Categories
мэдээ цаг-үе

А.Баттамир: Дата мэдээллээ алдсан байгууллага дампуурахаас өөр зам байхгүй

Өчигдөр Шинжлэх ухаан, технологийн санд БСШУCЯ технологийн “Айтүүлс” компанитай хамтран “Төр хувийн хэвшлийн түншлэл 2018” хэлэлцүүлгийг залуу судлаачдад зориулан зохион байгуулав. Тус хэлэлцүүлгийн үндсэн илтгэл болох “Дата мэдээллийн сан нь бизнесийн үнэт суурь болох нь” илтгэлийг судлаач А.Баттамир тавьсан юм. Тэрээр “Айтүүлс” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын алба хашдаг, 2002 онд ШУТИС-ийн Компьютер, технологи, мэдээллийн сургуулийг программ хангамжийн мэргэжлээр төгсжээ. Түүний үзэж буйгаар барууныхан Азийн бүсэнд IT-гийн салбарт нэвтрэх сонирхолтой. Харин энэ том зах зээлийг монголчууд л ашиглах боломжтой гэнэ.


-“Айтүүлс” компани анхны технологийн компанийн хувьцааг маш амжилттай гаргасан. Өнөөдөр хувьцааны үр дүн ямар байна?

-Бид анх хувьцаа гаргахдаа тооцоолсноос гурав дахин их захиалга авсан. Өнөөдөр бидний санал болгосон төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл Дархан хотод баригдах Дата паркийн ажил 60 хувьтай, ирэх наймдугаар сард ашиглалтад орно. Үүнд хувьцаа эзэмшигчид сэтгэл хангалуун байгаа байх.

-Танай паркаар үйлчлүүлэх захиалга ирж байна уу?

-Банкнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор Монголбанкны арилжааны банкнууд 200 км газарт нөөц дата баазад мэдээллээ хадгалуулах шийдвэр байдаг. Энэ дагуу арилжааны банкнуудтай бид хамтран ажиллана.

-Таны илтгэлд гарсан дижитал бизнес гэж юу вэ?

-Дижитал бизнес гэдэг нь өнгөрсөн хугацаанд хийсэн бизнес илүү цахимжих тухай ойлголт. Манай уламжлалт бизнес цаасан дээр тэмдэглэгдэж үлддэг. Үндсэндээ ганц хувь л байдаг. Хэрэв тэр цаас алга болох, үрэгдэх тохиолдолд бизнесийн түүх, баримт устана. Нийгэм асар хурдтай хөгжиж байгаа нөхцөлд бүх зүйл цахим болж байна. Үүнээс үүдээд дижитал бизнес нь бизнесийн хөгжлийн үндсэн суурь болж байгаа юм. Тиймээс бизнесийн загвараа өөрчлөх ёстой болж байна.

-Бизнесмэнүүд үүнийг яаж хэрэгжүүлэх вэ?

-Эхнээсээ хэрэгжүүлээд эхэлсэн. Хүмүүс банк орохгүйгээр мөнгөө авчихаж байна, дэлгүүрт бэлэн мөнгөгүйгээр худалдаа хийж байна, автобусанд карт уншуулаад зорчиж байна. Энэ бүхэн дижитал бизнесийн нэг хэсэг. Технологийг ашигласнаар бизнесийн зардал буурах, үйлчилгээний хурд, хүртээмж, ашиг орлого нэмэгдэж байна. Энэ бүхэн бизнесийн түүхийг эргээд ашиглах боломж олгоно. Өнгөрсөн түүхээ ашиглаад бизнесээ шинэ шатанд гаргахад маш чухал. Харин энэ тал дээр компаниуд маань хангалттай сайн ажиллаж чадахгүй байна.

-Компаниуд юу хийх ёстой вэ?

-Манай монголын зүйр цэцэн үг байдаг. “Айлаас эрэхээр, авдраа ух” гэдэг. Хэн нэг нь гаднаас ирээд бидний бизнесийг сайжруулна гэж байхгүй. Өөрсдөө байгаа бизнес түүхээ хараад, анализ хийж сурах хэрэгтэй. Өмнөх түүхэнд юунаас ашиг олж, юунаас алдагдал хүлээв гэдгээ тооцож сурах хэрэгтэй. Компанид маш их мэдээлэл байдаг ирээдүйд хэрэгжүүлэх төслүүд, хэрэгжсэн төслүүд. Хэрэгжилтийн явц, санхүү бүртгэл, зардлын тооцоо, ажилтнуудын компьютерт хүртэл их хэмжээний мэдээлэл хадгалагдаж байгаа. Энэ бүхнийгээ нэгтгээд анализ хийвэл алдаа, оноо харагдана. Тэгээд цаашдын төлөвлөлтөө хийх хэрэгтэй.

-Танайд байршуулсан мэдээлэл ямар баталгаатай вэ?

-Компаниудын байршуулсан мэдээлэлд бид орох эрх байхгүй. Зөвхөн үйлчлүүлэгч л орж чадна.

-Манай улсад мэдээллийн аюулгүй байдал хангагдсан уу?

-Маш сул байгаа. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь маш өргөн ойлголт. Энэ бол компьютертээ ямар нэг төхөөрөмж, программ суулгаад хамгаалах ойлголт биш. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь өрсөлдөгчдөө болон олон нийтэд нууц мэдээллээ алдахгүй байх тухай ойлголт юм. Эрсдэл үүсээд мэдээллээ алдах, устах тохиолдолд бизнесээ яаж тасралтгүй явуулах вэ, мэдээллээ яаж сэргээх гэдэг асуудал юм. Аюулгүй байдалд лицензтэй программууд, оюуны өмчийн асуудал, ажилтнуудын ёс зүй хүртэл хамрагдана. Банкнууд гэх мэт санхүүгийн чадвартай байгууллагууд энэ нөхцөлийг хангаж чадаж байна. Жижиг дунд компаниуд харин мэдээллийнхээ аюулгүй байдлыг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа.

-Дата баазыг яагаад Дарханд байгуулах болсон бэ?

-Дархан хот дэд бүтэц сайтай. Одоогоор манай улсын ихэнх дата Улаанбаатарт төвлөрсөн байна. Ямар нэгэн эрсдэл, жишээлбэл газар хөдлөлөө гэхэд манай дата мэдээллүүд устах аюул бий.

-Манай дата мэдээлэл Улаанбаатарын төвд төвлөрсөн гэдэг нь…

-Хүн амын төвлөрлийг дагаад маш олон зүйл төвлөрдөг. Үүний нэг нь дата мэдээлэл. Гэтэл хөрөнгө оруулалтын нэг зарчим байдаг. “Алтан өндөгнүүдээ нэг сагсанд бүү хадгал” гэдэг. Сагсаа алдчихвал бүх өндгөө алдана. Бид алтан өндөгнөөс дутуугүй үнэт мэдээллээ ганцхан сагсанд хийчихсэн. Харин дата мэдээлэл хадгалах өөр нэг сагс нь Дарханд байгуулсан дата бааз. Манай дата мэдээлэл үндсэндээ Төв шуудан Монголбанкны хооронд л хадгалагдаж байна. Маш олон эрсдэлүүдээс манайд газар хөдлөлтийн эрсдэл өндөр. Дата уствал Монгол Улс маш хүнд байдалд орно.

-Дата уствал ямар эрсдэл үүсэх вэ?

-Орчин цагт энэ үзэгдлийг сүйрэл дээрх сүйрэл гэж үздэг. Маш их мэдээлэл устана. Төрийн мэдээлэл, тэр бүү хэл хүн нас барсны дараа ч дата нь үйлчилж байдаг. Гэрээ хэлэлцээр, өв залгамжлал, өмчийн бүртгэл гээд олон зүйл байхгүй болно. Хэрвээ датагаа сэргээж авч чадахгүй бол бизнес тэр чигээрээ зогсоно.

-Танай компанийн ирээдүй ямар байх бол?

-Мэдээллийн технологийн зах зээл байнга өсөж байна. Сонирхолтой судалгаанууд бий. Жишээлбэл, гар утасны хэрэглээ өсөхөөр суурин компьютерийн хэрэглээ буурна. Бүр хурдацтай өсөж байгаа нь серверүүдийн үйлдвэрлэл. Энэ нь бизнесүүд дижитал болоод байна гэсэн үг. Энэ хэрээр дата өснө. Түүнийг хадгалах болон боловсруулах хэрэглээ тэр хэмжээгээр өснө гэсэн үг. Өөрөөр хэлбэл бизнес өсөх тусам манай дата баазын хэрэглээ өсөөд л байна.

-Япончууд та нартай ямар хэлбэрээр түншилж байна?

-Япончууд бидэнтэй эхний ээлжинд уламжлалт дата төвийн хэлбэрээр хамтран ажиллах, өөрөөр хэлбэр серверээ байршуулаад дата төвийг ашиглах. Хоёр дахь хувилбар нь крипто болон блокчейнтэй холбоотой үйлдвэрлэл. Үүнийг ашиглахад асар их цахилгаан хэрэглэдэг тоног төхөөрөмж ашигладаг. Манай хувьд крипто валют олборлох 10 мянган тоног төхөөрөмж оруулж ирэх боломжтой. Нэг тоног төхөөрөмж жилд 5.2тн нүүрснээс гаргах цахилгаан хэрэглэнэ. Тэгэхээр Японы нүүрсний импортын зургаа орчим хувьтай тэнцэж байна. Үүнийг дагаад эрчим хүчний салбар дэмжигдэнэ.

-Крипто валют олборлох хууль эрх зүйн орчин байгаа юу?

-Технологи ийм хурдтай хөгжиж байхад бид түүнийг амдаж ашиглах чиглэлээр явж байна. Энэ чиглэлээр ажиллахаас өөр замгүй. Монголд крипто валютыг хоригловол дахиад л нэг том зүйлээс хоцорно гэсэн үг.

-Өмнө нь ямар нэгэн зүйлээс хоцорсон юм уу?

-Маш олон зүйлээс хоцорсон.

-Жишээлбэл?

-Мэдээллийн технологи. Тодорхой яривал сошиал сүлжээ. Монголчууд бүгд фэйсбүүк, твиттер хэрэглэж байна. Тэгвэл Хятад өөрийн гэсэн вичат, Орос Яндекс, өөрсдийн сүлжээтэй болсон. Бид мэдээллийн технологид хөрөнгө оруулахгүй, төр дэмжээгүй учраас энэ зах зээлийг алдсан. Саяхан 1985 онд компьютер үйлдвэрлээд зохиогчийн эрхээ авсан монгол залуусын тухай мэдээлэл гарсан. Тэр үед бидэнд чадвар байсан. Гэхдээ төр түүнийг дэмжээд, хөгжүүлээд яваагүй. Ингээд хоёр хөрштэйгөө мэдээллийн технологиор зэрэгцэн алхах боломжоо алдчихаж байгаа юм.

-Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд төрөөс ямар арга хэмээ авах хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, саад болохгүй байх хэрэгтэй.

-Яаж саад болж байна?

-Жишээлбэл, цахим бодлого гэж ярихаар улстөрчид нөгөө л сошиал сүлжээгээр төсөөлдөг. Асуудлыг ганц л өнцгөөс хараад янз бүрийн тайлбар хийгээд байдаг. Гэтэл нөгөө талд маш олон сайн талууд байгааг ойлгодоггүй. Цахимжуулалтын бодлогыг төрөөс нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх ёстой.

-Өнөөдөр хувь хүн баахан карт авч явдаг болсон. Цахим картуудыг нэгтгэх, “Голомт банк шиг хурууны хээгээр үйлчлэх боломж байхгүй юу?

-Энэ асуудал дэлхийд аль хэдийнэ шийдэгдсэн. Манайх л 10 жилийн өмнөх байдлаасаа гарахгүй байна. Төр нэгдсэн бодлогоор л хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байгаа юм.

-Цаашдаа Монголд дата бааз хөгжүүлэх зах зээл байна уу?

-Маш их боломж бий. Өвөг дээдсээс заяасан газар нутгийн байршил байна. Уламжлалт сэтгэлгээгээр хандвал бид далайд гарцгүй, хоёрхон хөрштэй гэх мэт олон гачлан тоочиж болно. Харин мэдээллийн технологийн нүдээр харвал хоёр том зах зээл, хоёр том хамгаалагчтай байгаа юм. Энэ технологийн хувьд хөршүүд маань биднийг 24 цагаар хамгаалж байгаа бие хамгаалагчид байхгүй юу. Япон болон барууны өндөр хөгжилтэй орнууд Евразийн энэ том хавтан дээр нэг дата баазаа байгуулаад дата мэдээллээ хадгалах сонирхол маш их байна. Гэхдээ Хятадад хэн ч датагаа хадгалуулахгүй. Орост мөн адил. Янз бүрийн эрсдэл өндөр. Барууныханд хамгийн боломжтой байрлал Монгол. Газар зүйн давуу байрлал дээр нэмэгдээд цахилгаан хямдаар үйлдвэрлэх боломжтой. Сэргээгдэх болон эрчим хүчний нөөц маш их. Энэ нь манай давуу тал.

-Энэ салбар тийм их цахилгаан хэрэглэх үү?

-Энэ салбарын үндсэн түүхий эд нь цахилгаан. Бид нүүрс зарах гэж үйлээ үзсэнээс хямд цахилгаан үйлдвэрлээд мэдээллийн технологио хөгжүүлбэл нүүрс зарснаас илүү их ашиг олно. Бас нэг давуу тал нь манай орон сэрүүн цаг ууртай бүсэд хамаардаг. Серверт хэрэглэх цахилгааны 50 хувь нь түүнийг хөргөхөд зарцуулдаг. Энэ нөхцөл Монголын дата баазыг асар өндөр өрсөлдөх чадвартай болгож байгаа юм.

-Энэ боломжийг яаж ашиглах вэ?

-Монголд датааг хадгалах эрх зүйн орчин алга. Манай улс Швейцарь улс шиг датааг хамаалдаг, өгөгдөл хамгааллын хууль хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төр дата руу орохгүй байх хууль эрх зүйн орчныг баталгаажуулах хэрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *