Байлдах, бие хамгаалах урлагийн тухай сонирхолтой номууд мэр сэр бий. Саявтархан “Таван тойргийн судар буюу Самурайн дайтан тулалдах урлаг” хэмээх тун дажгүй нэгэн номыг “Арвис паблишинг”-аас эрхлэн, Б.Батзаяагийн орчуулгаар гаргажээ. Ер нь дэлхийн улс үндэстнүүд ерөнхийдөө өөр өөрийн гэсэн онцлогуудаа шингэсэн тулааны урлагтай. Бие хамгаалах, тулааны төрлүүд хоорондоо ижил төстэй зүйлс маш их. Тэр ч мэдээж хэрэг. Хятад гэхэд шаолин, япончууд каратэ, жүдо, бразил жиү-жицү, монгол банди-зо гээд. Тэгвэл япончуудын энэ төрлийн бас нэг чухал төрөл нь самурайн дайтах урлаг юм. Энэхүү номыг бичигч Мияамото Мусаши бээр 1584-1645 оны хооронд амьдарч байсан домогт дайчин, тулаанч, гүн ухаантан бөгөөд ронин буюу эзэнд эс харьяалагдах самурай байсан байх нь. Амьдралынхаа туршид 61 тулаан хийсэн тэрээр нэг ч ялагдаагүй гэгдэн алдаршжээ. “Таван тойргийн судар” гэх энэхүү ном нь өрсөлдөгчийгөө болоод өөрийгөө хэрхэн ялан дийлэх тухай нэн чухал бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог агаад Сүнзийн алдарт “Дайтах урлаг”-тай эн зэрэгцдэг ажээ.
Мияамото Мусашигийн үлдээсэн богино сургаалуудаас хамгийн алдартай нь түүний хамгийн сүүлчийн “Гагц өөртөө найдахуйн эрдэм” буюу хэрмэл тулааны баримтлах 21 дүрэм гэх айлтгал ажээ. Энэхүү 21 дүрэм нь өөртэйгөө, бодит байдалтай нүүр тулах тухай сургаал аж. Эдгээрт “Үл тоомсорлон өнгөрөөх зүйл энэ ертөнцөд нэгээхэн ч үгүй, Аливаад хэт итгэж найдах нь бүтэлгүйтэхийн цондон, Өнгөрсөнд харамсахгүй байх, Аливаад хоргодон гашуудахгүй байх, Хайр дурлалд зүрхгүй мэт байх нь өлзийтэй, тойрч үл чадах тул үхлээс бүү ай” гэх зэрэг болно.
Уг нь ном нь “Шороо”, “Ус”, “Гал”, “Хий”, “Огторгуй” гэх таван бүлгээс бүрдэнэ. Тэргүүн бүлэгт тулааны эрдмийн суурь үндсийг бий болгож, өөрийнхөө үүсгэсэн арга барилын ойголтыг тайлбарлах болно. Дараагийн бүлэгт оюун ухаанаа ус мэт байлгах тухай яруугаар өгүүлнэ. Ус бол ямар ч хэлбэр бүхий саванд хэлбэр даган өөрчлөгдөх шидтэй. Тиймээс ус мэт зохицохуйн тухай энэхүү бүлэгт өгүүлэх аж. Гуравдугаар буюу гал бүлэгт аливаа тулаан тэмцлийн утга учрын тухай өгүүлэх болно. Билэг оюундаа томыг харж, жижгийг тольдон бясалгах, агшин бүр шийдвэрлэх мөч болдог тухай, юу ч хормын төдийд шийдэгдэх тул билэг оюунаа хичээн шамдан суралцахуйн тухай өгүүлэх аж. Харин хий хэмээх дөрөвдүгээр бүлэгт өөрийн буй болгосон эрдмийг бус бусад төрлийн тулаануудын арга барилуудын тухай бичжээ. Тулааны бусад хэв маягуудын хувилбарууд, давуу хийгээд сул талуудын арга мэхийн тухай тайлбарлан өгүүлэх болно. Угаас бусдыг танин мэдэхгүйгээр өөрийгөө олох, ойлгох боломжгүй агаад гэрэл сүүдэр ямагт хамт байдгийн адил ямар ч эрдэмд тэрсүүд замнал заавал зэрэгцэн орших тухай тайлбарлажээ. Ерөөс эхнээсээ зөв мөр, чин шударгуу замналаар эс замнаваас хойшдоо залруулж үл чадах том гажуудлыг үүсгэдэг билээ. Тиймээс аливааг эргэцүүлэн бодох тухай өгүүлэх ажгуу. Тавдугаар бүлэг огторгуйд хоосон чанарын тухай дурдана. Эхлэл болоод төгсгөл хэмээгч хоосон чанарт үгүй ба аливааг сурахад төгсгөл үгүйн тухай, тулааны эрдэмд огторгуйн хязгааргүй адил эрх чөлөө оршин байдгийг өгүүлжээ.
Тулааны урлаг нь сэтгэл зүйн тулаан гэхэд болох ба өдөр тутмын сэтгэл зүйтэйгээ адилхан байлга гэж номложээ. Эгэл амьдрал болон дайн тулааны алинд ч хянуур, тайван, холын бодолтой байж, шийдэмгий хандах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлдөө хором ч бүү авт гэжээ.
Энэхүү алдартай судар нь хэдийгээр тулааны урлагийн тухай авч орчин цагт цэрэг арми, бизнес хувь хүний хөгжил гээд бүх л салбарынханы судалдаг судлагдахуун бүтээл болж, тэр хэрээрээ хүний амьдралд багагүй хувь нэмрийг үзүүлж, ач холбогдол нь улам бүр нэмэгдсээр байгаа аж. Ямартай ч уншаад үзээрэй.