Хамгийн чинээлэг иргэдтэй хотуудын жагсаалтын эхний 50-д БНХАУ-ын 5 хот, Австралийн 4 хот багтжээ
“Henley & Partners”-ийн гаргадаг дэлхийн хамгийн чинээлэг иргэдтэй хотуудын жагсаалтыг нийт 58 тэрбумтантай, 340 мянган саятантай Нью-Йорк хот дахин тэргүүлсэн бол Токио, Сан-Франциско орчмын бүс, Лондон, Сингапур удаалжээ.
Түүнчлэн жагсаалтын эхний 50-д АНУ-ын 10 хот, БНХАУ-ын таван хот, Австралийн дөрвөн хот багтсан нь анхаарал татаж байна. Харин Ази тивд саятнуудын тоогоор Сингапур тэргүүлсэн бөгөөд нэг сая ам.доллароос дээш хөрөнгөтэй 240 мянга гаруй оршин суугчтай байгаа нь Хонгконгоос бараг хоёр дахин илүү үзүүлэлт болжээ.
2012-2022 онд их хэмжээний хөрөнгөтэй оршин суугчдын тоо Нью-Йоркт 40 хувиар өссөн байна. Сингапурт ч мөн энэ хэмжээний өсөлт ажиглагджээ. Харин Шанхай, Хьюстон, Дубай, Мумбай зэрэг хотод үүнээс ч өндөр өсөлттэй байсан байна. Их хэмжээний хөрөнгөтэй оршин суугчдын тооны 10 жилийн өсөлтөөр Ханжоу хот 105 хувь, Остин 102 хувийн өсөлттэйгөөр тус тус тэргүүлжээ.
Тэрбумтных нь тоог авч үзвэл алдарт Цахиурын хөндийн эх нутаг, Калифорнийн Бэй Ареа 63 тэрбумтантайгаар жагсаалтыг тэргүүлж байгаа аж. Араас нь Нью-Йорк, Бээжин, Лос-Анжелес, Шанхай зэрэг хот бичигдэж байна.
Харин Украины дайныг, үүнийг дагасан барууны орнуудын хоригийн улмаас ОХУ-аас чинээлэг эрхмүүд олноороо дайжсаныг судалгаа харуулж байна. Өнгөрсөн онд Москва хотын саятнуудын тоо 10 жилийн өмнөх үеэс 44 хувиар, Санкт-Петербург хотынх 38 хувиар буурчээ.
Эх сурвалж: BloombergTV