Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ 126 гишүүнтэй болж байгаа. Одоогийн 76 гишүүний суудал дээр дахин шинээр 50 суудал нэмэгдэнэ гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Чуулганы танхимын ширээ сандал, гишүүдийн суух өрөө мөн байнгын хороодын хуралдааны танхимын багтаамж зэргийг сайтар судалж, тооцоо судалгааг нарийвчлан гаргах үүрэг хүлээсэн. Урьдчилсан байдлаар чуулганы танхимыг 12 тэрбумаар засварлана гэсэн мэдээлэл байна. Энэхүү засварын ажил дуустал чуулганы хуралдааныг УИХ дахь МАН-ын бүлгийн танхимд хийх бодолтой байгаа гэдгээ бүлгийн дарга нь хэлсэн.
Тэгвэл чуулганы танхимд засвар хийж гишүүдийн суух сандлыг нэмэх хэрэг байна уу. Сандал суудлыг нь нэмээд, хүн бүхэнд нэртэй устай өмчлөөд, хааны сэнтий шиг бэлдээд өгөхийн оронд харин сандал нь хүрэлцдэггүй, үндсэндээ 50 суудал дутуу, одоогийн 76 суудал нь хэвээрээ байвал яасан юм бэ. 126 гишүүн тангараг өргөж шинэ парламент анхны хуралдаанаа эхлүүлэхдээ нэг гишүүний суудлын хажууд сандал тавиад өөр гишүүнийг суулгах, нэг ширээнд хоёроор биш гурав дөрвөөрөө суух, хэрэв хуралдаанаас хоцорвол суудалгүй үлдэж зогсдог, кноп дарах санал өгөх эрхгүй болдог ийм жишиг рүү орвол үр дүнтэй мэт бодогдох юм. Учир нь ийм жишиг дэлхийд бий.
Тухайлбал, Английн парламентын доод танхим 651 гишүүнтэй. Гэвч чуулганы танхим нь ердөө 437 суудалтай. 214 гишүүнд суудал хүрэлцдэггүй. Хамгийн гол нь Монголын парламент шиг суудал бүхэн нь эзэнтэй биш. Аль ч суудал дээр хэн нь ч сууж болно. Гишүүд өөрийн чухал санал, хуулийн төслөө чуулганы хуралдаанд хэлэлцүүлж батлуулахын тулд хамгийн түрүүнд суудлаа хамгаалах нь чухал болох нь мэдээж. Ямар сайндаа чухал хуралдааны өмнө суудлаа бусдад алдахгүйн тулд манадаг, бүр манаж хонох тохиолдол ч гардаг гэсэн яриа бий. Суудалгүйгээс болоод тухайн хуулиа хэлэлцүүлж батлуулж чадаагүй бол сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээдэг, улс төрийн цаашдын замд нь муугаар нөлөөлдөг болохыг судлаачид хэлдэг.
“Английн парламентын дээд танхим нь мэдээж лордын танхим. Эзэн хаанаасаа шагнагдсан бүх насаараа лордын эрхтэй 1200 гаруй хүн байна. Харин доод танхимын 651 гишүүний 214 нь суудалгүй. Энэ нь парламентын гишүүдэд маш том хариуцлагыг бий болгодог юм билээ. Өөрийнх нь сонгогдсон мужтай холбоотой юм уу, ямар ч байсан өөртэй нь хамаарал бүхий асуудал яригдлаа гэхэд эртнээс суудлаа авдаг юм билээ” хэмээн судлаач доктор, профессор Д.Чулуунжав хэлсэн бол парламент судлаач доктор П.Амаржаргал өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр “Гишүүдийнх нь тоо олон хэрнээ суудал нь цөөхөн байдаг Английн парламентын жишгээр Монголын парламент явж болно. Болохгүй юм гэж байхгүй. Манай парламентын тогтолцоо их сонин. Германы жишгээр явж байгаа гэх боловч яг герман биш. Германд гэхэд эрх баригч намын бүлэг Засгийн газар нь хуулиа барьж чуулганд ордог. Парламентад нь манайх шиг айхтар хуульчид суугаад байх шаардлагагүй. Засгийн газар, намын бүлэг нь хариуцлагаа өөрсдөө үүрдэг. Манай парламент орон орноос жишиг авсан эрээвэр хураавар болчихоод байгаа. Үнэнийг хэлэхэд манай парламентын
гишүүд заавал танхимдаа суугаад, бүгд суудал эзэгнэж байх шаардлагагүй. Гол нь суудлаа хамгаалж өөрийнхөө саналыг өгөх л чухал. Түүнээс биш бүгд нэг нэг суудалтай байна гэсэн юм байхгүй л дээ” хэмээх хариулт өгч байна. Ийн өгүүлсэнчлэн Англид парламентынх нь гишүүд суудлаа хамгаалж, бусдад лобби хийж сонгогчдынхоо эрх ашгийн төлөө тэмцдэг байна. Яг ийм жишгээр бид явах хэрэгтэй байна.
Манай парламент ямар дүр зурагтай байдгийг хэн хүнгүй мэднэ. Гишүүдийн ирц 50 хувьдаа хүрэхтэй үгүйтэй. “Сайд нар чуулганы танхимд орж ир, гишүүд хуралдаа сууя” гээд Их хурлын дарга нь орилоод байдаг. Эрхэм түшээд ихэнх нь чуулганы танхимд хоцрон ирж, эрх ямбатайгаар суудалдаа залраад картаа шургуулчихаад буцаад гараад явчихна. Нэгэнт картаа шургуулсан бол чуулганы хуралдаанд ирц нь бүртгэгдээд санал хураалтад эсрэг саналаар явдаг. Ингээд зогсохгүй бусдын өмнөөс кноп дарах, тухайн гишүүний хувийн болоод намын эрх ашигт нийцээгүй асуудал хэлэлцвэл бусдынхаа картыг сугалах гээд хууль тогтоогчдын ичмээр үйлдлүүдийг ард түмэн энэ олон жил харж ирсэн.
“Гишүүд өөрсдөө ирцээ бүртгүүлж саналаа өгдөг байхгүй бол гишүүдийн өмнөөс өөр гишүүн картаар нь бүртгүүлдэг, саналыг нь өгдөг байдал хэрээс хэтэрлээ. Эрх баригчид өөрсдөд нь ашигтай бол бүх гишүүдийн картыг шургуулчихдаг, ашиггүй болохоор карт сугалаад хаячихдаг, зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж асуудалд хандаж байна. Гишүүдийн үүргийг нь биелүүлэх, эрхийг нь эдлүүлэхийг УИХ-ын дарга анхаараач” гэсэн яриа чуулганы танхимд гарч байсан. Дээрээс нь сайдын суудлаар кноп дардаг, өөрийг нь сайд болгохгүй гэвэл засаг огцруулна гэж үздэг, албан тушаал томилгоо ярих болохоор хуралдаа ирдэг, бусад үед юу ч байсан хаяад явдаг ийм л байдалтай Монголын парламент явж байгаа нь үнэн. Ямар сайндаа чуулганд огт суудаггүй нэг нөхөр “Намайг дахиад сонгочих, тэгвэл би чуулгандаа таслахгүй сууна” гэж хэлж байхав.
Улс орон, ард түмний хувь заяаг шийддэг хууль тогтоогч дээд байгууллага УИХ иймэрхүү явцуу байдалтай байна. Гишүүд нь сонгогч олныхоо өмнөөс ажил хийе гэхээсээ амин хувиа боддог, албан тушаал эрх мэдлээ ашиглан улс орноо цөлмөдөг, сангуудаа хоосолдог хамгийн гол ажил болох чуулганы хуралдаанд суухаас суухгүй нь их байдаг ийм харалган тогтолцоог өөрчлөх цаг болсон. 76 гишүүн байхдаа ихэнх нь ирдэггүй, чуулганы танхим цөөн хэдэн хүнтэй, сийрэгхэн гунигтай харагддаг байсан бол 126 болж нэмэгдээд бүр олуулаа болчихсон үед ирц хангалттай дүүрэн байна гэдэгт итгэхгүй байна.
Тиймийн учир Английн парламент шиг олон гишүүнтэй ч цөөн суудалтай байх энэ зарчмаар явах нь хамгийн зөв зүйтэй шийдэл мөн. Суудлаа манаж, чуулганы хуралдаанд идэвх санаачилгатай, хариуцлагатай оролцохгүй бол хэн нэгэн гишүүн суудлыг чинь эзэгнэж, картыг нь сугалж хаяад өөрийнхөө картыг хийгээд ажлаа амжуулах улс төрийн чөлөөт өрсөлдөөн бий болно. Монголд энэ олон мэдээллийн суваг, цахим сайтууд шуурч байна. “Тэр гишүүн суудлаа алдлаа, асуудлаа хэлэлцүүлж чадсангүй” гээд нийгэм даяараа шуугина. Хэн л ийм шуугианы эзэн болж нэр төрөө баалуулаад, сонгогчдодоо есөн шидээр муу муухайгаа дуудуулахыг хүсэх билээ. Энэ талаас нь аваад үзсэн ч Монголын парламент ажил өрнөж бужигнаж байдаг чөлөөт өрсөлдөөний, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хэлээд байгаачлан манлайллын талбар бүрэн утгаараа болж чадна.
Эрх баригч нам нь чуулганы танхимын нэг талыг эзэгнээд бөөнөөрөө суучихсан, сүрийг үзүүлсэн өнөөгийн дүр зураг, инээдмийн гэмээр хэлбэр маяг алга болно. Бүгд тэгш эрхтэй чөлөөт байдалтай, улс орны хувь заяаны төлөө зүтгэсэн, нэгнээсээ өрсөж ажилласан дэлхийн парламентын чөлөөт тогтолцоо руу орно. Тиймээс Лаосоос ирж байгаа улаан модоор чуулганы танхимдаа дахин суудал нэмж байхаар энэ хэвээр нь үлдээж, Английн парламентын жишиг рүү оръё гэж хэлээд байгаа юм.
Д.Батбол