Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өрнө дорнын соёлыг агуулах Шанхай, Тяньжин DNN.mn

Монголчууд бидний хамгийн сайн мэдэх хийгээд бас хамгийн муу мэдэх улс бол өмнөд хөрш Хятад. Түүхийн бүх л үеийн туршид нүүдэлчид тэдэнтэй ямагт хөрш оршин, хэн хэнийгээ эзлэхдээ эзэлж, ялагдахдаа ялагдаж ирсэн. Тэглээ гээд бид өнөөдөр ч гэсэн хөрш оршсоор. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын эхний хоёрт бичигдэх тус улсын хөгжил гарцаагүй шинэ шатанд гарчээ. Нэг үгээр бол бидний өмнө нь мэддэг байсан Хятад огт өөр, цоо шинэ Хятад болсон байна.

Бээжин хотод бууж түр амсхийж аваад оройхондоо орон нутгийн зорчигч тээврийн цахилгаан галт тэргээр Шанхай хотыг зорин хөдөллөө. Шанхай хот бол өнгөрсөн хийгээд одоо, өрнө болоод дорно дахиныг хамтад нь агуулж байдаг өвөрмөц хот билээ. Орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэг нь цагт 345 км хурдалдаг. Туйлын тав тухтай. Цонхны шил нь хүртэл хүний нүд эрээлжлэхээс сэргийлсэн тусгай давхаргатай. Суудлын аравч нь зорчигчоо ядраахааргүй хойшоо сайн налж өгнө. Унтаад явахад ямар нэгэн тээргүй. Сүүлийн жилүүдэд хот хооронд явахдаа өндөр хурдны галт тэргийг сонгох нь давамгай болж. Хүссэн газартаа хурдан, тав тухтай, аюулгүй хүрчихдэг учраас. Хүний нэн тэргүүний хэрэгцээ болох ариун цэврийн өрөөний үйлчилгээ нь үнэхээр сайн. Хүн ороод гарах болгонд арчиж цэвэрлээд дараагийн хүн ороход ямар ч асуудалгүй болгоно. Ажиглаад байхад 30 минут тутамд хогийн савыг цэвэрлэж байх жишээтэй. Хятадын хөгжил дэвшлийг харуулах нэг зүйл нь яалтгүй энэхүү хурдны галт тэрэг ажээ.

Хятад улсдаа төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог Шанхай хот 26 сая орчим хүн амтай, санхүү худалдаа арилжааны төв цэгүүдийн нэг. Шанхай хотын газар зүйн ашигтай байршил нь худалдааны тун чухал зангилаа болоход нөлөөлсөн гэж үздэг. “Дорнын далайн сувд” гэж нэрлэгддэг Шанхай хот тэнд очсон хэн бүхний харааг булаах, сонин гоё үзүүштэй газруудаар арвин. Хятад даяарын хамгийн алдартай цэцэрлэгүүдийн нэг бол тус хотод байх “Юү” цэцэрлэгт хүрээлэн. Шанхай хотын жуулчдыг татах ер бусын газрын нэг бол гарцаагүй. Мин гүрний үед буюу XVI зууны хавьцаа нэгэн ноён аав ээждээ зориулж уг цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан гэдэг. Ер нь хаа газрын хуучны сүм барилгууд хүмүүст ер бусын сайхан сэтгэгдэл төрүүлдэг дээ. Юү цэцэрлэгт хүрээлэн бол яг л тийм газар. Мэдээж гадны болон дотоодын жуулчдын хөл тасрахгүй. Шанхай хотод очвол заавал үзэх газар. Шанхай хотын худалдааны гудамж болох “Нанжин зам” бол Азидаа төдийгүй дэлхийд нэлээн дээгүүр “жаалах” томоохон худалдааны гудамж. Өдөртөө дор хаяж л сая илүү хүн тэр хавиар явж арилжаа худалдаа хийдэг гэх. Саяхныг болтол энгийн хэрэглээний барааны зах байсан бол өдгөө дэлхийн том, том брэндүүд, дээд зэрэглэлийн ресторан, зочид буудлуудаар дүүрсэн супер газар болжээ.

Шанхай хотыг нэг амьсгаагаар үзээд барахгүй нь мэдээж. Гэхдээ заавал очиж үзэх газар бол Хуанфу мөрний баруун эргээр байрлах Бунд гэх газар. Энэ газар барилгын архитектураараа алдартай. Бунд готик, сэргэн мандлын үеийн архитектурын хэв маягийг агуулсан хуучин цагийн барилгуудаар элбэг газар. Дээрээс нь нэмээд орой болмогц эрэг дагуух

барилгуудын гэрэлтүүлэг ер бусын чамин үзэмжтэй харагдана. Энэхүү үзэмжийг мөрний голоор явах жуулчдад зориулсан усан онгоц дээрээс тольдоход хараа булаам. Өнгөрсөн зун Монголд түрээсийн дугуйн үйлчилгээ  явж эхэлсэн. Тэгвэл яг тийм дугуйн үйлчилгээ тэнд үнэхээр хүчийг авчээ. Хаашаа л харна, өнгө өнгийн түрээсийн дугуй. Үнэ хөлс нь ч боломжийн юм. Шанхай хотын гудамжийг чимэх бас нэг зүйл байгаа нь дотоодын үйлдвэрийнх нь цахилгаан автомашинууд.

Бүрэн цахилгаан машин нь ногоон дугаартай. Загвар хийцийн тал дээр бол яалтгүй “тасраад” алга болсон байна аа. Гадна загвараас гадна салоных нь чамин тансагийг гайхмаар. Магадгүй ирээдүйн машины чиг хандлага өнөөдөр Хятадад бий болж байх шиг. Мэдээж цахилгаан машин өөрөө шинэ гэж хэлж болохуйц. Гэхдээ ирээдүй яалтгүй цахилгаан машин болох учраас өмнөд хөршийнхөн энэ талын хөгжилд ихээхэн мөнгө зарцуулсныг төвөггүй харж болохоор.

Шанхай хотын гудамжинд сигнал орилуулж байгаа автомашин олж харсангүй. Тэр олон мянган машин холхиж байгаа ч эв зүйгээ олоод хэн хэндээ төвөг бололгүй зохицоод явчихаж болж байна. Хуучны болон орчин цагийн барилгын хэв маягийн сонгодог сүлэлдээн дундаас ялгарах нэг зүйл бол Шанхай дахь олон улсын санхүүгийн төв барилга. Энэхүү санхүүгийн төвийн барилга 492 метр өндөртэй, нэн орчин цагийн дизайныг агуулсан бөгөөд тэнгэр баганадан сүндэрлэнэ. 101 давхар уг барилгад дэлхийн 20 гаруй орны үндэстэн дамнасан санхүүгийн байгууллага, томоохон худалдааны төвүүд байх бөлгөө. Хятадад бэлэн мөнгөний хэрэглээ эрс багасчээ. Алипэй, вичатаар л голдуухан гүйлгээ хийцгээж байна. Зам харилцаа, хүмүүсийнх нь аз жаргалтай байдал гээд бусад зүйлсийн талаар ярих юмгүй болжээ. Үйлдвэрлэгч улс учраас өргөн хэрэглээний төдийгүй бүх л төрлийн бараа бүтээгдэхүүн хямдхан. Монголчууд бид “аймшигтай” үнэтэй бараа худалдан авч байна. Мэдээж хэн нэгэн хүн тухайн бараагаа өөрөө хэрхэн үнэлэх нь дурын хэрэг боловч манай хэд бол бас арай л гэмээр, арилжаа наймааны ёс зүйгүй хэд дахин нугалж зарж байх шив дээ.

Шанхай хотоос хойшоо Тяньжин хот руу хурдны галт тэргээр дөрвөн цаг гаруй явж хүрэх юм. Өмнөд хэсгийн хотоос хойшлох тусам цаг агаарын хувьд бага зэрэг сэрүүсэх боловч даарах зүйлгүй. Тяньжин хот бол хойд Хятадын далайн хамгийн том боомтыг түшиглэсэн хот. Эдийн засгийн хувьд хүчирхэг. “Бохайн тэнгисийн сувд” гэж нэрлэгдэх нь ч бий. Байгалийн баялгаар арвин. Байгалийн хий болон газрын тосны дориун нөөцтэй газар аж. Түүх соёлын талаар бас л Герман, Англи, Франц, Орос, Грекийн барилгын хэв шинжийг агуулсан олон арван барилгатай. Эртний Грекийн сонгодог хэв маяг, итал маягийн хөшөө дурсгалуудтай газар юм. Бараг л тэр хэсэг газрыг “Бяцхан европ” гэхээр юм билээ. Энэ дунд Италийн аялагч Марко Пологийн нэрэмжит талбай байх бөгөөд голдуухан зоогийн газрууд, уушийн газрууд төвлөрсөн жуулчдын диваажин энд байрлана. Энд зарж байгаа шар айрагны амт ер бусын таашаалтай. Намрын сайхан чимчигнэсэн айрагтай зүйрлэмээр юм уу даа. Мэдээж мөн л хуучны барилгын дурсгалт газруудтай. Бараг мянга орчим жилийн түүхийг хадгалсан Дүлө гэх буддын сүм Тяньжин хотод оршино. Эртний соёлын гудамж нь Хятадын эртний соёл хийгээд түүхийг хадгалан үлдсэн бөгөөд амттай хоол, эд өлгийн зүйлс, хоол хүнс гээд ер нь байхгүй юм байхгүй. Худалдаа арилжаа хийхэд тэнгэрт хадсан үнэтэй биш. Гэхдээ хүнсний зүйл нь амттай, чанартай. Элдэв бэлэг дурсгалын зүйлсээр элбэг. Тяньжин хотод очсон хэний ч харцыг булаах нэг зүйл бол “Тяньжиний нүд” хэмээх 110 метрийн голчтой, 48 бүхээгээс бүрдэх алсыг харагч. Нэг бүтэн тойроход гуч орчим минут зарцуулдаг супер байгууламж нь энэ хотыг тольдох нүд гэж болно.“Тяньжиний нүд” нь төмөр замын гол буудлаасаа холгүй, Хай голын дунд сүндэрлэнэ. Энэ хотод очсон хэн ч бай уг алсыг харагч дээр заавал суух ёстой л юм байна лээ.

Тяньжин хотод байх ёстой л түм түжигнэсэн газар бол Шаазан байшин байрлах гудамж ажээ. Битүү шаазангаар хучигдсан энэ барилга хачин чамин үзэмжтэй харагддаг. Шаазан байшин анхандаа бол франц маягийн жижгэвтэрхэн барилга байсан ч эзэн нь хожмоо битүү шаазангаар өнгөлөөд, хашаа хороог нь шаазан ваараар барьснаар жуулчдын үзэх дуртай, тус хотын хамгийн гоё газруудын нэг нь болжээ. Уг байшин дотор орвол Хятадын хуучин цагийн модон эдлэлүүд олноороо байх юм билээ. Хуучны эдлэл сонирхдог хүний хувьд яалт ч үгүй нүд булаахуйц тавилга сэлт давхар бүрд нь өрөөстэй. Ер нь Тяньжин хот нь гар урлалын бүтээгдэхүүн, баримлууд, далайн гаралтай хоолоороо Хятад даяар алдартай. Бараг л аль ч зоогийн газраар нь орсон, томоохон хүнсний дэлгүүрээр орсон бай далайн хүнсээр арвин. Харахаас ч дотор арзаймаар эвгүй эвгүй амьтад энд бол жирийн л хүнс юм даа. Тийм ч болохоор далайн хүнсээрээ алдартай.

Тяньжин хот нь манай улсын хувьд ч мөн чухал ач холбогдолтой. Жишээ нь, жилдээ гэхэд энэ хотын боомтоор дамжин 90 000 орчим чингэлэг ачаа манай улсад ирдэг. Уг боомт бол жилдээ 500 орчим сая чингэлэг тээвэрлэх хүчин чадалтай юм билээ. Дэлхийн 180 гаруй орон, бүс нутгийнхаа 500-гаад боомттой холбогддог асар том боомт хот юм. Боомтын үйл ажиллагаагаараа асар их ашигтай ажиллана. Том боомт хот учраас харьцангуй хямд бараа бүтээгдэхүүнтэй.Тяньжин хот нь нийслэл Бээжингээс холгүй, хурдны галт тэргээр 30-аад минут давхиад орчих газар тул ер нь нэг очоод үзчихээрэй гэмээр хот байна лээ. Үзэх харах юм арвинтайгаас гадна шоппинг хийхэд тун аятайхан газар. Шанхай болон Тяньжин хотууд тухай цухасхаан өгүүлэхэд нэг иймэрхүү. Аяллаар явж байгаа бол эдгээрээс гадна үзэж болох маш олон газрууд бий. Бас Хятадаар аялбал техник технологийн үсрэнгүй хөгжлийг ч мэдрэх хэрэгтэй. Гар утаснаас эхлээд цэвэрлэгээ болон хоол хүргэлтийн ботууд, өндөр хурдны галт тэрэг, цахилгаан автомашин гээд олон олон зүйл байна даа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *