Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Таныг томилогдсоны дараахан улсад учирсан хохирлын талаар цочирдмоор дүнгүүдийг Засгийн газрын зүгээс олон нийтэд мэдээлсэн. Үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдал мэдээж хүнд байдалд байна уу?
-Засгийн газар ямар учраас концессийн гэрээгээ цуцлах болсон, гэрээ хэрэгжүүлэгч тал ямар нөхцөл байдал үүсгэсэн талаар олон нийтэд мэдээлж болох бүх мэдээллийг хангалттай өгсөн гэж бодож байна. Хууль хүчний байгууллагаар шалгагдаад, нотлогдоод явж байгаа асуудал дээр одоо тэр тэгсэн, ингэсэн гэж ярих нь зохимжгүй. Товчхондоо 805,8 тэрбум төгрөгийн өртэй компани хүлээж авсан. Одоогоор 700 тэрбумын хохирол тогтоогдсон хэрэг прокурорын байгууллагад шилжсэн байгаа.
-Энэ их хуримтлагдсан өр төлбөртэй компани үйл ажиллагаа явуулах, өсөж дэвжих боломж байна уу? Компанийн үйл ажиллагааг сайжруулахаар таныг томилсон байх. Таны харж байгаа ойрын ирээдүй ямар байна?
-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК бол Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн байгуулсан 30 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, гангийн үйлдвэрлэл бүхий манай үндэсний томоохон компани. Байгалийн баялагтаа түшиглэн 100 гаруй жил олборлолт, баяжуулалт хийж эцсийн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Компанийн мэдэлд 25 сая тоннын нөөцтэй Төмөртолгой, 229,3 сая тоннын нөөц бүхий Төмөртэйн уурхай байдаг, 12,6 сая тоннын нөөц бүхий ашиглаагүй Хуст-Уулын орд газар, жилд 100 мянган тонн ган хайлуулах хүчин чадалтай үйлдвэр бий. Ийм компанид яагаад өсөж дэвжих боломж байхгүй гэж. Миний хувьд өнөөдрийн нөхцөл байдлыг ярьж гоншигономооргүй байна. Надад Засгийн газраас өөрийн мэдлэг туршлага, арга барилаа ашиглаад байгалийн баялгаас нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортыг орлон дотоодын зах зээлийнхээ 50-иас дээш хувийг хангах “Монгол ган цогцолбор I” төслийг хэрэгжүүлэн, төмрийн хүдрээ боловсруулах цогцолбор бүтээн байгуулах үүрэг өгсөн. Энэ үүргээ би баг хамт олныхоо хамт биелүүлэхээр чармайж байна, ажиллаж байна. Нэг их хол ойрын ирээдүй гэхээс илүүтэй заавал хийх ёстой ажил, бүтээх учиртай төсөл маань гэж боддог.
-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн одоогийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу. Яагаад ингэж асууж байна гэхээр зарим нэг төрийн өмчит компаниудыг төр буцаан авснаар байдал дордлоо гэх яриа мэр сэр сонсогддог?
-Манайх үйлдвэрлэл, уурхай гэсэн хоёр үндсэн үйл ажиллагаатай. Яг үнэнийг хэлэхэд өмнөх концесс хэрэгжүүлэгчид хамаг байгалийн баялгаа сорчилж олборлоод экспортлоход л гол анхаарлаа хандуулж үйл ажиллагаагаа тийш нь чиглүүлж байснаас биш уулын ажлын төлөвлөгөөний дагуу хийх ёстой хайгуул, бусад технологийн ажлаа орхигдуулж үйлдвэрлэлийг бол бүр зогсох хэмжээнд хүргэсэн байсан. Концессийн гэрээг цуцалж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төр буцаан авахад буюу 2022 оны 4-р сард Гангийн үйлдвэр бүрэн зогссон, хаягдал төмрийн нөөцгүй болсон байсан. Техникийн эвдрэл, засвар үйлчилгээ, хаягдал төмрийн нөөц бүрдүүлэлт гээд нэлээд ажилласны хүчинд өнгөрсөн оны сүүлчээс эхлэн бид ямартай ч гангийн үйлдвэрийн төлөвлөгөө нормоо 100 хувьдаа хүргэж тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж чаддаг болсон. Уулын ажлын технологио жигдрүүлсэн. Энэ жил бид 33 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 392 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн. Өмнөх оныхоос 64 хувиар орлогын хэмжээгээ нэмэгдүүлж болохоор харагдаж байгаа.
Төр аваад дордуулсан гэдэг ярианы тухайд энд нэг ойлголтын зөрүү байдаг юм. Төр хувийн компанийг булаагаад авчихсан юм шиг тэр ойлголтыг олон нийтэд хүчээр суулгачихсан. Үнэн хэрэгтээ анхнаасаа хувийн компани байгаагүй, төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах гэрээ хийж тодорхой хугацаатай, болзолтойгоор компани удирдах эрхийг түр зуур өгсөн. Тухайн хувийн хэвшил даалгавраа биелүүлээгүй. Тиймээс төр гэрээгээ цуцалж, компанийн удирдлагаа авсан. Ийм л процесс явагдсан. Нарийн яривал 2,5 жил сул зогсолт хийгээд сул зогсолтынх нь нөхөн олговрыг олгоогүй байсан гэх мэт зөндөө л асуудал байсан байна лээ. Яг үнэндээ компанийн удирдлага хэн байх нь ажилчдад нэг их сонин биш шүү дээ. Цалин мөнгө, нийгмийн асуудал, тогтвортой ажлын байр, хувь хүний өсөж дэвжих боломж л чухал болохоос. Компанийн удирдлагын хувьд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын дунджаас харьцангуй бага түвшинд байгаа цалингаа үе шаттайгаар нэмэгдүүлж дундаж түвшинд аваачих бодлого барьж, өөрийн тань хэлснээр төр авснаас хойш буюу өнгөрсөн нэг жилийн хугацаанд 38 хувиар нэмэгдүүлсэн. Жилийн үр дүнгийн нэмэгдэл 13 дахь сарын цалингаа бүх ажилтнууддаа олгосон. Цаашдаа зөвхөн үр дүн, ур чадвар, санаачилга дээр суурилсан цалин нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана. Төр авснаас хойш дордлоо гэж над дээр манай 1500 гаруй ажилтнуудаас нэг ч хүн орж ирээгүй л байна, одоогоор. Ажилчдын нэр барьсан ийм явуулга цаанаа санаа зорилготой байдаг байх аа.
-Төрийн өмчит үйлдвэрийн газрууд ашиггүй ажилладаг, цалингаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зээлж тавьдаг гэдэг шүүмжлэл сүүлийн үед гарах болсон. Танай тухайд?
-Бид Эрдэнэт үйлдвэртэй “зээлийн” биш худалдааны гэрээтэй. Эрдэнэтийн үйлдвэрлэлийн гол түүхий эд ган бөмбөлгийн бэлдэцийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр нийлүүлдэг. Манайх энэ жил 22 мянган тонн ган бөмбөлгийн бэлдэц нийлүүлж 80 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийх гэрээ Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан. Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэрт 60 орчим тэрбум төгрөгийн ган бөмбөлгийн бэлдэц нийлүүлж байсан бол энэ онд борлуулалт 20 гаруй тэрбумаар өссөн байгаа. Бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийнээс ч илүү, сайн яваа. Манай гангийн үйлдвэрлэл I улиралд төлөвлөгөө нормоо 102,7 хувьтай биелүүлсэн. Бид энэ жил гангийн үйлдвэрлэлээ 37 хувиар нэмэгдүүлж байна. Уурхай, хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа харьцангуй тогтворжиж их хэмжээний өртэй байдлаас ашигтай ажиллаж эхэлсэн төлөв рүү шилжсэн. Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн биелэлт, валютын нөөц бүрдүүлсэн байдлаараа энэ жил бид Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэс таван толгой”-н араас буюу гуравдугаарт явж байна. Дээрх үр дүнгүүд бол бидний экспортоо амжилттай эхлүүлсэн, үйлдвэр уурхайн үйл ажиллагаагаа тогтворжуулж ашигтай ажиллах хэмжээнд хүрснийг нотлох жишээ гэж би бодож байна.
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудал хамгийн анхаарал хандуулах асуудлын нэг байдаг. Та энэ тал дээр цалин нэмэгдүүлэхээс өөр хийж байгаа ажил байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Олон хоногоор ар гэрээ орхиод уурхайд ажилладаг хүмүүс ардаа санаа зовохгүй байж л ажлаа хийж чадна шүү дээ. Энэ жил бид ажилчдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Одоо нийтдээ 800 айлын орон сууц барих ажил эхэлж байна. Ажилчиддаа аль болох хөнгөлөлттэй нөхцөлөөр байртай болох боломжийг нь бүрдүүлэхээр Зээлийн батлан даалтын сантай хамтарч урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 12 хувь хүртэл бууруулахаар хамтарч ажиллаж байгаа. Манайхан маш өндөр сэтгэгдэлтэй байгаа шүү.
-Валютын нөөц нэмэгдүүлэх тухай Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж буй төрийн өмчит компаниудын дотор танайх нэлээн дээгүүр байгаа харагдсан. Богино хугацаанд ам.доллар төвлөрүүлэх даалгавраа яаж биелүүлэв?
-Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт 2023 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны есдүгээр сарын эцэстэй харьцуулахад 21 хувиар өссөн дүнтэй байгааг холбогдох албанаас мэдээлсэн. “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”,”Дархан төмөрлөгийн үйлдвэр”, “Монголросцветмет” он гарснаас хойш 443.1 сая ам.долларын орлого төвлөрүүлж чадсан. Ажилд томилогдсон даруйдаа нэг жил гаруй зогссон байсан экспортоо яаралтай эхлүүлсэн. Гадаад дотоодын харилцагч нартаа үнэн бодитой мэдээлэл өгч албан журмаар харилцаж тэдний итгэх итгэлийг сэргээх тал дээр нэлээн ажилласны үр дүн гарсан болов уу гэж бодож байна. Амаргүй байсан. Өмнөх өр алхам тутамд нэхэгдээд хэцүү л байна. Гэлээ гээд яахав дээ. Би тэр зэргээс эмээх байсан бол анхнаасаа томилолт авч ирэхгүй байсан.
-Төмрийн хүдрийн баяжмалыг тойрсон нэг биш асуудал яригддаг. Ялангуяа тээвэртэй холбоотой. Яригддаг асуудлууд хэр үнэний ортой вэ. Тухайлбал, вагоны давхар түрээс гэх мэт?
-Зөв асуулт байна. Шалгадаг газрууд нь шалгаад тогтоох ёстой асуудлууд бол байсан. Экспорт зогссон үед вагонуудыг түрээслэдэг байсан юм билээ. Ингэхээс ч өөр арга байгаагүй. Харин бид экспортоо эхэлсэн учраас түрээсээ зогсоож өөрсдөө тээвэрлэлтээ хийх шаардлагатай болж эхлэхэд буцааж авч таарна биз дээ. Давхар давхар түрээслэсэн, буцааж өгөхгүй байх сонирхолтой зөндөө тулгарсан. Хатуу тэмцсэн. Өөртөө их дайсан хураасан ч би байр суурин дээрээ хатуу зогссон. Одоо вагон түрээслэх тухай ойлголт манай компанид нэг мөр байхгүй болж бүх асуудал цэгцэрсэн. Баяжмалын экспортын тухайд асуудлыг шийдэх гарц бол биржээр буюу олон улсад дуудлага худалдаагаар арилжаа хийх явдал юм. Бид бэлтгэлээ хангаж байна. Тун удахгүй ирэх долдугаар сараас төмрийн хүдрийн баяжмалаа биржээр арилжаална. Үүн дээр бид анхдагч болж ажиллахдаа маш их баяртай байгаа. Уурхай дээр олборлогдсон төмрийн хүдрийн баяжмал хилээр ачигдаад гарах энэ бүх үйл ажиллагааг цахимжуулж, бүртгэлжүүлнэ. Цахим арилжаагаар худалдахдаа хийсэн гэрээн дээр суусан нөхцөлийн дагуу л тухайн баяжмал экспортлогдоно гэсэн үг. Ингэж чадвал дундын элдэв зуучлалгүй, уурхайн амнаас хил хүртэлх бүх зүйлийг цахимжуулж, хардлага сэрдлэггүй болно. Хичнээн тонн төмрийн хүдрийн баяжмал, ямар компанийн ямар гэрээгээр, ямар нөхцөлтэй гарч байгаа вэ гэдгээ бүгдийг нь бүртгэлжүүлж, нээлттэй болгоно. Гэрээнүүд бүгд ил тод болно. Баяжмалаа дэлхийн зах зээлийн үнээр зардаг болно. Үнэ өснө. Энэ бол зүгээр нэг процессын төдий ажил биш, энэ салбарт удаан бугшсан авлигын, хүнд суртлын эсрэг хийж байгаа “тэмцэл” юм. Төрийн алба, түүний албан хаагч авлига ашиг сонирхлоос ангид байх Засгийн газрын бас миний хүсэл зоригтой нийцсэн маш том дэвшил учраас би баяртайгаар үүнийг хийж байгаа.
-Шинэ гангийн үйлдвэр юу болж байна. “Монгол ган цогцолбор I” төслийнхөө талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ төслөөс монголчууд юу хожих вэ?
-Шуудхан хэлэхэд Монголчууд байгалийн баялгаа түүхийгээр нь бас хагас боловсруулснаар нь гадагшаа гаргадаггүй л болно гэсэн үг. Төсөл маань овоо урагштай явж байна. Төслийнхөө ТЭЗҮ-г Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулаад авсан. Саяхан бид орон нутгаас төсөл хэрэгжих талбай газрын асуудлаа шийдүүлж 77.7 га газрыг өөрийн болгож авлаа. Дотоод зохион байгуулалтын асуудлаа нэлээн шийдээд ямар ч байсан үйл ажиллагаа маань хэвийн явж байгаа учраас одоо том төсөл рүүгээ анхаарлаа хандуулж чадахаар болоод байна.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих “Монгол ган цогцолбор I” төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ 500 орчим сая ам.доллар. Гангийн үйлдвэрлэлийн технологи, хөгжлөөрөө тэргүүлж байгаа дэлхийн томоохон компаниуд энэ төслийг сонирхож байгаа. Тухайлбал, сонирхогч талд Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Канад улсын салбартаа тэргүүлэгч томоохон компаниуд байна. Бидэнд манай улсад хамгийн тохиромжтой, эдийн засгийн үр өгөөж сайтай, байгальд ээлтэй, урт хугацаанд үр ашгаа өгөх тэр хөрөнгө оруулалтын хувилбарыг сонгохын тулд сонирхогч талуудтай уулзаж саналыг нь сонсох, судлах ажлууд их байна. За ингээд хөрөнгө оруулалтаа улсдаа ашигтай байдлаар шийдчихвэл эх орныхоо төмрийн хүдрээс импортыг орлох эцсийн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын зах зээлийн 50-иас дээш хувийг хангах боломж бүрдэнэ гэсэн үг. Төслийг дагалдан шинээр 1600 гаруй ажлын байр нэмэгдэж татварын орлого 11,2 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ. Жилд 350 мянган тонн иржгэр ба гөлгөр ган туйван, булан төмөр, швеллер, төмөр утас үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэлийн цогцолбор байгуулагдана. Шинэ гангийн үйлдвэрийг дагаж бусад жижиг, дунд үйлдвэрүүдийн кластер хөгжих боломж бүрдэж, ширмэн цутгуур, төмөр утсан хийц, металл боловсруулах, зормол эд анги, давтмал эд анги хийх үйлдвэр, боловсруулсан шаарыг авто зам, цементийн үйлдвэрт ашиглах, барилга, өндөр хүчдэлийн тулгуурын металл хийцийн үйлдвэрүүд ч хөгжих боломжтой болох юм.