. Австриас гадна Орос, Солонгос улстай онцгой хамтын ажиллагаатай ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл, бид гадныхныг урьдаг байсан бол одоо өөрсдөө гадагшаа алхаж байна. Шинэчлэл гэдэг чинь болохгүй байгаа юмандаа эрс арга хэмжээ аваад, болох талаас нь ямар хөшүүрэг  байна, ямар  арга зам байна гэдгийг гаргаж ирэх ёстой болохоос  хэн нэгнийг халж, хэн нэгнийг ажилд авснаараа  болдог юм биш. Тавьсан зорилго, бодлогодоо хүрэхийн тулд ажлынхаа хариуцлага, чанарыг сайжруулахыг хэлдэг юм.  

-Одоо дуурийн театрт ямар тоглолтууд байгаа вэ. Үзэгчдийн хандлага сэтгэл хангалуун байдал хэр байна вэ?

-Үзэгчдийн хандлага маш сайн байгаа.  Дээр үед Ю.Цэдэнбал даргын үед албан даалгавар гаргаж хүчээр үзүүлдэг байсан. Энэ бол үнэн. Одоо цагт сонгодог бүтээлийг үзэхээр маш их хүн ирж байна. Тэр дундаа үзэгчид маань их залуужжээ. Сонгодог бүтээлээс хүн яагаад уйддаггүй вэ гэхээр,  хүний оюун ухааныг тэлэх, өөрийгөө үнэлж цэгнэх, соёлыг авч үлдэхэд асар их ач холбогдолтой юм шүү дээ. Баярын өдрүүдэд буюу энэ сарын 12, 13-нд “Хунт нуур”, “Учиртай гурван толгой”-г тоглосон. Одоо долдугаар сарын 20-нд “Чойжил дагина” , 26-нд  балет,  27-нд “Чингэс” дуурь гээд долдугаар сарын тоглолт дуусах гэж байна. Энэ бүхэн дээр нөгөө л өдөр тутмынхаа хийдэг ажлыг хийж байна. Есдүгээр сарын 1-нээс улирлынхаа нээлтийг хийнэ. Улирлын нээлтээ “Учиртай гурван толгой” дууриар хийнэ. Мөн төлөвлөсөн том ажил гэвэл “Хөхөө намжил” дуурийг тавина. Энэ дуурь монголчуудын  урлагийн үнэр амт, өнгө шингэсэн уран бүтээл. Морин хуур үүсч хөгжсөн домгийг өгүүлнэ. Хувцас тайз, нот гээд бүх л хуучирсан зүйлүүдээ шинэчлээд тавихаар бэлдэж байна. Гэх мэтээр  яриад байвал манай ажил барагдахгүй дээ. 

-Таны эгч, дүү хоёр урлагийн хүмүүс. Харин хүүхдүүдээс тань урлагийн хүн бий юу?

-Би гэр бүлийнхнийхээ тухай ярихад, аливаа салбарт тодорхой амжилт гаргахад хүний ар тал үнэхээр чухал байдаг юм байна. Сайн хань, сайн үр хүүхэдтэй хүн амжилт гаргадаг гэж боддог юм. Эхнэрийгээ би ингэж л магтах байна. Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань миний мэргэжлийг өвлөөгүй. Тэдний өөрсдийнх нь сонголт учраас би шахахгүй. Удам угсааны хувьд  дуучид, урлагийн хүмүүс бий. Миний эгч А.Дүнжмаа Дундговийн театрын дуучин. Монгол Улсын гавьяат жүжигчин хүн бий. Миний дүү А.Нэргүй Монгол Улсын ардын жүжигчин гэдгийг хүмүүс мэднэ. Дүү бид хоёрыг Ардын жүжигчин аваагүй байхад Дундговийн өлгий нэгтэй Өлзийтийн гурван гавьяат  гэж  дууддаг байсан. Тэр нэрээрээ тоглолт хийж байлаа. Тэрнээс хойш хоёр нь Ардын жүжигчин  боллоо. Манайханд бид гурваас гадна урлагаар явсан хүн байсан. Амьдралын эрхээр өөр ажил хийгээд орхисон болохоос. Манайхан дотроо ярьдаг юм. Бид яагаад ийм амжилт гаргаад  байна вэ гээд. Энэ бол ерөөсөө аав, ээжийн сургааль, хүмүүжлийн үр шим юм шүү дээ гэж бид дүгнэн ярилцдаг. Аав, ээж маань биднийг ямар ч ажилд үнэнч сэтгэлээр, уйгагүй ханддаг, хөдөлмөрч болгож хүмүүжүүлсний үр шим юм болов уу. Сайхан хоолойтой сайхан дуулдаг хүмүүс Монголд олон бий. Тэр дундаас гарч ирнэ гэдэг бол үүнтэй л холбоотой байх. 

Х.Цэнд-Аюуш

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *