Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ оны хичээлийн жилд 28 байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулжээ DNN.mn

2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1413 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 2-5 настай нийт хүүхдийн 86.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудын нэг нь аж ахуйн нэгжүүд дэргэдээ ажилтнуудынхаа хүүхдэд зориулсан цэцэрлэг байгуулах байлаа. Энэ хичээлийн жилд 28 байгууллага дэргэдээ цэцэрлэгтэй болж, 2500 орчим хүүхэд аав ээжийнхээ ажилд ойроос боловсролын үйлчилгээ авч байна.

Байгууллагууд хүний нөөцөө тогтвортой байлгах, хөдөлмөрийн бүтээмжээ өсгөх, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор дэргэдээ цэцэрлэг байгуулах сонирхол, хэрэгцээ их байдаг. Гэхдээ зарим байгууллага цэцэрлэг байгуулах ажлаа хойшлуулж байгаа шалтгааныг тодорхойлох зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран судалгаа хийсэн байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хувийн хэвшлийн нөхцөл байдлын судалгааны үр дүнг танилцууллаа.

Судалгааны үр дүнгээс:

-Компани дэргэдээ цэцэрлэг байгуулснаар ажилтнуудын цаг ашиглах, ажил-амьдралын тэнцвэр сайжрах, ажилдаа сэтгэл ханамжтай, үнэнч байдал нэмэгдэж, ажил таслах нь багасаж байна.

-Байгууллагынхаа дэргэд цэцэрлэг байгуулах санаачилгыг удирдлага болон ажилтнууд аль аль нь гаргадаг.

-Судалгаанд хамрагдсан 14 байгууллага нийт 1000-1400 хүүхдийн цэцэрлэгийг 2023-2027 оны хооронд байгуулах төлөвлөгөөтэй байна.

-Дэргэдээ цэцэрлэг байгуулахад төрийн дэмжлэг, тэр дундаа мэргэжлийн багш, хүний нөөцөөр хангах, тэднийг давтан сургах, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах байрыг шийдэх, татвараас хөнгөлөх, чөлөөлөх зэрэг санал гарав.

2022-2023 оны хичээлийн жилд дэргэдээ байгууллагын цэцэрлэг шинээр байгуулж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн 5 байгууллагыг онцолж батламж гардууллаа.

-“Говь” компани дэргэдээ Говийн багачууд цэцэрлэг байгуулж, 5 бүлэгт 120 хүүхдийг хамруулж байна.

-АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн дэргэдэх цэцэрлэг 8 бүлэгт 160 хүүхэдтэй.

-“MCS Coca Cola” компанийн дэргэдэх “Happy kids” цэцэрлэг 3 салбар бүлэгтэй.

-“Интермэд” эмнэлгийн дэргэдэх “Энхрийхэн үрс” цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж байна.

-“Allergy Med” эмнэлгийн дэргэдэх цэцэрлэг 25 хүүхэдтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *