Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Дулааны шугам сүлжээний 11 Г, Д засварын ажил энэ сарын 20 гэхэд дуусаж, усаа шахаж эхэлнэ гэв DNN.mn

Дулааны шугам засварын ажил нэрийдлээр зун болгон айлуудын халуун усыг тасалдаг гэж иргэд бухимддаг. Харин хуучирсан болон олон жил болсон дулааны шугам сүлжээг солихгүй бол өвлийн улиралд халаалт хэдэн сараар зогсох, халуун усгүй болох, нэг хэсгийн шугамын гэмтлээс үүдэн магистралийн шугам бүхэлдээ гэмтэх зэрэг асуудлыг дагуулдаг байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ бий бөгөөд ихэнх нь 30-60 жилийн насжилттай байдаг байна. Энэ жилийн хувьд өнгөрсөн долдугаар сараас нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж эхэлжээ. Улаанбаатар хотын орон сууц, аж, ахуй нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх ажил хийгдэх шаардлага үүсдэг. Тиймд дулааны шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөж буй юм байна. Үүнтэй холбоотойгоор Гуравдугаар эмнэлгийн урд талын буудлаас Төмөр замын уулзвар хүртэл хийгдэж буй дулааны шугамын засварын ажлаас сурвалжиллаа. Энэ хэсэг нь 11 Г, ДФ 800 мм-ийн гол шугамыг Ф 1000 мм болгон шинэчлэн өргөтгөх ажил юм байна.

Эхлээд гуравдугаар эмнэлгийн урд талын буудлын өмнөх Дулааны шугамын засварын ажилтай т анилцлаа. “Цонбон тоосго” ХХК-ийн ажилчид хөндийлсөн газрын доорх хэсэгт угсарч бэлдсэн труба буюу хоолойнуудыг хөөсөөр дулаалж байв. Нөгөө талд нь хөөсөлсөн хэсгийг нь хоёр хүн шилэн хөвөн болох гялгар ууттай төстэй зүйлээр битүү ороож байлаа. Мөн талбайд кранаар ган хоолойнуудыг зөөвөрлөх ажлыг гүйцэтгэж харагдав.

Энэ үеэр “Цонбон тоосго” ХХК-ийн талбайн инженер Ш.Баатархүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай компани хэзээнээс ажлаа эхлүүлэв. Хэр хэмжээний газарт дулааны шугамын ажлыг гүйцэтгэж байгаа вэ?

-Бид өнгөрсөн долдугаар сарын 20-ноос дулааны шугамын засварын ажлаа эхэлсэн. Есдүгээр сарын 15нд халаалтаа тавина гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.  11 Г,Д буюу дулааны гол шугамын засварын 1.7 км газрыг зургаан компани хувааж засварлаж байна. Зургаан компаниа нэгтгэн засварын ажлыг хариуцагч толгой компани нь “Сан” ХХК. Манайх хариуцсан 280 м газрын 210 м-т нь бетон болон төмөр хоолойн угсралтыг бүрэн хийж дуусгасан. Одоогийн байдлаар дулаалгын ажил 40 гаруй хувьтай явна.

Үлдсэн нь барилга, орон сууцны орц гарц буй учир цаад компани орцоо нээчих юм бол манай ажил бүрэн үргэлжлэх боломжтой. Тиймээс 60, 70 м газрын трасс ухагдаагүй үлдсэн байна.  Ажил есдүгээр сарын 15 гэхэд дуусаж, эхний ус шахалт эхэлнэ.

-Ойр хавийн оршин суугчдын хувьд бухимдалтай байх шиг байна. Дулааны шугам хоолойг шинэчлэхэд насжилт нь ямар байдаг вэ?

-Иргэд нэг юмыг ойлгох хэрэгтэй. Бидний хийж буй систем Улаанбаатар хотын 11 Г,Д гэдэг магистриаль. 1984 онд анх ашиглалтад орж байсан. Түүнээс хойш 40 жил засвар үйлчилгээ хийгдээгүй байж байгаад энэ жилээс засвар үйлчилгээ, шугамын шинэчлэл, өргөтгөл явагдаж байна. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр өвөл ямар нэгэн дулааны доголдол гарахгүй, аж ахуй нэгж болон айл өрхүүдийн хэрэглээний халуун усны саатал үүсэхгүй, цаашид хэрэглэгч, түгээгч аль аль талд нь хүндрэлгүй, саадгүй явах шугамыг бид өргөтгөж байгаа. 11 Г, Д 800ийн диаметртай шугамыг 1000 диаметртэй болгож өргөтгөж байгаа гэсэн үг. Жил ирэх тусам хэрэглэгч нэмэгдэж байгаа болохоор шугам өөрөө ачааллаа дийлэхээ больсон. Хоёрт шугамын насжилт бараг дуусах шатандаа орж, маш нимгэрсэн тул солихоос өөр аргагүй болсныг иргэд сайн ойлгох хэрэгтэй. Ингээд сольсон тохиолдолд багадаа 30 жилийн настай тул энэ хугацаанд дахиж хөндөхгүй гэж ойлгож болно. Бидний хийж байгаа ажлыг хүндлээд тулгарсан саад бэрхшээл, орц гарцны хүндрэлтэй асуудалд жаахан хүлээцтэй хандаасай гэж ард иргэдээсээ хүсч байна.

-Засварын баг нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Техник хэрэгсэл хэр хүрэлцээтэй байгаа вэ?

-Бид хоёр сар орчим хугацаанд хоёр кран, хоёр экскэ, инженер техник болон ажилчид гэсэн 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна гэв. Зүүн тийш засварын ажлын зам дагуух “Магнаг бөс бараа” дэлгүүрт орлоо. Дэлгүүрийн эзэн ихээхэн бухимдалтай байв. Тэрээр “Энэ ажил өнгөрсөн долдугаар сарын 17-нд эхэлсэн. Түүнээс хойш хийсэн юм байхгүй. Хоёр сар шахуу боллоо. Эдийн засаг бүх юмаараа хохирч байна. Гарц ч гаргаж өгөөгүй. Бидэнд “Цомбон тоосго” ХХК-иас аль эрт мэдэгдэл хүргүүлсэн. Өнгөрсөн долдугаар сарын 15 хүртэл ажлаа зохицуул гэхээр нь зохицуулсан. Ирээд ажлаа хийе гэхэд ийм л байдалтай байна. Аль наймдугаар сард “Цомбон тоосго” ХХК хоолойнуудаа гагнаад бэлэн болгочихсон. Шороогоо асгачихвал болох гээд байгаа юм. Тэгтэл шороогоо зарчихсан сураг дуулдсан. Шороо асгаад гарц гаргаад өг гэхээр байхгүй. Төсөв мөнгөө авчихсан гээд яриад байгаа юм. Ажлаа хийж чадахгүй өдий хүртэл явлаа. Ингэж явж болохгүй. Арай дэндүү байна. Анх ухаж эхлэхдээ хөрөнгө оруулалт нь сонгуулийн үеэр алга болчихсон гэж ч яригдаж байсан. Гадаадын дарга нар ирлээ ажлаа зогсоолоо гээд бас нэг хэсэг ажил нь зогссон. Өдийд л жаахан юм зарагддаг юм. Энэ жил бүр хүнгүй сууж байна.

Өдөрт жаахан шороо авчирч асгаж харагддаг. Гомдол гаргахаар долоо хоногийн эхний өдөр багахан шороо асгаж хүн хуурчихаад яваад байдаг. Хүмүүст тусгай шороо авчирч асгадаг гэж хэлсэн байна лээ. Алттай шороо авчирдаг биш юм бол тусгай гэж юу байх вэ. “Хишиг Монгол”-ын улсууд ханддаг газар нь хандаж хэлсэн юм шиг байна лээ. Тэдний 60 ажилчин цалингүй болчихлоо гээд байсан. Манай энэ хажуу талын үйлдвэр бүр зогссон” гэлээ.

Мөн аравдугаар хорооллын урд талын автобусны буудлын тэнд “Сан” ХХК-ийн дулааны шугам засварын ажил угсралт буюу гагнуураар үргэлжилж байв. Тус компанийн гагнуурчин залуу “Голден паркийн дулааны шугам манай шугамны дээгүүр нь давхардаад явж байна. Үүнээс болж ажил их удааширсан. Хүйтэн усны огтолгоог авчихсан. Одоо ийшээ холбоход 36 метр газар үлдсэн. Зориудаар шинэ худаг хийж, Голден паркийн дулааны шугам хоолойг хуулж байна. Одоо зүүн тийш 30 метр яваад л манай ажил дуусна. Одоо шугам угсралтын гагнуурын ажлууд 90 хувьтай хийгдэж байна. Угсралтын ажил дуусахаар дулаалаад, лоттигоор таглаад, хучина. Дөрөв хоноход шугамаа холбоод дуусна байх. Манайх ажлаа эхлээд сар гаруй болж байна” хэмээсэн юм. Мөн зарим ажилчид нь хамгаалалтын тор, хашаагаа янзалж байхтай таарав.

Түүнчлэн иргэн Н “Зуны гурван сар юу хийдэг байна. Манайхан зам, дулааны шугамын засвараа зундаа хөрөнгө мөнгөө төсөвлөж, цаг хугацааг нь зохицуулж хийж болдоггүй юм байх даа. Хийж буй ажил нь зөв ч цагаа олохгүй юм. Ид сургууль, цэцэрлэг орохтой зэрэгцүүлчих юм. Үнэхээр төвөгтэй юмаа” гэж шүүрс алдан засварын ажлын хажуугаар явж одов. Ногоон байгууламжаар явахыг иргэдэд зөвлөсөн ч зарим нь шугамын нүхтэй их ойрхон ногоон торон хамгаалалтан дээгүүр нь алхаж явж харагдана.

“Сан” ХХК-ийн сантехникийн инженер Б.Мөнх-Оргил:

-Нийт зургаан компани энэ засварын ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн. Засварын ажил хэзээ дуусах вэ?

-Дулааны шугамын засварын ажил сонгуулийн дараа долдугаар сарын 1-нд эхэлсэн. Зарим компани нь 7-14 хоногийн дараа ажлаа эхлүүлсэн. Энэ төсөл дээр нийт зургаан компани ажиллаж байна. Засварын ажил 80-90 хувьтай, энэ сарын 20-нд усаа шахахаар төлөвлөсөн.

-Нийт хэчнээн хүн ажиллаж байгаа вэ?

-Энэ хугацаанд нэг компанид 27, 28 хүнтэй гэхээр 100 гаруй хүн ажиллаж байгаа.

-Та бүхний ажил удаашралтай байгаагийн цаад шалтгаан нь юу вэ?

– Зарим газруудын тохижилтын талбай, барилгын өргөтгөл болон цахилгаан холбооны ажлууд байна. Шугам давхцдаг болохоор төвөгтэй байдлууд үүссэн.

-Одоогийн байдлаар ямар, ямар ажлууд нь хийгдэж байна вэ?

-Ихэнх компаниудын трубаны гагнуурын ажил хийгдээд явж байна. Угсралтын ажил хийгдсэн. Булалт, суваг таглаж эхэлсэн. Энэ сарын 18-наас усаа тавих ажил хийгдээд усаа шахах төлөвлөгөөтэй байна.

-Иргэд дулааны шугамын засварын ажил удаашралтай байгаад гомдолтай байна л даа?

– Иргэдийн гомдол Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК дээр ирээд л тэндээс бидэнд ирүүлдэг. Иргэдийн гомдол нэлээд байгаа. Дулааны том сүлжээ учраас яаж ийж байгаад засч авахгүй бол болохгүй. Ард иргэд үүнийг ойлгож байгаа байх гэв.

“Одкон” ХХК-ийн ХАБ-ын инженер Г.Амартүвшин:

“260 орчим метр газарт засварын ажил хийгдэж байна. “Одкон” компаний ажил нь хамгийн хурдацтай 85-90 хувьтай явж байна. Хучилт, тагаа хийгээд эхэлсэн. Мэдээлэл холбооныхонтой уялдаатай ажиллаж байгаа болохоор булах гэхээр эдгээр хүмүүс ажлаа хийж байгаа тул хүлээж байна. Манайх долдугаар сарын 1-нээс ажлаа эхэлсэн. Уг нь өнгөрсөн тавдугаар сарын 20-нд эхлэх ёстой байсан ч сонгуулиас болоод хойшилсон. Төлөвлөлт хугацаа болох есдүгээр сарын 15-нд халаалтаа өгөөд өөрсдийн үүрэгт ажлаа дуусгачихна. Инженер, техникийн ажилчидтайгаа нийлээд 14 хүн ажиллаж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *