Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Доктор Д.Цэнд: “50 машин нэр бүхий сэтгүүлчид өгсөн” гэсэн агуулгыг сэтгүүлчид нягтлахгүйгээр дамжуулсан нь мэргэжлийн байх зарчмаа алдсан DNN.mn

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт телевизийн ярилцлагад орохдоо “Нүүрсний 50 машиныг оруулж ирээд нэр бүхий сэтгүүлчдэд тараасан” гэх агуулгыг ярьсан. Энэ асуудлаас улбаалж нийгэмд, олон нийтийн сүлжээнд, ялангуяа сэтгүүлчдийн дунд “40 сэтгүүлч нүүрсний машин авсан. 50 сэтгүүлч авсан. Тэд хэн бэ” гэх асуултууд өрнөж байна. Энэ хүрээнд СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч, доктор Ph.d Д.Цэндтэй ярилцлаа.


-Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт телевизийн ярилцлагад орохдоо “Нүүрсний 50 машиныг оруулж ирээд нэр бүхий сэтгүүлчдэд тараасан” гэх агуулгыг ярьсан. Гэтэл үүнийг олон нийтийн сүлжээнд “40 сэтгүүлч нүүрсний машин авсан” гэж өөрчлөн ярьж шүүмжилж эхэллээ. Баримт гэдэг сэтгүүл зүйд ямар ач холбогдолтой талаар лавшруулж ярьж өгөхгүй юу?

-Сэтгүүл зүйн үйл ажиллагаа бол мэргэжлийн үйл ажиллагаа. Монголын нийгэм тэр чигээрээ сошиалд хөтлүүлчихлээ шүү дээ.

Энэ тохиолдолд сэтгүүлчид мэргэжлийн байх ёстой. Дээрээс нь иргэдийн мэдээллийн боловсрол маш чухал болчихсон. Сошиалд байгаа мэдээллийг үнэн гэж хүлээж авах уу, аль эсвэл мэргэжлийн ямар нэгэн сэтгүүлчийн үйл ажиллагаанаас гарсан мэдээллийг үнэн гэж хүлээж авах уу гэдэг хоёр ойлголтыг сошиал нийгэм, олон нийт ялгахаа больчихсон. Сэтгүүл зүйд баримт чухал. Сэтгүүл зүй баримт дээр л тогтож явдаг. Бид баримтаар л ярихаас биш сошиалчны, иргэний мэдээллийг үнэн гэж хүлээж авч болохгүй. Иргэд ч хүлээж авах боломжгүй. Гэхдээ сошиалд иргэн аливаа зүйлийг мэдээлж байна гэдэг тухайн хүн мэдээлэлтэй байх, мэдэх эрхээ эдэлж байгаагийн илрэл. Тэр хүний буруу биш.

Гэхдээ ямар мэдээллийг сэтгүүлчид цааш цацах вэ. Энэ мэдээлэл нийгэмд хэр нөлөөтэй вэ гэдгийг ойлгодог байх нь чухал.

-Эх сурвалж нь тодорхой. “Нүүрсний 50 машиныг оруулж ирээд нэр бүхий сэтгүүлчдэд тараасан” гэх агуулгыг ярьсан. Харин сэтгүүлчид болохоор “40 сэтгүүлч нүүрсний машин авсан, тэд хэн бэ” гэж өөрөөр ярьсан нь дийлэнх байлаа?

-Энэ бол хоёр талтай зүйл. Б.Энхбаяр сайд 50 машиныг нэр бүхий сэтгүүлчид өгсөн гэсэн агуулгатай мэдээлэл өгсөн байсан. Таны хэлснээр сэтгүүлчид өөрсдөө 40 нүүрсчин сэтгүүлч гээд бичээд эхэллээ.

Энэ мэдээлэл хаанаас гарч ирсэн бэ. Хэний бичсэн тоо вэ. Сэтгүүлчид баримтыг нягтлалгүйгээр шуугиад эхэлж байгаа нь сэтгүүлчдийн төдийгүй цаашлах юм бол энэ салбарын, энэ нийгмийн нэр хүндэд буруугаар нөлөөлж байгаа зүйл. Үнэхээр 40 сэтгүүлч нүүрсний машин явуулдаг бол Б.Энхбаяр сайд түүнийгээ зарлах ёстой. Нөгөө талдаа сэтгүүлчид үүнийг бодит баримттайгаар нотолсныхоо дараа түгээх ёстой. Үүний цаана ямар ч агуулга явж болзошгүй. Тэр мэдээллийг хэн ч гаргасан байж болно. Гэтэл сэтгүүлчид баримтаа, эх сурвалжаа нягтлахгүйгээр түгээнэ гэдэг л том аюул. Ямар бодол санаатайгаар цацаад байгааг мэдэх боломжгүй. Магадгүй “дөрөв дэх засаглал”-ын амыг боох, сэтгүүлчдийн нэр хүндэд ямар нэгэн байдлаар халдах гэсэн санаархал байхыг үгүйсгэхгүй. Энэ нь цаашдаа мэдээллийн нээлттэй байдал, иргэдийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хортойгоор нөлөөлдөг.

Тэгэхээр бидний гол зүйл бол сэтгүүлчид өөрсдөө мэргэжлийн, мэдлэг мэдээлэлтэй байх, баримтан дээр ажилладаг, баримт мэдээллийг боловсруулж, магадласныхаа дараа цааш дамжуулдаг байх ёстой. Хэрэв бид ингэж хариуцлагатай байхгүй бол нийгэм олон нийт яаж ч тоглолт хийж болохоор салбар. Энэ салбар дээр хэн ч тоглолт хийчих онцлогтой салбар. Үүнийгээ сэтгүүлчид маш сайн ойлгодог байх ёстой. Хэдийгээр хувь хүний сошиал хуудас ч гэлээ түүнийг дагаад сэтгүүл зүйн нэр хүнд явж байдаг. Тиймээс цахим хаяг платформ дээрээ хамаагүй үзэл бодлоо илэрхийлэх нь зохимж муутай. “Сэтгүүлчийн хэлсэн үг юм чинь үнэн байх” гэдэг хандлага нийгэмд байдаг. Бид худал ташаа мэдээллийг түгээж болохгүй гэдгийг сайн ухамсарлах хэрэгтэй.

-Сайн сэтгүүлч гэдэг сайн эх сурвалжтай хүнийг л хэлдэг тогтсон зарчим сэтгүүл зүйд бий. Гэтэл эх сурвалжаа нягтлахгүйгээр мэдээлэл түгээх, түүндээ эргээд ороогдох хандлага энэ кейсээр харагдав уу?

-Тийм. Саяхан манай тэнхимээс сэтгүүл зүйн салбарын багш, судлаач 51 хүн, 238 иргэний дунд сэтгүүл зүйтэй холбоотой 14 төрлийн асуумжтай судалгаа авсан юм. Судалгаанаас онцолж хэлэхэд “Та мэдээллээ ихэвчлэн ямар эх сурвалжаас авдаг вэ” гэхэд 79.7 хувь нь “нийгмийн сүлжээ” гэж хариулсан. Тэгэхээр өнөөдөр бид нийгмийн сүлжээг үгүйсгэх аргагүй. Хамт хөгжих ёстой болж таарч байна. Үүний түүчээлэгч нь сэтгүүлчид өөрсдөө.

Мөн “сэтгүүлчид олон нийтийн хүндэтгэлийг хүлээж байна уу, эсвэл хүлээхгүй байна уу” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын ихэнх нь “дундаж” гэж хариулсан байсан. Хамгийн сонирхолтой нь “сэтгүүлчид хэвлэн нийтлэх мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ худал, ташаа мэдээлэл дамжуулах тохиолдол байна уу” гэж мэргэжлийн судлаач, багш нараас асуухад 60 гаруй хувь нь “заримдаа” гэж хариулсан. Энэ бол сэтгүүлчид худал, ташаа мэдээллийг цааш нь дамжуулдаг гэдгийг харуулж байгаа юм. Бид мэргэжлийн байх зарчим руугаа анхаарал хандуулах хэрэгтэй байна шүү гэдэг сэрэмжийг өгч байна гэсэн үг.

-Мэдээж Б.Энхбаяр сайдын мэдэгдлийг няцаах гэсэнгүй. Хуулийн салбарыг толгойлж байгаа хуульч хүн баримттай ярьж байгаа. Бидний дунд байгаа ганц хоёр сэтгүүлч, улстөрч, дарга нарын хэвлэл мэдээллийг хариуцдаг мэргэжилтнүүд тэр асуудалд холбогдсон байх магадлалтай. Гэхдээ нийтээрээ сэтгүүл зүйн салбар доройтоогүй. Гол нь мэргэжлийн байх зарчмаа хадгалах ёстой гэдэг нь таны ярианаас харагдлаа?

-Олон улсын “Edel­man” байгууллага дэлхийн улс орнуудын хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийн бараметрийг гаргадаг. Эндээс харахад сэтгүүл зүйн салбарын нэр хүнд, сорилт бол Монгол төдийгүй дэлхийн нийтийн асуудал болсон. Сэтгүүлчдэд итгэх итгэл унасан. Сэтгүүлчид өөрсдөө ч нэр хүндээ унагаахад нөлөөлсөн. Аливаа нэг асуудлын араас судалж байж мэдээллийг дамжуулах биш сошиалчидтайгаа хамт тэр мэдээлэл рүүгээ шумбаж ороод судалгаагүйгээр, баримтаа нягтлалгүйгээр дамжуулж байгаа нь худал мэдээлэл түгээх, сэтгүүлчдийн нэр хүнд унах шалтгааныг бий болгоод байгаа юм. Тиймээс сэтгүүлчид аль болох мэргэжлийн, хэрсүү байх шаардлага зүй ёсоор тулгарч байна гэсэн үг.

Б.ЭНХЗАЯА

 

2 replies on “Доктор Д.Цэнд: “50 машин нэр бүхий сэтгүүлчид өгсөн” гэсэн агуулгыг сэтгүүлчид нягтлахгүйгээр дамжуулсан нь мэргэжлийн байх зарчмаа алдсан DNN.mn”

ХУУЛЬ ЗҮЙН САЙД НЬ ХЭЛЖ БАЙХАД ДАРААД ӨНГӨРӨХ ҮҮ ЭРХЭМ ДООВТОР ГУАЙ ӨӨРӨӨ НЭГ НЬ БИШ БИЗ?

Монголын сэтгүүл зүй хэн нэгэн нам, улс төрчдийн халаасанд ороод 34 жил болж байна.. . Үнэн мэдээлэл огт алга…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *