Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ч.Сайхнаа: Цагдаагийн алба хаагчид харилцаа, хандлагадаа анхаарах хэрэгтэй DNN.mn

Хувь хүний хөгжлийн багш Ч.Сайхнаатай ярилцлаа.


-Цагдаа нар олон хэрэгт нэр холбогдох болсон. Саяхан 461 дүгээр хорих ангид хоригдож байсан 21 настай залуугийн амь хохирсон харамсалтай хэрэг гарлаа. Үүнийг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэх хүмүүс олон байна. Амь хохирогч залуу өмнө нь нэр бүхий алба хаагчид намайг эрүүдэн шүүсэн гэх асуудлаар АТГ-т гомдол гаргаж байжээ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Тухайн байгууллагуудын онцлогоос хамаарч хүний эрхтэй шууд тулж харилцдаг хүмүүсийн хувьд жирийн иргэд, тухайн хэрэгтэй холбогдож байгаа хүмүүстэй харилцах харилцаа, хандлагатаа маш сайн анхаарах хэрэгтэйгийн том илрэл гэж харж байна. Ялангуяа бүхий л хуулийн сургуулиуд, энэ чиглэлийн байгууллагууд суралцагчдадаа суралцаж байгаа үед нь хүний эрх гэдэг ойлголтыг суулгах, хүн өөрөө өөртэйгөө зан төлөв, харилцаа, хандлагын хувьд хэрхэн ажиллаж сурах вэ гэдгийг маш сайн ойлгуулж өгөх ёстой салбар болов уу гэж хардаг.

Хүн бүр л өөрөө өөрийнхөө ажлыг манай ажил стресстэй, бухимдалтай, энэ хүмүүстэй ингэж харилцахгүй бол болохгүй гэж тайлбарладаг. Гэсэн хэдий ч түүний цаана хүний эрх давхар явагдаж байдаг. Тэгвэл бусад салбарт ажиллаж буй хүмүүс стресс, уур бухимдлаа яаж арилгадаг юм. Эргээд хүмүүсийн ялгаатай байдлыг хэрхэн ойлгож үнэлэлт, дүгнэлт өгч чадах вэ гэдгийг ч магадгүй сургуульд нь зааж байх ёстой. Хууль зүйн сэтгэл судлалын хичээлийг нь нэр төдий биш олон цагаар оруулж, олон дасгал даалгавар дээр ажиллуулдаг байх шаардлага бий. Ажил дээр гарсан ч гэсэн бид алхам тутамдаа үүнийг ойлгож, өөртөө хэвшүүлж явж байх ёстой олон зүйлсийн нэг нь энэ удаа сөрөг тохиолдлоор илэрлээ гэж болно.

-Цагдаа нарын олон асуудлыг та хувь хүний хөгжил талаас нь хэрхэн харж байна вэ?

-Хувь хүний хөгжил гэхээр олон зүйлийн өргөн ойлголтыг хэлдэг. Хөгжил гээд их гоё нэртэй боловч дотроо түрүүн хэлсэнчлэн хүн өөрөө өөрийнхөө стресс менежмент, уур бухимдлыг хэрхэн арилгах вэ, эцсийн дүндээ хувь хүнийхээ хувьд хэн болж үлдэх юм, тав, арван жилийн дараа ямар хүн байх вэ гэдэг ч юмуу маш олон ойлголтыг хамтад нь багтаадаг том сэдэв. Ялангуяа ажлын байран дээр ажилчдыг хөгжүүлэх гэхээр л мундаг, шилдэг байлгах гэж ойлгоод, манайхан дутуу хараад байдаг. Яаж уур бухимдлыг нь арилгах, харилцааны эв дүй, хүн бүр өөр, өөрийн онцлогтой зэрэг энэ бүхнийг байгууллагын хувь хүнийг хөгжүүлэх хөтөлбөрүүддээ багтааж өгнө. Мэдээж цагдаагийн байгууллагаар аз жаргалтай хүмүүс орж гарахгүй нь тодорхой. Гэтэл ийм хүмүүстэй хэрхэн харилцах вэ. Жирийн иргэд бид ч гэсэн албаны хүмүүстэй харилцахдаа ямар байх ёстой юм гээд энэ бүхэн хувь хүний хөгжил гэдэг том сэдэв дотор багтаж буй асуудал. Хүн бүрд хамаатай хөгжлийн асуудал хаа сайгүй дутагдаж буй нь цагдаагийн алба хаагчдад тод илэрч байна гэж болно.

Энэ хугацаанд талууд янз бүрийн байр суурийг илэрхийлж байна. Зарим нь ажлын ачаалалтай холбож байна. Ажлын байран дээр бодлогын түвшинд хүний нөөцийн тоог нэмэгдүүлж болно. Одоо байгаа нөхцөлд стресс менежмент гэдэг зүйлийг хэр сайн хэрэгжүүлдэг вэ, байгууллагын сэтгэл зүй гэхээр зүгээр л нэг лектор очоод нэг өдрийн сургалт орчих нь учир дутагдалтай. Энэ нь нэг сайхан мэдээллийн цаг болоод л өнгөрдөг. Эргээд л нийгмийн харилцаанд ороод янз бүрийн зүйлстэй тулгарч эхэлдэг. Байгууллагуудын өөр, өөрийн онцлогт тохирсон хувь хүний хөгжлийн шат дараалсан, урт хугацааны хөтөлбөрүүд байх ёстой. Бидэнд ийм, ийм асуудал байдаг гэж түүнийг шийдэж байгаа нь л дараа дараачийн хөгжил болж хувирдаг.

-Хөгжсөн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ. Хүний хөгжлийг дэмжихэд юун дээр анхаарах ёстой вэ?

-Өргөн ойлголт л доо. Хөгжсөн хүн гэж хэнийг хэлэх вэ гэхээр мундаг лидер байх гэхээс илүү зарчимтай, олонтой хөл нийлүүлэн алхдаг, манлайлдаг, ярилцдаг, багаар ажилладаг, нийгэмд юу болоод байгааг тунгаагаад өөрөө оюун дүгнэлт хийгээд зөв шийдвэр гаргадаг хүнийг хэлж болох юм. Энэхүү цогц ойлголтыг цагдаагийн алба хаагч гэлтгүй хүн бүрд ойлгуулж байх ёстой юм шиг санагддаг. Дандаа ажлын ачаалалд дарагддаг, хэдий заванд нь бид амьдраад байгаа юм бэ гэх бодлогын асуудлыг л цагдаагийн алба хаагчид их ярьдаг. Яагаад ийм их ачаалалтай, өөрсдийн үнэт зүйл зарчмаа алдан байж ажиллах ёстой вэ гэдгийг анхнаас нь сайн ойлгуулж, өөрөө ч сайн ойлгох хэрэгтэй. Аливаа асуудлыг цаг тухайд нь болон урт хугацаанд засах арга хэмжээнүүдийг авч байх ёстой. Мэдээж хурдан хугацаанд эрх бүхий байгууллагууд хуулинд өөрчлөлт оруулах боломжтой. Гэхдээ кампанит ажлууд, алба хаагчдын харилцаа руу чиглэсэн үйл ажиллагаанууд илүү хурдан эерэг өөрчлөлтийг бий болгодог. Хүний эрхийн болон хөгжлийн ойлголтыг системтэйгээр өгдөг байх нь чухал.

Мөн байгууллагын сэтгэл зүйчтэй байх нь чухал. Хүний нөөцүүдийн урт хугацааны ажлын гол зорилго нь та сүүлийн үед ийм байгаад байна гэдэг байдлаар амралт, чөлөө өгөх, өөртэйгөө ажиллах боломжийг хангаж өгөх юм. Гэтэл манайд дандаа ажлаар шахдаг. Байгууллагын сэтгэл зүйч нар алба хаагч нартайгаа хэр ажилладаг вэ гэдэг нь сонин. Сүүлийн үед ажиглагдаад байгаа асуудлуудыг харахад алба хаагчидтайгаа тэр бүр ажилладаггүй юм шиг санагддаг. Америкийн цагдаагийн байгууллагын жишээнээс харахад заал, шүршүүр, бясалгалын танхим гээд бий. Ээлж буусан үед цагдаа нар нь эдгээр танхимуудаар орсон байх шаардлагатай байдаг. Ажлын байрнаасаа гарсан бол та жирийн иргэн тул аз жаргалтайгаар амарч болно гэдэг зүйлийг бий болгодог. Гэтэл манайд объектив байдлаараа ч тэр боломжгүй. Цаг наргүй.

-Цагдаагийн алба хаагчдад хүн чанар, хүнлэг сэтгэл дутагдаж байна гэж их шүүмжилдэг. Хувь хүнийг хэрхэн өөрчлөх вэ. Хүн өөрөө өөрчлөгдөх боломжтой юу?

-Магадгүй тухайн хүн эрх зүйн дээд боловсрол эзэмшээд, тусгай зохих албаны сургуулийг төгсөж байгаа ч гэсэн өөрийн гэсэн үнэт зүйл, зарчимтай байх ёстой.

Сэтгэл судлал чиглэлийн “хүн бол өөрчлөгдөхгүй” гэх зэрэг хүний эрхтэй зөрчилддөг онол сургаалууд ч бий. Ухамсарт хүн өөрөө хүлээн зөвшөөрөөд дутагдлууд болох харилцаа, хандлага, сэтгэл зүйн олон асуудлаа ойлгосон тэр цагт өөрчлөгдөх боломжтой. Түүнээс биш хэн нэгэн хүн лекц ороод чи өөрчлөгд гэснээр өөрчлөгдчихдөггүй, сэдэл аваад л өнгөрдөг. Хорихоос бусад ял эдэлж буй хүмүүст би нэг удаа сургалт орж байхад сургалтад сууж байсан нэг эмэгтэй уйлж байсан тохиолдол бий. Уйлсан шалтгаан нь “би амьдралдаа ийм сургалтад анх удаа сууж үзэж байгаа юм, баярлалаа” гэж надад хэлсэн. Яагаад гэхээр хувь хүний хөгжлийн талаарх эерэг яриа өмнө нь сонсоогүй байгаа юм. Тэр хүнд сурагч байх хугацаанд нь, нийгмийн харилцаанд орж байхад нь хэн ч эерэг байж болох юм гэдэг ойлголтыг өгөөгүй нь нийгэм ямар байгааг харуулж байгаа юм. Хүний хөгжил бол бүхий л салбарт чухал.

-Хувь хүний хөгжил талаасаа цагдаа гэлтгүй хүн бүрд юу чухал вэ?

-Хүмүүс харилцаа, хандлага гэж холбож ярьдаг, хандлага дээр илүү ач холбогдол өгөх ёстой. Хэрвээ хандлагаа зөв байлгаж, би энэ ажлыг ингэж хийнэ, хүмүүстэй ийм байдлаар харьцах ёстой гэх бодлууд нь зөв байгаа тохиолдолд энэ хэрэг зөрчлүүд бага гарах юм. Мөн харилцааны ур чадвартай байх нь зүйн хэрэг. Ялангуяа хэрэг зөрчил хянан шийдвэрлэхэд хамгийн чухал нь хандлагын асуудал юм. Би эрх зүйч мэргэжилтэй. Манай цагдаа нар ялгаа заагийг муу гаргадаг юм шиг санагдсан. Гэмт хэрэгт сэжиглэгдэж, хэрэгт холбогдож байгаа хүн, энгийн гомдол гаргаж байгаа иргэн хоёрт адилхан хандаад байдаг. Өөрөө хэрэг хийгээгүй хэрнээ цагдаад очно гэхээсээ манайхан айдаг, төвөгшөөдөг болсон. Яагаад гэвэл загнаад байдаг ч гэдэг юмуу. Насанд хүрээгүй, харгалзан дэмжигчгүй, дөнгөж 18 хүрсэн залуучууд цагдаагийн байгууллагуудад хэцүү тохиолдлуудаар очиход дандаа загнасан, зандарсан, цаанаа магадгүй хэрэгт холбогдсон хүмүүстэй зөөлөн, намдуу өнгө аясаар харилцахаар болохгүй. Байцаалт авах, хэрэг илрүүлэхэд хүндрэлтэй байдлыг бий болгохыг үгүйсгэхгүй. Гэлээ гээд хүний эрхэм чанарыг оролдох асуудал биш юм. Шүүхээр хэрэг нь шийдэгдээгүй байхад тухайн хүн хэрэгтэнд тооцогдохгүй. Хэрэгтэнд тооцогдож, хорих газар очсон ч гэсэн хүнийхээ хувьд хязгаарлагдахгүй зүйлсүүдийг нь бид зөрчих ёсгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *