Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батжаргал: Жолоочийн хариуцлагын даатгалыг алдагдалд орсон зарим компани хийхгүй байгаа DNN.mn

Даатгалын компаниуд жолоочийн хариуцлагын даатгалыг хийхээс татгалзаж эхэлсэн талаар мэдээлэл гараад буй. Энэ нь жолоочийн хариуцлагын даатгалын хураамж бага, нөхөн төлбөр өндөр гардаг болсонтой холбоотой аж. Энэ талаар Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргалтай ярилцлаа.


-Компаниуд жолоочийн хариуцлагын даатгалыг хийхээ больсон талаар мэдээлэл гараад байна. Хэрэв тэд хийхгүй бол жолооч нар яах болж байна вэ. Хуулиараа жолоочийг заавал хариуцлагын даатгалд хамрагдсан байхыг шаарддаг шүү дээ?

-Жолоочийн даатгалын хууль хэрэгжиж байгаа. Хураамжийн орлого төвлөрч, нөхөн төлбөр ч олгогдож байгаа. Ковидоос хойш тээвэр ложистикийн нөлөөтэй инфляцийн түвшин маш өндөр өссөн. Импортоор орж ирдэг тээврийн хэрэгслийн сэлбэг, нөгөө талдаа хөдөлмөрийн хөлсний хэмжээ ч өссөн. Засвар үйлчилгээний зардлууд ч өссөн. Нэг сэлбэг хэрэгслийн үнэ 2-3 дахин өсчихсөн байна. Мэдээж нөхөн төлбөр өндөр байгаа. Тиймээс даатгалын компаниудын алдагдал улам ихсээд байгаа учраас зарим компани жолоочийн хариуцлагын даатгалыг хийхгүй байгаа тохиолдол бий. Тэглээ гээд даатгалын систем зогсчихсон гэсэн үг биш. Хийхийн хувьд хийж байгаа.

Жолоочийн хариуцлагын даатгал хамгийн өндөр нөхөн төлбөртэй даатгал шүү дээ. Долоо хоногт дунджаар 800 саяас нэг тэрбум төгрөгийн хохирол зам тээврийн осолтой холбоотойгоор тогтож байдаг. Энэ тоо улам ч өсч байгаа. Шалтгааныг сая би хэллээ. 200 мянган төгрөгөөр үнэлэгдэж байсан гупер одоо 2-3 дахин үнэ нь нэмэгдчихсэн. Гэтэл хураамжийн орлогыг хуулин дээр тодорхой тавьчихсан. Тэгэхээр мэдээж түүндээ шахагдаад гарч байгаа нөхөн төлбөр өндөр. Гарч байгаа зардлаа нэмэхээр хосолсон харьцаа нь 100-гаас дээшээ болчихдог.

Хосолсон харьцаа нь 120, 130 руу даваад ирчихэж байна. 100 төгрөгийн орлого олоод 120, 130 төгрөгийн зардал гарахаар нуулгүй хэлэхэд зарим компани татгалзаж байгаа. Мэдээж тогтолцоогоор бүр зогсчихсон гэсэн үг биш.

-Даатгалын зарим компани жолоочийг тээврийн хэрэгсэлтэй хамт даатгах хувилбарыг санал болгож байгаа гэж дууллаа. Үнэн үү?

-Зарим компани тийм санал тавьж байгааг үгүйсгэхгүй. Тээврийн хэрэгсэл нь давхар даатгалтай байвал жолоочийн хариуцлагад оруулаад, зарим нь хураамжийг нь хөнгөлж хямдруулж, тэглээд ч гэсэн өгч байгаа.

-Тэгвэл жолооч нарын хувьд хариуцлагын даатгал хийлгэхэд хүндэрсэн зүйл байхгүй гэж та хэлж байна уу?

-Ямар ч хүндрэл үүсэхгүй. Даатгуулахгүй гэсэн тохиолдол байхгүй. Сонголт нь өргөн. Бүх компани нэг гэрээгээр нэг нөхцөлөөр үйлчилж байгаа. Хуулиараа бүгдэд нь ижилхэн нөхцөлийг нь тавиад өгчихсөн, хуулийн дагуу бүгдэд нь нэг стандарт гэрээг Санхүүгийн зохицуулах хорооноос баталчихсан байдаг. Тэр дагуу явж байгаа болохоор жолооч нарт ямар ч хүндрэл байхгүй.

-Даатгалын багц хуулийн төслийг боловсруулж дууссан. Энэ төсөлд дээрхтэй холбоотой асуудлыг хэрхэн тусгасан бол?

-Даатгалын салбарт гурван хууль байдаг. Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль, түүнийг дагасан багц журмууд байгаа. Даатгалын тухай хуулийн гол үзэл баримтлал бол даатгуулагч олон нийтийг эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн, нөгөө талдаа даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн хуулийн төсөл.

Ерөөсөө олон улсын даатгалын тогтолцоо руу оруулъя гэсэн зорилтууд байгаа. Хоёрдугаарт, үндэсний давхар даатгалын тогтолцоог дэмжсэн зохицуулалт явж байгаа. Бид жил бүр гадаад улсын давхар даатгал руу мөнгө төлдөг. Үүнийг Монголдоо үлдээх, Монголд үндэсний давхар даатгалын компанийг чадвахжуулах чиглэлийн зарчмууд орсон. Нөгөөтэйгүүр амьдралын даатгалын шинэ зоицуулалтууд нэмэгдэнэ. Иргэдийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн амьдралын даатгалыг дэмжсэн зохицуулалт буюу хуримтлал, амь насны даатгал, тэтгэврийн даатгал гэх мэт.

-Жолоочийн хариуцлагын даатгалын үнэлгээнд өөрчлөлт орох уу?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсчихсөн. Зөвхөн жолоочийн хариуцлагын даатгалаар тогтохгүй монгол хүний амь нас, эрүүл мэнд гэмт хэргийн шинжтэй ч бай, үгүй ч бай хохирсон тохиолдолд сэтгэл санааны хохирлыг Шүүхийн шинжилгээний хуулиар тогтоодог болчихсон. Зам тээврийн ослоор хүний амь нас, эрүүл мэнд хохироход таван сая төгрөг, эсвэл түүний 80 хувийг өгдөг. Энэ нь тухайн хүний хохирлыг бүрэн барагдуулж чадахгүй байгаа юм. Жилд 500 гаруй хүн зам тээврийн осолтой холбоотойгоор амь насаа алдаж байгаа. 1000-аас дээш хүн хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Энэ хүмүүсийн тогтвортой санхүүжилтийг хангаж, амьдралын тогтвортой байдлыг тодорхой хугацаанд хадгалахад даатгалаас өгч байгаа хохирол туслах ёстой.

Гэтэл өнөөдрийн Жолоочийн даатгалын тухай хууль энэ үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа. Оршуулгын зардлыг ч бүрэн нөхөж чадахгүй байгаа шүү дээ. Хоёрт, зам дээр явж байгаа машины үнэлгээ өсчихсөн. Хохирол гарлаа гэхэд даатгалаас таван сая төгрөг төлөөд үлдсэнийг өөрөө төлөх хэрэг гардаг. Ингээд тухайн жолооч санхүүгийн хүндрэлд орчихдог. Тэгэхээр үүнийг даатгалын системээр бүрэн шийдэж чаддаг байх ёстой. Тогтолцоо нь чадавхтай байх ёстой гэдэг үүднээс үнэлгээг өсгөж байгаа.

Нэг ослын тохиолдолд хэд хэдэн хохирогч байдаг. Хэд хэдэн хүн эрүүл мэнд, хөрөнгөөрөө хохирч байгаа тохиолдол зөндөө гарч байна. Тэгэхэд таван сая төгрөгийг гурван хүнд хуваагаад өгөхөөр аль аль нь хохирлоо барагдуулж чадахгүй байдалд хүрчихээд байгаа юм. Тиймээс үнэлгээг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж өсгөе гэдэг санаачилгууд орсон.

-Тодорхой мөнгөн дүнгээр хэлэхгүй юу?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж 16, 20 дахин гэсэн хувилбарууд явж байгаа.

-Хуулийн төсөл хэзээ хэлэлцэгдэхээр байгаа вэ?

-Даатгалын салбарын бодлогын асуудлыг тодорхойлж хууль өргөн барих этгээд нь Засгийн газар буюу Сангийн яам. Хуулийн төслийн саналыг олон нийтээр хэлэлцүүлчихсэн. УИХ-д хаврын чулганаас өмнө өргөн барих болов уу гэсэн хүлээлттэй байна.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *