Categories
мэдээ нийгэм

Хуульч Г.Жалбуу: Яллагдагчаар татагдсан Б.Ганхуяг “Нүүрсний хэргийг илрүүлэхэд хамжилцъя” гэсэн нь боломжгүй юм DNN.mn

“Legal service center”-ийн хуульч, өмгөөлөгч Г.Жалбуутай ярилцлаа.


-Яллагдагч гэж ямар хүнийг хэлэх вэ. Хуульдаа юу гэж заасан байдаг вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж тодорхойлсон. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт холбогдсон хүнийг прокурор, мөрдөгч шалгаад гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хуулийн тохирсон зүйл, заалт, хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг, үүсгэж, яллагдагчаар татаж байна гэсэн үг. Тухайн хүн яллагдагчаар татагдаад мөрдөн шалгах ажиллагаа явагдах бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дууссан тохиолдолд прокурорын зүгээс яллах дүгнэлт гардуулан хэргийг шүүхэд шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан гэж мөрдөгч, прокурор үзвэл түүнийг яллагдагчаар татсан буюу уг хэрэгт яллагдагч гэж үзнэ. Түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг гагцхүү шүүх тогтоох учир яллагдагчаар татагдсан хүн бүрийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж үзэж болохгүй. Шүүхээр гэм буруутайг тогтоодог хуулийн зохицуулалттай.

-Нүүрсний хэрэгт холбогдоод буй “Эрдэнэс тавантолгой”-н захирал асан Б.Ганхуягийн шүүх хурал дээр хэлсэн үгээр жишээ авъя. “Би энэ хэргийг илрүүлэхэд хамжилцъя. Нүүрсний хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлмээр байна. Намайг болон ар гэрийнхнийг минь хамгаалалтад авч өгнө үү” хэмээн хэлсэн. Яллагдагчаар татагдсан хүн хэргийг нотлох боломжтой юу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3 дугаар зүйлд хамтран ажиллах этгээдээр тогтоох талаар хуульчилсан. Энэ ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэх ажиллагаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд хамтран ажиллах боломжтой байдаг.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйл /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/, 19.7 дугаар зүйл /Хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэх/, 20.7 дугаар зүйл /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 29.9 дүгээр зүйл /Террор үйлдэхэд бэлтгэх/-д заасан гэмт хэрэгт хамтран оролцож болно, бусад төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх буюу хамтран ажиллах боломжгүй юм.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шинжтэй мэдээ мэдээллийг төлбөртэйгөөр авах хуулийн зохицуулалт байдаг. Үүний дагуу иргэд гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад өгөх, түүнд тохирох урамшуулал авах боломж байдгийг хэлэх нь зүйтэй байх. Түүнээс хамтран ажиллах хуулийн зохицуулалт зөвхөн дээр дурдсан гэмт хэргүүдэд л хамаарах юм гэж ойлгож болохгүй. Бид яллагдагчаар татагдсан этгээдийн хувьд ярьж байгаа шүү дээ.

Б.Ганхуягийн хувьд нүүрсний хэргийг илрүүлэхэд хамжилцъя, туслалцаа үзүүлье гэсэн нь хуульд заасан дээрх гэмт хэргийн төрөлд хамаарч байвал боломжгүй зүйл биш гэж харж байна, гэвч энэ хүсэлтийг хэрэг шүүхэд шилжиж ирсэн үед биш мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорт өөрөө, эсхүл өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргах байсан. Нүүрсний гэх тодотголтой яригдаж байгаа хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар зүйл заалтаар зүйлчлэгдэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа нь тодорхойгүй байна. Энэ төрлийн гэмт хэргүүд нь албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, мөнгө угаах болон бусад төрлийн гэмт хэргээр зүйлчлэгдээд байх шиг байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч өөрөө, эсхүл өмгөөлөгчөөрөө дамжуулан хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүсэлтээ прокурорт гаргаж, прокурор үндэслэлтэй гэж үзвэл санал бичиж шүүхэд хүргүүлэн улмаар шүүх шийдвэрлэх асуудал юм. Шүүх хуульд заасан дээрх гэмт хэргүүдээс гадна зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэргээ илчлэн ирсэн. Зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх, эрх бүхий байгууллагатай хамтран ажиллахаа илэрхийлсэн хүнийг прокурорын саналыг үндэслэн шийдвэрлэдэг. Үнэхээр энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн хүнийг тухайн хүний холбогдсон хэргийн ангиллаас хамаарч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар хуульд тусгайлан зааж өгсөн байдаг.

Гэтэл шүүхэд хэрэг ирсний дараа шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх шатанд хамтран ажиллах талаар хүсэлт гаргавал шүүх хүлээн авах боломжгүй, тийм эрх хэмжээ шүүхийн шатанд шүүхэд олгогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1, 13.2 дугаар зүйлд гэрч, хохирогчийг хамгаалах талаар хуульчилсан бөгөөд Б.Ганхуяг, түүний ар гэрийн гишүүдийн хувьд тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр тогтоогдсон тохиолдолд хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад, эсхүл шүүхийн шатанд гэрч, хохирогчоор тогтоогдсон хүн өөрөө, эсхүл өмгөөлөгчөөрөө дамжуулан хамгаалалтад орох хүсэлтээ шүүх, прокурорт гаргах боломжтой бөгөөд тухайн хүсэлтийг шүүх шийдэх хуулийн зохицуулалттай. Энэ хэргийн хувьд Б.Ганхуяг яллагдагч гэсэн нэр томьёотой оролцож байгаа учир түүний хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй.

-Яллагдагчийн үг хэргийг үнэн зөв илрүүлэхэд туслах уу?

-Яллагдагч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, эсхүл хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байх үүрэг хүлээхгүй бөгөөд түүний мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдвол хэргийг илрүүлэхэд тусална. Бүрэн боломжтой. Сэжигтэн, яллагдагч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн нь түүний эрх зүйн байдал буюу шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ач холбогдолтой.

-Яллагдагчаар татагдсан тохиолдолд тухайн хэргийн талаар баримт сэлт гаргаж өгч болох уу?

-Ямар ч үед яллагдагч өөрөө, эсхүл өмгөөлөгчөөрөө дамжуулан нотлох баримтыг гаргаж өгөх эрхтэй.

-Энэ нь яллагдагчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх боломжтой юу?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор яллах болон цагаатгах талын нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулах үүрэгтэй, энэ ажиллагаанд яллагдагчаас өөрийнхөө гэмт хэрэг үйлдээгүй талаараа баримт гаргаж өгөх эрх нь нээлттэй бөгөөд энэ нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хөнгөрүүлэх бүрэн боломжтой.

-Яллагдагчаар татагдсан Б.Ганхуяг хэргийг илрүүлэх гол зангилаа мөн бол яагаад хэргийг задалж мөрдөн байцаалтад буцаахгүй байна вэ?

-Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх шийдвэрлэх боломжтой гэсэн учир яллагдагчдыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоосон гэж харж байгаа.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт түүний мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй, тогтоогдоогүй, тогтоогдох боломжгүй учир шүүх хэргийг прокурорт буцаагаагүй байх гэж л харж байна. Энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал, яллагдагчаар татсан хүн бүрийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Хэрэгт байгаа баримтаар түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх ч боломжтой.

-Нүүрсний хэргийн оролцогчид өөрсдийгөө далдлахын тулд яллагдагчийг албаар хорьж цагдаж байна уу?

-Манай улсын мөрдөх алба их сайн ажилладаг гэж би хувьдаа хардаг. Сүүлийн нэг жил орчмын хугацаанд том том асуудал, хэрэг маргаан гарсан бол манай цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд шалгаад илрүүлээд үнэхээр гэмт хэргийн шинжтэй бол гэм буруугийн асуудлыг тогтоолгохоор шүүх рүү шилжүүлэх учиртай. Хэн гэдэг, ямар албан тушаалтай байх хамаагүй бүх хүн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Тэр агуулгаар цагдаагийн байгууллага ч шалгах ёстой. Прокурор хяналтаа тавиад шүүх рүү шилжүүлэх, шүүх ч тэдгээр хүмүүсийн гэм бурууг тогтоогоод холбогдох зүйл заалтаар ял хариуцлага оногдуулах ёстой. Энэ дагуу шат шатандаа ажиллагаанууд хийгээд явж байгаа гэж бодож байна. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг яагаад ч дарж хаацайлж болохгүй гэж боддог учир гэм буруутай хэн ч бай хуульд заасны дагуу хариуцлагаа хүлээгээд явах нь шударга болов уу. Манай шүүх, цагдаа, прокурорын байгууллага энэ талаар ажиллаж чадна. Гэм буруутай хэн ч хариуцлагаас мултрахгүй, хариуцлагаа хүлээнэ гэж харж байна. Тухайн хэргийг түргэн шуурхай илрүүлэхэд шаардлагатай, ач холбогдолтойн зэрэгцээ хуульд заасан үндэслэл байгаа гэж мөрдөгч үзвэл цагдан хорих болон бусадтай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх бусад арга хэмжээ авахуулахаар мөрдөгч саналаа гаргах эрхтэй. Хуульд заасны дагуу өөр хэн нэгэн хүн хэрэгт хамааралтай, цагдан хоригдох шаардлагатай бол цагдан хорино. Хэн нэгэн хүн ял хариуцлагаас мултрах боломжгүй гэж харж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *