Categories
мэдээ нийгэм

DNN-СУРВАЛЖЛАГА: “Тээврийн хэрэгсэлд хяналт тавихдаа ямар яндантай байгаагаас үл хамаарч ялгарч байгаа утааны хорыг л шинжилдэг” гэв

Hийслэлийн агаарын бохирдлын багагүй хувийг эзэлдэг нэг томоохон эх үүсвэр нь автомашинаас гарах утаа. Гэр хорооллын утаа өвөлдөө агаарын бохирдлын дийлэнх нь болдог ч авто тээврийн хэрэгслээс олон төрлийн хорт бодис бүхий утаа 24 цаг, 365 хоногийн турш гарч, хотын агаарыг бохирдуулж байна. Түүнчлэн Приус” маркийн машины жолооч нар техникийн үзлэгт орохдоо таньдаг хэн нэгнийхээ нүүрсэн янданг түр зуур хэрэглэх явдал хэвийн үзэгдэл болсон гэнэ. Энэ талаар авто оношилгооны төвүүдээс сурвалжлага бэлтгэлээ.


Нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцож байгаа олон мянган автотээврийн хэрэгслээс ялгарч буй утаа, угаарын хий нь агаарын бохирдлын 10 хувийг эзэлдэг ч хор хөнөөлийн хэмжээгээр дээгүүрт бичигддэг байна.

Оношилгооны төвийн инженер С.Анхбаяр “Энэ жил нүүрсэн яндангүй “Приус” машин цөөхөн ирсэн. Тухай бүрийнх нь утааг тестлээд л тэнцэхгүй бол буцаадаг. Ихэвчлэн оригинал яндангаа хулгайд алдчихсан. Хятад нүүрсэн яндантай автомашинууд л их ирж байна. Энд техникийн үзлэгт ирж буй тээврийн хэрэгслийг шалгахдаа утааны ангиллыг нь шалгаж үздэг. Стандартаа хангаж байвал оношилгоонд тэнцэнэ.Түүнчлэн бензин хөдөлгүүрт автомашины утаанд хорт бодисын хэмжээг үздэг стандарт бий. CO2 нь 0.3-аас ихгүй, CH нь 250-иас ихгүй байх ёстой. Ийм байхад л ямар ч яндантай байсан хэвийн гэж үзнэ. Харин хэвийн бус байвал янданг нь шалгаж үзээд оношилно. Техникийн үзлэгт орж буй тээврийн хэрэгсэлд хяналт тавихдаа ямар яндантай байгаагаас үл хамаарч ялгарч байгаа утааны хорыг л шинжилдэг” гэлээ.

Автомашины нүүрсэн яндангийн цэвэрлэгээний газрын эзэн М.Наранбаатар “Жолоочид яндан бөглөрөөд байна гээд угаалгахаар ирдэг. Гэтэл заримынх нь машин шүүлтүүргүй байдаг. Яагаад алга болсныг ч мэддэггүй. Уг нь яндангаа гаднаас нь тогшоод мэдчих боломжтой. Хөндий дуугарч байвал шүүлтүүр байхгүй гэсэн үг. Мөнгөнөөс болоод хүмүүс өөрсдөө оригинал яндангаа зараад хятад яндан тавих тохиолдол их байна. Үйлдвэрийн яндан нь биш учраас мэдээж сөрөг нөлөө үзүүлнэ. Катализатор бол машинаас ялгарч буй хорт утааг саармагжуулах чухал үүрэгтэй эд анги. Үүнээс гадна хятад яндантай машины компьютер эвдрэл их авдаг” хэмээлээ.

"Приус" маркийн машины яндан хамгийн өндөр үнэтэй, эрэлт ихтэй байдаг байна. Тодруулбал, яндангүй автомашин 300 орчим хорт бодис ялгаруулж, агаар орчныг тэр хэрээр бохирдуулдаг байна.

Олны нэрлэж заншсанаар нүүрсэн яндан гэдэг нь автомашины катализатор юм. Энэ нь дотроо үнэт металл буюу цагаан алт, хөнгөн цагааны исэл зэргийг бага хэмжээгээр агуулдаг аж. Тиймээс азотын давхар ислийн нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгарлыг түргэн хугацаанд багасгах зориулалттай. Катализатор нь хөдөлгүүрээс шатаад гарч буй хортой хийг шүүгээд, дуу намсгагч яндангаар гадагшлуулах үүрэгтэй байдаг аж.

Нүүрстөрөгчийн дутуу исэл: Амьсгалаар дамжиж цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийн зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдснээр хүний эд, эрхтэнд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, нярай хүүхэд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг.

Азотын давхар исэл: Уушигны эдийг цочроох бөгөөд амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлнэ. Мөн гуурсан хоолойн багтраа болон бронхитыг сэдрээдэг.

Хүхэрлэг хий: Уушигны хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг.

Хүнд металл: Хүний биеийн уургийн бүтцийг өөрчилснөөр эд эсүүд өөрт хэрэгтэй тэжээлийг авах, хорт бодисоо гадагшлуулах, нөхөн төлжих үндсэн үйлдлээ гүйцэтгэж чадахгүй болдог.

Үйлдвэрийн янданд үнэт металл ямар хэмжээтэй ордог вэ?

Он, загвараас хамаарч харилцан адилгүй байдаг ч дунджаар нэг катализаторт:

3-7 грамм цагаан алт

2-7 грамм палладий

1-2 грамм родий

Нүүрсэн яндангүй автомашинаас ялгарч байгаа утаа нь газраас дээш 20-30 см буюу хүний амьсгалах түвшинд дэгддэг аж.

Ялангуяа хүйтний улиралд агаар нягтардаг хөөрч замхрахгүй орчиндоо бөөгнөрдөг байна. Улмаар бага насны хүүхдэд аюултай юм. Нүүрсээ түлэхгүй байсан ч нийслэлийн тээврийн хэрэгслийн түлшний шаталтаас үүдэлтэй агаарын бохирдол аль ч улиралд ч их байгааг судлаачид тодорхойлсон. Тиймээс “Утааны улирал дуусч, урин цаг ирлээ” гэх нь андуу ташаа ойлголт” болох биз.

Д.Баттогтох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *