Categories
гадаад мэдээ

Украин болон Хятадын төлөөлөгчид уулзжээ DNN.mn

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Киевт хоёр өдрийн айлчлал хийж буй БНХАУ-ын Засгийн газрын Евразийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Хүйтэй уулзав. Энэ тухай Украины ГХЯ, талууд Украин, Хятадын хоёр талын түвшинд болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааны тулгамдсан асуудлууд, Оросын түрэмгийллийг зогсоох арга замын талаар хэлэлцсэн. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба БНХАУ-ын Засгийн газрын тусгай төлөөлөгчид Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үндсэн дээр тогтвортой, шударга энх тайвныг сэргээх зарчмуудын талаар дэлгэрэнгүй танилцуулан Украины тал Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах ямар ч саналыг хүлээн авахгүй гэдгийг онцлон тэмдэглэв гэж мэдээлжээ. Түүнчлэн Киевийн дэвшүүлсэн “энхийн томьёолол”-ыг хэрэгжүүлэх, Хар тэнгисийн үр тарианы санаачилга, цөмийн аюулгүй байдлыг хангах болон олон улсын бусад чухал хүчин чармайлтад Хятад улс оролцох нь чухал болохыг Гадаад хэргийн сайд тэмдэглэсэн байна.

Хэдэн долоо хоногийн өмнө Хятад улс гал зогсоох, бүх улс орны бүрэн эрхт байдлыг хүндэтгэх, нэг талын хориг арга хэмжээг зогсоох зэрэг энхийн төлөвлөгөө боловсруулсан ч Киев, Вашингтон хоёр Хятадын энэхүү төлөвлөгөөг дэмжихгүй гэдэг нь тодорхой болсон байна. Гэсэн хэдий ч Хятадын Евразийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Украин, Орос, Европын орнуудад энх тайвны асуудлыг хэлэлцэх айлчлалаа эхлүүлээд байгаа аж. Киев түүний айлчлалын эхний цэг болж байгаа бөгөөд Ли Хүй энэхүү уулзалтын дараа Москваг зорих төлөвтэй байна. Түүний энэхүү аялал дандаа хаалттай хаалганы цаана явагдах аж. Хятадын дипломатчийн уулзалтын хуваарийг урьдчилан мэдээлээгүй байгаа бөгөөд БНХАУ-ын Засгийн газрын мэдээлснээр, айлчлалын үеэр тэрбээр Польш, Герман, Францад бас айлчлах юм байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *