МАН-ын томчууд зөрчилдөж эхэлсэн. Өнгөрсөн оны намраас эхэлсэн нүүрсний хэргийн дуулиан үргэлжилсээр энэ хавраас эрх баригч намын удирдлагууд ил далд зөрчилдөх шинэ өнцөг болсон. Тиймээс сүүлийн хэдэн сар МАН-ын удирдах зөвлөл албан ёсоор хуралдсангүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаагаар бол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн гэх хүмүүс, дээр нь УИХ, Засгийн газар дахь фракц, бүлэглэлүүд нууцаар уулзалдах болжээ. Ингэхдээ нийслэлээс гарч, бүр алс хязгаар бөглүүд газруудад амралт сувилалд сувилуулах нэрээр, аймгуудын тэмдэглэлт ойд уригдах завшаанаар уулзалтуудаа хийсэн нь ил болцгоов. Тухайлбал, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойгоор алс баруун хязгаарт МАН-ынхан цуглаж юу ярьцгаасан нь нийгмийн сүлжээ, хэвлэлээр бичигдэж буй. Тэнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ- ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Б.Энх- Амгалан нарын намын нөхөд цугласан бол зэргэлдээх Ховд, Хөвсгөл аймгуудад ч энэ зун томоохон уулзалт болсон байгаа юм. Өөр ч бас бус уулзалтууд төвийн болон зүүн аймгуудаар болсон сурагтай. МАН-ын томчуудын цуварсан энэ нууц уулзалтуудын үндсэн сэдэв сүүлийн үед шуугиан болоод байгаа хэргүүд, түүнд татагдсан намын нөхдийн хувь заяаг хэрхэх, түүнийг хууль шүүхээр хэрхэн шийдвэрлүүлэх, бүр зарим хэргийг яаж замхруулж болох яриа хөөрөө өрнөсөн бололтой. Нөгөө талаар нууц уулзалтуудаар хамгийн олон хүний санаа чилээсэн, хэлэлцүүлэг маргаан өрнүүлсэн сэдэв нь нүүрсний сонсгол гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. МАН-ын засаг барьж байх жилүүдэд улс орны амин чухал санхүүг бүрдүүлдэг нүүрсний экспортоос хумслаж, төсвөө тоносон дарга нар, төрийн албатууд, намын томоохон албан тушаалтнуудын нэрийг хуулийн байгууллага албан ёсоор зарласан. Бүр нэр бүхий УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ эгүүлэн татагдаж, энэ хэргийн улмаас улсад учруулсан хохирол албан бус байдлаар 40 их наядаар яригдаж олон нийтийн бухимдлыг дээд цэгт хүргэж байгаа нь эрх баригч намын толгойны өвчин болсон н ь гарцаагүй. Тиймээс нийслэлээс гадна болж буй уулзалтын гол сэдэв нүүрсний хэрэг, тэр дундаа нүүрсний сонсголын талаар өрнөжээ. Өнгөрсөн өвлөөс хойш нүүрсний сонсгол хийх тов нэг бус удаа зарлагдсан ч тодорхойгүй байдлаар хойшилсоор сураг алдарсан. Олон нийт одоог хүртэл сонсгол хийхийг шаардаж буй . Тиймээс өнгөрсөн хавраас эхлээд зун дамжин, өнөөдрийг хүртэл хотын гадна болж буй МАН-ын удирдах зөвлөлийн албан бус уулзалтуудын үндсэн гол сэдэв бол шулуухан хэлэхэд нүүрсний сонсголыг хийх, хийхгүй тухай, хэрэв хийвэл яаж олон нийтийн бухимдлыг дарж хийх, хийхгүй бол ямар сенсааци дэгдээж замхруулах, яаж нүүрсний сонсголгүйгээр 2024 оны сонгуультай золгох зэргээр арга мэхүүд яригдсан гэдэг мэдээлэл байна. Хамгийн сонирхолтой н ь МАН-ын УЗ намын цагаан байрандаа биш хотын гадна аймаг, сум дамжин эзгүй бөглүүд газарт хуралдах болсон нь учиртай. Намын цагаан байрных нь хана туурга, хаалга үүд нь хүртэл чихтэй болж, Удирдах зөвлөлөөр яригдаж ирсэн улс орон, намын талаарх далд нууц, ноцтой яриа, улс төрийн хор нь удаа дараа гадагшаа алдагдсантай холбоотой гэнэ. Тиймээс эрх баригч намын фракц бүлэглэлүүд цагаан байрандаа ойртож чадахаа больсон тухай гишүүд нь ярьж явна. Нэг ёсондоо намынхаа Удирдах зөвлөлийн хурлыг албан ёсоор хуралдуулахаас цээрлэсэн бололтой. Тэгвэл ирэх баасан гаригт МАН-ын Удирдах зөвлөлийн хурал товлогдсон байна. Тэд бас л “уламжлал” ёсоор намын цагаан байрандаа бус хотоос гадуур хуралдахаар болсон бололтой. Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өөрийн байрандаа албан ёсоор хуралдаж чадахгүй, үүнийгээ нууж ядан энд тэнд нууц газар уулзалдах болсон дүр зураг нийгэмд юуг харуулж байна вэ?
Categories