УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл өгч байна.
МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Засгийн газраас төсвийн тодотголыг Лхагва гарагт УИХ-д өргөн барина гэсэн. Ингэснээр Пүрэв, Баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм” гэв.
Хаврын чуулган дуусахаас өмнө УИХ дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ:
-Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл
-Боловсролын багц хуулийн төсөл
-Улсын төсвийн тодотгол буюу 2023 оны улсын төсвийн тухай хуулийн төсөл
-Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл (Гэр бүлийн тухай хуультай уялдуулна)
-Бооцоот тоглоомын тухай хууль
-Морин уралдааны тухайн хуулийн төсөл
-Шүгэл үлээгчийн тухай хуулийн төсөл (Ажлын хэсгийн ахлагч өвдсөн тул хойшилсон)
-Төрийн албаны тухай хуулийн төсөл
-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл
-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих тухай хуулийн төсөл
-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл
Эрдэнэт үйлдвэрийн 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хөдөөгийн сургуулиудын нүхэн жорлонг шинэчлэх болсон. Гэвч энэ ажил удаашралтай байгаа тул БШУЯ, Боловсролын ерөнхий газар яаравчлах талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцжээ. Энэ ажлын явцыг бүлэгт эргэж мэдээлэхээр тогтсон байна. Нийт 67 тэрбум төгрөг зарцуулсан ч зарим ариун цэврийн байгууламжийг ашиглалтад өгөөгүй гэх мэт зөрчлүүд илэрчээ.