“Зариг.мн” сайтын эрхлэгч сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорилоо. Түүнийг зургаан ширхэг гомдлын дагуу хорих шийдвэр гаргасан гэдгээ хууль хүчнийхэн тайлбарлаад байна. Эдгээр гомдлуудыг нь аваад үзвэл дандаа эрх баригчдыг шүүмжилсэн зүйл байгаа. Тухайлбал, Боловсролын зээлийн сангийн асуудал, үүнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн өргөдөл гомдол болоод Хууль зүйн сайд Б.Энхбаяртай холбоотой асуудал бий гэдгээ Н.Өнөрцэцэг хоригдохынхоо өмнө хэлсэн. Б.Энхбаярыг боловсролын зээлийн сангаас мөнгө авч гадаадад сураад түүнээ төлөөгүй гэдгийг нь гаргаж тавьсан бол Ц.Даваасүрэнгийн охиныг мөн зээлийн сан буюу төрийн зардлаар сурсан гэдгийг нь нийтэд мэдээлсэн билээ.
Дээрээс нь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэрэг амиа алдсан тухай “Зариг.мн” сайтын мэдээлэл нийгмийн шуугиан болсон. “Одоо болно, дахиж өгөх амь алга” гэсэн улс орныг тэр чигт нь хамарсан томоохон хэлэлцүүлэг хийсэн. Ер нь цэрэг амиа алдсан харамсалтай явдлыг “Зариг.мн” сайт зогсоо зайгүй нийтэд мэдээлж, тэрхүү дуулиан шуугиан ихээхэн газар авсан. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг хуулийн хариуцлага хүлээдэггүй юмаа гэхэд улс төрийн ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрох ёстой гэж үзсэн. Цэргийн асуудал явж явж “Зариг.мн” сайтын амыг барихад хүргэлээ гэсэн таамаг яриа нийгэмд байна.
Яагаад ингэж хардахад хүрэв гэвэл Г.Сайханбаяр сайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны нөхөр. Тиймээс Ерөнхийлөгч “Зариг”-ийн амыг барьчихлаа гэсэн огтоос баталгаагүй таамаг яриа нийгэмд байгаа юм. Гурав хоногийн өмнө “Зариг.мн” сайтын үйл ажиллагааг Харилцаа холбооны зохицуулах газраас шууд хаасан. Үүнийгээ ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны шийдвэрийн дагуу гэж танилцуулсан. Өөрийн сайтаа хаалгуулж хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хасуулсан тус сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг эсэргүүцэл үзүүлэн төв талбайд суулт зарласан бол өчигдөр цагдан хоригдлоо. Монголд ийнхүү эрх баригчдыг шүүмжилж, тэмцэнэ, жагсана, босно гэж дуугарч байгаа бүгдийг дуугүй болгох кампанит ажил өрнөж байна.
Өнөрөө сэтгүүлчийн өмнө лайвчин Д.Мөнх-Эрдэнийг яг ийм замаар цагдан хорьж ялласан. Мөн иргэн Д.Монголхүү болон “No double standart” хөдөлгөөний тэмцэгч залуучуудыг яаж цагдан хорьж байв. Д.Мөнх-Эрдэнийн хувьд эрх баригчдыг толгой дараалан шүүмжилж, нийгмийн сүлжээгээр дамжуулан Монголын ард түмэнд хүргэж байсан. Баянхонгор аймагт очоод Их хурлын дарга Г.Занданшатарыг “Та энэ нутгаас олон дахин сонгогдож, Их хурлын даргаар хоёр дахиа ажиллаж байна. Гэвч танд нутагтаа хийсэн ажил байна уу, Баянхонгорынхны ахуй амьдрал сайхан байна уу” гэж сонгогчдынх нь өмнө улаан нүүрэн дээр нь хэлээд гөлөлзүүлж байсан. Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн цүнх баригч хийж яваад л төрийн өндөр сэнтийд заларсан гээд орилж байсан.
Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Нямдоржийн хүү Анхбаяртай ёстой өстэй юм шиг үзсэн. Энэ бүхний эцэст тэрээр гурван жилийн хорих ялаар шийтгүүлэн шоронд сууж байна.
Ингэхэд дуугарч байгаа бүхнийг дуугүй болгох эрх мэдэлтнүүд хэн хэн байдаг вэ гэхээр мэдээж ойлгожтой. Засгийн газар, Ерөнхийлөгч, үндсэндээ төрийн гурван өндөрлөг гэсэн үг. Ерөнхий сайд болоод Ерөнхийлөгчийн мэдэлд хууль хүчнийхэн байдаг. Тэгвэл нийгмийн дуу хоолой болж эрх баригчдын өөдөөс дуугарсан нэгний
амыг яг хэн нь барьж байгаа юм гэдэг асуулт гарч байна. Ерөнхийлөгч нь дуугүй болгож байгаа юм уу, Засгийн газар нь дуугүй болгож байгаа юм уу, эсвэл хоёулаа нийлээд дуугүй болгож байгаа юм уу. Бүр нарийн аваад үзвэл Засгийн газар болоод Ерөнхийлөгч хоёрын толхилцооноос болж нийгэмд дуугарсан бүхэн дуугүй болж байгаа юм уу.
Дөнгөж өчигдөрхөн ачигдсан Н.Өнөрцэцэг сэтгүүлч яг хэнийх нь заавар даалгавраар шоронгийн хаалга татаж байна вэ. Ачигдахынхаа өмнө Хууль зүйн сайд Б.Энхбаярыг хэлсэн. Б.Энхбаяр гэхээр Засгийн газар болчихно. Мөн “Цэргийн хэлэлцүүлэг нөлөөлсөн, цаана нь байгаа том хүний уурыг би хүргэсэндээ хоригдож байна” гэж хэлсэн. Цэргийн хэлэлцүүлгийн цаана байгаа том хүн гэдэг нь Сайханбаяр сайд юм уу, бүр Ерөнхийлөгчийг хэлээд байна уу. Энэ бүхэн яваандаа тодрох байлгүй. Хамгийн гол нь хэвлэл мэдээллээр дамжуулж нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэж байгаа бүхнийг ингэж дуугүй болгон амыг нь барьж, шоронд хорьж байгаа нь буруу.
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх
үндсэн эрх чөлөөнийхөө төлөөсөнд тухайн хүн хэвлэлийн байгууллагынхаа амыг бариулж, өөрийгөө шоронд хориулж, эрх чөлөөгөө аймшиггүйгээр хасуулж байгаа нь ардчилалд аюул хөнөөл зарлаж байгаа том хэлбэр. Үндсэндээ эрх баригчдыг шүүмжилж нийгэмд үнэнийг нь хэлсний төлөө тухайн иргэнийг
шүүхээр яллаж, хорьж цагдан хэвлэл мэдээллийнх нь үйл ажиллагааг таслан зогсооно гэдэг ардчилал айхтар хумигдаж байгаагийн илэрхийлэл. Эрх баригчид бол хэвлэл мэдээллийн хүчээр гарч ирсэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн гишүүд бүгд хэвлэл мэдээллийн ачаар нийгэмд танигдаж байр сууриа эзэлсэн.
Хэвлэлийн хүчээр төрийн эрх мэдэл албан тушаалд хүрчихээд хариуд нь эргээд хэвлэлийнхээ амыг барина гэдэг чинь юу гэсэн үг вэ. Монголын эрх баригчдад хэвлэл мэдээллийг байхгүй болгох гэдэг бол зүгээр дурных нь асуудал болсон байна. Ганцхан кноп дараад л өөрсийг нь шүүмжилж үнэн мөнийг нь хэлж байгаа хэвлэлийн байгууллагыг бараг устгачихаж байна. Үүнийг бид гурав хоногийн өмнө “Зариг.мн” сайтын жишээнээс тодорхой харлаа. Дөрөвдэгч засаглал, ардчиллын амин сүнс болсон хэвлэл мэдээлэл Монгол Улсад ямар ч дархлаагүй, хэврэг байгаа нь саяны явдлаас тодорхой харагдаж байна. Тэгэхээр бид бүхэн уламжлалт хэвлэл, цахим сошиал хэвлэл гэж тогоон дотроо талцаж хуваагдаад байлгүйгээр бүгд нэгдэж, нэгэн малгай дор байж хэвлэлийн эрх чөлөөний төлөө хүчтэй тэмцэх цаг нь болжээ.
“Сэтгүүлчид бид дуугүй болвол энэ нийгэмд дарангуйлал тогтоно. Хохь чинь шүү, битгий бидэнтэй тэрсээд үзээрэй гэж эрх баригчид сануулж байна. Тэд намайг хорьж байж л санаа нь амрахаар айн бэмбэгнэж байна. Би Монголын ардчиллыг хамгаална, амиараа дэнчин тавиад зүтгэнэ. Муу хүмүүс төрд гарах юм бол хэний ч хувь заяагаар хамаагүй тоглодог юм байна” гэж хэлээд сэтгүүлч Н.Өнөрцэцэг шорон руу явлаа. Үнэхээр үнэнийг хэлсэн, шүүмжилсэн, тэмцсэн бүхнийг ингэж толгой дараалан хорьж, ёстой л нөгөө тэрсээд үзээрэй гэж хэлэх шинжтэй болчихлоо.
Хулгай луйвар, муу муухай бүхнийг нь илчилсэн хэвлэлийн амыг барих тэдэнд дурны нь асуудал болсон маш аюултай. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Өдөр тутмын сонины холбоо, телевизүүдийн холбоо, сайтуудын холбоо бүгд нийлж эе эеийг эрхэмлэх хэрэгтэй. Бидний хэнийг нь хэзээд ч хамаагүй атгандаа оруулах гэж, амийг нь таслах гэж улайран дайрах нь цаг хугацааны асуудал болжээ. Тиймээс нэгнийгээ сонин хэвлэл гэж муулалгүй, сошиал цахим гэж ад үзэлгүйгээр нэгдэн нийлж дуу хоолойгоо хүргэж хүчирхэгжих цаг нь ирснийг Д.Мөнх-Эрдэнэ, Н.Өнөрцэцэг нарын олон жишээ нотлон харуулсаар байна.