Консул асан Д.Мөнх- Эрдэнийг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь ШШГЕГ- ын харьяа 413 дугаар ангиас Улаанбаатар хот дахь 441 дүгээр ангид энэ сарын эхээр шилжүүлсэн. Түүнийг хорих 413 дугаар
ангид байх үед өнгөрсөн сард ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид зэвсэглэн хорих ангид ажиллагаа явуулсан байдаг. Энэ үеэр Д.Мөнх- Эрдэнийн эрхэд ноцтой халдсан талаар мэдээлэл гарсан ч ХЭҮК хорих ангид ажиллаад “Хууль бус үйлдэл гараагүй” гэх утгатай мэдээллийг олон нийтэд мэдэгдсэн юм.
Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ тухайн өдөр юу болсон талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гомдол гаргажээ. Түүний гомдлыг сийрүүлбэл,
“441 дүгээр нээлттэй хорих ангийн захиргаагаар дамжуулан ЦЕГ-ын мөрдөн байцаах албанд гомдол гаргах нь:
Монгол Улсын иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ миний бие анх удаа нээлттэй энгийн зэрэглэлд 413 дугаар хорих ангид биеэр ял эдэлж байсан. Гэтэл хууль бусаар давхар шийтгэл оногдуулж 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр ШШГЕГ- ын тэргүүн дэд дарга ял эдлүүлэх албаны дарга Б.Нандинболор, албаны дарга А.Намсаманд нарын зохион байгуулснаар 413 дугаар хорих ангийн дарга А.Батхуяг, дэд дарга Э.Ууганбаяр нарын хамт улаан малгайтай үл таних хүнээр ахлуулсан нүүрэндээ багтай, буу барьсан, бүрэн зэвсэглэсэн бүлэг хүмүүс 14:00-17:00 цагийн хооронд (бичлэг нь энэ цагт ангийн камерт хадгалагдсан байх ёстой) орж ирсэн. Миний гарыг шилэн хүзүүнд минь авахуулж, явган суулган, доош харуулан шал ширтүүлж, шалдалж гүйлгэн хараалын ёс бус үгээр гутаан доромжилж, цахилгаан бороохойгоор цохиж зодон эрүүдэн шүүж миний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учрууллаа
Мөн эдгээр Б.Нандинболор, А.Намсаманд, А.Батхуяг, Э.Ууганбаяр нарын нөхдүүд намайг ар гэрийнхэнтэйгээ хуулийн дагуу цахим уулзалт хийх үеэр тагнаж чагнан, CD-нд хадгалах ёстой гэж зохион байгуулалттайгаар, хулгайн замаар Монголын шоронгийн түүхэнд цахим уулзалт хийсэн. Ингээд урьд өмнө нь бичиж байгаагүй зөрчлийн актыг анх удаа надад бичиж миний эрх зүйн байдлыг дордуулан Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэн миний эрхэд халдсанд гомдолтой байна!
Иймд эдгээр дөрвөн нөхөр хэний захиалгаар намайг хорлож яргалж, эрх зүйн байдлыг минь дордуулаад байгааг олж тогтоон захиалагчийн хамтаар хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсч байна. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл 2.2, 2.3, 2.4, Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд зааснаар тус тус яллаж өгөхийг хүсье.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай ажиллагааны газар нь үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн гарсан үед л ШШГЕГ-ын даргын тушаал, прокурорын хяналтад хөдөлгөөн үйлдэх үүрэгтэй байдаг. Мөрөөрөө ямар нэгэн зөрчил дутагдалгүй ял эдэлж байгаа хоригдлуудыг албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглаж яргалсан нь маш ноцтой үйлдэл болсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол хорих ял эдэлж байгаа хоригдлуудад засрал хүмүүжил олгож, сургаж хүмүүжүүлж нийгэмшүүлэх чухал байгууллага. Хүчирхийллээс хүчирхийлэгч төрдөг гэдэг. Гэтэл ийм яргачид ШШГЕГ-ын удирдах чухал албанд байгаа цагт шоронгоос суллагдаж байгаа хоригдлууд дахин гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдэхгүй гэх баталгаа байхгүй байна. Сурган хүмүүжүүлж, засрал хүмүүжил даруулга олгох ёстой гол албан хаагчид нь дарамтлаад яргалаад хүчирхийлээд байвал хүчирхийлэгч яргачид бий болсоор л байна.
Саяхан шоронгоос суллагдсан хоёр хоригдлын нэг нь 413 дугаар хорих ангиас суллагдсан. Дахин ноцтойгоор найман настай хүүхэд хүчирхийлж онц хэрцгийгээр хөнөөж, нөгөө нь Дорноговь аймагт 12 настай хүүхэд хүчирхийлэн хөнөөж нийгмийг цочроосон. Тэр хоёр хоригдолд засрал хүмүүжил олгож чадаагүй байгаа нь ШШГБ-д төрийн нэр цол гутаасан Б.Нандинболор, А.Намсаманд, А.Батхуяг, Э.Ууганбаяр нар шиг нөхдүүд байгаатай холбоотой гэж үзэж байна. Иймд эдгээр нөхдийг шударгаар шалган хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье.
Жич: Эдгээр дөрвөн нөхрийн өмнө нь үйлдэж байсан ёс зүйгүй хууль бус бузар үйлдлүүдийг нь мэдүүлгээр мэдүүлэх болно.
Гомдол гаргасан: Монгол Улсын иргэн Д.Мөнх-Эрдэнэ. 2023 оны арваннэгдүгээр сарын 20 Улаанбаатар хот” гэжээ.
Энэ асуудалтай холбогдуулан Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Тусгай ажиллагааны газрын албан хаагчид Д.Мөнх-Эрдэнийн хорих ангид ажиллагаа явуулах үеэр эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирсан гэсэн байна. Энэ талаар тодруулж өгөхгүй юү?
-Энэ асуудал өнөөдөр үүсээгүй. Тусгайгийнхан очиж тамлан яргалсантай холбоотой. Цахилгаан бороохойгоор цохиулсан. Галуун цуваар явуулж, гарыг нь ар шилэнд салаавчлуулан 3-4 цаг явган суулгаж, тэр чигт нь дагзнаас нь шал руу хавсарч цохьсон байдаг. Энэ үйл явдлыг яг болж байх үед өмгөөлөгч Р.Булгамаа очиж таарсан. Хуулийн байгууллага яаж хүний эрхэнд ноцтойгоор халдаж байгааг хуульч хүн өөрийн нүдээр харсан.
Энэ явдлаас болж нөхрийн маань даралт нь ихэсч, бөөр нь үрэвссэн. Хорих ангийн эмч Д.Мөнх-Эрдэнийг “Эмнэлэгт хэвт” гэхэд манай хүн “За яахав ингэсгээд хэвэндээ орчих байх” гэсэн юм билээ. Тэгэхэд хорих ангийн дарга А.Батхуяг нь “Хэвтэхгүй гэж бичүүлж ав” гэж тавласан байдаг. Тавлаад зогсохгүй “Хүнийг ингэж яргалж болдог юм уу” гэж асуусан Д.Мөнх-Эрдэнийг “Хуцаад байгаарай” гэх мэт үг хэлээр доромжилсон байгаа юм. Бүр “Чамайг хэнтэй ч уулзуулахгүй. Ирсэн өмгөөлөгчтэй чинь ч уулзуулахгүй” гэсэн юм билээ.
-Энэ үйл явдалтай холбоотойгоор ХЭҮК хорих ангид шалгалт хийсэн. Д.Мөнх-Эрдэнийн эрх зөрчигдөөгүй, хэвийн байна гэж мэдээлсэн шүү дээ?
-ХЭҮК ийм ноцтой яргалал, доромжлол байсаар байхад “Зүгээр байна лээ” гэж зарлаад манай нөхрийн хаанаас хэний зөвшөөрлөөр авсан нь тодорхойгүй зургийг хэвлэлд нийтлэсэн байсан. Тэр зургийг аав, ээж нь харчихаад арай л даралт харвачихсангүй. ХЭҮК гэж үнэндээ хүнийг яаж зовоох вэ гэдэг байгууллага мэт санагддаг.
30 хоногт нэг удаа гэр бүлтэйгээ уулзах эрхтэй. Яг тэр уулзалт болж байхад ХЭҮК хорих ангид ирж таарсан. Тэр үед миний хань бичгээр дараа гомдол гаргаж өгье л гэсэн. “Зүгээр, асуудалгүй” гэх зүйл огт хөндөгдөөгүй. Үүнд гомдолтой байна.
-Цахим уулзалт хийсний төлөө зөрчлийн акт тавьсан гэсэн шүү дээ. Ямар үндэслэлээр акт тавьчихав?
-Монгол Улсын Засгийн газрын харьяа байгууллага ганцхан миний нөхрөөс үхтлээ айж байна л гэж би харж байна. 413 дугаар ангид очоод долоо ч хоноогүй байхад нь ангийн дарга хурандаа Буянбаатарыг А.Батхуяг гэх нөхрөөр сольсон нь зохион байгуулалттай гэж харагддаг. Учир нь А.Батхуяг нь өөрөө Тусгай ажиллагааны албыг дуудсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Зөрчлийн актын хувьд А.Батхуяг нь 2018 оны есдүгээр сарын 24-ний А/165 тоот журмаар цахим уулзалт хийх журмыг баримтлан зөрчлийн акт гээч юмыг гаргасан. Тэр журам нь Үндсэн хууль, Захидал харилцааны хууль гэх мэт маш олон хууль зөрчсөн. Энэ журмаар шоронгийн түүхэнд миний хань шиг зөрчлийн акт бичүүлсэн хоригдол байхгүй. Тухайн үед Д.Мөнх-Эрдэнэ надтай болон дүүтэйгээ ахуй амьдрал ярьж цахим уулзалт хийсэн. Бид гурав ямар юмныхаа гэмт хэрэг, хууль бус юм ярих вэ дээ. Гэтэл бидний яриаг “CD-нд бич” гэж ажилчиддаа үүрэг өгсөн байгаа юм. Миний хань хуулийн хүрээнд саналаа хэлсэн. Гэтэл хариуд нь амралттай байсан ажилчнаа дуудаж ирүүлж байгаад зөрчлийн акт бичсэн юм билээ. Манай хуулийн байгууллага яаж хууль зөрчиж ажилладгийг эндээс тод харж болно. Зүүнхараагийн Хорих ангийн ажилчид хоорондоо энэ актыг гайхаж ярьдаг гэсэн.
-Д.Мөнх-Эрдэнийг магадланд оруулахгүй байгаа гэв үү?
-Миний хань хүн алаагүй, хулгай хийж, хүн зодоогүй. Гэтэл тийм хүнд гэмт хэрэг хийсэн хүмүүсээ магадланд оруулдаг юм билээ. Нөхөр маань хохирол гэж гаргасан мөнгийг нь төлсөн. Улсын орлого болгож тушаа гэсэн, тушаасан. Торгуулийн ял оноосон, бас төлсөн. Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн нэгд заасан нөхцөлийг биелүүлж биеэр хоригдох хугацааны талыг өнгөрөөчихсөн. 2022 оны арванхоёрдугаар сард хоригдсон. Нэг жил 10 сар хорих шүүхийн тогтоолтой. Магадланд орох бүх болзлыг хангаад байгаа. Магадланд оруулахыг хүлээж байна.
Б.ЭНХЗАЯА
3 replies on “Д.Мөнх-Эрдэнэ: Багтай зэвсэглэсэн хүмүүс намайг нүцгэлж гүйлгэн, цахилгаан бороохойгоор цохих зэргээр эрүүдэн шүүсэн DNN.mn”
MasH
Оросын Чиченийн шоронд Кадыровын хүүхэд орж хоригдож байгаа хүнийг зодоод байгаа бичлэг гараад байгаа. Яг л хууль дүрэмгүй Орос шиг болжээ…