Categories
гадаад мэдээ нийгэм

АНУ-аас зудын хариу арга хэмжээ авахад Монгол Улсад нэмэлт туслалцаа үзүүлж байна DNN.mn


2023 оны дөрөвдүгээр сарын 19, Улаанбаатар хот

АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID буюу ОУХА)-аар дамжуулан зудын эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээний хүрээнд нэмэлт 900,000 ам.долларын тусламжийг үзүүлэхээр боллоо. Тус тусламж нь эмзэг бүлгийн малчин өрхүүдийн амьжиргааны анхан шатны хэрэгцээг хангахад буюу малын тэжээл, мөнгөн тусламж үзүүлэхэд зарцуулагдах юм. Ийнхүү АНУ-ын Засгийн газраас зудын эрсдэлийг бууруулах хүчин чармайлтын хүрээнд нийт нэг сая ам.долларын тусламж үзүүлээд байна.

АНУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайд Ричард Буанган: “Сүүлийн арав гаруй жилийн турш Монгол Улсад болоогүй зудын гамшгийг нүдээрээ үзлээ. Энэ цаг үед Монголчуудтай хамт байж, тэднийг аж ахуйгаа хамгаалах, эргээд хөл дээрээ босоход нь туслахад бид бэлэн байна” хэмээлээ.

Энэхүү нэмэлт тусламжаар нэн шаардлагатай байгаа малын нэмэлт тэжээл болон мөнгөн дэмжлэгийг зудын гамшигт өртсөн долоон аймгийн эмзэг бүлгийн малчин өрхүүдэд үзүүлэх зорилготой юм. Тус хариу үйлдэл нь АНУ-ын ОУХА-аас зуд болон бусад төрлийн гамшгийн эсрэг малчдын тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж, тэднийг чадавхжуулах зорилгоор хэрэгжүүлж буй гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрт суурилсан билээ.

АНУ-ын Засгийн газар нь АНУ-ын ОУХА-ийн үйл ажиллагаагаар дамжуулан Монголын эмзэг бүлгийн иргэдийн гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, гамшгийн үр нөлөөг даван туулах чадавхыг сайжруулахад анхаарч ажилласаар ирсэн. 2010 оноос хойш АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас Монгол улсад гамшгийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр есөн сая орчим ам.долларыг олгоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *