Categories
мэдээ нийгэм цаг-үе

А.Амарбат: Хоёр цагдаа коронавирусийн халдвар болон вакцинд хамрагдсанаас болж нас бараагүй


Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагчид коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсаны дараа амь насаа алдсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Бид энэ хэргийн талаар холбогдох хүмүүсээс тодруулсан юм. Увс аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч А.Амарбатаас зарим зүйлийг тодрууллаа.


-Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагчид коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсанаас болж нас барсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар гарсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн коронавирусийн халдварын эсрэг вакцинд хамрагдаж эхэлсэн. Уг дархлаажуултанд нийт алба хаагчдын 96.5 хувь нь хамрагдаж, үлдсэн 3.5 хувь эрүүл мэндийн шалтгааны улмаас хамрагдаагүй. Манай цагдаагийн газрын хоёр ч алба хаагч өвчний улмаас таалал төгссөнд ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Манай хамт олны хувьд ч ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан эрэлхэг залуучуудаа алдсандаа харамсаж байна.Эхнийх нь манай Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П нь биеийн байдал тааруу шалтгаанаар дөрөвдүгээр сарын 21-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт цөс, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй гэсэн оношоор хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлж байхдаа эмч нарын зөвлөгөөнөөр хоёр удаа оруулж, компьютер томографийн шинжилгээ хийлгэхэд онош тогтоогдоогүй, хоёр удаа коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авахад сөрөг гарсан.

-Аймгийн төвийн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлж байгаад хот руу ирсэн юм уу?

-Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтээд бие нь сайжраагүй тул дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр УНТЭ-рүү явсан. УНТЭ-т PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Улаан бүсээс ирсэн халуурч, бөөлжиж байсан шинж тэмдэгтэй учраас УНТЭ-т тусгаарлалтад орсон. Улмаар тавдугаар сарын 2-д УНТЭ-т байж байгаад нас барсан. Эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан тул задлан шинжилгээ хийгдсэн. Одоо шинжилгээний хариу хүлээж байна.

-Тэгвэл хоёр дахь талийгаачийн хувьд эрүүл мэндийн ямар шалтгаантай байсан юм бол?

-Хоёр дахь алба хаагч болох Л нь зүрх судасны өвчний улмаас зүрхэндээ “Стент” /тэлэгч/ тавиулах хагалгаа хийлгэж эмчийн байнгын хяналтанд байсан.Тус алба хаагч маань энэ сарын 4-ний өдөр гэртээ эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан харамсалтай явдал болсон. Тиймээс дээрх хоёр талийгаач нь коронавирусийн халдвар болон коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсаны улмаас нас бараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Хэрэв ковидын улмаас нас барсан байсан бол шууд чандарлах ёстой байдаг. Харин талийгаачдыг ном ёсоор нь нутаглуулж байгаа.

-Талийгаачдын ар гэрийнхэнтэй холбоотой байгаа юу?

-Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй холбоотой байгаа. Одоо ажил явдал нь болоод хүнд хэцүү байхад нь буруу ташаа мэдээлэл явж байгаад их эмзэглэж байгаа. Тиймээс цар тахлын үед аливаа мэдээ, мэдээллийг нягтлахгүйгээр бусдад мэдээллэхгүй байхыг хүсье.

-Танай цагдаагийн газраас алба хаагчдаа вакцинд хамрагдахгүй бол ажлаас нь хална гэж сүрдүүлсэн гэх мэдээлэл гарсан байсан. Та энэ талаар тайлбар өгөхгүй юү?

-Тийм зүйл байхгүй. Манай цагдаагийн алба хаагчид бүгд сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтанд хамрагдаж байгаа. Ямар ч сүрдүүлсэн зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Цар тахлын үед манай алба хаагчид ачааны хүндийг үүрч, хариуцлагатай ажиллаж байгаа гэю.

Н.Энхзаяа: Цагдаагийн алба хаагчийн биеийн байдал, амин үзүүлэлтүүдхэвийн байсан учир өөрийнх нь хүсэлтээр вакцинжуулалтад хамруулсан

Увс аймаг дахь цагдаагийн газрын вакцинжуулалтыг хариуцсан “Бат-Үржихүй” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Н.Энхзаяагаас тодрууллаа.


-Танай өрхийн эрүүл мэндийн төв Увс аймаг дахь цагдаагийн алба хаагчдын дархлаажуулалтыг хариуцсан байна. Тус газарт ажиллаж байсан талийгаач Б.л-ийн хувьд вакцины нэгдүгээр тундаа хамрагдахад биеийн байдал нь хэр байсан бэ?

-Манай төвөөс Увс аймгийн цагдаагийн алба хаагчдын дархлаажуулалтыг хариуцсан. Тухайлбал, би 2021 оны дөрөвдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд цагдаагийн газар дээр алба хаагч нарт коронавирусийн эсрэг Веросел вакцин хийсэн. Ингээд эхний өдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр талийгаач Б.Л гэх хүн ирээд “Зүрхэндээ стент тавиулсан юм. Вакцин хийлгэж болох уу” гэж асуусан. Тухайн үед би түүнд “Нарийн мэргэжлийн зүрх судасны эмчээсээ зөвлөгөө авч ирээрэй” гэж хэлж явуулсан. Ингээд 9-ний өдөр Улаангом сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль дээр вакцин хийж байхад талийгаач Б.Л вакцин хийлгэхээр ирсэн. Би тэр хүнээс “та эмчээсээ асуусан уу” гэхэд “зүгээр гэнэ ээ хурдан хийгээд өгчих ахын дүү” гэж хэлж байсан. Тухайн үед талийгаач Б.Лхагважавын даралт, пульс, сатурацийг үзэхэд хэвийн байсан тул тусгай программд бэлтгэсэн коронавирустай холбоотой тухайн үеийн биеийн байдлыг тодорхойлох асуумжыг талийгаачаас авсан. Нэмэлтээр амьсгаадах, зүрх дэлсэх, цээж бачимдах, зүүн гар дагасан өвдөлттэй байгаа эсэхийг нь асуусан.

-Тухайн үед ямар нэгэн зовиуртай байсан уу?

-Цээжний зүүн талд болон хөл гарын эрээн булчингууд өвдөж байгаа эсэх, ямар нэгэн зовуурь өгч байна уу гэж асуусан. Энэ бүх асуултуудад талийгаач нь “үгүй” гэсэн хариулт өгч “одоогоор надад ямар нэгэн зовиур байхгүй” гэж хэлсэн. Тиймээс ерөнхий үзлэгтээ орсон.

-Талийгаачийн хувьд зүрх, судасны өвчтэй байсан гэлээ. Биеийн ерөнхий байдал нь хэр байсан бэ?

-Талийгаачийн биеийн ерөнхий байдал сайн, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай хөдөлгөөн идэвхтэй, нүүр царайны байдал тайван, уушги чагналтаар хоёр талдаа цулцангийн амьсгалтай, зүрхний авиа тод хэм жигд, хэвлий тэмтрэхэд зөөлөн байсан.Үзлэг дуусч дээрх хүний биеийн байдал, амин үзүүлэлтүүд хэвийн байсан учир өөрийнх нь хүсэлтээр вакцинжуулалтад хамруулсан.

Вакцин хийсний дараа 30 минутын хугацаанд ажиглалтын байранд тухайн хүнийг байлгаж ажигласан. Тэр үед ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илрээгүй тул вакцин хийсний дараа толгой өвдөх, булчин өвдөх, дотор муухайрах, ямар нэгэн хөл гарын үеэр өвдөх, архаг хууч өвчин сэдрээдэг учир деклоденк, парацетамол ууж болно. Ибупрофен ууж болохгүй, халуун бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух, архи дарс хэрэглэж болохгүй халуун ногоотой шарсан хуурсан хоол хэрэглэж болохгүй гэсэн зөвлөгөө өгсөн.

-Талийгаачийн хувьд ковидын вакцины хоёрдугаар тундаа хамрагдахад биеийн байдал нь хэр байсан бэ?

-2021 оны тавдугаар 4-ний өдөр 10 цагийн орчимд талийгаач нь цагдаагийн газар дээр коронавирусийн эсрэг веросел вакцины хоёрдугаар тунг хийлгэхээр ирсэн. Би вакцины дараах хариу урвалууд ямар байдлаар илэрсэн талаар ерөнхий асуумжийг программын дагуу нэг бүрчлэн асуусан. Тухайн үед ямар нэг хариу урвал илрээгүй гэж үгүйсгэсэн. Нэмэлтээр зүрхээр хатгуулах, амьсгаадаж байна уу, хөл гарын эрээн булчингаар өвдөж байна уу, зүрхээр дэлсэж өвдөж байгаа эсэх асуултуудыг нэг нэгээр тавихад “өөр ямар нэгэн зовиур алга, нэгдүгээр тунгийн вакцинжуулалтад ямар нэгэн зовуурь илрээгүй тул хоёрдугаар тунг хийлгэмээр байна” гэж хэлсэн. Ерөнхий үзүүлэлт болох даралт, пульс, сатурацийг үзэхэд хэвийн байсан тул вакцинжуулалтад өөрийнх нь хүсэлтээр хамруулсан.

Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтын байранд сувилагч Жаргалантуул, Чимгээ нар ажиглахад сөрөг шинж тэмдэг илрээгүй. Дээрх зөвлөгөөнүүдийг дахин өгөөд явуулсан. Өөрт нь ямар нэгэн зовиур илэрсэн тохиолдолд яаралтай 103-д хандаарай гэж зөвлөсөн.

-Талийгаач зүрхний стент тавиулаад хэр удаж байсан юм бол?

-Талийгаачийн хувьд зүрхний стент тавиулаад таван жил болж байгаа гэж хэлсэн. Вакцин хийх үед зүрхний архаг дутагдлын хүндрэл байгаагүй, биеийн ерөнхий байдал сайн ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай хөдөлгөөн идэвхтэй, амин үзүүлэлтүүд хэвийн байсан ба Веросел вакцины хориглох заалтад хамаарахгүй байсан тул өөрийнх нь хүсэлтээр вакцинд хамруулсан болно.

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *