Categories
гадаад мэдээ

Кипр улс дахь Оросын соёлын төв шатжээ DNN.mn

Кипр улсын нийслэл Никозия хот дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв халдлагад өртсөний улмаас шатсан тухай ТАСС агентлаг өчигдөр мэдээлжээ.

Төвийн байр руу хэн нэгэн Молотов коктейль гэгддэг гар хийцийн шатаагч бөмбөг шидсэнээс гал гарсныг тус төвийн тэргүүн Алина Радченко мэдээлсэн байна.

“Өдрийн 1:30 цагийн үед хоёр удаа дэлбэрэх чимээ сонсогдсон. Бид эхэндээ юу болоод байгааг ойлгоогүй. Удалгүй гал түймэр гарсан. Гэрчүүдийн мэдүүлснээр барилга руу ямар нэг зүйл шидсэн байна” гэж тэр ярьжээ.

Гал түймэр гарсан шалтгааныг мөрдөн шалгаж эхэлсэн байна.

“Барилга бүхэлдээ нэлээд гэмтсэн. Галын шалтгааныг бид цагдаагийн албатай хамтран шалгаж байна. Шаардлагатай бол төрийн бусад албадыг татан оролцуулна” гэж Киприйн гал түймэртэй тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч Андреас Кеттис мэдэгджээ.

Сүүлд Кипр дэх ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газар гал түймрийг бүрэн унтраасан, хүний амь нас, эрүүл мэнд эрстээгүйг мэдээлсэн байна.

Оросын төв телевизийн сувгаар ярихдаа Радченко тус төвийн сүүлийн үед явуулж байгаа идэвхтэй үйл ажиллагаа ийм халдлага гарахад нөлөөлсөн байж болзошгүй гэжээ.

“Энэ бол бидний хатуу байр суурийг Киприйн ард иргэд олноор дэмжих болсны хариу үйлдэл байх” гэж тэр ярьсан байна.

Радченко бас Украиныг дэмжигч бүлэг хүмүүс, Кипр дэх Өрнөдийн орнуудын элчин сайд нар Оросын эсрэг үзлийг дэвэргэсний үр дүнд ийм халдлага гарсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Ингэхдээ тэр ямар нэг баримт нотолгоо үзүүлээгүй байна.

Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв 1978 онд байгуулагдаж байсан юм. Одоо уг төвийн үйл ажиллагааг ОХУ-ын элчин сайдын яамнаас шууд удирддаг байна.

Газар дундын тэнгисийн арал улс Кипрт ОХУ-ын 18,000 орчим, Украины 4,600 гаруй иргэн оршин суудаг тухай өнгөрсөн онд тус улсын засгийн газраас гаргасан статистик мэдээлэлд дурдаж байжээ.

Оросын эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш Украинаас тус улсад 10,000 орчим дүрвэгч ирсэн байна. 1.2 сая хүн амтай Кипр улс нь Европын Холбооны гишүүн юм.

Эх сурвалж: AFP

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *