Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Эрдэнэбаатар: Жижиг намууд эрх баригчдын халаасанд орсноо нотоллоо DNN.mn

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болов. Хэлэлцүүлэгт эрх баригчид, эрдэмтэн судлаачид, улс төрийн намын удирдлагууд оролцов. Улс төрийн намын тухай хууль санаачлагчийн зүгээс сөрөг хүчнээс ирүүлсэн саналыг төсөлд тусгах боломжгүй гэдгийг хэлж байлаа. Мөн хэлэлцүүлгийн үеэр АН-д үг хэлэх боломж олгосонгүй. Энэ талаар АН-ын ҮБХ-ны гишүүн, Улс төрийн намын тухай хуулийн төсөл дэх АН-аас байгуулагдсан ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Х.Эрдэнэбаатартай ярилцлаа.


-АН-ын зүгээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан саналыг хүлээж аваагүй гэв үү. Мөн сөрөг хүчнийг хэлэлцүүлэгт үг хэлэх боломж олгосонгүй гэлээ. Та бүхэн юу хэлэх гэж байсан юм бол?

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Сонгуулийн тухай хуулийн төсөлд АН, МАН-аас авсан саналын хүрээнд уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь энэ л дээ.

Үнэн хэрэгтээ хонь, хурга нийлүүлсэн мэт, нөгөө талаар тавилтат жүжиг ч юм шиг бужигнаад өнгөрлөө. Хууль санаачлагчийн зүгээс төсөлд саналаа өгнө үү гэж АН-д албан тоот ирүүлсэн юм. Бид давчуу хугацаанд ажлын хэсэг байгуулж, саналаа боловсруулаад УИХ дахь АН-ын бүлгээрээ дамжуулаад Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн.

Манай намаас Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад зайлшгүй оруулах шаардлагатай 52 хуудас бүхий зүйл заалтуудыг саналаар хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газраас өргөн барьсан төсөл дээр манай намаас гаргасан саналуудаас зөрүүтэй, хамрах хүрээ, агуулгыг нь өөрчлөх заалтууд нилээд байсан. Бүр огт тусгагдаагүй зүйл заалтууд ч байсан. Иймд АН-ын зүгээс нэмж тусгах саналтай хуулийн заалтууд хэд хэд байгааг нэг бүрчлэн хүргүүлсэн. Гэвч манай намын саналыг төсөлд огт тусгаагүй байна. Энэ тухай хэлэлцүүлгийн үеэр хэлэх гэсэн боловч АН-ын төлөөллөөр огт үг хэлүүлсэнгүй л дээ.

-Хуулийн төсөлд АН-аас ямар саналууд тусгахаар хүргүүлээд байсан юм бэ?

-Үзэл баримтлалын хүрээнд намыг төрөөс салгаж зааглая гэсэн агуулгатай дөрвөн зохицуулалт байгаа юм. Хуулийн төсөлд огт тусгаагүй заалтыг АН-аас шинээр санал болгосон. Нэгдүгээрт, төрийн захиргааны буюу удирдах дээд албан тушаалтнуудыг улс төрийн албан тушаалд тодорхой хугацаанд нэр дэвшүүлэхгүй, хориглох зохицуулалтыг тусгуулах саналтай байгаа. Тэгэхгүй бол сонгууль дөхчихлөө гээд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлөөд аймгууд руу илгээж байх жишээний. Ингэхдээ аймгийн Засаг дарга, МАН-ын даргаар томилж, УИХ-ын сонгуульд бэлдүүлж байгаа юм л даа. Энэ нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар яриад байгаачлан намуудыг ижил тэгш гараанаас гаргая гэсэн агуулгатай зөрчилдөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, санхүүгийн хувьд тэгш бус зарчмаар явах гээд байна. Үүнийг хуульдаа тэгшилж өгөөч гэсэн санал хүргүүлсэн юм. Дараагийн асуудал гэвэл, одоо улс төрийн намын сонгуульд гишүүнийг төрийн өмчийн компанийн санхүүгийн удирдлага дээр тавьчихаад байгаа шүү дээ. Үүнийг тодорхой хугацаагаар хориглох ёстой. Ажлаа өгсөнөөс хойш таван жилийн хугацаанд улс төрийн намд элсч сонгуульд албан тушаал эрхлэх, төрийн удирдах албан тушаалд томилогдохыг хязгаарлах зүйл заалт тусгуулах саналтай байгаа. Энэ бол яг амьдрал дээр өнөөгийн нөхцөлд харахад, төрийн өмчийн компаниудад томилогдсон дарга нар хэдэн тэрбум, их наядын гэрээнд гарын үсэг зурчихаад сүүлдээ тэр нь улс төрийн зодоон, шорон оронгийн асуудал үүсгээд солигдчихдог. Тэгснээ дараагийн сонгуульд дахиад л нэр дэвшээд гараад ирдэг. Үнэхээр намыг төрөөс салгая, ялгая, заагтай байлгая гэж байгаа бол энэ л яг гол үндэс нь юм. Төрийн өмчит компаниуд хэтэрхий данхайсан. Дарга нар нь намыг санхүүжүүлэх замаар сонгуульд оролцоод ороод ирдэг. Үүнийг заавал хориглох хэрэгтэй.

-Хувь хүний эрхэнд халдсан зүйл болохгүй юу?

-Тодорхой хугацаагаар хорих юм. Энэ бол хувь хүний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байгаа хэрэг биш л дээ.

-АН-ын зүгээс улс төрийн намын гүйцэтгэх удирдлага нь төрийн удирдах албан тушаалд давхар ажиллахыг хатуу хориглох ёстой гэж байсан. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Энэ бол Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад зайлшгүй тусгах ёстой чухал заалт юм. Өнөөдөр эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга хүн давхар Засгийн газрын сайдын ажил эрхлээд байна. Төрийн ажлыг хийх гээд байгаа юм уу, намын ажил хийх гээд байгаа юм уу. Ингэж хавсарч хийгээд байхаар төрийн дээр нам нь гарчихаад байгаа юм л даа. Эсвэл ЗГХЭГ-ын даргын албан тушаал хавсарч хийж болдог амархан ажил байдаг юм уу. Бүр дунд шатандаа аваад үзэхэд аймгуудын намын хэрэг эрхлэх газрын дарга нар нь тухайн аймгийн Засаг даргын орлогч байдаг. Үүнийг бас юу гэж үзэх юм бэ. Гүйцэтгэх удирдлагыг улс төрийн албан тушаалаас салгамаар байгаа юм. Уг нь МАН-ын дүрэмдээ энэ тухай хориглосон байдаг юм билээ. Гэтэл энэ хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотой уг залтаа аваад хаячихсан гэх мэдээлэл бий. Тухайн намын гүйцэтгэх удирдлагын ерөнхий нарийн бичгийн дарга нь улс төрийн сонгуульд оролцох намынхаа санхүүжилтийг босгох, сонгуульд намаа эмхлэн зохион байгуулж, удирдаж оролцох чиглэл үүрэгтэй байж засагт орж ирээд ажиллаад байна гэдэг нь ялгаа зааггүй байна. Төрийнхөө ажлыг хийнгээ намаа санхүүжүүлээд байгаа юм уу. Ойлгомжгүй байгаа юм л даа.

-Та бүхний саналыг хуулийн төсөлд тусгаснаар улс төрийн намуудад ямар өөрчлөлтийг авчирч чадах вэ?

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад огт дурдагдаагүй эдгээр саналыг АН-ын зүгээс заавал тусгуулах хүсэлтэй байна. Мэдээж эдгээр заалтууд мөрдөгдөж эхэлбэл бүх намууд тэгш эрхтэй болчихож байгаа юм биш. Гэхдээ энэ жишиг рүү ойртож чадна. Хуулийн төслийн хэлэлцүүлэгт энэ тухай хэлэх гэсэн боловч бидний амыг “барьчихлаа”. Огт үг хэлүүлсэнгүй.

-Бусад намуудын тухайд ямар байр суурьтай байгаа юм бол?

-Хэлэлцүүлгээс харахад аль, аль талаасаа АН руу чиглэсэн хандлагатай байсан. Бусад намын дарга нар хүртэл эрх баригчидтай хэдийнэ тохиролцсон юм шиг, АН-ыг буруутгасан өнгө аястай байгаа нь хачирхалтай.

-Харин хууль санаачлагчийн зүгээс АН-ын саналыг тусгаагүй шалтгаанаа юу гэж тайлбарлав?

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс “АН-аас ирүүлсэн 52 хуудас бүхий саналыг бүгдийг нь оруулах боломжгүй” гэснээс өөрөөр тайлбар өгөөгүй. Яагаад оруулж болохгүй гэж. Ялангуяа ийм гол, гол зүйл заалтууд энэ хуульд заавал тусгагдах ёстой. Мөн МАН-аас ирүүлсэн 60 хуудас бүхий саналыг тусгах боломжгүй гэж байна лээ. Үнэхээр зарчмын хувьд, агуулгын хувьд нам төрийг салгаад зааглая гэсэн концепци дээрээ байгаа юм бол эдгээр заалтуудыг тусгах ёстой гэдэг нь өнөөдөр амьдрал дээр харагдаж байна шүү дээ. МАН-ын Бага хурлын гишүүд нь Төрийн өмчит компаниудын ТУЗ-д суудгийг бүгд мэднэ. Аливаа шатны сонгууль дээр эрх мэдэл, хөрөнгө мөнгөний хувьд ялгаатай сонгууль хийгээд байдаг нь олон хардлага дагуулдаг шүү дээ. Тиймээс хуульдаа гарцаагүй зааглах ёстой. Тэгэхгүй бол дахиад шударга сонгууль болохгүй. Төр, нам нь ялгарч салахгүй. Энэ хэл ам цаашаа дахиад л үргэлжлээд явна. Улс төрийн намын хуулиа шинэчлэх гэж байгаа бол манай намаас өгсөн саналуудыг заавал оруулах ёстой.

-Хуулийн төсөлд “Улс төрийн намын санхүүжилтийг төрөөс олгоно” гэснийг судлаачид янз бүрээр л тайлбарлаж байгаа харагдсан. Харин төсөл санаачлагчдын зүгээс идэвхгүй намуудыг татан буулгах механизм гэж үзэж байгаа бололтой. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Улс төрийн намууд одоо ч гэсэн УИХ дахь суудлынхаа тоогоор төрөөс санхүүжилт авч байгаа. Тэгвэл хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар сонгуульд өрсөлдөөд идэвхтэй байнгын үйл ажиллагаа явуулж байгаа намуудад санхүүжилт олгоё гэж байгаа юм билээ. Их хуралд суудал аваагүй ч гэсэн сонгуульд өрсөлдөөд авсан нийт саналынх нь тоогоор санхүүжилт олгоно гэснийг АН-ын зүгээс байж болох хувилбар гэж үзэж байгаа. Гэвч гуя дагаж хүзүү гэдэг шиг санхүүжилт олгох нэрийн дор намуудыг төрөөр дамжуулж хянах гээд байгааг эсэргүүцсэн. Зарим зүйл заалт нь намуудыг санхүүжилтээ тодорхой тайлагнаж, тухайн цаг хугацаандаа өгч чадаагүй бол төрийн сонгуульд оролцох эрхийг нь хязгаарлана гэх зүйл заалт хүртэл бий. Намуудыг сонгуулийн төв байгууллага болох СЕХ хянана. Одоогийн тогтолцоогоор СЕХ-нд эрх баригч намын хүн байгаа шүү дээ. Тэгэхээр эрх баригчид бусад намуудыг хянана гэсэн үг. Тэрнээс биш төрөөс тодорхой хэмжээгээр санхүүжилт өгөх нь зөв. Энэ тал дээр АН-аас өгсөн саналд “Улс төрийн намууд нийт иргэдээс, аж ахуйн нэгжүүдээс хандив авч болно. Түүний 50 хувь төрөөс олгох санхүүжилт явагдана” гэж байгаа. Зөвхөн төрийг харсан, амьгүй намууд байдаг шүү дээ. Тэгэхээр ийм биш, үндсэн үйл ажиллагаатай, иргэд, гишүүд дэмжигчидтэй ажилладаг идэвхтэй нам байх юм бол санхүүжилт олгодог байх хөшүүрэг зөв зүйтэй.

-Намуудыг хянах санхүүгийн механизмыг жижиг намууд яагаад эсэргүүцэхгүй байна вэ?

-Хэлэлцүүлгийн явцаас харахад бусад намууд илтэд МАН-ыг дэмжиж байна лээ. Эрх баригчдын үгийг дамжуулсан маягтай харагдсан. Энэ бол жижиг намууд МАН-ын халаасанд орсны нотолгоо. Хууль хэрэгжиж эхэлбэл, төлөвшчихсөн 7-8 нам гадна үлдэх юм билээ. Харин 6-7 нам парламентад суудалтай болно гэсэн. Сонгуульд нийт авсан саналын тоогоор парламентад орох босгыг гурван хувь гэж хуулийн төсөлд оруулж ирсэн. Манай намын хувьд адилхан гурван хувь гэсэн саналтай байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *