Categories
мэдээ цаг-үе

“А”, “Б”-ээрээ ялгараагүй, “70-аад он”-ы арвынхан

Булган аймгийн Хялганат тосгон. “Олимп” амралт 2018.07.31

Манай ангийнхан анх 1968 оны намар эрдмийн мөр хөөнө гэсэн тэмүүлэлтэй, Булган аймгийн ХутагӨндөр, ХишигӨндөр, Сэлэнгэ, Сайхан сумдын найман жилийн сургуулиудыг дүүргэсэн хөдөөрхөг, аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн наймдугаар ангийг төгссөн төвөрхөг угшилтай 60 гаруй охид, хөвгүүдийг цуглуулан хоёр бүлэгт хуваан, эрэмбэлсэн үсгийн эхний хоёроор хаяглаж, эмхэлсэнээр бүрдэл болж билээ.

Ангийн маань “А” хэсгийг, алтан медальтай сургуулиа дүүргэсэн Алимаагийн маань аав, алгебрийн Н.Дашдэлгэр, “Б” хэсгийг хурдан шалмаг хөдөлгөөнтэй, хувилахуйн ухааны Д.Цэрэн гээд эрдмээрээ гайхуулсан багш нар дааж, үрээ гэх эцгийн сэтгэл, үүргээ гэх багшийн зүтгэлээр зүглүүлж, чиглүүлж өгсөөн. Суралцаж төгссөн төрөлх сургууль маань 1924 онд Түшээт хан аймгийг, Богд хан уулын аймаг болгон Богд хан уулын аймгийн Булган хан уулын хошуунд тэнхим байгуулагдсанаар нь тулгаа тулан галаа ноцоож, 1925 онд 20 сурагч, хоёр багш, хоёр ажилчинтай үүдээ нээж үйл ажиллагаагаа эхлээд өргөжин тэлж, өнөржин үржсээр П.Е.Щетинкиний нэрэмжит Нэгдүгээр бүрэн дунд сургууль гэх авьяас билгийг ундруулагч, алдар цуутныг төрүүлэгч эрдмийн уурхай, эрлийн хөтөч болсон алдартай сургуулийн 19 дэх төгсөгч болсондоо бид ч таатай, ачийг хариулах, нэрийг нь сэвтээх гэм хийхгүй гэсэндээ ажил, мэргэжилдээ “А” нь байх гэж мэрийж л явцгаана.

Биднийг сургуулиа төгсөх үед их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг орон нутагт нь авах журам гараад удаагүй, конкурс гэдэг шалгалтыг хол явахгүй, хонхортоо өгч эхэлсэн үе байсан. Тэр жил төвөөс ирсэн 30 орчим хуваарийг шалгалтад нь тэнцэж оноог хангасан бидний зарим нь томилолтоо гардаж замаа заалгасан бол үлдсэн хэд маань бараг бүгдээрээ адилгүй цаг хугацаанд сургууль ном дүүргэцгээж, бүгдээрээ л, ажилдаа “ас”, амьдралдаа “босс”ууд болцгоожээ.

…Салаа замнах нь хорвоогийн жам

Санан дурсах нь хүмүүний зан

Ойртож дотносох нь учралын үр

Ойлголцож нөхөрлөх нь ухаарлын ур … юм болохоор цагийн аясаар “намынхаа даалгавар, эх орныхоо дуудлага”аар хэрэгцээт газарт нь хэрэглэгдэхүүн болон очоод ажиллаж, амьдарч байв.

2010 он. Улаанбаатар хот

Эхний хэдэн жилдээ ч “танай”, “манай” гэлцэж, тааралдах үедээ дохилцож явсан ч ухаан тэлээд, учраа олоод ирэхээрээ талсахаа татаж, “А”, “Б”ээрээ ялгарахаа болиод, хаа сайгүй өрнөсөн ардчиллын давалгаа түгэн дэлгэрч ангилан ялгах зарчмыг халахтай “ангижав”ууд бид санаа нийлж, аймгийнхаа хэмжээнд 63уулахнаа (30 банди, 33 охин) ав адилхан 10 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн “70 оныхон” гэж тохиролцоод энэ тэр гэж ондоошихгүй, эвээ гагнаж, амьхандаа боловсорч, эрдмийн оргилын бэлд нь тонгочиж, бэлчээрт хүрэх гэж сарвалзаж байсан үеийнхээрээ үерхье гээд “манай” гэсэн хаяганд санаа нэгдэн хамарч, сүүлийн хэдэн уулзалтууд маань сайхан болсон.

Бидний дундаас шинэ үхэр, “Сэлэнгэ үүлдэр” бүтээлцсэн Төрийн соёрхолт зоотехникч О.Мэдэхгүй, төгсөөд л төрийн албанд хоёргүй сэтгэлээр гуйвалтгүй зүтгэсэн, зүйрлэж жишвэл “генерал”ын энтэй, Монгол Улсын төрийн захиргааны тэргүүн зэрэг, тэргүүн түшмэл цол, зэрэгтэн Ш.Бүүвэйбаатар, нийслэлийн санхүү, нийгмийн даатгалыг нэлээд хэдэн жил залж захирсан, санхүүч Д.Гонгор, Улаанбаатарынхаа байгалийг удаан жил хамгаалж эвийлсэн, усжуулахын Л.Лувсандаваажав, анагаахын шинжлэх ухааны доктор, клиникийн профессор эмч Д.Алимаа, салбартаа “тэргүүний”дэж, самбарт заларч, сайшаалаар булуулж явсан “ургаа” модны ой зүйч Ж.Төмөрбаатар, “унагасан” модны технологич Ж.Дашням, худаг усны Д.ПүрэвОчир, хайгуул шинжилгээний Л.Базарсад, Ильичийн гэрлийг энд тэндгүй түгээсэн, эрчим хүчний Н.Жамбалсүрэн, Д.Бадамгарав, Ж.Алтангэрэл, нефть хангамжийн мэргэжилтэн, дипломат албаны дадалтан, улс төрийн зүтгэлтэн С.Дашдондог, “машин зүйч” Б.Нямаа, мал зүйч Ж.Дулмаа, Д.Мягмар, “шатах тослох”-ын Д.Цэгмид, аймаг сумуудад сургууль захирсан, ардын хүүхдийг эрдэмд хөтөлсөн ачит багш Б.Давааням, Г.Батсайхан, Д.Хишигбадрах, Д.Лхагваа, Д.Сүнжидмаа, Д.Хандсүрэн, Ж.Янжмаа, Б.Бүдбазар, С.Хорлоо, Г.Сэрд, Н.Бямбасүрэн, Д.Мягаа, Ж.Оюун, Г.Цэцгээ, Д.Тавхар, Н.Алгаа, цэргийн хурандаа, цаначин тамирчин Ш.Баатарчулуун, Ж.Оюунбат зэмтэн гэмтэнг ялган ялладаг, шүүгч Х.Оюунсүрэн, зөрүү бурууг нягтлан шалгагч, нямбайлан тооцогч П.Пүрвээ, М.Гомбосүрэн, Н.Оюумаа, С.Жавзандулам, Г.Чанцал, С.Баасансүрэн, эрүүлийг хамгаалахын Ц.Хайрии, П.Доржпагма, ая тухыг хангах гэж ахуйд нь үйлчилсэн Н.Чулуунбат, түмний төлөө сэтгэлээ зольсон, төр засгийн ажилтан Д.Дугар, Н.Пүрэвсүрэн, П.Эрдэнэбат, уйгагүй хөдөлмөрч, улсын аварга ногоочин Г.Дорж, Д.Тогоо, утсан шаглаач Г.Уранцэцэг, уран үйлч Л.Дашдулам, ээрмэл, нэхмэлийн Б.Шуураа, урлагийн авьяастан Ж.Жагварал, уралдвал түрүүлдэг, тамирчин Г.Төмөрбат, арга, эв сайтай, ахмадын дарга Г.Лхагваа, ааль намуун, ажил хэрэгч Н.Хишигсүрэн, агаарын хөлгийн Ш.БатЭрдэнэ, “Осолгүйн манлай” Т.Гонгор, оюун түгээгч О.Гүнчин, “Сайхан” нутгаа сахиж суугаа Ч.Тогтоо… гээд олон олон найз нарынхаа энгэр чимж, төрийн олгосон “металл цэцэг”үүдээр нь, эзэмшсэн мэргэжлийн онцлог, эрхэлсэн ажлын амжилтаар нь, нутаг усаа гэсэн сэтгэлээр нь бахархаад, овойлгон тодотгож, товойлгон магтмаар байна.

Бид “эрийн цээ”, “эмийн эн”-д хүрэх гэж ирэх хугацааг хүсэн хүлээж, ирээдүйн сайханд тэмүүлж байсан нь саяхан мэт санагдавч өдгөө хагас зууныг ардаа орхиж, 70аад насны хаалга тогшоод цагийн хүрдээ арга нь олдвол арагш нь ухраачих юмсан хэмээн алиалж суух нь насны намраа үдэж өтлөхийн өвөлтэй уулзах гэж байгаа хэрэг.

Сурагч насыг үдсэн сургуулийн мөнгөн хонхны жингэнээ нь он оныг өртөөлөн одсон ч өнөөг хүртэл өр зүрх, өөдрөг сэтгэлд цангинасаар байх.

Юм учиртай, сум гичиртэй гэгчээр:

Ангийн маань зарим нь

Ааль хөнгөн насандаа

Ассан дурлалаа бадраалцаж

Амраг сэтгэлээ нээлцэж

Айл гэр бололцож

Амьдралын суварга босгосон

Ш.Бүүвэйбаатар Д.Алимаа, Ж.Төмөрбаатар Д.Сүнжидмаа гээд “баатар” болоод “маа”нууд азай болтлоо хослон амьдарч, жаргаж л сууна. Цаг хугацаа эргэж буцахгүй элэн одохдоо гэнэн насыг минь гээгдүүлж, ертөнцийг тэмтэчсэн егзөр санаатан, үзсэн сонссон үлгэрлүүлэх санаатай, сургаал айлдсан өвөө, эмээ нарыг үлдээдэг боловч хүүхэд насны гэгээн цайлган төрх, гэнэн аашаараа л нэг нэгнийхээ сэтгэлд мөнхөрдөг юм байна.

“Дурсамж дурдатгал бол тухайн цагийн гэгээн толь. Өмнөх үеэ тойлсон хүн юм юмтай хоцордог” гэдэг болохоор дурсамжаа сэргээж, намтар баяжуулах найдвартай зам нь үе үеийнхний уулзалт, чөлөөт хөөрөлдөөн байдаг бололтой. Ажил амьдралын баян түүхээ, адал явдлын гүн дурсамжаа, хүүхэд насаа, хөглөсөн будилсанаа сэргээн хөгжилдөж, арван наймтны гэнэхэн үеэ, далаад настны егзөр ухаанаар цэгнэн жинлэхэд, нас нь өндөрсөж, намтар нь зузаарсан хүмүүст хүүрнэх ярианы сэдэв нь арвин, хундаганд дайсан үг нь ашдын ерөөлтэй, амгалангийн билэгтэй байх юм. Уулзахаараа эргэж дурсах мэдрэхүй илт сэргэж, ойр ойрхон уулзалдаж ойр холын сонин онигоо мэт дурсамжаа ам булаалдан хүүрнэлдэх хүсэл төрөх, хүүхэд насаа санагалзах, хөгжөөнт мөчүүдээ дурсах дуртай болох нь ахимаг хүмүүний араншин. Нутгийн гүүш Д.Урианхай гуайн шүлэглэсэн,

… “Элээдэггүй хорвоод, мөнхөрдөггүй заяанд

Эртний билгээр учирч, нарны гэгээ хуваалцсан”…бид

… “Санаа алдахад л сэтгэл хөнгөрдөг

Сайхан нас минь хөтөл давж байгаа”… үедээ хааяа хааяа цуглаж уулзалдан санаанд ургаж, уяралаар ивэлсэн гэгээн бодол дурсамжаа ичихээ умартан, илчилж асгах амттай агшин хааяа хааяа тохиож байх таатай. Тэгээд л,

…Томоогүй насаа дурсах гэж ирлээ

Томчуудын дэргэдээс сэмхэн холдох гэж ирлээ…

…Байгаа байхгүйн зовлонг мартан

Бага настайгаа нэг уулзах гэж ирлээ….

…Үнэнчийн тангараг шиг сэтгэл нь ариун

Үүрийн туяа шиг хүүхэд насандаа

Өхөөрдөн хайрлан эргэж ирлээ. ..

Ангиараа бид ирлээ…гэсэн Б.Энхтуяа найрагчийн шүлгийн мөрүүдийг санагдуулан ирцгээж, хуучилцгаана. Энэ замнал, заншлыг ч бид тойроогүй, туулаад л явж байна.

Идэр залуухан, ирлэсэн тонгорог шиг хурцхан үедээ ажлын амт, амьдралын шаардлагад сатаараад, цаг элээж, мөрөө хөөгөөд явдгаас салшгүй найзууд л уулзалдаж, салгуу хэсэг нь хаа нэг тааралдах төдий сургийн чимээтэй, арван жилийн багцаатай уулзалтын зартай л явцгаажээ. Алхаа аажуурч, амьдрал тэгширч, ажилд туршлагажаад ирэхээр бага насаа дурсамтгай, байсан үеэ яримтгай болж, “Нэг ангийнхан”аа эргэн дурсаж, эв таарвал уулзаж хуучлахсан гэх сэдэл нь сэдэрдэг юм даг аа. Харин одоо уулзалтын зайгаа ойртуулж арваа тав, таваа 23 жил болгон багасгаж, ойрхон ойрхон олон удаа болгож, зохион байгуулалтаа чанаржуулан, хариуцах эзэн, харгалдах газраа сонгон, ууж идэхээсээ сууж хөөрөлдөх нь ихсэж дээ. Энэ жилийн уулзалт товлосон газраа тухайлсан хугацаандаа уул, ус тэгширсэн байгалийн үзэсгэлэнт газар, Хялганат тосгонд болж энэ нутагт олон жил идээшин сууж, аж ахуйүйлдвэрлэл, ардын боловсролоос өгсүүлээд засаг төрийг нь хүртэл тэргүүлэн зүтгэл, сэтгэлээ шингээж явсан Төмөрөө, Сүнжээ хоёр маань гардаад, хаяа залган суудаг Ингэтийн Давааням, Янжмаа, Эрдэнэтийн Пүрэвсүрэн… гээд энэ хэд маань гар, сэтгэл нийлээд гайхамшигтай зохион байгуулж, зочин болж залагдсан биднийгээ сэтгэлийн таашаалд автуулж, эмгэрэх өвгөрөх насыг эргүүлчих шиг санагдсан. Ажлын шаардлага, амьдрал, ахуйн шалтгаас хамаараад нэлээд маань ирж амжаагүй ч тэднийгээ үгүйлэн “Тэр хэд маань ирсэн бол” гээд үгээр ташуурдан, инээдээр булж сууцгаасан даа. Бас хорвоогийн жамыг сөрж эс чадахаас хойш, цагийн саалтаар бидэндээ нэр, дүрээ үлдээгээд бурхны орондоо буцсан тэднийгээ гашуудал, харамслын үгээр дурсаж байлаа. Дайраад ирэх, аваад явах жам тэр л юм чинь. Ер нь “Манай ангийнхан” чинь,

…Биеэ даасан амьд ертөнц

Билиг аргын сав ертөнц

Бичил орчлонгийн бяцхан одод.. гэж давраачихаад,

…Тавиад оны “төл”одод

Далан оны “төгсөлт” одод

Дал руу авирсан “архаг”одод.

Алдар нэртэй “бурхи”одод

Аяндаа бөхөх “хүн” одод…гэж дарсхийгээд,

…Цаг үедээ асч цацарсан

Цар бяраараа алдаршиж гялалзсан

Тэрсэлдэх дайсан, хажиглах хөршгүй

Тэнгэрийн “луу”, лусын“могой”-нууд…

…Хүсэл зоригоор хийморилож

Бүтээхийн оргилд мацжээ

Нас намбаар хойморлож

Бурхадын суудалд заларна. “Миний ангийнхан” гэж… тайвшруулъя.

Бид чинь хоёр зуун дамжих он цагийн, хоёр нийгэм солигдох хувьсал хөгжлийн амьд гэрч болсон онцгой үеийн, сондгой хувь заяатай хүмүүс бололтой.

Энэ булангийн бичвэрээ түмэнд түгэж, сэтгэлд хоногшсон ангитай, бас багштай хүүхэд, настан бүрийн сайн мэдэх,

“…Хүүхэд гэдэг сонин байдаг ч

Хүний чихэнд сонин дуулдана

Наадаж өссөн багын нөхөд минь

Насаараа нэгэндээ ангийн хүүхдүүд..” гэх дууны үгээр өндөрлөв. Насаараа бид нэг ангийнхаан.

Ангийн анд Л.Базарсад

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *