Categories
мэдээ улс-төр

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 7 гишүүний 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням нар тус тус танилцууллаа.

Улсын Их Хурлын 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолд мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэр, хадгалалт, тээвэрлэлт, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг мөрдүүлэх, хүнсний сүлжээний үе шат бүрд хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, түүнийг баталгаажуулах эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллагын тоог нэмэгдүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн явцад аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг бүрэн хангасан эсэхэд тавигдах дотоодын хяналтыг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож байгаа урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээнүүдийн хүрээнд Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын хүн амын нас баралтад амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судасны тогтолцоо, хавдар болон хоол боловсруулах эрхтний өвчин зонхилж статистик мэдээгээр 2021 оны байдлаар 65 хувийг эзэлж байна. Хоол хүнс, өдөр тутмын хэрэглээ чанартай баталгаатай байна гэдэг нь биологи, хими, физикийн аливаа хорт бодисоор бохирдоогүй байх юм. Хүн зөв зохистой хооллох, хоол хүнсний чанар баталгаажилт, хаяг шошгоны талаарх мэдлэг мэдээллийг авах, органик үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих нь чухал гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ онцоллоо.

Хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгааны дүгнэлтэд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, тэжээллэг, хүнд ээлтэй байгалийн гаралтай органик үйлдвэрлэлийг дэмжих, олон нийтэд сурталчлах, мэдлэгийг сайжруулах, органик брэнд бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чадвартай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эд боловсруулах, баталгаажуулах, хяналт тавих, бүртгэл мэдээллийн сан байгуулах тогтолцоо бүрдүүлэх нь хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Органик бүтээгдэхүүний тухай хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжин зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, бүс, орон нутгийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, органик хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экспортод гарах боломж бүрдэнэ гэдгийг Ч.Ундрам гишүүн хэллээ.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Органик бүтээгдэхүүний тухай хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжих, зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, бүс, орон нутгийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, органик хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экспортод гарах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэн төслийг боловсруулж, d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байгаа гэв.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Д.Тогтохсүрэн гишүүн органик бүтээгдэхүүний тодорхойлолтын талаар, хуулийг батлахын ач холбогдол, хууль батлагдсаны дараа гарах зардлын тооцооллын талаар тодруулсан. Тухайн бүтээгдэхүүний бий болохоос хэрэглэгчийн гар дээр очих хүртэл бүх үе шат нь органик байх бөгөөд үүнийг хөндлөнгийн болон хамтын баталгаажуулалтын технологиор баталгаажуулах зохицуулалтын талаар Ч.Ундрам гишүүн хэллээ. Хуулийн төсөл батлагдсанаар нэн тэргүүнд хүнсний аюулгүй байдал сайжирна гэж үзжээ. Өнөөдөр манай улсад үйлдвэрлэгдэж буй нийт хүнсний бүтээгдэхүүний 1 хүрэхгүй хувь нь органик гэсэн баталгаажуулалтыг авсан байгаа бол үлдсэн 99 гаруй хувь нь тодорхойгүй байдгийг хэллээ. Түүнчлэн хууль дахь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд олгох дэмжлэгийн үр дүнд энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхол нэмэгдэнэ гэж үзсэн байна. Улмаар экпортод гаргах, улмаар эдийн засгийг солонгоруулах, төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа төсөл санаачлагч илэрхийлсэн. Үүний зэрэгцээ органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд ямар нэг төрлийн химийн бодис, бордоо хэрэглэхгүй байх шаардлагатай учраас байгаль орчныг хамгаалах чиглэлд онцгой ач холбогдолтой гэдэг хариултыг Ч.Ундрам гишүүн өглөө. Эрдэмтэдийн хийсэн судалгааны үр дүнд органик тариалалт нь урт хугацаандаа хөрсний үржил шим, хүнсний ногооны ургалтыг эрс сайжруулдаг гэдгийг тогтоосон байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нар төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Төслийн 15 дугаар зүйл дэх органик үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс үзүүлэх мөнгөн болон мөнгөн бус дэмжлэгийн талаар гишүүд тодрууллаа. Органик үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрийн дэмжлэг чухал хөшүүрэг болдог гэдгийг төсөл санаачлагч хэллээ. Органик бүтээгдэхүүн нь их хэмжээний хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж, өртөг шингээж байж бий болдог. Гэтэл үүнийгээ бусад бүтээгдэхүүнтэй ижил үнээр борлуулах боломжгүй байдаг учраас төр бодлогоор дэмжих шаардлага үүсдэг байна. Төсөлд органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид олгох мөнгөн дэмжлэгт шилжилтийн үеийн баталгаажуулалтын зардал, олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаа үзэсгэлэн худалдаанд баталгаажсан органик бүтээгдэхүүнийг оролцуулах зардал, дотоодод үйлдвэрлэсэн органик бордоог тариалангийн талбай, хүлэмжиндээ ашиглаж байгаа тариалангийн анхан шатны органик үйлдвэрлэл эрхлэгчийн бордоо худалдан авсан эхний 3 жилийн зардал зэргийг олгохоор тусгасан байна. Харин мөнгөн бус дэмжлэгт сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн дэргэд органик туслах аж ахуйг хөгжүүлэх; органик бүтээгдэхүүнийг экспортолсон тохиолдолд үйлдвэрлэл эрхлэгчийн хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-иас доошгүй хувьд хүүгийн дэмжлэг үзүүлэх; дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж нутагшуулан шинэ нэр төрлийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн тохиолдолд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгох зэрэг зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Мөн органик үйлдвэрлэл эрхлэгчид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, органик бүтээгдэхүүнтэй холбогдох мэдээлэл, сургалт, сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлэх боломжтой хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Саранчимэг, Ц.Даваасүрэн нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг Улсын Их Хурлын гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *