Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхжаргал: Зудтай аймгуудад хилийн цэргийн ангиудаас 14 бүлгийн 58 хүн, 17 нэгж техниктэй ажиллаж байна DNN.mn

Нийт нутгаар цас зудтай байгаа энэ хүнд цаг үед мал, малчдад тусламж хүргэхэд нэн шаардлагатай зүйл нь туулах чадвартай машин, техник гэдгийг орон нутгийн удирдлагууд онцолж байгаа юм. Гэвч ийм техник хэрэгсэл орон нутагт хүртээмжтэй биш. Тиймээс Онцгой байдлын байгууллага болон Хил хамгаалах байгууллагын тусламжтайгаар хөдөөд зам гаргаж, малчдад өвс тэжээл хүргэх ажлыг нугалж байгаа аж. Энэ хүрээнд ХХЕГ- ын Хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын Хилийн хэлтсийн дарга, хурандаа Б.Энхжаргалтай ярилцлаа.


-Орон даяар цас зудтай, малчид маш хүнд нөхцөл байдалд байна. Малчдад туслах боломж нь туулах чадвартай машин техник хэрэгтэй. Энэ цаг үед тус дэм болж байгаа нь Хил хамгаалах байгууллага гэдгийг орон нутгийнхан хэлж байна?

-Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд нийт нутгаар цасан шуурга шуурч, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Хил хамгаалах байгууллагаас хилийн анги, салбаруудын онцгой нөхцөл байдал үүссэн үед үүрэг гүйцэтгэх томилгоот бүлгүүдийг томилгоожуулан бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Улсын онцгой комисс болон аймгийн Онцгой штабаас ирүүлсэн чиглэлийн дагуу өвөлжилт хүндэрсэн хил орчмын нутаг дэвсгэрт ард иргэд, малчдад өвс тэжээл хүргэх, цасан шуурганд төөрсөн болон цасанд суусан иргэдэд тусламж үзүүлэх, арга хэмжээг зохион байгуулж байна.

-Орон нутгийн аль чиглэлд нөхцөл байдал хүнд байна. Хилчид аль чиглэлд голлон үүрэг гүйцэтгэж байна вэ?

-Баян-Өлгий, Ховд, Увс, Сүхбаатар, Төв, Говьсүмбэр, Дорноговь аймгийн 10 сумын орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хилийн цэргийн 9 ангиас нийт 14 бүлэг, 58 хүн, 17 нэгж техниктэй үүрэг гүйцэтгэж байна. Олон хоног цас орж, шуурсан, замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан хилийн цэргийн анги, салбаруудаас туулах чадвар сайтай Камаз, Зил-131, Уаз фургон, Ниссан патроль, Ниссан навара зэрэг автомашинуудыг томилон үүрэг гүйцэтгүүлж байна.

-Хилчид төөрсөн, цасанд боогдсон иргэдийн амь насыг аварсан сайн мэдээ дуулдсаар байгаа. Хамгийн сүүлд ямар дуудлага дээр ажиллав?

-Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт цасан нурангид дарагдсан нэг иргэнийг эрэн хайх ажиллагаанд хилийн цэргийн 0165 дугаар ангийн таван цэргийн алба хаагч, нэг нэгж техниктэйгээр үүрэг гүйцэтгэж, орон нутагт байрлах Онцгой байдлын газар, хууль сахиулах байгууллагын алба хаагч нартай хамтран, эрэн хайх, аврах ажиллагааг хоёр хоногийн хугацаатай зохион байгуулсан.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Халх гол сумаас айлын ажил явдалд оролцоод Дорнод аймгийн чиглэлд хөдөлгөөн үйлдсэн гурван том хүн (хоёр хүүхэдтэй) сураггүй болсон гэх мэдээллийн дагуу хилийн цэргийн 0306 дугаар ангиас бүлэг томилон эрэх хайх, ажиллагааг зохион байгуулж, автомашин нь цасанд суусан байсныг олж, төв суурин газар хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Ховд аймгийн Үенч суманд байрлах хилийн цэргийн 0130 дугаар ангиас дөрвөн автомашинтай 11 цэргийн алба хаагч зам гаргах, малчдад өвс тэжээл хүргэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа бүлэг “Ямаат” ууланд төөрсөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байна.

-Цасан шуурганд мал олноор уруудаж байгаа. Хилд тулсан мал олон байна уу?

-Байгалийн давагдашгүй хүчин зүйл, цасан шуурганд уруудан улсын хилд тулсан 219 тооны малыг хилчид хил давуулалгүй тогтоож, ард иргэдэд учирч болох 215 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж ажилласан.

-Мал олноор хорогдож малчдын хувьд маш хүнд байгаа. Ийм нөхцөлд ажиллаж байгаа хилчид юу ажигласан бол. Иргэд, олон нийт, малчдад юу анхааруулах бол оо?

-Ойрын хугацаанд ихэнх нутгаар цас орж шуурах талаар мэдээлэл авагдаж байгаа тул иргэд аймаг, орон нутгийн чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байж, цаг агаарын нөхцөл байдал сайжирсны дараа замд гарах хэрэгтэй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр хэлж анхааруулсаар байтал иргэд холын замд их гарч байна. Хичнээн туулах чадвартай жийп унаад явсан ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөстдөг гэдгийг ухамсарлаж онц шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг захимаар байна.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *