Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа зарсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна DNN.mn

Цахим орчинд “ Ц а г даагийн байгууллагад 14 настай, эмэгтэй ” Н ” н ь “хичээлдээ явна гэж гараад очоогүй, гэртээ ч ирсэнгүй алга боллоо, олж өгөөч” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулахад дээрх хүүхэд нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Т” нарын 14-16 насны нэр бүхий хүүхдүүдийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсныг олж тогтоон, ар гэр, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгөх, бусад шалгалтыг зохион байгуулж байна” гэх мэдээлэл түгсэн. Энэ мэдээллийн дагуу сурвалжиллаа.

Ү С Х – н ы 2 0 1 9 о н ы судалгаагаар нийслэлд архи зардаг худалдааны болон хүнсний дэлгүүр 2812, цэнгээний газар 457, кафе 428, зоогийн газар 564, зочид буудал 326 байна гэжээ. Эдгээр дэлгүүр, үйлчилгээний газрууд бага насны хүүхдэд архи, согтууруулах ундааны төрлийн зүйл зардаг эсэхийг сонирхлоо. Замд таарсан найман нэрийн дэлгүүр рүү оров. Тус дэлгүүр өөр өөртөө үйлчлэх бөгөөд архины лангуу нь худалдагчийнхаа кассны ард байх аж. Янз бүрийн шилтэй, элдэв хаяг шошготой архи, пиво лангуу дүүрэн өрөөстэй. Үнийг нь урд нь бичиж тавьжээ.

Худалдагч нь 30-аад насны эмэгтэй байлаа. Түүнээс цөөн асуултад хариулт авав.

– Та энд худалдагч хийгээд удаж байгаа юу?

-Би удаагүй ээ. Гурван сар л болох гэж байна.

-Өдөрт хэдээс хэдэн цагийн хооронд ажилладаг вэ?

-Өглөө 09:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл ажилладаг.

-Ажлын ачаалал их үү?

-Өөр өөртөө үйлчилдэг дэлгүүр болохоор ачаалал нэг их биш. Харин бараа их ирсэн өдөр бараагаа өрөх, зөөж хураах гээд ажил ихэсдэг.

-Үйлчлүүлэгч их орж ирэх үү?

-Зам дагуу болохоор хүн их орж ирнэ ээ.

-Танайх архи, согтууруулах ундаа зарах тусгай зөвшөөрлөө сунгуулсан уу?

-Тусгай зөвшөөрөл тэр өлгөөтэй байна. Би яг хугацааг нь харж байгаагүй юм байна. Сунгуулсан байх аа.

-Зам дагуу болохоор хүмүүс архи, согтууруулах ундаа бага авдаг уу?

-Ялгаа байдаггүй байх аа. Авч л байдаг шүү дээ.

-Бага насны хүүхдүүд архи эсвэл тамхи авахаар орж ирдэг үү?

-Ирдэг.

-Тэдэнд зардаг уу?

-Таньдаг хүмүүсийн хүүхдүүд бол өгчихдөг.

-Дунд анги ч юм уу ахлах ангийн хүүхдүүдэд тийм төрлийн зүйлийг зардаг уу?

-Зарим өсвөр насны хүүхдүүдийг дүрэмт хувцасгүй бол сургуулийн хүүхдүүд гэж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр зарчихдаг л байх.

-Хэрэв сургуулийн хүүхэд гэж мэддэг бол зарах уу?

-Таньдаг, энэ хавийн хүүхэд бол зарна.

-Та худалдагч хийгээд гурван сар болсон гэсэн. Энэ хавийнхантай танилцаж амжсан хэрэг үү?

-Өдөрт олон орж ирдэг хүмүүсээ таньдаг болсон.

-Та насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа зарсан, үйлчилсэн тохиолдолд хуульд ямар заалттай байдаг талаар мэдэх үү?

-Мэдэхгүй.

Ингээд бидний яриа өндөрлөв.

Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа зарсан, үйлчилсэн тохиолдолд хуульд юу гэж заасан байдаг талаар хуульч, өмгөөлөгч Б.Агар-Эрдэнээс тодрууллаа.


-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд бага насны болон насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа зарж борлуулсан, үйлчилсэн тохиолдолд ямар хариуцлагатай байдаг вэ. Хуульд юу гэж заасан бэ?

-Монгол Улсад “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” 2000 онд хэрэгжиж эхэлсэн байдаг. Тус хуулийг 2022 онд баталсан “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” болгон өөрчилсөн. Хуулийн 21.1.1 дэх хэсэгт “21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”. Хуулийн 26.2 дахь хэсэгт “Үйлчлүүлэгч 21 нас хүрээгүй гэх үндэслэл байгаа тохиолдолд энэ хуулийн 26.1-д заасан ажилтан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө хуулиар зөвшөөрөгдсөн насанд хүрсэн эсэхийг шалгах зорилгоор үйлчлүүлэгчийн баримт бичгийг биечлэн болон техник технологи ашиглан заавал шалгана”. Хуулийн 27.1 дэх хэсэгт “21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна”. Хуулийн 28 дугаар зүйл 28.1.2 дахь хэсэгт “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох тохиолдол “21 нас хүрээгүй” гэж хуульчилсан байна.

-Хэрэв харсаар байтал бага насны хүүхэд байхад зарсан тохиолдолд яах вэ?

-Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 27.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 26.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үйлчлүүлэгч хуульд заасан насанд хүрээгүй болохыг мэдээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.

-Та цахим орчинд гарсан мэдээллийг харсан байх. Бага насны хүүхдүүдийг архидан согтуурах байраар хангасан тохиолдолд яах вэ?

-Мөн хуулийн 27.1-т 21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна гэж заасан. Орон байрны талаар энэ хуульд нарийн зохицуулалт хийгээгүй.

Хуульч ийм тайлбар өглөө. Дээрх мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Батзоригоос тодрууллаа.


-Өсвөр насны хүүхдэд архи зарсан, түүнийг хэрэглэх орон байраар хангасан газруудыг шалгаж байгаа юу?

-Өөрсдийн явцуу эрх ашгийн үүднээс бага насны хүүхдэд архи согтууруулах ундаа зардаг дэлгүүр, баар, караоке, дэн буудал маш их байна. Хүн хараад л насанд хүрээгүй нь тодорхой байхад 22 настай гэж хэлээд архи авсан гэдэг тайлбарыг өгдөг. Хуульд хүүхдэд насанд хүрээгүйг нь мэдээгүй архи согтууруулах ундаа зарсан, үйлчилсэн нь хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан байгаа.

-Уг дэлгүүр, буудалд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Бид шалгалтын ажиллагааг хийж байна. Зохих хариуцлагыг шүүхээс оногдуулна. Өөрсдийн явцуу эрх ашгийн төлөө шунахайн сэдлээр бага насны хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад хандаж хэлэхэд энэ үйлдлээ таслан зогсоогооч ээ. Үүнээс үүссэн ямар нэгэн гэм хор илэрвэл түүгээр үйлчилсэн байгууллага, хувь хүн хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулъя. Нөгөө талаар эцэг эхчүүд өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгох, тэдэнтэй харилцах харилцаагаа сайжруулах, хараа хяналтаа сулруулахгүй байхыг давхар сануулж байна. ЦЕГ-ын 2023 эхний есөн сард бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн мэдээгээр Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах гэмт хэрэг 63 бүртгэгдсэн байна. Үүнээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхэд өөрөө гэмт хэрэг үйлдсэн тохиолдол найм бүртгэгджээ.

2021 оны “Дэлхийн хүн амын тойм” мэдээллээс харахад 15-аас дээш насны нэг хүнд ногдох архины жилийн хэрэглээний дэлхийн дундаж 16.38 литр байгаа бол монголчуудын хувьд жилийн хэрэглээ 21.9 литр, өдөрт 47.2 грамм цэвэр архи хэрэглэж байгаа нь 2010 онтой харьцуулахад 3.2 дахин өссөн. 2021 оны энэ мэдээллээр нэг хүнд ногдох архины хэрэглээгээр Монгол Улс дэлхийн 218 орноос 34 дүгээр байр буюу Тунис, Пакистан, Судан, Нигер зэрэг улс оронтой ойролцоо байна. Хойд хөрш ОХУ-ын хувьд 20.1 литр, БНХАУ 12.9 литр хэрэглээтэй гэж гарчээ. Тэгвэл саяхан буюу энэ оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан “Согтууруулах ундааны борлуулалт эхний найман сарын байдлаар хоёр сая литрээр буюу өмнөх онтой харьцуулахад 12.5 хувиар буурсан байна. Мөн 25 хүртэлх градустай согтууруулах ундааны хэрэглээ өсч, өндөр градустайн хэрэглээ эрс багассан. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил 15.8 хувиар буурсан байна. Судалгаанд суурилсан шинжлэх ухаанч бодлого үр дүнгээ өгч, цаашид ч улам их өөрчлөлт, үр дүн гарах боломж харагдлаа” хэмээн өөрийн цахим хуудсаар мэдээлж байв. Дэлхийд архи, согтууруулах ундааны хэрэглээнээс шалтгаалсан цаг бусын нас баралт 100 мянган хүнд дунджаар 35 байдаг. Харин Монгол Улсад 123 буюу 3.5 дахин их, шууд ба шууд бус нөлөөллийн улмаас жилдээ 4000-4500 орчим хүн нас бардаг ажээ.

One reply on “21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа зарсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна DNN.mn”

Архи зардаг газарт зохицуулалт шаардлагатай.Зөвхөн томоохон дэлгүүрт зардаг,хяналттай байх ёстой юм.Нэг хороонд нэг л байдаг ч юмуу.Ер нь хэцүү асуудал.Зардаг газрын тоог цөөлөх л хэрэгтэй, заримд нь зөвхөн пиво,вино зарах зөвшөөрөл өг.Хэт задгай,тэгээд шөнө архи их зардгийг болиулах ёстой.Өвөл 20 цагаас хойш,зун 21 цагаас хойш архи зарахыг хоригломоор байна.Баар,ресторануудад 21 цагаас хойш хорих ёстой.Манайд таарахгүй байна.ШИНЭЭР ЗОХИЦУУЛ.ХОТЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРГАА ,ИРГЭДИЙН ХУРАЛ,ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАА,СҮЙРЧ БАЙНА ШҮҮ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *