Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: Халдвар судлагч мэргэжил бол эрүүл мэндийн байгууллагын “мөрдөн байцаагч” юм

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаатай ярилцлаа.


-Коронавирусийн халдварыг ард иргэдийн дунд тараахгүйн тулд та бүхэн жил гаруй, зогсоо чөлөөгүй ажиллалаа. Энэ хугацаанд дотооддоо халдвар алдалгүй, барьж чадсан тоотой улс орон үлдсэн болов уу?

-Шалтгаан нь тодорхойгүй амьсгалын замын энэ өвчлөл орж ирэх эрсдэл тухайн үед манай улсад дунд, дэлхийн бусад орнуудад бага үнэлгээтэй гарсан. Улмаар улсын хил гаалиар нэвтэрч буй иргэдэд хяналт тандалт явуулах, эрүүл мэндийн асуумж авч биеийн байдлыг хянах, нийт эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангахад анхааръя гэсэн асуудлыг төр засагтаа дуулгасан юм. Үндсэндээ энэ ажиллагаа нэгдүгээр сарын 8-наас идэвхжсэн гэсэн үг.

-Таны хувьд цар тахлын мэдээллийг өглөө бүр цаг алдалгүй 11 цагт хүргэнэ, өвчний тандалт судалгаа явуулна гэх мэтчилэн нэлээд ачаалалтай ажилладаг байх?

-Энэ олон хүний биеийг хянаж, өвчлөл гарсан үед хавьтлыг нь судлах зэргээр маш нарийн хэмжээнд ажиллана. Миний хувьд өглөөний 07 цаг 30 минутаас оройн 22 цаг хүртэл ажилладаг. Хэрэв 40-50 хүн өвдсөн бол нэг бүрчлэн хүн тус бүр дээр тандалт судалгаа хийнэ гэсэн үг. ХӨСҮТ-д одоо боть ном шиг том судалгаанууд гарч байна. Жишээлбэл, Францын иргэн хамгийн анхны тохиолдол болж бүртгэгдэхэд, түүнийг хаагуур явсан, ямар дэлгүүр орсныг нь хүртэл цагдаа, тагнуултайгаа нийлээд мөрдсөн. Тэгэхээр цагийн хуваарь шахуу, хаашаа ч илүү гарах зав гарахгүй байна. Бүтэн сараар яваад өгөх боломжгүй учраас одоо 14 хоногоор ээлжилж амарч байгаа. Зөвхөн Улаанбаатар хот ч биш, 21 аймгийнхан бүгд биднээс зөвлөгөө авдаг. Үндэсний хэмжээнд ажилладаг учраас миний утас өдөр шөнөгүй нээлттэй, үндсэндээ нүсэр том тандалтын тогтолцоог удирдан зохион байгуулж байна.

-Цар тахлын үед хамгийн гол нь дархлаа чухал шүү дээ. Таны хувьд энэ ажилдаа дасчихав уу, эсвэл их ачаалал дунд ядарч байна уу?

-Хүн л юм хойно ядралгүй яахав. Гэхдээ эрүүл л байна даа, нэг ёсондоо хоол ундаа тохируулаад зөв яваад байх шиг. Ерөөс амьдралын хэв маяг, дассан орчноос шалтгаалан ачаалал даадаг болчихдог юм байна. Өдий хүртэл ажиллахдаа маш олон халдвар хордлогын дэгдэлтийг удирдан зохион байгуулж явсан. Тиймээс ч ард түмнийхээ өмнө хийсэн ажилтай, хэлэх үгтэй сууж байгаадаа бахархаж явдаг. Монгол Улсад 2009 онд H1N1 томуугийн цар тахал гарлаа гэсэн мэдээллийг лабораториос гэнэт утасдаж дуулгасан юм. Ерөөс дэлхийд гурван том цар тахал гарсан. Одоо дөрөв дэх цар тахалтай нүүр тулаад байна. Тодруулбал, 2003 онд Сарсын цар тахал, дараа нь томуугийн буюу H1N1, мөн Испанийн тахал гарсан. Одоогийн энэ тахалтай нийлээд үндсэндээ дөрөв дэх цар тахал болж байгаа юм. Энэ бүгдийг миний нас туулж иржээ. Тиймээс сурч мэдсэн бүхнээ залуу хойч үеийнхэндээ зааж сургахыг хүсдэг. Ерөөс ачаалал даах чадвар миний амьдралын хэв маяг, хэвшил болсон байна шүү дээ. Магадгүй өдий насны хүн чөлөөндөө гараад суухаар зүгээр сууж чадахгүй байх, ийм л болчихдог юм байна.

-Хэзээд ч бэлэн байх, мөнхийн манаатай эрхэм мэргэжлээ өөрийнхөөрөө тодорхойлбол?

-Халдвар судлагч эмч гэдэг үндэсний хэмжээнд цаашлаад дэлхийтэйгээ нийлж ажилладаг. Тодруулбал, олон мянган хүнийг нэгэн зэрэг халдвараас хамгаалдаг гэсэн үг. Нийгмээ хамгаалахын тулд өвчлөлийн голомтод ажиллаж, үнэлгээ дүгнэлт судалгаа шинжилгээ хийж, үр дүнг нь шийдвэр гаргагчдад дуулгана. Цар тахлын үнэлгээ хийж “яаралтай ажиллах хэрэгтэй, энэ болохгүй юм боллоо” гэдгийг ХӨСҮТ-ийнхээ удирдлага, салбарынхаа сайдад эрт танилцуулсан нь үүний бодит жишээ юм. Бид хэнээс халдвар авав, хэнтэй уулзав гэдгийг нэг бүрчлэн тодруулж ажилладаг учраас миний мэргэжил эрүүл мэндийн байгууллагын “мөрдөн байцаагч” юм. Ерөөс халдварын голомт, хүрээ хязгаарын цөмөө олоод авбал цааш тархаахгүй, эрт хариу арга хэмжээ авч, илрүүлэн тусгаарлаж нийгэм, улс орон, цаашлаад дэлхийн хэмжээнд аварна. Энэ мэргэжлээ эзэмшсэнийхээ ид хавыг харуулж амжилттай явах шиг сайхан юм байхгүй.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед танай баг хамт олон хэрхэн ажиллаж байна вэ?

-Монголын хилээр нэвтэрсэн иргэн бүртэй уулзаж хаагуур явсан, халдвар авсан уу, биед тань ямар шинж тэмдэг илэрч байна гэдгийг тодруулж, шинжилсний үндсэнд тандалт хийдэг. Одоогийн байдлаар нийт 20 мянга гаруй хүнд тандалт судалгаа явуулжээ. Жил гаруй хугацаанд хагас, бүтэн сайнд нэг ч удаа амралгүй, 24 цагаар ажиллалаа. Бид цар тахлыг дотооддоо тараахгүйн төлөө хүч хөдөлмөрөө зориулж, нийт 11 удаа эрсдэлийн үнэлгээ хийсэн. Одоо ХӨСҮТ-ийн 200 гаруй эмч мэргэжилтэн өндөржүүлсэн бэлэн байдалд цаг наргүй ажиллаж буй. Тэд маань 14 хоногт хүнээ эмчлээд, дахиад 14 хоног тусгаарлалтад ордог. Тухайлбал, манай клиникийн салбарын мэргэжилтнүүд зөвхөн батлагдсан тохиолдолтой 2-4 удаа тулж уулзаж ажилладаг. Харин тандалт болон лабораторийн хэсэгт халдвартай эсэх нь ч мэдэгдэхгүй иргэдийг тандан судалж, илрүүлэн тусгаарлах, хавьтлуудад нь арга хэмжээ авах ажлыг зохион байгуулдаг. “Дэлхийн өнцөг буланд хаа нэгтэй энэ вирус байхад ямар ч улс орон тайвширч болохгүй” гэдгийг ДЭМБ болон Номхон далайн бүсийн удирдлагууд анхааруулж байгаа. Вирус нүдэнд үзэгдэхгүй хил хязгаарт захирагдахгүй. Тиймээс манайд вирусийн халдвар гарах нь цаг хугацааны асуудал болчихоод байна. Харин хэзээ хаанаас, юу ороод ирэхийг бид таашгүй, хаалга тогшоод зогсож байгаа шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй.

-Хүйтний улиралд хаяанд ирээд байна. Амьсгалын замын энэ вирус хүйтэнд тэсвэргүй учраас халдварын эрсдэл бага гэж нэг хэсэг цуурч байсан. Тэгвэл цаг агаар үүнд нөлөөлөхгүй гэдгийг эрдэмтэд мэдээлсэн?

-Вирус харин ч хүйтэн сэрүүний улиралд идэвхждэг. Өмнө нь томуугийн 21 вирус байсан бол коронатай нийлээд одоо 22 вирустэй тэмцэх болж байна шүү дээ. Томуу болон коронавирусийн халдвар дэлхий дахиныг нөмөрсөн энэ үед Монгол Улс ганцаараа үлдэнэ гэсэн тооцоолол байхгүй. Тиймээс эрсдэлийг бодож үзэх хэрэгтэй юм. Одоо хоёр дахь давлагаа гараад “Монгол Улсад цар тахал гарчихвал яах вэ” гэдэг асуудалд төвлөрч ажиллаж байгаа. Тэр журмыг боловсруулахад салбар хоорондын байгууллагуудтай хамтарч, үндэсний хэмжээнд хэрхэн яаж ажиллах талаар журам гаргаж буй.

-Сургуулиа төгсөөд хаана ажиллаж байв?

-Би 1982 онд Анагаахын сургуулийг төгссөн. Анх сургуулиа төгсөөд Дундговь аймагт ажиллаж аймгийн ард түмнийг хамгаалдаг байлаа. Харин одоо Халдвартын клиникт 14 дэх жилдээ ажиллаж байна. Тэгэхээр 14 жил үндэсний хэмжээнд хүн ардаа халдварт өвчнөөс хамгаалах бодлого чиглэлийг боловсруулсан гэсэн үг. Тэгээд өнөөдрийг хүртэл 30 гаруй жил энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Энэ олон жил ажилласан дадлага туршлагыг өнөөдөр ашиглахгүй бол хэзээ ашиглах билээ. Энэ хугацаанд, Монгол Улсын хэмжээнд сүүлийн 14 жил бүртгэгдсэн бүх өвчлөлийн үе орж ажиллаж, тэр бүгдийг удирдан чиглүүлж ирлээ дээ. Нэгэнтээ энэ мэргэжил миний амьдрал болсон учраас ёстой нүд хөдөлж ам ангайж байсан цагт хүмүүстээ хэлэхээ хэлж, ярихаа ярьж явна. Ямар сайндаа энэ халдвар судлал гэдгийг мэддэггүй байсан чинь энэ их чухал мэргэжил байна гэж төрийн удирдлагууд, ард иргэд ойлгож ирж байна. Ямар сайндаа халдвар судлагчийн гутал цоорхой явдаг гэж дээхнэ үед ярьдаг байлаа.

-Хөгжилтэй улс орнуудыг вирусийн тархалт өндөр байгаа бол эсрэгээрээ буурай орны мэдээлэл хомс байх шиг. Энэ юутай холбоотой вэ?

-Африкийн улс орнууд мэдээллээ бүрэн бүтэн өгч байгаа эсэх, өвчлөл өндөр улс орны мэдээлэл яг бодит үнэн үү гэдэг нь эргэлзээтэй. Угаас цар тахал ард иргэдийг дунд тархаад ирэхээр тохиол болгоныг бүртгэх боломжгүй болдог. Монгол Улсад ч цар тахал гараад хүн амын дунд тархвал хүн нэг бүрийг эмчилнэ гэж байхгүй учраас тактик өөр болоод ирнэ. Тэрийгээ ч бид төлөвлөсөн. Хүн амын дунд өвчлөл гарвал өргөн хүрээний илрүүлэг хийхээс эхлээд тактик шал өөр болох юм. Ерөөс мэдээгээ өгөхгүй улсууд ч байна. Хэдэн улс орон байгааг сайн хэлж мэдэхгүй. Одоо яг мэдээллээ өгч байгаа нь 216 улс орон гээд яг өгч байна. Тэгэхээр дэлхий дээр 216 улс оронд цар тахал гарсан байхад ихэнх нь халдвар авчихна. Монгол Улс бол ёстой цаг хугацааны асуудал, хэзээ гарах нь мэдэгдэхгүй. Дархлаагаа дэмжихийн тулд дандаа бие биедээ эерэг сайхан, дархлаа сэргээх урам өгч байх хэрэгтэй.

-Урмын үг дархлаа нэмэхэд маш их тустай болов уу?

-Тэгэлгүй яахав гоё үг сонсоод, ажлыг нь үнэлээд дэмжээд явахаар хүмүүс их сайхан болдог шүү дээ. Ер нь тухайн хүний өвдөх эрсдэл өөрөөс 70 хувь нь хамаарна гэдэг. Тэгэхээр ялихгүй юманд автахгүй өөдрөг үзлийг эрхэмлэвэл эрүүл байна.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *