Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Бурмаа: Ардын дуу гэдэг ертөнцөд тодорхой хэмжээгээр амьдармаар байна DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……….

Ардын дууны ая данг мэдрүүлж, сонсогч түмний хүндэтгэлийг хүлээсэн дуучин Даваагийн Бурмаатай уулзлаа. Тэрээр ардын дууг орчин цагийн хэмнэлд оруулж дуулснаараа сонсогчдын талархлыг хүлээгээд байгаа юм. Ингээд дуучин бүсгүйн ярилцлагыг хүргэж байна.


-Фэйсбүүкт хөдөөний нэг хөөрхөн жижигхэн хүү “Тэсийн голын гал шарын Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна” хэмээн дуулж байгаа бичлэг тавигдаж олон хүн лайк дарсан. Түүнийг танай хамаатан гэж байсан үнэн үү?

-Тийм ээ, манай ахын хүү. Амарсайханы Өсөх-Ирээдүй гэдэг. Одоо таван настай, Увс аймгийн Улаангомд байдаг.

-Танай удамд дуулж хуурддаг хүн байдаг биз дээ?

-Байлгүй яахав, би удмаа дагаад дуучин болсон. Одоогоор манайхнаас дууны ертөнцөд дуугаа дуулаад л явж байгаа нь би. Би эхээсээ их олуулаа, арвандөрвүүлээ. Миний ах, эгчийн хүүхдүүдээс дуулаачаар суралцаж байгаа хүүхдүүд бий. Соёл, урлагийн их сургуульд одоо хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дуурийн, эстрадын, уртын дуучнаар сурч төгссөн. Ер нь бол манайханд дуулдаг хүүхдүүд байгаа. Хэлд орсон цагаасаа дуулсан нь ч их олон. Фэйсбүүкт тавигдсан тэр дүү маань бол манайхны хувьд хамгийн энгийн зүйл. Гэхдээ их хөөрхөн дуулсан. Дуучин СТА Э.Төрмандах нь манай хүргэн дүү. Тэр хүү Төрмандахын дуунуудыг дуулдаг.

-Аав, ээж тань дуулдаг уу?

-Миний аав бол ардын урлагийн төлөөлөгч хүн байсан. Сум, аймгийнхаа театрт дуулдаг. Аавын маань удамд дуулдаг хүн маш олон. Ихэнх нь хөдөө амьдардаг. Тэд маань сайн уран сайханчид, манай нутгийнхан ч мэднэ дээ. Ер нь монголчууд өөрсдөө их дууч ард түмэн.

-Ингэхэд та хэдэн цомог гаргасан бэ?

-2007 оноос хойш таван цомог гаргачихаад байгаа.

-Алийг нь хамгийн сайн цомог болсон гэж боддог вэ?

-Таван цомогт нийтдээ 60 гаруй дуу орсон байдаг. Хамгийн анхны CD маань хүмүүст маш сайн хүрсэн би олонд хурдан танигдсан. Ардын дууг этник хэлбэрт оруулж, орчин үеийн электрон хөгжимтэй дуулсан. Тэр үед Монголд ийм юм байгаагүй. Нийтийн дуунд ид хошуурч байсан үе. Миний араас “Шуранхай” хамтлагийн гурван бүсгүй зэрэг ардын дууг этник хэлбэрт оруулж дуулсан дуучид зөндөө гарч ирж байгаа. Ингэснээр надад өрсөлдөөн бий болж, уран бүтээлийнхээ чанар чансааг сайжруулах, хөгжмийн найруулга зэрэг дээрээ анхаарч, уран бүтээлдээ хөрөнгө мөнгө зарцуулах шаардлага тавигдаж байгаа. Ингэснээр уран бүтээл маань өсөж дэвжиж байгаа гэж би ойлгодог. Эхнийхээ цомгийг гаргасны дараа би Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн уран бүтээлийг үргэлжлүүлнэ гэдгээ хэвлэлийн бага хурал хийлгэж, албан ёсоор мэдэгдсэн. Дараа нь “Та мөнх” гэдэг цомог гаргасан. Түүнд маань”Усны урсгал”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Усны тунгалаг Тамирын гол” зэрэг дуунууд орж миний уран бүтээл олон түмэнд илүү танигдсан.

-Ардын дууг этник хэлбэрт оруулж дуулах санаа анх хэрхэн төрсөн бэ?

-Би өөрөө ардын урлаг судлаач мэргэжилтэй. Тиймээс түүнийг дуулах манерийг нь мэднэ. Өөрийнхөө мэддэг ардын дуунуудыг хөг аялгуугаар нь судалсан тул мэддэг. Ийм санаа гаргахад миний мэргэжил нөөлөлсөн. Тиймээс ч хүмүүс нийтийн дуу руу хошуурч байх үед содон шинэ байх болов уу гэж бодоод ингэж дуулсан маань үр дүнд хүрсэн. “Хар торгон хамжаар”,“Үзэсгэлэн гоо”, “Гарын арван хуруу” зэрэг дуунуудыг маш сайн хүлээж авсан. Одоо ч гэсэн хүмүүс сонсох дуртай байдаг. Ялангуяа хамгийн анхны цомогт орсон дуунуудыг маань. Би 60-70 ардын дуу дуулсан. Гэхдээ тэдгээрийг орчин үеийн болгож үг, аяыг нь өөрчлөөгүй. Аль болох уламжлалыг нь хадгалахыг хичээсэн. Яагаад гэвэл би өөрөө судлаач хүн учир эвдэж болохгүй гэдгийг мэддэг.

-Та эхлээд судлаачаар, дараа нь Соёл урлагийн их сургуулийн уртын дуулаачийн ангийг төгссөн. Ингэхэд хэн багшийн шавь бэ?

-Дэлгэр багш маань надад гурван жил багшилсан. Сүүлийн хоёр жилд нь СТА, уртын дууч Батболдын шавь болсон. Энэ хоёр багшийн удирдлага дор сургуулиа төгссөн. Дэлгэр багш маань Хөх хотод ажиллахаар явсан тул би Батболд багшийн шавь болж байлаа. Соёл урлагийн их сургуулийн уртын дуулаачийн ангид сурч байгаа оюутнууд бэлтгэл ангиасаа эхлээд төгсөх хүртлээ 60-70 дуу сурах ёстой гэдэг юм билээ. Би бол надад хэрэг болохоор, дуулж болохоор 30 дуутай төгссөн. Хоёрын хооронд олон юм руу самгардаад яахав гэж бодсон тул 30 дууг өөрийн болгож чадсан. Гэхдээ одоохондоо дуулахгүй байгаа. Яагаад гэхээр уртын дууны орон зай нэг их хөгжөөгүй. Тэгээд ч ардын дуу гэдэг ертөнцөд тодорхой хэмжээгээр амьдармаар байна.

-Уртын дуу хөгжөөгүй гэж та сая хэллээ. Яагаад хөгжихгүй байгаа юм бол?

-Уртын дууг дуулах арга барил, дуулаачид нь хөгжөөд байгаа. Уртын дууг зах зээлд гаргаж үнэлэхгүй байна. Монголдоо гэхээсээ илүү гадаадад сайн хүлээж авдаг. Түүнийг найр хуриман дээр дуулахаас биш тоглолтон дээр дуулахад ойлгодог гэсэн ч ойшоох нь бага байдаг. Энэ нь нийгэм, техник технологийн хөгжил дэвшилтэй холбоотой юм шиг. Түргэн аятай гадаадын дуунууд руу илүү хошуурч байна. Зах зээл нь бий болоогүй гэж хэлнэ.

-Гадаадад уртын дууг сайн хүлээж авдаг гэлээ. Түүнийг ойлгодог болов уу. Уртын дуу маань нүүдэлчний соёл, байгаль зэрэгтэй холбоотой өөрийн гэсэн их онцлогтой. Тэр дээшээ, доошоо хүрч байгаа өнгийг нь бол гаднынхан гайхдаг байх.

-Мэдээж цаад гүн ухааныг нь ойлгохгүй. Түүнийг дуулж байгаа хүмүүс нь хоолойны цар хүрээ, арга барил, өвөрмөц дугаралт, хүний чихэнд хүрч байгаа ая дан, шуранхай зэрэг нь гадаадынханд сонин сонсогддог байх л даа. Дотоод философийг нь бол ойлгохгүй. Үгийг уртаар аялгуулан дуулахыг уртын дуу гэнэ шүү дээ.

-Та уртын дуугаа аль зэрэг судалж байна?

-Одоохондоо нэг их судлаагүй. Яагаад гэхээр ардын дуутайгаа зууралдаж байна. Юм юм руу үсчээд баймааргүй санагддаг.

-Ардын дууныхаа чиглэлээр ямар судалгаа хийж байна?

-Учиргүй том бүтээл гаргадаггүй юм аа гэхэд өөрийнхөө дуулдаг дууны домог түүхийг мэднэ. Хичнээн аялгуутай байсан, цаг хугацаа, нийгэм өөрчлөгдөхөд яаж хувирч байсныг мэднэ. Өөрийнхөө хэмжээнд ном гаргахаар бэлдээд л байгаа. Би нэг их олон ном гаргахгүй байх л даа. Ардын дууг дараа дараагийн үеийн залуу дуучдад сурахад ойр болгох зорилгоор ардын дуу дуулах ур зүйн асуудлаар жижигхэн судалгааны ном бичих тухай гурван жилийн өмнөөс яриад л байгаа. Номыг маань хянах хүмүүс арай болоогүй гэсэн. Ерөнхийдөө нэлээд нягт нямба хийж байж гаргая гэж бодож байгаа. Ном маань цаанадаж хоёр жил, наанадаж нэг жилийн дараа гарах байх.

-Та жил бүр тоглолт хийдэг гэж ярьж байсан. Ойрын үед тоглолт хийхээр төлөвлөж байна уу?

-Энэ жил завсарлаж магадгүй байгаа. Яагаад гэхээр уран бүтээлч хүн үзэгчдэд тодорхой хэмжээний хүлээлт үүсгэх хэрэгтэй юм шиг байна. Байнга тоглолт хийгээд байхаар үнэ цэнээ алддаг шиг санагдсан. Тиймээс энэ жил хөдөөгөөр тоглолтоо хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *