Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн барилгад ашигласан будганд хавдар үүсгэгч бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарчээ DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайланг сонслоо.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо энэ үеэр хийсэн тайлбартаа “Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ, олон улсын байгууллагууд хамтарч барилгын дотор орчны агаарын чанарыг шинжилж үзсэн. Энэхүү шинжилгээний хариуг харахад, ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгад хавдар үүсгэгч, мэдрэлийн системд нөлөөлдөг бензол, этилбензол гэх мэт бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байна гэсэн урьдчилсан дүн гарсан. Энэ дагуу БХБЯ холбогдох төрийн байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Одоогийн байдлаар, тэдгээр будагтай холбоотой шинжилгээний хариуг эцсийн байдлаар гарсан хариу гэж хэлэх боломжгүй. Тухайн шинжилгээг авч байхад, будаг нь бүрэн хатаагүй, будсанаас дөрөв хоногийн дараа шинжилгээг авсан байдаг. Олон улсын туршлагыг судалж үзэхэд, Европын холбоо болон БНХАУ гэхэд тухайн будгаар будсанаас 20 хоногийн дараа шинжилгээ авч, зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэх дүгнэлтээ гаргадаг. Тиймээс Монгол Улсад ашиглаж байгаа 130 мянган барилгад шинжилгээ хийх биш, ерөөс улсын хэмжээнд түгээмэл ашиглаж буй 14 будгийг сүүлийн таван сарын хугацаанд өргөн хүрээтэй шинжилж байна.

Нэгдүгээрт, эдгээр будаг хортой, хоргүй эсэхийг тодорхойлох, хоёрдугаарт, хортой бол хэд хоногийн дараа хор нь арилж байна вэ гэдгийг шинжилж буй. Уг шинжилгээний хариу энэ сард бүрэн гарна. Ингэснээр эрүүл мэндийн шаардлага хангаж байгаа будгийг хэрэглээнд нийлүүлэхийг хүлээн зөвшөөрөх юм. Чанарын шаардлага хангаагүй будгийг хил гаалиар нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авна.

Түүнчлэн шинжилгээгээр “хортой” гэж гарсан будгуудыг өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээгээр хилээр оруулж ирсэн, аль сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг будсан гэдгийг тодорхойлно. Улмаар тухайн барилгад шинжилгээ явуулж, аюултай нөхцөл байдал үүссэн байвал аюулгүй болгох арга хэмжээ авах болно. Хоёрдугаарт, тухайн барилгын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах бололцоотой хамгийн сайн арга бол агааржуулалт юм. Тиймээс дээрх барилгуудад баримталдаг дотоод орчны агаарын чанарын норм, дүрмийг шинэчилсэн. Өмнө нь байгалийн аргыг ашигладаг байсан бол одоо автоматжуулсан аргыг ашиглах бололцоотой. Ингэснээр агааржуулалт 2-3 дахин сайжрах боломжтой болсон гэсэн үг” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зөвхөн сургууль, цэцэрлэгийн тухайд ярих биш, орон байр, гэрийнх нь нөхцөлийг давхар авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Сүүлийн 6 жилийн хугацаанд 175 цэцэрлэг, 272 сургууль барьсан байна. Одоо 112 цэцэрлэг, 103 сургууль баригдаж байна. Хүүхдүүд өдрийн ихэнх хугацааг дотор орчинд өнгөрөөдөг гэсэн судалгаа бий. Сүүлийн үед хүүхдүүдийн дундах хорт хавдрын тоо нэмэгдэж байна. Үүн дотроо цусны хорт хавдар голлох болсон нь барилгын материалын чанар, дотоод орчны бохирдлыг анхаарах түвшинд хүрснийг илтгэнэ. Хичээлийн шинэ жил эхлэхээр будаг нь ханхалсан сургууль гэж ярьдаг. Энэ нь үнэндээ хүүхдүүд будганд хордож байгаа хэрэг юм” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *