Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын “Энэ л гайгүй шударга юм уу” гэж итгэсэн гишүүд нэг мэдэхэд хар сумаа тавьж буй боохой шиг сэтгүүлчдэд элдүүлээд дүүлж явах юм DNN.mn

Хэдийгээр манай төрд хулгай нүүрлэж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа ч монгол хүний нэг нэгэндээ итгэдэг сайхан сэтгэлийн гал нь унтраагүй л бололтой. Том хулгай нь илрэнгүүт бараг бүгдээрээ шахам шорон руу явчих хэмжээний сүр дуулиан болдог ч тэгс ингэсхийгээд хэргээ намжаачихдаг. Гэвч удалгүй өмнөхөөсөө ч өндөр дүнтэй өөр хулгай нь илэрч, нийгэм даяараа шуугьж, одоо л хэрэг бишдэх нь гэж байтал ард түмэн тэгсхийгээд орхичихдог. Учир нь өөрсдийнх нь хулгай илэрч мэдээ мэдээлэл нь гараад эхлэнгүүт зэрэгцээд өөр сенсааци гаргаж ирэн нийгмийн сэтгэл зүйг инженерчлээд сурчихсан, одоогийн эрх баригчид. Гэсэн ч ард түмэн яагаад ч юм төрийн түшээддээ итгэсээр байдаг нь өнөө л монгол хүний уужуу зангийн илрэл байх. МАН-ыг хулгай гэдэг үг сүүдэр мэт дагах болж, МАН-Хулгай гэх хоршоо үг ч бий болсон. Олон хулгайчийн дундаас “За, энэ л эд нар дундаа гайгүй юм даг уу даа, арай хулгай хийчхээгүй бололтой” гэж итгэж байсан УИХ-ын гишүүн нэг л мэдэхэд хар сумаа тавьж байгаа боохой шиг сэтгүүлчдэд элдүүлээд Төрийн ордон дотор дүүлж явахыг байн байн харах болов. Ихэнх хүмүүс мэднэ дээ. Боохой хэдий араатан ч гэлээ амь нас нь дээсэн дөрөөн дээр ирэх үед чацга алдаж биеэ хөнгөлж дүүлж зугтдаг. Үүнийг монголчууд чоно хар сумаа тавиад зугтлаа даа, эр хүн зоригтой бол чоно хүртэл чацга алддаг гэх мэтээр ярилцдаг. Юун төрийн сайд, эрхэм гишүүн, сонгогч түмнээ төрд төлөөлөх эрхэм үүрэгтэй түшээ энэ тэр гэсэн сайхан цол гуншин өргөмжлөл манатай. Микрофон, дуу хураагуур барьсан хэдэн сэтгүүлчийг хараад боохой шиг л сүнсээ зайлтал айж зугтах нь даанч гутамшигтай, сүр сүлдгүй.

Байж байтал нэг гишүүн нь Төрийн ордонд пад пидхийгээд гүйж байгаа харагдана. Яав ийв гээд сураг тавихаар ийм тийм хулгайд холбогджээ, тэрийг нь тодруулж асуух гэтэл зугтчихлаа гэнэ. Өнөөдүүл нь нохойд хөөгдсөн чандага шиг Төрийн ордны дээд доод давхруудаар, шатаар, хонгилоор хар эрчээрээ зугтааж буй дүр зургийг та бид хардаг болоод удлаа. Зарим нь өрөөнийх нь үүдийг сахиж байсан хэвлэл мэдээллийнхнийг харчхаад буцаад өрөө рүүгээ ороод цоож цуургаа хангинатал түгжчихдэг. Төлөв төвшин зогсоод хүний асуултад бүтэн дүүрэн хариулт өгч чадахгүй, асуулт асуусан сэтгүүлч, өөрийг нь харж байгаа олон мянган ард иргэд, сонгогчдодоо царайгаа харуулж хэдэн өгүүлбэр итгэл төгс холбоод хэлчхэж чадахгүй гөлөлзөж зугтах нь түүнийг яавч гэмгүй хүн гэж харагдуулдаггүй.

Түгжрэлийн сайдтай болчихлоо, энэ залуу ч харин овоо юм хийгээд бужигнуулчхаж мэднэ шүү гэж Ж.Сүхбаатарыг ард түмэн харж суулаа. Сайд гэж ямар том нэр хүндтэй, өндөр хариуцлагатай албан тушаал билээ дээ. Гэтэл өнөө том цол гуншинтай, мундаг сайд байсан хүн маань орох байх, явах гишгэх шатаа андууртлаа сэтгүүлчдээс айж зугтаж “Ногоон автобус бол гэмт хэрэг биш” гэх ухааны юм ярьж, нийгэм даяараа түүнийг энэ том хулгайн хэргийг гардсан гол хүмүүсийн нэг гэдгийг мэдчхээд байхад аль болох тайлбар хэлэхгүй зугтах гэж гүйснийг бид харсан. Итгэл хүлээлгэж, юм хийх нь гэж харж байсан хүн нь ийм увайгүй өлөн байж. МАН дотроос гайгүй нь гэж харж, хүлээж байсан хүн нь ийм байхаар цаана нь өөр аятайхан хүн гэвэл хэн байна вэ?

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн тууштай, зоримог шийдлүүдийг ард түмэн үнэлэхчээ болж “Овоо шударга юм уу даа” гэж магтаж дуусаагүй байтал “магтсан хүүхэн хуриман дээрээ унгана” гэгчээр Боловсролын зээлийн сангийн шуугиан дэгдэхэд түүний төрсөн дүү, эхнэр хоёр нь энэ сангаас зээл авсан ч эргүүлж төлөөгүйгээр барахгүй бүр тэглүүлсэн байсан нь илэрч түмний булай болсон.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих сангийн хулгайгаас эхлүүлээд Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, нүүрсний хулгай гээд МАН-ынхны гар хөл гүнзгий дүрэгдсэн эдгээр хулгайд орооцолдсон, хамт хулгай хийсэн гишүүд анхандаа юу ч дуугардаггүй, хариулдаггүй гүрийдэг байсан бол сүүлдээ шууд жорлон руу юм уу, тааралдсан өрөө рүүгээ ороод зугтчихдаг тактиктай байсан. Харин одоо сэтгүүлчдээс илт зугтаж Төрийн ордны урт хонгилоор үсээ хийсгэн тавхайгаа гялалзуулаад гүйчихдэг болжээ. Гэмт хүн гэлбэлзэнэ гэж энэ.

Аанай л итгэл хэмээх юм ард түмний сэтгэлд унтрахгүй уугьж байдаг хойно яагаад ч юм “Энэ л гайгүй хүншүү юм уу даа” гээд бодсон болгон нь хулгайч байдаг!

МАН-ынхан төр засгийн зүгээс ард түмнээ ажилтай, үйлдвэртэй, орлоготой байлгах гэсэн бүх бололцоог өөрсдөө л хуваагаад эдэлчихсэн, сүүлийн 30 жилд.

Намын гишүүн биш хүнийг хүн гэж үзэхгүй, өөрсдөд нь бага санал өгсөн тойрог, сумдын иргэдэд ажил хийх, хөгжих боломжийг хаачихдаг нь олон жишээнээс харагддаг. Өөрсдөө л, намынхнаараа л зоолох ёстой гэдэг үзэл бодлынх нь биелэл бол ар араасаа илэрсээр байгаа энэ том хулгайн хэргүүд. Хулгайчдаар дүүрсэн, зөвхөн хулгайч нар л байдаг энэ намаас шударга хүн хайдаг нь өөрөө буруу ч юм шиг. Хулгайч нараас шударга хүн хайгаад олдохгүй гэдэг нь хатуу үнэн бололтой. Энэ намыг солих хэрэгтэй гэдгийг монголчууд та бүхэн амьдралаараа, амьжиргаагаараа, амь насаараа тартагтаа тултлаа мэдэрлээ шүү дээ. Энэ бүхэн хангалттай биш гэж үү.

Ирэх сонгуулиар эд нараас ангижирч, шинээр гарч ирэх дараагийн намыг ард түмэн алган дээрээ байгаа юм шиг өдөр болгон харж, хянаж байх хэрэгтэй юм байна. Нэг л хулгай, нэг л шударга бус зүйл илэрлээ гэхэд бүгд байгаа байгаа газрынхаа талбайд, нийслэлд байгаа нь төв талбайдаа цуглаад жагсаж байя.

Цагдаагийн хурандаа нар, нэр нөлөө бүхий дарга нар энд тэнд том албан тушаалд томилогддог болоод удлаа. Энэ талаар манай сонин ч удаа дараа бичсэн. Хулгайчид төрд гараад хулгай хийчихээрээ өөрсдийнхөө хулгайг “Битгий илрүүлээч ээ” гээд цагдаа нарыг том тушаалд тавьж амыг нь хамхидаг. Ингэснээр төрийн эрх барих эрх хулгайч нараас цагдаагийн дарга нарын гарт шилждэг үйл явц эхэлж байгаа юм. Хулгайчдын но-г мэддэг учир түүгээр нь дарамтлаад цагдаагийн эрх мэдэлтнүүд хүссэн албан тушаалдаа очдог гэдэг энэ завхрал өнөөдөр Монголд биеллээ олчхоод байна.

Аль л гайгүй гэсэн төрийн түшээд хулгайг нь асуусан сэтгүүлчдээс зугтаад байгааг “За арай ч үгүй байлгүй дээ” гэж эргэлзэх хүн байгаа бол төрд нэг намын хулгайч нар зайдагнаж, хулгайгаа хийсээр байгаа гэдгийн маш том баталгаа, нотолгоо бол цагдаагийн хурандаа нар эрх мэдэл бүхий албан тушаалд нэг нэгээрээ сэм очоод байгаа нь тодоос тод харуулж байна.

Д.ГАНСАРУУЛ

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *