Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А, Б бүс рүү автомашинуудад тусгай наалт нааж, дугаарын хязгаарлалтаар нэвтрүүлнэ

Нийслэлийн авто замын хөдөлгөөн энэ сарын 10-наас хойш эрчимтэй нэмэгдэж, хичээлийн шинэ жил эхлэхэд ачаалал оргил цэгтээ хүрдэг байна. Иймд есдүгээр сарын нэгнээс өмнө авто замын түгжрэлийг шийдэх зорилгоор Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын авто замыг А, Б, С бүсэд хувааж, хөдөлгөөний зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа билээ.

А бүс нь хойшоо Бага тойруу, урагшаа Шангри-лагийн зам, Багшийн их сургууль, Цэцэг төв гэж тодорхойлсон. Б бүс нь Баянбүрд, 100 айл, Сансрын тойрог, Баруун дөрвөн зам, Зүүн дөрвөн зам, Өгөөжийн уулзвар, Нарны зам, “Нарантуул” зах руу орох зам байхаар төлөвлөсөн. Уг хил хязгаарт хөдөлгөөний нийт ачааллын 70 хувь ногддог аж. Анх А, Б бүсэд татвар, торгуулиа төлсөн, улсын үзлэгт орсон тээврийн хэрэгсэлийг тэгш сондгойгоор дугаарлан хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн.

Тэгвэл энэ байдлыг арай зөөлрүүлж, А бүсэд тэгш сондгойгоор нэвтрүүлэх, Б бүсэд одоо байгаа дугаарын хязгаарлалтыг мөрдөхөөр ярилцаж буй аж. Мөн А, Б бүсэд 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй. Торгууль, татвараа төлсөн, улсын үзлэгт орсон автомашинуудын хувьд тусгай наалт наана. Энэ нь өмнө үзлэгт орсон автомашинуудад нааж байсан наалттай ижил гэдгийг хэлж байна. А, Б бүсийн хувьд зогсоолын асуудлыг яаралтай шийдэхээр ажиллаж байгааг Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хэлж байна. Тухайлбал, А бүсэд 750 гаруй зогсоол албан ёсоор байгаа ч 3800 автомашины боломжит зогсоол бий аж. Энэ бүх нөөц бололцоог ашиглана. Мөн зогсоолыг төлбөртэй болгосноор байнгын сэлгэлт хийгдэнэ. А, Б бүсээс хамаарч зогсоолын төлбөр ялгамжтай байна. Нэг зогсоол дээр бүтэн өдөржин автомашинаа орхивол дунджаар 10 гаруй мянган төгрөгийн төлбөр гарна.

Хүн өдөр бүр зогсоолд ийм хэмжээний мөнгө төлөөд байх бололцоогүй тул автомашинаас аль болох татгалзах гэнэ. Тиймээс зогсоолын хүртээмжийг хангалттай шийдэгдэх бололцоотой гэдгийг хэлж байна.

Нийтийн тээврийг богино эргэлттэй болгох асуудлыг төлөвлөж, 3-5 минут тутам явах зохицуулалтыг бий болгосноор автомашингүй байсан ч А, Б бүсэд түгжрэлгүй, богино хугацаанд зорчиж төлөвлөсөн ажлаа амжуулах бололцоотой гэдгийг хэлсэн. Мөн шинээр гарч байгаа Zone буюу Бүс тэмдэгийг жолооч нар мөрдөнө.

Хотын замыг бүсчлэхтэй холбоотойгоор зорилгыг мушгин гуйвуулах, улс төртэй холбох, хөрөнгө чинээгээр нь ялгалаа гэх зэргээр эсэргүүцэх явдал их байгаа. Тэгвэл дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдал үүссэн гэдгийг иргэд ойлгох нь чухал болохыг албаны хүмүүс хэлсэн. Тодруулбал, жилийн дараа нийслэлийн авто замын хөдөлгөөн тэг зогсолтод хүрэх хэмжээнд тулжээ. Үүнийг олон улсад авто замын сүйрэл гэж нэрлэдэг байна. Зарим хүн авто замыг өргөтгөж, гүүр барих, олон салаа болгох зэргээр дэд бүтцээ сайжруулах шаардлагатай гэж үздэг. Өнөөгийн нөхцөлд Улаанбаатар хотын төлөвлөлтөөс хамаарч замаа өргөтгөх боломж хязгаарлагдмал аж. Нөгөө талаас сар бүр 5-8 мянган автомашин хөдөлгөөнд шинээр оролцдог. Үүний ихэнх нь нийслэлийн дугаартай байгаа. Гэтэл сар бүр нэмэгдэж байгаа ийм хэмжээний машинд зориулж, тэдний хурдыг гүйцэж дэд бүтэц буюу авто замаа шийднэ гэдэг боломжгүй аж. Улаанбаатар хотын авто замын ерөнхий сүлжээ нь 349 мянган хүн амтай, 10 мянган автомашинтай буюу хүн амын ердөө гурав орчим хувь нь автомашинтай байхаар 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан аж. Хотын хүн амын даац дээд тал нь 400–500 мянга байхаар тооцоолсон байдаг. Тэгвэл энэ даац хэд дахин өссөн байна. Түүнчлэн, зам тээврийн эрэлтийн хэтийн төлөв 2030 он хүртэл одоогийн замын сүлжээг өргөтгөхгүйгээр ашиглах буюу арга хэмжээ авахгүй байх хувилбараар үзэхэд, зорчилтын тоо 2011 оноос 2030 онд бараг хоёр дахин өсч, зам тээврийн эрэлт 3.1 дахин өсөх тооцоо байгаа аж. Энэ бүх тоо нь автомашины хязгаарлалтыг тогтоохоос өөр гарцгүй гэдгийг харуулж байгааг хэлсэн.

Ер нь нийслэлд авто замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн 79 хувь нь нийт төлөвлөсөн ажлынхаа 36 хувийг л амжуулдаг байна. Авто замд түгжирнэ. Зорьсон газраа очсон ч зогсоол хайж 15-30 минут тойрдог байна. Тухайлбал, хамгийн их үйлчилгээний төв төвлөрсөн 3, 4 дүгээр хорооллын авто зогсоолын 70 хувьд нь тухайн төвд лангуу ажилуулдаг, үйлчилгээ үзүүлдэг хүмүүс өглөө ирж машинаа тавиад бүтэн өдөржин орхидог аж. Мөн 0.8 хувь нь хувийн авто машинаа байлуулж, дотроос нь худалдаа хийдэг байна. Ингээд үлдэж байгаа багахан зогсоолд үйлчилүүлж буй иргэд автомшинаа байрлуулахад хүрэлцдэггүй байна. Мөн 1000 автомашин тутмын 300-400 нь “халтуурчид” хувиараа такси эрхлэгчид байдаг аж. Тэд хүн хайж, дуртай замаараа өдрийн турш явдаг. Энэ нь хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болдог байна. Энэ мэтээр авто замын бүсчлэл тогтоож, ялгавартай нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий аж. Ер нь дэлхийн томоохон хотуудад ийм бүсчлэл хэрэгждэг байна. Тухайлбал, 2010 оны сүүлээр Бээжин хот замын хэт ачааллыг зохицуулахын тулд сард 20 мянга хүртэлх автомашинд дугаарын хязгаарлалт хийх, зам ачаалалтай байх цагаар Бээжин хотыг тойрсон тойрог замаар Бээжингийн бус дугаартай машинуудыг оруулахыг хориглох арга хэмжээ авчээ. Мөн Швед улс хамгийн их түгжирдэг цаг, замын хэсгээр нэвтрэн өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг уншуулах замаар түгжирлийн төлбөр тооцдог байна. Ингэснээр төлбөрийн чадваргүй иргэд өөр цаг хугацаа, өөр зам сонгож, тухай замын ачааллыг бууруулдаг ажээ. Шведэд автомашиныг бүсчилсэн байдлаар хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан эхний өдрөөс машины тоо 20 хувь буурсан байна. Туршилтын өмнө иргэдийн 70 хувь нь эсрэг саналтай байсан бол туршилтын дараа 70 хувь нь дэмжсэн санал өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *