Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Д.Нямдорж: Шинэчлэл хөгжлийн хороо бол намын байгууллага. Б.Ганхуяг гэмт бүлэглэл байгуулаагүй DNN.mn

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой компанийн захирал асан Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт товлогдоод байв.

Шүүх хурал эхлэхэд шүүгдэгчдийн өмгөөлөгчид “Урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хуулийн хугацаат гурван хоногийн өмнө мэдэгдэх ёстой, гэвч урьд өдөр нь мэдэгдлээ. 22-ны өдөр хүртэл хугацааг сунгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Гэвч шүүх бүрэлдэхүүн шаардлагагүй гэж үзэн урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Хурлын эхэнд шүүгдэгчид болон өмгөөлөгчид өмнө нь шүүхэд гаргасан урьдчилсан хэлэлцүүлгийг хийх шаардлагатай гэсэн байр сууриа өмгөөлөн үг хэлцгээсэн юм. Тухайлбал, Т.Аюурсайханы өмгөөлөгч Н.Цэцэгмаа “Миний үйлчлүүлэгч Т.Аюурсайханыг Б.Ганхуяг, О.Дагвадорж, Б.Отгонжаргал нартай хамтран гэмт бүлэглэл зохион байгуулсан гэж үзсэн.

Гэвч энэ нь тогтоогдоогүй” гэсэн бол өмгөөлөгч Баасанжав “Прокурор миний үйлчлүүлэгчийн гэмт үйлдлийг эцэслэн тогтоож чадаагүй. Ялангуяа жүчээтэй холбоотой шинжээчийн дүгнэлт буруу гарсан. Шүүх шинжилгээний тухай хуулиа ноцтой зөрчсөн. Түүнээс гадна улс төрийн дэмжлэг авсан гэдгийг тогтоож чадаагүй. Ганц л хүний мэдүүлгээр ингэж буруутгасан. Тэр нь Т.Бадамжунай гэдэг хүний мэдүүлэг. Т.Бадамжунай мэдүүлэг өгөхдөө “2018 оны хавар “Эрдэнэс Тавантолгой”-н захирал томилогдох үеэр Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар манай оффис дээр ирж уулзсан. Б.Ганхуяг “Дүүгээ дэмжээрэй” гэж байсан. Бас тэр хоёрын хэнийг хэлснийг санахгүй байна. Нэг нь “Энэ саналыг Ерөнхий сайдад хэлж өгөөрэй” гэж байсан” гэдэг мэдүүлгээр явуулчихсан. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгч 2007-2014 онд гадаадаас эрэгтэй хослол оруулж ирж худалдаалан 50 мянган ам.долларын хадгаламжтай болсон. Мөн ааваасаа өвлөж авсан маркны цуглуулгатай. 2017-2021 онд ОХУ, Польш улс руу явж марк худалдаалан 44 мянган ам.доллар, 34 мянган евро олсон байдаг. Монгол Улсад ч хоёр удаа 40, 40 сая төгрөгийн марк худалдаалж орлого олсон. 2017 онд УИХ-ын гишүүн байхдаа Перу улсаас том, жижиг номин чулууг оруулж ирсэн. Жижгээр нь хөөрөг хийж, томыг нь БНХАУ-ын иргэнд 30 мянган ам.доллараар зарсан. Турк улсаас өөрийнх нь ажил хэргийн найз 110 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Энэ мэтээр хууль ёсны дагуу олсон орлогыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг хийв.

Б.Ганхуягийн өмгөөлөгч Д.Нямдорж “Миний үйлчлүүлэгчийг үйлчлүүлэгч МАН-ын Шинэчлэл хөгжлийн хороогоор дамжуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, О.Дагвадорж нарыг гэмт бүлэгт элсүүлсэн гэж буруутгадаг. Гэвч хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй. Мөн Хишиг арвин индустрал компаниас авлига авсан гэдэг. Тэгвэл үүнийг батлах санхүүгийн баримт, тендерийн материалыг авч үзээгүй. Нүхт дэх цогцолборын барилгыг Б.Ганхуягийнх гэдэг. Гэвч улсын бүртгэл дээр энэ хүний нэр дээр энэ үл хөдлөх хөрөнгө байдаггүй. Үүнийг нотлоогүй. Тиймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байна” гэв.

Бусад өмгөөлөгчдийн зүгээс ч ийм тайлбарыг хийсэн юм. Төгсгөлд Б.Ганхуяг үг хэлсэн. Тэрбээр “Нөгөө 40 их наяд, нүүрсний хэрэг, гэрээ, хил гаалиас 12 тэрбум төгрөгийн хохирол үүссэн асуудал дахиад л алга байна. Анх 68 хүнийг хорьсон. Өнөөдөр би ганцаараа байна. Худлаа бухал хараад ганц зүүний тухай л яриад байна. Намайг анх 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд жагсаал зохион байгуулсан хэргээр хорьсон. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа энэ талаар тайлбар мэдүүлэг аваагүй. Би нүүрстэй холбоотой маш олон мэдүүлэг өгсөн. УИХ дээр энэ тухай яагаад яригдахгүй байгаа юм бэ, намайг яагаад тэнд яриулахгүй байна вэ. Намайг буруутгасан үйлдлүүд нотлогдохгүй, жижигдээд байгаа учраас Т.Аюурсайханыг татаж ирээд гэмт бүлэглэл байгуулсан гээд худлаа томруулж харагдуулж байна. Маш муу найруулсан жүжиг болж өнгөрч байна. Би энэ нүүрсний хэргийн талаар баримт ярьж, нүүрсний хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлмээр байна. Намайг болон ар гэрийг маань хамгаалалтад авч өгнө үү” гэсэн агуулга ярьсан юм.

Түүний дараа улсын яллагч Ц.Шагдар болон Д.Даваадорж нар тайлбар өгсөн. Тэд “Бүх зүйл хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдсон. Б.Ганхуяг гэхэд зургаан хэрэгт буруутгагдаж байгаа. Үндэслэлгүй хөрөнгөжих дөрөв, авлига авах нэг, бусдад давуу байдал олгосон нэг хэрэг бий. Үүнд нийт 50 орчим тэрбум төгрөгийн хохирол яригдаж байгаа. Нүхт дэх цогцолбор Б.Ганхуягийн нэр дээр байхгүй байна гэж өмгөөлөгч ярьж байна. Тэр асуудал ач холбогдолгүй. Б.Ганхуяг бусдаас авсан авлигын мөнгөө хувиргаж, Нүхтэд цогцолбор барихад хөрөнгө оруулсан нь тогтоогдсон. Тэнд өөрийнхөө нэр дээр болгох шаардлагагүй. Тиймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй” гэсэн юм.

Энэ үеэр Б.Ганхуягийн өмгөөлөгч Д.Нямдоржтой ярилцсан юм.

-Өмгөөлөгчид нотлох баримт дутуу гэж тайлбарлалаа. Жишээ нь гэмт бүлэглэл гэж үзсэнийг бүгд эсэргүүцэж байна. Үүнийг тайлбарлахгүй юу?

-МАН-ны Шинэчлэл хөгжлийн хорооны үүсгэн байгуулагчид гэмт бүлэглэл байгуулсан гээд л явчихаж байгаа. Болохгүй шүү дээ. Гэмт хэрэг үйлдэхийн тулд жишээ нь би тантай хамтраад цаг хугацаа товлоод эхэлнэ гэсэн үг байх нь. Дөрвүүлээ нийлээд ингэе, би чамайг гүйцэтгэх захирлаар томилъё, чи түүний дараа тэр хүнийг Шинэчлэл хөгжлийн хорооны даргаар тавиарай, энэ тендерийг энэ компанид өгнө, давуу байдал бий болгоно шүү гэдэг зохион байгуулалтад орохыг хэлнэ. Хэрэв мөнгө орж ирлээ гэж бодоход бид дундаа хувааж байнгын эх үүсвэр болгох ёстой. Тийм зүйл байхгүй.

Тэгээд ч тэр гэмт бүлэглэл нь хэзээ байгуулагдсан нь ойлгомжгүй. Улсын яллагчид Б.Ганхуягийг Шинэчлэл хөгжлийн хороонд байсан гэдгээр ойлгуулаад, хэзээ дууссан бэ гэхээр бүлэг байхгүй юм чинь энэ тухай ярих боломжгүй болчихдог. Уг нь хугацаатай байх ёстой.

Хоёрт, улсын яллагчийн бас нэг ноцтой зүйл нь улс төрийн, МАН-ын Шинэчлэл хөгжлийн хороонд байсан хүмүүсийг нэгтгэж авчихаад л, “Энэ хороо чинь гэмт бүлэглэл юм аа” гээд дайраад байгаа. Энэ чинь нам шүү дээ. Би та нар тэгж үзэж байгаа юм бол санхүүжилтийг нь тогтоо гэж яриад байгаа нь тийм учиртай.

-Улсын яллагчийн зүгээс Б.Ганхуягийн үйлдлүүдийг тайлбарлаж байгаа. Харин та бүхэн гэмт үйлдэл тогтоогдоогүй гэж үзэж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Гэмт үйлдэл байхгүй. Ямар ч үйлдэл байхгүй. Нэгд, ТУЗ-ийн 11 гишүүнтэй хувьцаат компани. Тэр нь нээлттэй. ТУЗ нь шийдвэр гаргаад Б.Ганхуягийг гүйцэтгэх захирлаар томилж байгаа болохоос Т.Аюурсайхан томилоогүй, Ерөнхий сайд томилоогүй. Гэтэл тэр 11 гишүүний хэнийг ч байцаагаагүй. Ганцхан Т.Аюурсайхан л ингэсэн гээд зүтгээд байгаа. Энэ бол маш буруу зүйл.

-Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг хамаарлаар нь буруутгаад байгаа тухай та ямар байр суурь хэлэх вэ?

-Энэ хүмүүс 2013 оноос танилцаж найзалж нөхөрлөсөн. Тийм харилцаатай хүн бүрийг гэмт хэрэгт татах юм уу.

-Б.Ганхуягийг батлан даалтад гаргах хүсэлтийг гаргасан. Өөрөө ч хэлж байна. Хууль зүйн талаас тайлбарлахгүй юу?

-Прокурор хэргийг шүүхэд шилжүүлье, одоо ямар ч нотлох баримт шаардлагагүй гэсэн. Тэгэхээр хэргийн ээдрээ төвөгтэй нөхцөл байдал арилчихсан гэсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрчихлөө. Гэтэл эргээд хэргийн ээдрээ төвөгтэй нөхцөл байдал арилаагүй гэж байгаа нь маш ноцтой үйлдэл. Одоо бол батлан даалтад гарах нөхцөл бүрдчихсэн.

-Есөн сарын хугацаанд хоригдлоо. Өөрийнх нь нөхцөл байдал, ар гэр нь ямар байгаа вэ?

-Мэдээж сайнгүй л байгаа шүү дээ гэсэн юм.

Шүүх бүрэлдэхүүн яллагдагчдын өмгөөлөгчид болон улсын яллагчдын байр суурийг сонссоны дараа зөвлөлдөж, өчигдөр 19:00 цагийн үед шийдвэрээ танилцуулсан юм. Ингэхдээ Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, энэ сарын 28-ны 14:00 цагт шүүх хуралдааныг товлолоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *