МСБХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалтай спортын ёс зүй, ҮДЛ-т мөрдөгдөж байгаа дүрэм, журмын тухай ярилцлаа.
-Спортын ёс зүй гэж юу вэ. Үндэсний Дээд Лигийн тоглолтуудад ёс зүйн дүрэм ямар хэмжээнд мөрдөгдөж вэ?
-Нийгэмд олон хүүхэд залуус мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчдаас үлгэр дууриалал авдаг. Даган дууриадаг. МСБХ-ны зүгээс тамирчдаас ёс зүйг өндөр хэмжээнд шаарддаг. МСБХ нь олон улсын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны гишүүн. Тиймээс ОУСБХ-ны ёс зүйн дүрмийг чанд даган мөрддөг. Лиг хажуудаа мэргэжлийн зөвлөлтэй үйл ажиллагаа явуулдаг. Хэрвээ ямарваа нэгэн тамирчин ёс зүйн зөрчил гаргавал мэргэжлийн зөвлөл ямар хариуцлага хүлээлгэх шийдвэрийг лигийн журмын дагуу гаргадаг. Сагсан бөмбөгийн тамирчид дунд талбай дээр маргаан өрнөдөг ч гэсэн тоглолтын дараа найзууд байдаг. Өмнө нь нэг багт тоглож байсан найз нөхөд, олон жил өрсөлдсөн, ахан дүүс байхыг ч үгүйсгэхгүй. Сагсан бөмбөгийн соёлд шүгэл дуугарсны дараа нөхөрлөл хадгалагдаж үлддэг. Ийнхүү байсаар ирсэн, ирээдүйд ч энэ соёл үргэлжилнэ. Тухай мөчид маргалдсан ч дараа нь уучлалт гуйдаг, уучилдаг байх нь спортын салшгүй нэг хэсэг.
-Ямар журам баримталдаг вэ. Олон улсын жишигт нийцүүлж чадаж байна уу?
-ОУСБХ-ны дүрэм журмыг дагаж мөрддөг. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос бүх төрлийн зөрчил, ёс зүйгүй үйлдэлд оноох шийтгэл, хариуцлагийг тодорхой зааж өгсөн байдаг. Мөн ҮДЛ-гийн журам нь МСБХ-ны дүрэм, журамтай холбоо уялдаатай байдаг.
-Өнгөрөгч долоо хоногт талбайн шүүгчийн биед халдсан, нэгнийгээ газар шидсэн ёс зүйгүй үйлдлүүдэд ямар хариуцлага хүлээлгэсэн бэ?
-Энэхүү тохиолдол манай лигт болж байгаагүй. Шүүгчийн биед халдах бол олон улсын хэмжээнд хамгийн хүнд шийтгэлтэй, аль ч спортын төрөлд хатуу шийтгэлтэй байдаг. Учир нь шүүгчийн шийдвэр эцсийнх байдаг. Олимп, Дэлхийн аварга, бусад улсуудын дотоодын лигүүдэд гурваас дөрвөн жил хүртлэх хугацаагаар тоглох эрхийг нь хасах тохиолдлууд бий. Шүүгчийн биед халдсан нь ямар ч тохиолдолд байж болохгүй том ёс зүйн алдаа. Тухайн тамирчин мэргэжлийн зөвлөл, ажлын хэсгийн хурлын шийдвэрээр 2026 он хүртэл лигт тоглох эрхээ хасуулсан. Энэхүү үйл явдал нь харамсалтай байлаа. МСБХ-ны зүгээс ийм алдааг дахин давтуулахгүй байх тал дээр анхаарна.
Харин бид эсрэг багийн тамирчнаа авч шидсэн тоглогчийг хоёр тоглолт өнжүүлэх шийдвэр гаргасан. Сагсан бөмбөг нь өөрөө маш их контактай спорт. Хасагдах шатны тоглолтууд болж байгаа үед тоглолт өнжүүлэх гэдэг бол маш хатуу шийтгэл. Хасагдах шатны тоглолтуудад энэ мэт азаартах тохиолдолууд байдаг. Хичнээн өрсөлдөөн, тэмцэл байгаа ч гэсэн дайн байлдаан биш.
-Мөнгөн торгуулийн хэлбэр байдаг уу?
-Сануулах, мөнгөн торгууль, тоглолт өнжөөх гэсэн шатлалтай хариуцлагын хэлбэрүүд байдаг. Мэргэжлийн зөвлөл хуралдаж шийдвэр гаргадаг. Шаардлагатай үед ажлын хэсэг, ёс зүйн зөвлөл хамтран хуралдаж шийдвэрээ гаргадаг. Шүүгчид гар хүрсэн зөрчилд мөнгөн торгууль оногдуулаагүй. Мөн FIBA-гийн дүрмээр ямар ч тохиолдолд сэлгээний тоглогчид талбай руу орохыг хатуу хориглодог. Талбай руу орж ирсэн зарим тамирчдад мөнгөн торгууль, зарим тамирчдад мөн сануулах арга хэмжээ авсан. Аливаа баг тоглогчидтой байгуулсан гэрээнийхээ дагуу цалингаас нь хасах арга хэмжээ ч авах тохиолдлууд ч байдаг.
-Бусдыг доромжилдог, олон нийтийг турхирдаг хөгжөөн дэмжигчидтэй МСБХ-ны зүгээс ямар арга хэмжээ авдаг вэ?
-Лигийн ордны хамгаалалтын албанаас ҮДЛ-ийн тоглолт үзэх эрхийг нь хасдаг.Ямар үйлдэл хийснээс хамаараад ямар хугацаанд эрх хасагдах нь тодорхойлогдоно. Энэ нь олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй учир цагдаагийн байгууллагатай ч хамтарч ажилладаг. Багаа, дуртай тоглогчидоо ихэнхи үзэгчид маань соёлтой дэмждэг болсон. Учир нь сагсан бөмбөгийг гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ, хосоороо зорин ирж үздэг соёл хэвшиж байна. Залуучууд, хосууд болздог, хүүхдээ дагуулан ирж үзэн чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөх хамгийн тухтай газар Үндэсний дээд лиг болсон. Энэ хэрээрээ ч залуучууд соёлтой үзэж дэмжиж байгаа.
Бидний зүгээс багууд, тамирчид болон шүүгчдэд чиглэсэн сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Улирлын тоглолтууд эхлэхийн өмнө допинг, хориотой бодисоос сэргийлэх, бооцоот тоглоомоос сэргийлэх сургалтуудыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Үүнээс гадна бүгд тэгш эрхтэйг сануулан уриалсан “One Basketball” компанит ажлыг ҮДЛ-ээс эхлүүлээд байна.