Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Батсүх: Миний хувьд малчдынхаа ахуй амьдралын гүн рүү орсон асуудалд л гол анхаарлаа хандуулна

– А.СҮХБАТ БИД ХОЁР ӨӨР ӨӨРИЙН ЧИГ ЗАМ, ҮЗЭЛ БОДОЛ, ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭР Л ЯВЖ БАЙНА –

Монгол Улсын Тод манлай уяач, ШИНЭ намын гишүүн А.Батсүхтэй ярилцлаа.

-Хүмүүс таныг Монгол Улсын Тод манлай уяач, А.Сүхбат аваргын ах гэдгээр нь сайн мэднэ. Тэр ч утгаараа улс төрд орж байгааг тань, тэр дундаа өөр намаас нэр дэвшиж байгааг нь сонирхон хүлээж авч байна л даа.

-Хүмүүс намайг А.Сүхбат аваргын ах гэсэн тодотголоор ярьж хэлэх нь байдаг. Энэ нь нэг талаасаа аргагүй юм. Зулай зулайгаа гишгээд төрчихсөн учраас ингэж холбогддог байх. Гэвч бид чинь одоо 50 хүрсэн эрчүүд. Хэдий ах, дүү ч гэлээ хэт хамааралтай амьдарна гэж юу байхав. “Тавь хүрсэн эрийг сургаж болохгүй, таван нохойг тууж болдоггүй” гэдэг шиг одоо цаг үеэрээ л өөр, өөрсдийнхөө амьдралаар, хүний жамаар амьдарч байна. Энэ хүний бусдыг харах өнцөг, үзэл бодол нь өөр. Хэдий би ах нь ч түүнийг нь өөрчлөх боломжгүй, өдий насанд бол бүр боломжгүй. Тийм учраас намайг энэ хүний бүхий л үйл ажиллагаанд холбож, тодотгож ярьдгийг бодолцох зүйл гэж харж байгаа.

-Та бол төрийн наадамд морьдоо сойж түүнийхээ үр шимийг хүртсээр яваа туршлагатай уяач. Энэ чаддаг, дуртай ажлаа хийгээд явах бус улс төрд орохоор шийдсэн нь сонин байна. Улс төрд орох болсон шалтгаан тань юу вэ?

-Би сэтгэл хөөрлөөрөө улс төр лүү ороод ирж байгаа юм биш л дээ. Би морио уяад, адууныхаа бэлчээрт сэтгэл тэнүүн, ямар ч хэл ам, хэрүүл тэмцэл, стрессгүй амьдрахыг мэдээж хүсч байна. Бүр маш их хүсдэг. Хэдий тийм ч улс оронд юу болоод, яагаад байна вэ гэдгийг харж байгаа учраас зүгээр суухыг хүссэнгүй. Долоон удаагийн сонгуульд сайхан цаг ирнэ гэсэн горьдлого тээгээд өөрийн итгэл үнэмшлээрээ саналаа өгч оролцлоо. Гэтэл сонгосон хүмүүс маань энэ улс орныг юу болгочихов, яачихав. Өнөөдөр манай улсын газар нутаг байгалийн баялагтайгаа лиценз нэрийн дор харийнханд эзлэгдчихлээ. Гадна улсын зөөлөн хүчний бодлого ч явж байна. Ийм хэмжээнд хүртэл нь бид газар нутгаа харийнханд дээрэмдүүлж болохгүй юм. Хойч үеийнхэн маань эх орондоо бууж, суухаа гадныхнаар заалгадаг болох нь. Тиймдээ ч миний хувьд насныхаа танагтай дээр үр хүүхэд, Монголын ирээдүйн төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн юм. Тэр ч утгаараа өөрийн үзэл бодол нийлсэн хүмүүстэйгээ нэгдэн нийлэхээс өөр аргагүй болсон минь энэ. Би өөрийн үзэл бодлоороо ШИНЭ намыг байгуулагдахад нь ирж нэгдэн, анхны гишүүдийн нэг болсон. Өнгөрсөн хугацаанд олон ч аймаг, сумдаар явж, малчид, хөдөлмөрчид, уяачидтайгаа уулзлаа. Одоогоор Төв аймагтаа ШИНЭ намынхаа үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна. Би Харвард тэргүүтэй дэлхийн томоохон сургуульд сураагүй нь үнэн. Олон сургуулийн диплом гаргаж ирж чадахгүй, байх ч үгүй. Гэхдээ надад эх орон, ирээдүй хойч үе, Монголоо эзэнтэй байлгаж чадаж байгаа малчдынхаа төлөө гэх сэтгэл байна. Би яагаад энэ бүхний төлөө үгээ хэлж болохгүй гэж. Би намаасаа Монголын малчид, уяачдын төлөөлөл болж нэр дэвшиж байгаа. Төв аймгийн 14 дүгээр тойргоос нэр дэвших юм.

-Та УИХ-ын гишүүн болоод яг юуг өөрчилж, шийдэх юм бэ?

-Миний хувьд малчдынхаа ахуй амьдралын гүн рүү орсон асуудалд л гол анхаарлаа хандуулна. Хөдөө малаа маллаад амьдарч байгаа хүний хувьд тэнд юу нь болж байгаа, болохгүй байгааг сайн мэдэж байна. Өнөөгийн улстөрчид үнэхээр хөдөө өсөөгүй л бол тэнд байгаа нөхцөл байдлыг яв цав мэдээд хууль батална гэдэг учир дутагдалтай.

Баталлаа ч байгаа онохгүй байгаа юм. Миний хувьд дөрвөн чиглэлийг онцлон анхаарна. Нэгдүгээрт, малын түүхий эдийг үнэд хүргэнэ. Өнөөдөр арьс, шир, ноос бүгд үнэгүйдчихсэн. Малчид жалга, гуунд булахаас аргагүй байдалд хүрчихлээ шүү дээ. Хоёрдугаарт, махны асуудлыг авч үзнэ. Малчид махаа зах зээлийн ханшнаас харьцангуй хямд худалдаалж, ченжүүдэд зуучилсан нөхдүүд нь илүү ашиг хүртэж байна. Үүнд төрийн бодлого дутагдаж байна. Гуравдугаарт, малчид орон нутагтаа сайхан амьдармаар байна. Энэ боломж нөхцөлийг бүрдүүлэх шаардлага хэдийнэ бий болчихлоо. Ганц үхрээ муулаад л ачаад ирдэг, ченжүүд нь үнэгүйдүүлсээр хүссэн үнээрээ авдаг байдал хэдий хүртэл даамжрах ёстой вэ. Угтаа 21 аймаг тус бүртээ махны үйлдвэртээ болмоор байна. Одоо ажиллаж байгаа махны үйлдвэрүүд нь дандаа хятад эзэнтэй, тэд ченжүүдээсээ ч дор байна. Зах зээлийн ханшаараа нэг сая 500 мянган төгрөгт хүрэх үхрийг 500 мянган төгрөгөөр л авна гэдэг. Үүнд ямар ч ахиц харагдахгүй, малчдын амьдрал улам унаж байна. Энэ махны үйлдвэрийг ямар бодлогоор хийсэн болохыг би ойлгохгүй байгаа. Малчдаа дэмжээд зогсохгүй, түүхий эдийг нь боловсруулах боломжийг энэ чиглэлийн үйлдвэрт олгож байх учиртай юм. Ийм боломжийг нь нээж өгч малчид сэтгэл дундуур буцдаг асуудлыг л цэгцэлмээр байгаа юм. Малчдыг дэмжсэн бодлого байх зайлшгүй шаардлагатай. Мал үл хөдлөх хөрөнгө шиг баталгаатай хөрөнгө биш шүү дээ. Зуд зурхан, салхи шуурга гээд байгалийн давагдашгүй хүчин зүйлд мал, малчид хоёулаа эрсдэлд ордог. Гэлээ ч тэд энэ бүхнийг үл ажран нийслэлчүүдээ эрүүл эко бүтээгдэхүүнээр хангахын төлөө зүтгэж байна. Одоо төр засаг анхаарах цаг болсон. Дөрөвдүгээрт, бэлчээрийн асуудалд анхаарах хэрэгтэй байна. Төр засгаас зохицуулалт хийж байгаа нь энэ гээд бэлчээрийг нь хувьчилж болохгүй. Жилийн дөрвөн улирал өнөөх алга дарам газартаа л суурьшиж байна гэдэг малын ашиг шимд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг бодож үзэх ёстой. Нүүдлийн мал аж ахуйн арга барил, өв уламжлалыг алдагдуулчих л юм бол бэлчээрийн мал аж ахуй биш болчих нь. Төвийнхөнд авчирч өгдөг эрүүл хүнс үгүй болно. Хэрэв би сонгогдоод гараад ирвэл ийм дөрвөн асуудлыг хөндөнө, олон асуудал руу үсчиж сарнихгүй. Энэ асуудлуудыг зөв голдиролд нь оруулчих юм бол надад тэнд суугаад байх шаардлага ч байхгүй. Эдгээрийг шийдчихвэл би алтан тууртынхаа бэлчээр дээр адууны тургианаа сонсоод суухыг илүүд үзнэ. Би угаас тэр монгол ахуйдаа хайртай юм.

-Бөх, дуучид, уяачид УИХ-ын гишүүд болоод ажил хийдэггүй гэж шүүмжлэгддэг. Таныг ч гэсэн энэ шүүмжлэл дагаж байгаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Хүмүүс өөр өөрийнхөө өнцгөөс л харж байгаа байх. Ах, дүүсээрээ нийлж төр засгаас идэж, уух нь гэж ярих нь ч байна. Би буянт малынхаа хүчинд өөрийнхөө амьдралыг аваад явчихаж байна. Хүнээс илүү гарсан зүйл алга, дутаж хоосон хоносон ч юм алга. Малчин хүний жишгээр л амьдарч байгаа.

А.Сүхбат гишүүн болж ажиллалаа. Манай удмаас төр түшилцэж байсан хүн миний мэдэхийн байхгүй юм. Харин жанжин, армийн томоохон генералууд байсан. Ээжийн талынхан номын хүмүүс юм. Дээр хэлсэнчлэн А.Сүхбат бид хоёр өөр өөрийн чиг зам, үзэл бодол, итгэл үнэмшлээр л явж байна. Тэр хүний амьдрал, хувь заяа, зам жим тусдаа. Харин тэр хүний ажил, амьдралтай намайг уях нь бодох ёстой асуудал. Ямар ч монгол хүн үүнийг ойлгоно шүү дээ.

-Түүнтэй адил бусад уяач, бөх, дуучидтай ч холбож тайлбарлах хэрэггүй гэж хэлэх гээд байна уу?

-Тийм. Нөгөөтэйгүүр би малчдын төлөөлөл болж гарснаар бусад салбарын төлөөллийг хаасан зүйл байхгүй. Би монгол ахуйгаа хадгалсан, Монголыг Монголоор үлдээх малчдынхаа төлөөлөл болж оръё гэж бодож байгаа юм. Зорилго нь энэ. Түүнээс биш надад бусад хүмүүсийг “Чи ийм мэргэжилтэй байж боль, Харин чи яв” гэх ухамсар байхгүй. Яах вэ дээ. Хүн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэг. Ард түмэн сонголтоо хийг л дээ. Намайг сонгохгүй байсан ч болно шүү дээ. Би гомдохгүй. Харин би үзэл бодлынхоо төлөө дуугарч, явж чадсан. Намынхантайгаа хамтарч шударга үнэнийг бий болгоё, малчдынхаа амьдралыг сайжруулъя л гэж байгаа юм. Малчид бол үнэхээр эмзэг салбарт ажилладаг хүмүүс. “Баатар хүн нэг суманд, баян хүн нэг зуданд” гэдэг үг бий. Ийм л эмзэг салбарт ажилладаг хүмүүс нь малчид. Нэг зуд, ган болоход л малчид малгүй болно. Зуданд нэрвэгдсэн малчид хотод ирж, тэрэг түрж, бүр ядрахдаа хог түүж байна шүү дээ. Би үүнийг л хэлээд байгаа хэрэг. Малчин ард түмний тогоонд хамт яваа хүн нь би шүү дээ.

-А.Сүхбат гишүүнд малчдын бодит нөхцөл байдлыг хэлж, хууль эрх зүйн талаас нь анхаарах хэрэгтэй талаар ярилцаж байв уу?

-Нэг ч удаа хэлж байгаагүй. Тухайн хүн өөрийнхөө үзэл бодлоор өөрийгөө аваад явчих хуулийн этгээд. Алдаж, оноход нь ч тэр энэ гээд байдаггүй. Амьдралын шаталбар ийм цаг үе дээрээ л явж байна. Бид тус тусын үзэл бодолдоо хатуу байдаг юм. Өдий насны хүмүүсийг хэн сургах юм, хэн нь хэндээ юу гэж хэлэх юм. Өөрийнхөө ертөнцөөр амьдарч байгаа хүнд миний ертөнцөөр амьдар гэх нь утгагүй шүү дээ. Бие биеэ л дааж амьдарна. Мэдээж багад нь ахын хувьд хэлж ярьж байсан нь бий. Гэлээ гээд одоо тэрэн дээр дэмжээд, туслаад өгөөч, УИХ-ын гишүүн юм чинь энэ асуудлыг шийдээч гэдэггүй. Ингэж хандсан нэг ч удаа байхгүй.

-Та хоёр нэг тойрогт өрсөлдөх нөхцөл бүрдэх нь. Энэ ч бас асуудал биш үү?

-Харж байгаа биз дээ. Ямар нэгэн зүйл дээр санал бодлоо хуваалцаж, нягтардаггүй болохоор л өөр, өөрсдийнхөө замаар явж байна. Тиймдээ ч нэг тойрогт өрсөлдөх нь байна. Үнэн нь ерөөсөө энэ. Энэ хүнд ард түмэн дүнг нь тавина. Надад ямар ч дүн тавьж болно. Би чадаж ч болно, чадахгүй байж ч мэднэ. Гэхдээ би өөрийнхөө үзэл бодлын төлөө явна. Тэгээд л боллоо. Нутаг орныхонтойгоо уулзаж, ярилцлаа. Намынхаа үзэл баримтлалыг танилцууллаа. Нутаг орныхон маань надаас хүлээлттэй болчихлоо.

Би шударга ёсыг тогтоох, Монголын ард түмэн газрын баялагтаа эзэн болох ёстой гэдэг үзэл бодолд нэгдсэн. Энэ зарчмаасаа би ухрахгүй. Хамаатан саднаараа улс төрд орох нь гэж ярьцгааж л байг. Энэ надад хамаагүй. Би өөрийнхөө үзэл бодол, чиг шугамаас хазайхгүй явна. Хүн болж төрснийх, малчин ард түмний дунд амьдардаг хүний хувьд тулгарч буй асуудлыг нь шийдвэрлэчих юмсан л гэж хүсч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *