Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Баярхүү: Атомын цахилгаан станцтай болсноор гурван сая иргэний эрчим хүчний хэрэгцээг хангах нь асуудал биш DNN.mn


Атомын цахилгаан станцын талаар олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа. Тэрбээр энэ талаар Орос, Францад туршлага судалсан нэгэн юм.


-Монгол Улс атомын цахилгаан станцтай болох шаардлагатай гэдгийг сүүлийн жилүүдэд ярьж, бичиж ирлээ. Олон улсын харилцааны экспертийн хувьд гадаад улс орнуудад атомын цахилгаан станц ямар үр өгөөжтэй байдаг талаар ярьж өгөхгүй юу?

-Хүн төрөлхтөн айдсаа аль хэдийнээ давчихсан. Дэлхий дахин атомын эрчим хүчийг сонирхож байна, тэр сонирхол нь ч өсч байна. Учир нь ашиг өгч байна шүү дээ. Нэг ам.доллар зарцуулаад гурван ам.доллар олох тийм технологийг бүтээчихсэн. Ерөөсөө тулхтай хөгжлийн үндэс нь атомын генерац болох юм байна гэдгийг бид бэлхнээ харж, мэдэрч байна. Дэлхийн түвшинд чөлөөтэй ярилцдаг сэдэв, даян дэлхийгээрээ атомын түншлэл явуулах дээрээ тулчихсан байна гэж л товчхон хариулах байна.

Нөгөө талаасаа геополитикийн ад биш шинэ нөхцөл байдал бид бүхнийг яалт ч үгүй атомын эрчим хүчний эрэл рүү шууд түлхэж байгаа юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Биролын ярьсныг эшлэе л дээ.

Тэрбээр “Оросоос Украины эсрэг өдүүлсэн дайн дэлхийн эрчим хүчний үнэд шууд нөлөөлсөн.

Цэвэр эрчим хүч ашиглахад хүргэх нэг ёсны глобал хямралыг өдөөж байна. Тэглээ гээд олон улс орон эрчим хүчний өөр эх сурвалж эрэлхийлэх боллоо. Эрчим хүчний энэ хямрал түүхэнд шинэ эргэлтийг эхлүүлнэ. Орос 2022 оны хоёрдугаар сарын 04-нөөс өмнө олборлосон түлш–нефть, хий, нүүрсний дэлхийн тэргүүлэх экспортлогч байсан бол одоо хамгийн чухал гол худалдан авагч Европыг алдлаа.

Европ өмнө нь Оросын байгалийн хийн 75 хувь, нефтийн 55 хувийг худалдан авдаг байсан. Орос эдүгээ шинэ клиент олох гэж тун их зовно. Европын зах зээлийг алдсаныхаа нөхвөрийг хийж чадахгүй, цаг хугацаа их шаардана. Энэ нь эдийн засгийн хувьд ч, технологийн хувьд ч, улс төрийн хувьд ч тун хүнд байх болно. Газрын тос, хийн үйлдвэрлэл, экспорт Орост ойрын жилүүдэд унана. Үр дүнд нь Орос дэлхийн эрчим хүчинд багахан үүрэгтэй тоглогч болно. Бүр эрс багасна” гэж онцолсон байгаа юм.

-Монголд Монгол Улс атомын цахилгаан байгуулах боломж нөхцөл байна уу. Хэрэв байгуулж чадвал ямар үр өгөөжтэй байж болох вэ?

-Яг мэргэжлийн түвшинд, мөнгө санхүүгийн хувьд энэ талаар мэргэжлийн хүмүүс нь хариулах байх. Атомын цахилгаан байгуулах боломж нөхцөл бий гэж би хардаг. Нэгдсэн санаа зориг, нэгдсэн бодлого хэрэгтэй. Ураны одоо илрүүлсэн нөөцөөрөө дэлхийн топ10 улсын нэгд орох Монгол маань энэ талаар түргэхэн шиг хөдлөөсэй.

Илрүүлсэн нөөц гэдэг хязгаарлагдмал орон зайг хэлж байна. Нийт нутгаараа хайгуул хийгээд үзвэл “Топ-10”-аасаа бүр наашилна гэж боддог. Тэгэхээр атомын цахилгаан станц руу ороход түүхий эд нь бэлэн байна. Үр өгөөж талаасаа гэж яривал цөмийн технологи бол ганц эрчим хүчин дээр биш, оролцохгүй салбар бараг байхгүй болсон. Ахуй амьдрал, эрүүл мэнд, хүнс тэжээл дээр хүртэл цацраг үүсгэгч технологи их хэрэглэж байгаа. Тэр нь хямд төсөр, найдвартай, эмнэлгийн оношилгооны бүх техник тэр тал руугаа явж байна. Хоол хүнсийг хүртэл цацрагаар шарж хоргүйжүүлдэг. Портер дээр ачаад явах бага оврын цөмийн реактороор 4-5 сая хүн амын эрчим хүчний хэрэгцээг хангачихаж байна шүү дээ. Байгаль экологийг хамгаалахдаа цөмийн техник, технологийг ашиглан хүлэмжийн хий бага ялгаруулдаг эрчим хүчний эх үүсвэрүүд ашиглаж байна. Өндөр нарийвчлалтай цөмийн техникээр агаар, хөрс, усны бохирдуулагч эх үүсвэрүүдийг тодорхойлж урьдчилан сэргийлдэг.

Тун ойрын ирээдүйд далайн усыг цэнгэгжүүлээд хүн төрөлхтөн хэрэглэж барахгүй мөнхийн цэвэр устай болно, газрын тос, нефтийн бүтээгдэхүүнийг боловсруулахад ашиглана, авто тээврийн түлш болон хөдөө аж ахуйн салбарт бордоо үйлдвэрлэхэд шаардлагатай устөрөгч үйлдвэрлэнэ. Цөмийн эрчим хүч нь шинжлэх ухаан, техник технологийн хамгийн тэргүүний ололтуудыг өөртөө шингээсэн байдаг тул тухайн улс орон хөгжихөд зүтгүүр болж үйлдвэрлэлийн бусад салбарыг араасаа дагуулдаг, өндөр технологийн бусад чиглэл үүсч хөгжихөд чухал нөлөө түлхэц болдог гээд яривал барагдахгүй их аргумент бий дээ.

-Манайд уран хортой гэж үзэх хэсэг байдаг. Үнэхээр тийм хортой аюултай эд үү?

-Монголчууддаа хандан уриалъя. Уран гэхээр цөмийн зэвсэг, цөмийн дайн, Хирошиматай шууд холбон үздэг байх. Уран олборлоно гэхээр л Чернобыль, Фүкүшима нүднээ буудаг бол тэр айдсаас аль хэдийнэ салах цаг нь болсон. Мэдээж ураныг цөмийн түлш болгон үйлдвэрлэх нь маш төвөгтэй процесс. Олон шат дамжлагатай. Гэхдээ түүн рүү орохоос аргагүй. Дэлхийн хөгжлийн хурд, хурдны их сорилт эрсдэл биднийг хүлээхгүй. Миний ойлгож байгаагаар XXI зуунд францчууд энэ хэргийг аль хэдийнэ гартаа оруулаад авсан тул Францтай энэ салбарт хамтран ажиллахаас өөр зам алга. Шар нунтаг бол цөмийн түлш хийхэд бэлтгэсэн үйлдвэрлэлийн түүхий эд. Хор хөнөөл гээд байх юмгүй. Шар нунтагаас айгсдад би ингэж уриалмаар байна. Юу гэвэл “Монголд уран байна. Технологи ба үйлдвэрээ оруулаад ирвэл 3.5 сая хүний эрчим хүчний хэрэгцээг хангах нь асуудал биш” гэж хэлье.

-Нөгөө талаар цөмийн энерги, атомын цахилгаан станцын талаарх мэдлэг мэдээлэлтэй хүмүүс манайд ховор юм. Энэ нь энэ салбарыг хөгжүүлэхэд саад учруулж байж болох юм. Энэ салбарыг хөгжүүлэхэд төрөөс яаж анхаарах ёстой вэ?

-Нэгдсэн санаа зориг, нэгдсэн бодлого хэрэгтэй гэж би дээр хэлсэн дээ. Цацраг идэвхит ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулсан ганц ч алхам бид хийгээгүй. Айж цэрвэсээр яваа. Харин түүнийг нийгэм эдийн засгийн хөгжилдөө ашиглаад толгой цохиж яваа Канад, Австрали, АНУ, ОХУ, Казахстан гээд эхний байрт явж байна.

Сонирхуулахад “Арева” гэх Францын цөмийн эрчим хүчний компани 1997-1998 онд Монгол, Казахстан хоёр руу шууд зэрэг явж орсон байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт шүү дээ. Манайхан “Арева”-г юу болгож тавьчихаад байгааг уншигчид мэднэ. Харин өнөөх Казахстан нь эдүгээ цөмийн эрчим хүч ба ураны дэлхийн том тоглогч болчихсон, “Топ 5” дотор яваа нь энэ. 25 жилийн дараа Монгол нь нойл, нөгөөх нь дэлхийн “Топ 5”-ын нэг болчихсон. Бид тийм дор улсууд биш шүү дээ. Тэд 25 жилийн өмнө мөн л нойл үзүүлэлттэй байсан байж таарна.Иймд бид дэлхийд 10 дугаарт ордог нөөцөө эдийн засгийн эргэлтэд нэн яаралтай оруулах ёстой. Дэлхий дахины хандлагыг ч тусгаж авах хэрэгтэй. Хүн төрөлхтний мөнхийн хэрэглээ нь эрчим хүч. Бид тийм их эрчим хүчний нөөцтэй, том тоглогч байх бүрэн бололцоотой.

-Та ч өөрөө энэ салбар хөгжсөн улс оронд зочилж энэ салбарыг судалж байсан хүн. Энд онцолж ярих сонирхолтой зүйлс бий болов уу?

-Би Францад үзэж харснаасаа хуваалцъя. Дэлхий рүү хандуулсан Францын мессэж гэж байна. “Уур амьсгалын өөрчлөлт дэлхий даяар маш ноцтой асуудал боллоо”, “Нүүрсхүчлийн хий аль болох бага ялгаруулах тийм эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй”, “Ухаалаг цөм-атом-уран-түлш”, “Түүнийг дэлхий даяар бүтээх” явдал юм байна, товчхондоо. Хумсны толион чинээ уранаар хэдэн арван вагон нүүрс шатаасантай тэнцэх эрчим хүч зовлонгүй үйлдвэрлэх боломжтой. Тэгж ч чадаж байна. Францын төрийн бодлого нь ердөө л ураны бизнес, ялангуяа цөмийн эрчим хүчний салбарыг сайтар хөгжүүлэх дээр суурилсан юм билээ. Францад XXI зууны шинэ үеийн жижиг, дунд хэмжээний цөмийн реакторт онц ач холбогдол өгч байна. Эл шийдэл дэлхийн олон орны сонирхол татаж, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрээр Франц толгой цохиж, Францтай түншилье гэсэн гадаад орнуудын бодлого энэ салбарт төвлөрч байна.

Үүнийг Монгол руугаа татаж авчраад сэтгэе л дээ. Тиймэрхүү жижиг, дунд хэмжээний реактор өргөн уудам газар нутагтай, эрчим хүчний дэд бүтцээ орон даяар бүрэн байгуулж амжаагүй Монгол Улсад маань гуравдагч хөршийн бодитой, баттай хөрөнгө оруулалт болж орж ирээсэй гэсэн хүсэл надад төрдөг. Ураны нөөцөөрөө Монгол Улс дэлхийн эрчим хүчний салбарын хүндтэй тоглогч болж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд олон улсын түвшинд олон улсын хамтын нийгэмлэгийн хамтаар бодитой бөгөөд томхон хувь нэмэр оруулах бүрэн боломжтой гэдгийг би сэтгэл огшин бодож явдаг юм.

Уран улс орон бүрд байдаггүй ч байгаа хэдэд нь дэлхийн зах зээлийн үнэ бага байсан нөхцөлд ашиггүй тусч байсан бол одоо энэ зурвас үед нөхцөл байдал шал өөр болсон байна. Ураны зах зээл тийм том хэмжээтэй биш бөгөөд цөөн хэдхэн тоглогчтой, хаалттай зах зээл гэдгээр бид анхаарлаасаа гаргаж огт болохгүй. Иймээс энэ цаг үеийг алдах л юм бол ямар том боломжуудыг бид ашиглаж чадахгүй өнгөрөөх эрсдэлтэйгээ тооцох учиртай. Төр засаг ч нэгдсэн дуу хоолойтой хөдлөх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *