Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Болормаа: Өдөрт гэр бүлийн хүчирхийллийн 100 дуудлага бүртгэгдэж байна DNN.mn

Цагдаагийн Ерөнхий газрын урьдчилан сэргийлэх газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Болормаатай ярилцлаа.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд регистрийн дугаараар нь бүртгэдэг болж байгаа юм байна.Үүний ач холбогдол юу вэ?

-Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн санд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг бүртгэдэг цонх байдаг. Энд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг утасны дугаар, хаяг байршлаар нь бүртгэдэг байсан. Тэгвэл энэ оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс шинэчлэлт өөрчлөлт хийж хүчирхийлэл үйлдэгчийг регистрийн дугаараар нь бүртгэдэг болсон. УБЕГ-ын регистрийн дугаарын сантай холбосон. Эхнэр, хүүхдээ зодсон дуудлага мэдээлэл өдөрт дунджаар 100 бүртгэгддэг. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд хамгийн ойр байгаа цагдаагийн алба хаагч богино хугацаанд очиж шалгадаг. Очоод орчинд аюулгүйн зэрэглэлийн үнэлгээ хийж гэр бүлийн хүчирхийлэл мөн эсэхийг нь тогтоодог. Гэр бүлийн хүчирхийлэл мөн гэж үзвэл аюулгүйн зэрэглэлийн үнэлгээг өндөр, дунд, бага гэж тогтоож тохирсон ажил арга хэмжээг авч ажилладаг.

Гэр бүлийн хүчирхийлэл мөн гэж тогтоогдвол холбогдогч, хохирогчийн регистрийн дугаарыг бүртгэнэ. Монгол Улсын иргэн бүр давтагдашгүй ганцхан регистртэй байдаг. Өмнө нь бол гэр бүлийн хүчирхийллийн холбогдогч хаяг, утасны дугаараа сольчихдог байсан. Одоо регистрийн дугаар хэзээ ч солигдохгүй. Үүгээрээ тухайн этгээдийн ял завших боломжийг хязгаарлаж байгаа юм. Таарах хариуцлагыг нь заавал үүрүүлнэ гэсэн үг. Хоёрдугаарт, хохирогч хамгааллын асуудал. Хохирогч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг уучлаад байдаг. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчхөөд хэд хоногийн дараа уучилдаг. Хэрэг бүртгэлийн ажиллагаа гомдлын шатанд хаагддаг. Регистрийн дугаараар удаа дараагийн давтамжийг бүртгэснээр бодитоор хүчирхийлэл үйлдэж байгаа нь харагдаж байгаа юм. Яг үүнд үндэслэж хохирогчийг хамгаалах ажиллагааг явуулдаг. Гэр бүл, хамаатан саданд хүлээлгэж өгөх, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байранд хамгаалалтад авна. Нөгөө талд хүчирхийлэл үйлдэгчийг шаардлагатай тохиолдолд баривчлах, согтуу тохиолдолд эрүүлжүүлэх арга хэмжээг авдаг.

-Аюулгүйн зэрэглэлийн үнэлгээг яаж тодорхойлдог юм бэ?

-Тухайн хохирогчийн амь насанд эрсдэл учруулж болох, биед халдаж зодсон, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн үү гэх мэт зүйлийг ажиглаж аюулгүйн зэрэглэлийн үнэлгээг тодорхойлдог. Хоорондоо хэрэлдэж маргалдсан бол аюулгүйн зэрэглэлийн үнэлгээ бага гарна. Газар дээр очиж нөхцөл байдлыг үнэлээд тохирох арга хэмжээг авдаг. Хохирогчийг эрүүл мэндийн байгууллагад зуучилна, холбогдогчийг хяналтад авна.

-Хаалганы цаад талын гэр бүлийн хүчирхийллийг хүмүүс хуулийн байгууллагад мэдэгдэхээс зайлсхийдэг болжээ. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн 23 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг аливаа хүчирхийллийг заавал мэдээлэх субъектүүдийг зааж өгсөн байдаг. Үүнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, гэр бүл хүүхдийн чиглэлийн байгууллагын алба хаагч, багш, нийгмийн ажилтан зэрэг хамаарна. Харин иргэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдсэн бол хуулийн байгууллагад мэдэгдэж болно гэж заасан байдаг. “Хэрэв цагдаад мэдэгдвэл сүүлд нь надад төвөг болно. Цагдаагаас залгаад салахгүй” гэх байдлаар зайлсхийх хандлага иргэдэд бий. Ийм хандлагаар гэр бүлийн хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрвөл хүчирхийлэл даамжирч хэн нэгний амь нас ч хохирох эрсдэлтэй. Гэр хүчирхийллийг мэдээлсэн тохиолдолд тухайн хүний нууцлал, аюулгүй байдлыг хамгаалдаг. Энэ талаар хуульд ч тодорхой заасан бий. Хуулиар хамгаалагдсан учраас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг санаа зоволгүй өгөх хэрэгтэй. Сард дунджаар гэр бүлийн хүчирхийллийн 3000 дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Үүний 30 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэл мөн болох нь тогтоогдож, 70 хувь нь биш байдаг.

-Гэр бүлийн хүчирхийлэл мөн болох нь тогтоогдвол хүлээлгэх хариуцлагын талаар тодруулахгүй юү?

-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллээр очиход мөн болох нь тогтоогдвол зөрчлийн хэрэг нээнэ. Хэрэг нээгээд шалгалтын явцад тогтоогдвол шүүхээр оруулж баривчлах шийтгэл оногдуулдаг. 7-30 хоног баривчилж, албадан сургалтад хамруулна. Хүчирхийлэл нь байнгын шинжтэй, тухайн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх, зорчих эрх хязгаарлах хуулийн зохицуулалттай.

-Сэтгэл санааны хохирол гэр бүлийн хүчирхийлэлтэй салшгүй холбоотой байдаг. Сэтгэл санааны хохирлыг яаж тогтоодог юм бол?

-Сэтгэл санааны хохирлыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тогтоодог. Тухайн хүнийг тогтмол сэтгэлзүйн дарамтад байлгасан, эрх мэдлийн давуу байдлаа ашиглахдаа тухайн хүнийг байнгын дарамтад оруулсан байдлаар нь ямар хохирол учруулсныг тогтооно.

-Эхнэртэйгээ маргалдаад л хорих ялаар шийтгүүллээ гэх гомдол байдаг. Энэ тухайд…

-Хүчирхийлэгч өөрийгөө өмөөрөх хандлагатай байдаг. Хариуцлага хүлээлгэхдээ шууд бариад хорьчихдоггүй. Хохирогчоос тайлбар, мэдүүлэг авна, ШШҮХ-ийн дүгнэлтэд үндэслэж шийдвэр гаргадаг. Энэ ажиллагааг прокурор хянаж, шүүх хариуцлага оногдуулдаг. Гэртээ маргалдаад л хорих ялаар шийтгүүллээ гэдэг ташаа ойлголт. Гэр бүлийн хүчирхийллийн давтамж хор хохирол нь нэмэгдэх тусам аргагүйн эрхэнд л цагдаагийн байгууллагад ханддаг.

-Ер нь ямар хүмүүс хүчирхийлэл үйлдээд байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас нийгмийн түвшинг нь үнэлэхдээ дээд боловсролтой, дунд боловсролтой, ажилгүй, ажилтай гэх мэтээр ангилдаг. Ажилгүй иргэд гэр бүлийн хүчирхийллийн 40-50 хувийг эзэлж байна. Хоёрдугаарт гэр бүлийн хүчирхийллийн 50-60 хувийг согтуурсан үедээ үйлдэж байна. Эндээс харахад архидан согтуурах нь гэр бүлийн хүчирхийллийн том шалтгаан болж байгаа юм.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *